Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 226/МА2019/00010

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 5 сарын 23 өдөр          Дугаар 226/МА2019/00010                              Хэрлэн сум          

  Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Э-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

 

226/2019/00010/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Нэхэмжлэгч Б нарыг оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 157/ШШ2019/00030 дугаар шийдвэртэй, Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э-д холбогдох “Соната-6 маркийн автомашины үнэ 4800000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч О-н  давж заалдах гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э- 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Соната-6” маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг 95-51 УНҮ улсын дугаартай “Приус-10” маркийн автомашинаар сольсон. Гэвч Отгон-Эрдэнийн “Приус-10” маркийн машин нь ашиглах боломжгүй байсан. Мөн анх солилцоо хийхдээ 1 сарын дотор машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон боловч хугацаандаа шилжүүлээгүй байх тул миний бие “Соната-6” маркийн автомашинаа буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э анх машинаа солихдоо “Приус-10” маркийн автомашиныг ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд наймаа хийчхээд Бор-Өндөр лүү явах замд асч унтраад байсан. Би Бор-Өндөрт очоод 10 гаруй хоногийн дараа энэ талаар хэлээд машинаа солихоо больё гэхэд зарсан бол зарсан гэж хэлж байсан. Анх бичиг баримтаа 1 сарын дотор шилжүүлж өгнө, үгүй бол машинаа буцаах талаар ярьж байсан.

            Одоо “Приус-10” маркийн автомашин бичиг баримт байхгүй, унах гэхээр боломжгүй байна. Тус машиныг зарж, худалдаж болохгүй болохоор буцаах талаар Э-д хэлэхэд миний “Соната-6” маркийн автомашиныг зарсан гэж хэлсэн. Иймд “Соната-6” маркийн автомашины үнэ 4800000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний Б-т өгсөн “Приус-10” маркийн автомашин бол өөрийн унаж байсан машин юм. Б намайг Улаанбаатар хотод 7 хоног хүлээлгэж байгаад ирж унаж үзээд ямар ч асуудалгүй машин авсан. Өөрийнх нь “Соната-6” маркийн автомашин мөн адил хуучин машин байсан. Би тус машиныг “Өгөөмөр” зах дээр аваачиж, стачерыг нь засаж авсан. Б манай гэр бүлийн хүмүүсийн хажууд өөрөө болно, бүтнэ гэж хэлээд авч явсан. 300 гаруй километр замыг хэрхэн туулсныг нь би мэдэхгүй байна. Б сарын дараа машин чинь асахаа больчихлоо гэж ярьж байсан.

            Анх машинаа солихдоо Б “эргэж буцахгүй биз дээ” гэхээр нь би иргэний үнэмлэхээ хуулбарлаад доор нь “эргэж буцахгүй” гэсэн бичиг хийж өгсөн. Бор-Өндөрт ямар ч асуудалгүй явж байсан машиныг ашиглах боломжгүй байна гэж өчнөөн сарын дараа гомдол мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Би Б-аас авсан машинаа зарсан гэжээ.

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 157/ШШ2019/00030 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Приус-10” маркийн автомашиныг хариуцагч Б овогт Э-н О-д буцаан олгож, хариуцагчаас “Соната-6” маркийн автомашины үнэ 4800000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А адуут овогт О-н Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107750 төгрөгөөс 91750 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16000 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагчаас 91750 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Э давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б фэйсбүүк сүлжээнд “газан машиныг шатахуунаар ажилладаг машинаар солино” гэсэн зар тавьсан байхаар нь би өөрийн унаж байсан “Приус-10” маркийн автомашиныг санал болгосон.  Б бид 2  машинаа солихоор харилцан тохиролцож эргэж буцахгүй гэж нотариатаар гэрчлүүлж өгч авалцсан.

            Б надтай холбогдоод машиныг чинь авна гэж намайг Улаанбаатар хотод 3 хоног хүлээлгэж, өөрөө машиныг маань бүтэн өдөржин унаж үзээд ямар ч асуудалгүй юм байна гээд солилцсон. Би тухайн үед Б-ын машиныг гадаад үзэмжийг нь сайжруулаад авбал боломжийн юм байна гэж бодож авсан. 

            Би машинаа өөрөө унадаг байсан бөгөөд хэвийн ажиллагаатай байсан. Б-ын ярьсан шиг асаж унтраад байсан бол тэр даруйдаа надад хэлэх боломжтой байсан. Гэтэл 10-аад хоногийн дараа машин чинь доголдоод байна, буцаана гэж ярихаар нь “чи унаж үзээд авсан, зүгээр байсан биз дээ” гэж хэлээд орхисон. Тэгээд хэсэг сураггүй алга болсон. Дахин сарын дараа машинаа буцаамаар байна гэхээр нь “солиод бүтэн сарын хугацаа өнгөрчхөөд байхад юу яриад байгаа юм бэ, танаас авсан машинаа зарчихсан” гэж хэлсэн. Б ажил хийлгэхгүй хэрүүл хийгээд, цагдаа, шүүхэд өгнө гээд байхаар нь “өг” гэж хэлсэн.  

Б бид 2 машинаа солиод бүтэн сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Б надаас авсан машинаа яаж эдэлж хэрэглэснийг мэдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх илтэд нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт Б-ын яриад байгаа шиг машинаа сольсноос хойш маргааш нь эсхүл 10 хоногийн дараа буцаая гэж надтай холбогдсон талаар нотлох баримт байхгүй байхад шүүгч “чамаас машинаа буцааж авъя гэж нэхэмжлэгч хэлсэн байна, чи яагаад зугтаагаад байсан юм бэ” гэсэн утгатай асуулт тавьж байсан. Надад Б-аас зугтаад, залилаад байсан зүйл байхгүй юм.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаан дээр тэр даруйдаа машинаа буцаая гэж хэлсэн гэх боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Шүүхийн шийдвэрт дурдсан хавтаст хэргийн 4, 13, 17 дугаар хуудаснуудад байгаа “анх машиныг солих талаар харилцсан чат”, “нотариатаар гэрчлүүлсэн баталгаа” зэрэг нь миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд бөгөөд эдгээр баримтуудад машинаа буцааж авах талаар дурдсан зүйл огт байхгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх нотлох баримтуудыг дурдаад нэхэмжлэгч нь тэр даруй машинаа буцааж авах талаар хэлж байсан нь нотлогдож байна гэж үзсэн нь шударга биш байна.

Би “Приус-10” маркийн авто машиныг худалдаж авсан Тулгаа гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлттэй байгаа талаараа удаа дараа хэлж байсан боловч шүүх анхаарч үзээгүй. Шүүхээс надад хүсэлтээ бичгээр гаргах талаар хэлж зөвлөх боломжтой байсан.

Мөн “Соната-6” маркийн автомашиныг хэр эдэлсэн, ямар засвар үйлчилгээтэй машин байсныг мэдэхгүй атлаа Б-ын үнэлснээр надаас 4800000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Б-аас надад шилжиж ирсэн машин нь хэдий хэмжээний төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байсан, эсхүл намайг уг машиныг хэдэн төгрөгөөр зарсныг асуулгүйгээр нотлох баримтгүйгээр нөгөө талын үнэлүүлж ирсэн үнэлгээгээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: Э- бид 2 автомашинаа сольсон нь үнэн боловч О намайг залилж миний машиныг авч зарсанд гомдолтой байна.

Хариуцагчийн давж заалдах гомдол нь илт худал, хүн гүтгэсэн шинжтэй байна. Миний бие Бор-Өндөрийн шүүхэд хүн танихгүй бөгөөд шүүхийг нэг талд үйлчилсэн гэдэг нь худал юм. Би шүүх хуралдаанд өөрийн биеэр орж тайлбар хийнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б нь хариуцагч Э-д холбогдуулан “Соната-6” маркийн автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Соната-6” маркийн автомашины үнэ 4800000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Хариуцагч Э нь “машиныг солиход буцаалт хийхгүй гэж тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Соната-6” маркийн автомашиныг, “Приус-10” маркийн автомашинаар арилжиж арилжааны гэрээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Б нь арилжааны гэрээгээр хүлээн авсан “Приус-10” маркийн автомашиныг зориулалтын дагуу ашиглахад доголдолтой, гэрээ цуцлах тухайгаа хариуцагч Э-д утсаар болон фэйсбүүк чатаар мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон /хх-ийн 13-17 хуудас/.

            Иргэний хуулийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна,

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ...худалдагч нь биет байдлын доголдолгүй ...эд хөрөнгө ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж, 251 дүгээр зүйлийн 251.2-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

            Иймд хариуцагч Э доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нь автомашинд ямар доголдол хэзээ үүссэн, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой талаарх тайлбар, үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

            Нэхэмжлэгч Б нь “Приус-10” маркийн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан гэх үндэслэлээр гэрээ цуцлах шаардлагыг гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан ...гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй, 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан ...өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч, энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсэн заалтуудтай нийцсэн байна.

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Э.Отгон-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 157/ШШ2019/00030 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.14-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧ                                                Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ