| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10159/И |
| Дугаар | 192/ШШ2026/01095 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/01095
2026 01 23 192/ШШ2026/01095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Г.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Л овогт Ө.Д /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Б овогт Б.Х /РД:**/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 27 294 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Д, иргэдийн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болгон лаваагийн Тэц 3-аас доошоо явах уулзвараар ногоон гэрлээрээ нэвтрээд явж байтал хажуу талын бетон арматур буюу байран дундах туслах замаас асар хурдтай машин орж ирээд миний урд тал руу мөргөөд тэр үед осол болсон. Тэгээд цагдаа ирээд хэргийг шийдвэрлээд явж байхад байцаагчид шилжсэн. Тухайн үнэлгээ хийгээд явсан байцаагч маань араас ирээрэй гээд тэгээд араас нь очиход байцаагч нь солигдоод 2 хоног, 3 хоногийн дараа ахиад байцаагч солигдоод дуудаад маргаан үүссэн. Ингээд маргаантай байгаа учраас шинжээчийн баг авъя гэдэг хүсэлт гаргасан. Тухайн үед баяр ёслол, наадам таарсан учраас амарчихсан. Тэгээд бүрэлдэхүүн гээд хугацаа орох амрах учраас бараг сар гаруй хугацааны дараа бүрэлдэхүүндээ хүсэлт 8 сарын бараг эхлээд бүрэлдэхүүн маань томилогдоод тухайн ажлын хугацааныхаа дагуу дүгнэлтээ өгсөн байгаа. Тэр үед яг эцэслэж буруу зөвийг нь шинжээчийн баг дүгнэж дүгнэлтээ эцэслэж гаргасан. Тухайн дүгнэлтээ миний зөв нөгөө хүний маань буруу болсон. Тэгээд бид 2 эргээд байцаагч дээрээ очсон. Тухайн үед Б.Х буруугаа хүлээн зөвшөөрөөд хэрэг хаагдсан. Ингээд Б.Х-оос үнэлгээнд орсон буюу 25 000 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 2 000 000 төгрөг, нийтдээ 27 294 000 төгрөгийг Б.Х-оос нэхэмжилсэн. Ингээд хэрэг хаагдаад энэ хохирлыг төлнө гээд хоорондоо тохиролцоод төлнө гээд цагдаад хэлсэн. Тэгээд өөрөө надад эгчээ бага мөнгө биш учраас яг одоо шууд шилжүүлэх боломжгүй байна. Та надад 7 хоногийн хугацаа өгөөч гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа дахиад би чи яасан бэ гэсэн чинь миний мөнгө арай болохгүй байна та надад дахиад 7 хоног өгөөч гэсэн. Ингээд дахиад 7 хоног хүлээгээд ахиад яасан юм бол гэсэн чинь миний мөнгө болохгүй байна гэхээр нь дахиад л 7 хоног хүлээсэн. Гэтэл ээж нь над руу чи миний хүүхдийг ингэлээ тэглээ гээд над руу ёс бусаар мессеж бичиж утсаар загнаж дарамталж бараг чи залилж ингэлээ гэж намайг дарамтлаад тэгээд мөнгө төгрөгийг чинь өгөхгүй гэсэн. Сүүлдээ Б.Х гэдэг хүн миний дугаарыг авахаа больсон. Өөр танихгүй дугаараас залгахаар аваад байдаг, миний дугаарыг болохоор бүр авахаа больсон. Тэгээд танихгүй дугаараас залгаад би байна шүү дээ чи миний мөнгийг яасан бэ гээд асуухаар би яг одоо ажилтай байна, би тан руу цайны цагийн дараа ярья гэж хэлдэг. Тэгээд над руу ерөөсөө ярьдаггүй, би залгахаар ерөөсөө авдаггүй. Би бараг сар хүлээсэн. Сүүлдээ миний дугаарыг авахгүй болохоор нь би энэ хүн мөнгөө ч төлдөггүй, утсаа ч авахаа болилоо гээд цагдаад хэлсэн чинь та шүүхэд хандаад, шүүхээр хохирлоо барагдуулах ёстой, бид нар буруу зөвийг тодорхойлдог, та шүүхэд хандах эрхтэй гэхээр нь би 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр анх удаа Иргэний шүүхэд гомдол гаргаж хохирлоо барагдуулъя гээд шүүхэд материал өгсөн байгаа. Тэрнээс хойш би Б.Х гэдэг хүнтэй холбоо бариагүй байгаа.” гэв.
2. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай Б.Х нь дүгнэлтээр гаргасан хохирлыг барагдуулах ёстой.” гэв.
3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, А ХХК-инй Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Шинжээчийн дүгнэлт, Холбогдогч жолоочийн биеийн байцаалт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, М ББСБ-ын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/879 тоот албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ** тоот Зээлийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ФГ** тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, хариу тайлбар, баримт өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч Б.Х-т холбогдуулан гэм хорын хохиролд 27 294 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Х нь ** УББ улсын дугаартай Jeep Wrangler маркийн тээврийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас миний эзэмшлийн ** УЕК улсын дугаартай Toyota Harriar маркийн машины эд анги гэмтэж 25 375 000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний зардалд 1 919 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 27 294 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзаж буй тухай шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 46-149/362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Toyota Harriar маркийн ** УЕК улсын дугаартай авто машины жолооч Ө.Д-г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Jeep Wrangler маркийн ** УББ улсын дугаартай автомашины жолооч Б.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэжээ.
5.1.а. Тодруулбал, тухайн зам тээврийн осол хариуцагч Б.Х-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдов.
5.2. Нэхэмжлэгч Ө.Д-ийн жолоодож явсан гэх ** УЕК улсын дугаартай Toyota Harriar маркийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн хөрөнгө болох нь М ББСБ ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/879 дугаар албан бичиг, М ББСБ ХХК-тай Ө.Д-ийн байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээл болон фидуцийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
5.3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
5.4. Хариуцагч Б.Х нь Jeep Wrangler маркийн ** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ө.Д-ийн өмчлөлийн ** УЕК улсын дугаартай Toyota Harriar маркийн тээврийн хэрэгсэлд 25 375 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаар А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд үнэлгээний зардал 1 919 000 төгрөгийг төлсөн нь мөн өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус нотлогдов.
5.5. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Х-оос гэм хорын хохиролд 27 294 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Д-д олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.6. Томилогдсон иргэдийн төлөөлөгч “...хариуцагч Б.Х хохирлыг хариуцах ёстой..” гэж дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
7. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2026.01.21-ний өдөр хариуцагчийн ** дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х-оос 27 294 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 294 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-оос улсын тэмдэгтийн хураамжид 294 420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
Г.АМАРТҮВШИН