| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00310/И |
| Дугаар | 320/ШШ2026/00465 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00465
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ха*** дүүрэг,**** дугаар хороо, Ха*** сити 2, 15*** дугаар байрны ***** тоотод оршин суух, Б*** Я***н М***йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хө*** аймгийн Тос*** сумын Цэ***л*** дугаар багт оршин суух, Г***н Э***ад холбогдох,
Бууны үнэд шилжүүлсэн 6,000,000 (зургаан сая) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2026/00310/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.М***н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр буу худалдаж авахаар Ан. Ангийн хэрэгсэл, буу, сум худалдаж авна, зарна гэсэн фэйсбүүк групп руу орж сонирхоход Enkhbat Gunaa3 гэсэн хаягнаас Сайга МК буу зарна гэсэн байхаар фэйсээр холбогдож утасны дугаарыг нь авч холбогдоход 6 000 000 төг-өөр зарна гэхээр нь мөнгийг нь шилжүүлээд бууг нь 2024 оны 4 сарын 22-нд хуучин 22-ын товчооны тэнд уулзаж бууг нь үзэж хараад авахаар болж 6 000 000 төгрөгийг нь шилжүүлээд бууг авсан. Удалгүй уг буугаа би өөр хүнд зараад бичиг баримттай болгох гэж бүртгүүлэх гэсэн чинь хулгайн буу болж таараад Цагдаагийн газар хураагдсан тул би зарсан хүндээ хохирлыг нь барагдуулж өгсөн. Тиймээс би Эн***руу залгаж чи надад хулгайн буу зарсан байна, бууг цагдаа хураасан байна. Тиймээс чи надаас бууны үнэ гэж авсан мөнгөө буцааж өг гэхэд чадахгүй, мөнгө төгрөгний боломжгүй байна гээд өгөхгүй байгаагаар барахгүй, миний утсыг авахгүй мессэнжэр чатад хариу өгөхгүй байна. Иймд Э***с 6 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Э*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Э**т нь Я.М***йн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Надаас нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй. Төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хүсэлт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.М***н нь хариуцагч Г.Э***д холбогдуулан бууны үнэд шилжүүлсэн 6,000,000 (зургаан) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,000,000 (зургаан сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.М***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э***ас 55,475 (тавин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 55,475 (тавин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Мя***ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э**д холбогдох бууны үнэд шилжүүлсэн 6,000,000 (зургаан сая) төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,000,000 (зургаан сая) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э***с 55,475 (тавин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 55,475 (тавин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.М***энд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН