Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00468

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 309 дүгээр магадлалтай,

         Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

         “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох        

         Татварын өр төлбөрт 409.980.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Н.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа нарын гаргасан тайлбарт: “Манай Татварын хэлтэстэй харьцдаг “Засаг чандмань майнз” ХХК нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 39 614 788 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 135 467 222 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэст төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын 175 082 010 төгрөгөөс татгалзаж, 234 898 295 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгах албан татварын тайлангийн өр 182 986 457 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29 398 451 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16 789 533 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 5 732 851 төгрөг, нийт 234 898 292 төгрөгийг нэхэмжилж байна. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татварыг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд татвар төлөх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д ...ногдуулсан татвар, татварын өр буюу дутуу төлөлтийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлнө гэсэн заалтыг хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК зөрчсөн. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхээр холбогдох дансыг битүүмжилсэн ба мөн хариуцагчтай барьцааны гэрээ байгуулж, татварын өрийг төлөх талаар мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөнгүй. Иймд хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас 234 898 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

  Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Манай компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалагдаж, татвараа тайлагнадаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 175 082 010 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу төлөхөөр болсон учраас нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаад тайлбаргүй. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагаас 95 644 424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас үзвэл манай компани татварын өр үүссэн өдрөөс хойш нийт 95 644 424 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх тул нэхэмжлэлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16 789 533 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын тооцооллын жагсаалтаас үзвэл “Засаг чандмань майнз” ХХК нь 162 135 289,07 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 112 433 957 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс энэхүү үүссэн татварын өрийг он, дарааллын хувьд тодорхойлж чадахгүй байгааг шүүхээс анхаарч, Татварын ерөнхий хуульд заасан урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байсан эсэхийг тодруулахыг хүсье.” гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Засагт чандмань майнз” ХХК-иас 175 535 845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59 362 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Засагт чандмань майнз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 035 674 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 309 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Шүүхийн магадлалд дурдсанаар ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Тус хуулийн 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн” бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Хэрэгт авагдсан хариуцагч "Засаг чандмань майнз” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан” 2013 оны 4, 2014 оны 4 дүгээр улирлын “Суутгагчийн хувь хүнд олгосон албан татварын тайлан”, 2014 оны 4, 2015 оны 2 дугаар улирлын “Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаар дурджээ. Гэтэл дээрх тайлангууд нь энгийн цахим баримт бус татвар төлөгчөөс албан ёсны тоон гарын үсгээр баталгаажин илгээгдсэн тайлангууд юм. 2011 онд “Цахим гарын үсгийн тухай" хууль батлагдсанаар татварын албанд татвар төлөгч нь тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болсон бөгөөд уг тайлан нь татварын цахим системээс гарч татварын улсын байцаагчийн тэмдэг дарагдсанаар албан ёсны эх хувийн адил нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Татварын алба нь “Тоон гарын үсгийн технологийн дүрэм” батлан үүний дагуу татварын тайлангуудаа хүлээж авдаг. Мөн түүнчлэн хариуцагч нь тайлан дээрх мөнгөн дүн дээр маргаагүй болно. Хэрэгт нотлох баримт хангалттай цугларч хэргийг шийдсэн байтал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 309 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдуулан 409.980.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг  “Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татвар”-ын тайлангийн өр 182.986.457 төгрөг, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”-ын өр 29.398.451 төгрөг, “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын өр 16.789.533 төгрөг, “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар” 5.732.851 төгрөг тус тус гаргуулах буюу нийт 234.898.295 төгрөг болгож багасгажээ.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд  хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч “Засагт чандмань майнз” ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг хуульд зааснаар авч, дараа нь шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас “татвараа өөрөө тодорхойлж, төлөх” аргаар ногдуулж, хураадаг татварын өрийг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан татварын тооцооллын жагсаалт, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан зэргээс үзвэл хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК нь  “Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татвар”-ын тайлангийн өр 182.986.457 төгрөг, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар”-ын өр 29.398.451 төгрөг, “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын өр 16.789.533 төгрөг, “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар” 5.732.851 төгрөгийн тооцоо тус тус гарчээ.

Дээрх нь татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тус тус тогтоогдсон, төлөх үүрэг хүлээсэн татвар юм.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг хэлнэ” гэжээ. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй. Нэхэмжилж буй татварын өр болох 234.898.295 төгрөг нь дөрвөн хэсгээс бүрдсэн байна.

         1.Нэхэмжлэлийн “Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татвар”-ын тайлангийн өр гэж 182.986.457 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:    

         Хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-ийн цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 210.146.031 төгрөг байсан боловч хожим 14.855.205 төгрөгийн татвар өр нэмэгдэж, нийт 225.001.281,16 төгрөг болсон ч татвар төлөгчөөс 42.014.825,00 төгрөгийг төлж, тус татварын өр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 182.986.456,16 төгрөг болсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Засаг чандмань” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 182.986.457 төгрөг байсан, үүнээс татвар төлөгч 53.629.599 төгрөг төлсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 129 059 858 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар ажил олгогч нь суутгагчийн үүргийг хүлээж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.3-т тус тус заасны дагуу цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос тус хуульд заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх үүрэгтэй гэж заасантай нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

          2. Нэхэмжлэгчийн “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар” 5.732.851 төгрөгийг гаргуулах тухай шаардлага:

          Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар суутгагч хувь хүнд олгосон орлогоос хуульд заасан хэмжээгээр татвар ногдуулж, холбогдох татварын албанд төлөх, энэ талаар тогтсон хугацаанд тайлан, мэдээ гаргах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн энэ төрлийн татварын өр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 10.728.850,12 төгрөг байсан хэдий ч татвар төлөгч 5.005.000 төгрөгийг төлснөөр 5.732.851 төгрөг болсон байна.

Хариуцагч “Засагт чандмань майнз” ХХК-ийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын өр нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5.732.851 төгрөг байсан, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10.000.000 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй байх тул 5.732.851 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий болжээ.

        3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29.398.451 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Татвар төлөгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 04 дүгээр улирлын байдлаар 28.536.100 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол Татварын тооцооллын жагсаалтад 28.558.087 төгрөг, үүн дээр 840.364,07 төгрөгийн өр нэмэгдэж, нийт 29.398.451 төгрөг болсон байна.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь татварын энэ өрийн талаар аливаа татгалзал, тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29.398.451 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгох үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д нийцсэн байна.

   4.Нэмэгдсэн өртгийн албан татварын өр гэж 16.789.533 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь 47.773.859,17 төгрөг байсан ба үүнээс буцаалт болох 30.984.326,09 төгрөгийг хасч, нийт 16.789.533 төгрөгийн өртэй болох нь хэрэгт авагдсан татварын тооцооллын жагсаалтаар тодорхойлогдож байна.   

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гаргаж өгсөн татварын тооцооллоос үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын хүрээнд хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д 162.135.289,07 төгрөгийн буцаан олголтын дүнтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16.789.533 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй.

         Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 234.898.292 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд, үүнээс татвар төлөгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн төлсөн 59.362.450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийт 175.535.845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид  олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ.       

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Татварын ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

        Нотлох баримтын шаардлага хангахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.

Учир нь давж заалдах шатны шүүх ... “Засаг чандмань майнз” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” 2013 оны 4, 2014 оны 4 дүгээр улирлын “Суутгагчийн хувь хүнд олгосон албан татварын тайлан”, 2014 оны 4, 2015 оны 2 дугаар улирлын “Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй” гэж дүгнэхдээ Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3., 4.1.7., 43 дугаар зүйлийн 43.3., “Цахим гарын үсгийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 309 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН