Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/129

 

 Г.У******* т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Хохирогч Н.Д******* /цахим/,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа /цахим/ нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ****** даргалж, шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Г.У******* т холбогдох эрүүгийн 2432002230088 дугаартай, 149/2025/0110/Э/208/2025/0099 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Г******* У*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ******* ******* ХХК-д уулын мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* хотхоны *-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан

-Сэлэнгэ аймгийн ******* сум дах сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: *******/

Шүүгдэгч Г.У******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ний хөрөө рамын хашаанд хохирогч Н.Дг ажил хийхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар эсгий түрийтэй гутлаар олон удаа өшиглөж зодон түүний биед өвдөгний үений мөгөөрс язралт, баруун, зүүн гуя, шилбэ шагай, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулснаас хохирогч 8 хоног босч чадахгүй бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Г.У******* нь хохирогч Н.Д хөрөө раманд ажил хөдөлмөр хийлгэж хөлс төлөхөөр ярьж тохиролцоогүй боловч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ний хөрөө рамын хашаанд хохирогч Н.Дг хөрөө раманд мод зүс гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж түүнд хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч Г.У*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Б******* овогт Г******* У******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь эсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Г.У******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн бүгд 3150000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.У******* нь 3150000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.У******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд заасныг баримтлан Г.У******* аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3960000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Депогийн № 21 тоотод оршин суух, хохирогч Б******* овогт ад /РД: / олгон,

Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.У******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Хохирогч миний бие ******* сум дахь сум дундын шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Г.У******* надтай тааралдаад “чамд өгдөг мөнгө төгрөг байхгүй шүү пизда минь, цагдаа шүүх бүгд миний талд чи яаж ч чадахгүй” гэж хэлсэн. Ер нь намайг гэмтээж өөрийн хэлснийхээ дагуу босоогоор баалгадаг болгосноосоо хойш байнга дээрэлхэж басамжлан доромжилж надад нэг ч төгрөг өгөхгүй явсаар аргагүй байдалд орж шүүх дээр ирж байж 515.000 төгрөг өгсөн. Одоо Г.У******* т зодуулснаас хойш би бие муу мөнгө төгрөг байхгүй, эмчилгээ хийлгэж чадахгүй өдий хүрлээ. Энэ хугацаанд би бие сэтгэлээрээ маш их хохирсон.

Гэтэл шүүх миний сэтгэцэд учирсан хохирлыг доогуур тогтоож намайг хохироож байгаа тул гомдолтой байна. Би олон хоног сараар, сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч эмчилгээнд явж чадахгүй байхад шүүх хохирлыг доогуур тогтоож Г.У******* дээрээс нь хэл амаар басамжлан доромжилж байгаад маш их гомдолтой байгаа. Би Г.У******* т зодуулснаас хойш ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон. Миний амьдралын болон эрүүл мэндийн аргагүй байдлыг харгалзан үзэж миний сэтгэцэд учирсан гэм уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож Г.У******* аас гаргуулж өгнө үү. Миний сэтгэл санаа эрүүл мэнд маш хүнд байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хохирогчийн хувьд ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт заасан шүүгдэгч Г.У******* аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,960,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.У*******т зодуулснаас хойш олон сар хэвтэрт байсан. Энэ хугацаанд Г.У******* нэг ч төгрөг өгөөгүй. Шүүх дээр ирсэн хойно аргагүй эрхэнд 515,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй. Ямар ч орлогогүй, олигтой эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа учир биеийн эрүүл мэнд нь сайжралыг олохгүй байна. Үнэхээр цөхөрч биеийн эрүүл мэнд нь тааруу байна. Шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг 3,960,000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа тул хохирогч ад учирсан хохирлыг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.9 дахин нэмэгдүүлсэнтэй 8,573,400 төгрөгөөр тогтоож шүүдэгч Г.У******* аас гаргуулж, хохирогчид олгож гомдолгүй болгох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... Гэмт хэргийн улмаас хохирогч ад хүндэвтэр хохирол учирсан. Хэрэв эмчилгээ хийлгэх шаардлага гарвал шүүгдэгч Г.У******* нь эмчилгээний төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Иймд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн гэж ойлгож байна. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд зааснаар Г.У******* аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,960,000 төгрөг гаргуулж ад олгохоор шийдвэрлэснийг хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршиг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох журмын 1 дүгээр хавсралтаар тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байдаг. Тухайн гэмт хэргийн хувьд хохирогч Н.Дн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Улсын дээд шүүхийн нийт  шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу дүгнэлтээ гаргасан байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.У*******т холбогдох эрүүгийн 2432002230088 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Г.У******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ний хөрөө рамын хашаанд хохирогч ыг ажил хийхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар эсгий түрийтэй гутлаар олон удаа өшиглөж зодон түүний биед өвдөгний үений мөгөөрс язралт, баруун, зүүн гуя, шилбэ шагай, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулснаас хохирогч 8 хоног босч чадахгүй бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Г.У******* нь хохирогч тай хөрөө раманд ажил хөдөлмөр хийлгэж хөлс төлөхөөр ярьж тохиролцоогүй боловч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ний хөрөө рамын хашаанд хохирогч ыг хөрөө раманд мод зүс гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж түүнд хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У******* ын өгсөн “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн хөрөө рам дээр очиход ажилчдын байрны хаалга онгорхой хоол унд асгасан архи уусан байсан. Би , нар луу залгахад утсаа авахгүй байсан. Баянхангай руу явж байхад хүн таараад нөгөө хоёр чинь Зоригоогийнд байх шиг байна гэхээр нь Зоригоо луу залгахад байна гэхээр нь тэднийд очиход энэ хоёр тэнд идэш хийж байсан. Тэгээд , Мэндбаяр хоёрыг хөрөө рам дээр дагуулж ирсэн. рам дээр ирчхээд ажилчдын байранд шээх гэсэн байдалтай зогсож байхаар нь гаргаж ирээд хөл рүү нь би хөлөөрөө хэдэн удаа өшиглөсөн. Лоомоор бол цохиогүй. Би ажилчдын байранд байж байгаад хөлөө эдгээгээд яв гэсэн болохоос цагдан хорьж цоожилсон зүйл байхгүй. өмнө нь манайд 7-8 хоног ажиллахдаа өдөр бүр архи уугаад байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх,

-Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Мэндбаяр бид хоёр Зоригоо гэдэг айлд идэш хийж байхад Зоригоо 0.5 литрийн архи авч өгөхөөр нь хувааж уусан. Тэгээд байж байтал У******* дүү Болдоогийн хамт ирээд Мэндбаяр бид хоёрыг хөрөө рам дээрээ авчирсан. М өшиглөөд хөрөө рамаа янзал гээд явуулсан. У******* намайг ажилчдын байранд шээх гэж байсан гэдэг нь худлаа. Рамын хашаанд буулгасан зүсэх гэж байсан бөөрөнхий гуалин модны араар оруулаад хоёр шилбэ рүү өшиглөж зодсон. Цэрэгт байхдаа би хүн ингэж зоддог байсан гэж хэлээд чамайг босоогоор чинь баадаг болгоно гээд зодсон. Би тэр зодуулсан газраа цасан дээр цаг гаран хэвтсэн. Рамын ажилчид хүрч ирээд намайг өргөж чирээд рамын ажилчдын байранд оруулж хэвтүүлсэн. Би хоёр гутлаа тайлж чадахгүй хөл өвдөөд шөнө дунд арайхийж гутлаа тайлсан. Маргааш өглөө нь 12 цагийн үед У******* ирээд яасан хөл чинь гоё болсон байна уу гэсэн. Би бааж чадахгүй бандааш дотроо баагаад хайчилж хаясан. Үүд рүү мөлхөж очоод төмпөнд шээхэд шээсийг Мөнхтулга асгадаг байсан. Хоёр хөл тэнийхгүй хоёр хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би хөл дээрээ босч явж чадахгүй учир тэнд 8 хоносон. Э гэдэг эгч ирээд миний хоёр хөлийг харчихаад манай дүү рүү залгаж ах чинь явж чадахгүй У******* гэдэг хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд манай охин Урансолонго ирээд намайг авч явсан. Би раманд ажилласан хөлсний үлдэгдэл 700-800 мянган төгрөгийг аваад охины хамт суудлаар Дархан явсан. Дарханы эмнэлэгт зураг авахуулж 14 хоног бариачид бариулж өвчин намдаах эм байнга уусан. Одоо сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг У******* төлсөн. Одоо хүнд ажил хийхээр хөлийн өвдгөөр хатгаж өвдөөд хоёр шилбэнээс доогуур хавдаад байдаг болсон. Намайг мод зүс гэж зодсон нь үнэн. У*******тай би ямар ажил хийж хөлс авах талаар ярьж тохиролцоогүй. М дагаад У*******ын хөрөө рам дээр ажилласан хугацааны хөлсөө авсан” гэх

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэсэг хугацааны дараа өөрийнхөө байдаг байр руу орсон чинь У*******т зодуулчихлаа хөл хөдлөхгүй байна тамхи асаагаад өг гэж хэлэхээр нь асааж өгөөд хоолоо хийсэн. Хэд хоног босч чадахгүй байна гэж хэвтээд байсан. Дн хөлийг ямар болсонг хараагүй” гэх /хх-н 22-р тал/

-Гэрч Я.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн ахын хүүхэд Мөнхтулга манай гэрт ирээд захирал У******* т зодуулчихсан. Би хажууд нь байсан. Одоо босч чадахгүй хэцүү байна та очоод үзээч гэж 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэлэхээр нь орой нь /хагас сайн өдөр байсан/ У******* гэх хүний мод зүсдэг рам дээр очиход ажлын амрах байр дотор орон дээр сууж байсан. Өмдийг нь тайлуулж байгаад үзэхэд хоёр гуя нь хавдаад хөхөрсөн байдалтай болчихсон байсан. Тэгээд надаас эм авах мөнгө архи аваад өгчих гээд нэхээд байсан. Би гараад ар гэрийнх нь хүмүүст хэлсэн. Тэгээд Дн дүү нар нь ирж аваад Дархан-уул аймаг руу явсан байсан... .... намайг согтуу байхад У******* ажлын байранд архи уулаа гэж дарамтлаад зодсон гэж байсан. Мөнхтулгыг хажууд нь цуг харж байсан гэж ярьж байсан. ыг хүн харахын аргагүй аймар болгоод зодчихсон байсан” гэх /хх-н 24-р тал/

-Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэтэл У******* уурлаад ыг хоёр хөл рүү нь өшиглөөд байсан. Ууганаа тухайн эсгий түрийт гуталтай байсан. Тэгээд бид нар хашааны нөгөө талд модны ажлаа үргэлжлүүлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх /хх-н 173-р тал/ мэдүүлгүүд

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн № 21 дугаартай “..... ын биед өвдөгний үений мөгөөрс язралт, баруун, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын Хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 31-32-р тал/

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 1920 дугаартай “... /РД: *********/ сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 50- 51-р тал/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 08-р тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй байгаа ба хохирогчийн зүгээс “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон байхад түүнийг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулж олгосныг зөвшөөрөхгүй, надад маш их шаналал зовиур үүссэн, эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул хохирлын хэмжээг 12.99 дахин хэмжээгээр нэмэгдүүлэн олгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.У*******т холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд хохирогчийг хөрөө раман дээр мод зүсэхийг шаардаж түүнд хүч хэрэглэж, шүүгдэгч Г.У*******ын гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Н.Дн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт торгуулийн  ял оногдуулсан нь доорх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

“2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1-д “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.Ууганбаатар нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн ба харин анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэл гэж тогтоогдсоныг харгалзан тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлэн 3.960.000 төгрөгийг хэрхэн олгож байгаа талаараа дүгнээгүй байна.

Иймд хохирогч Н.Дг хүсээгүй байхад нь хүчээр хөрөө раманд мод зүсэхийг албадаж хүч хэрэглэн зодсон, хохирогчийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон тул түүний сэтгэцэд учирсан хоёрдугаар зэрэглэлийн хохирлыг тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 8.573.000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй.

5.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

6.Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтанд өөрчлөлт оруулав.

Энэ хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг Б.Баттөгөлдөр сууж хөтөлсөн байхад шийтгэх тогтоолд С.Төртулах тэмдэглэл хөтөлсөн гэж бичигдсэнийг дурьдаж, цаашид энэ төрлийн алдааг давтан гаргахгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын

7 дахь заалтыг  

“Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд заасныг баримтлан Г.У*******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 8.573.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Депогийн №21 тоотод оршин суух, хохирогч Б******* овогт ад /РД: / олгосугай” гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                 ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ