Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0469

 

“ЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С гаргасан давж заалдах гомдлоор, “ЭЭД” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “ЭЭД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “ЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С давж заалдах гомдолдоо: “... “ЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлгүй шийдвэрлэлээ. Учир нь

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /6-р тал, Тодруулбал хэсгийн 3/ "Түүнчлэн, нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр "БЖЭБ" ХХК-иас төлсөн хэмээн маргаж байх боловч ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт төлөгдсөн гэх 11,700,000 төгрөг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн сангийн 900000712 дугаар дансанд шилжсэн болох нь "БЖЭБ" ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар албан бичиг, Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр "ЭЭД" ХХК-ийн эзэмшиж байсан ашигг малтмалын хайгуулийн 12645 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, буруутгах боломжгүй байна" хэмээн дүгнэж шүүх хуралдаанд гаргасан зохигчдын   тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлтийг хэт нэг талд үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангасангүй.

Учир нь нэхэмжлэгч тал хэдийгээр төлбөрийг төлсөн боловч төлсөн нь хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байна хэмээн (16 хоног) нэхэмжлэгчийг буруутгаж байгаа ч төрийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь буруутгах үндэслэл болохгүй хэмээн дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана" заасан зарчмийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /6-р тал 3 дахь догол мөр/ "Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаан бүхий үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, өгсний үндсэн дээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “ЭЭД" ХХК-д холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн байх туп нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв" гэж тайлбарлан үндэслэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл нь хугацаандаа төлбөр төлөөгүй буюу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан байна гэж дүгнэсэн ба Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн, мөн нэхэмжлэгч төлбөрөө төлсөөр байтал 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүчингүй болгохыг ойлгож байгаа. Хариуцагч төрийн байгууллага нь хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл байсаар байтал үүнийг нь хэт нэг талд буюу хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хэрэгжсэнгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь дараах агуулгатай шийдвэр байгаад гомдолтой байна. Шийдвэрийн агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл байх боловч нэхэмжлэгч нь өөрөө мэдэх боломжтой байсан хэмээн тайлбарлан дүгнэлт өгсөн. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн боловч өмнөх хугацаанд хүчингүй болгох нөхцөл Ашигт малтмалын тухай хуулиар үүссэн бөгөөд тусгай зөвшөөрлийг хэзээ ч хамаагүй цуцлах  эрх  нь Төрийн  байгууллагад  байх  ба төрийн  байгууллага  энэхүү эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй байна хэмээн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэргийн үнэн зөвийг тогтоох зарчим хуулиар хэн нэгэнд олгогдсон эрх мэдлийг явцууруулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “ЭЭД” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012645 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, “цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй байсан, төлбөрөө төлсөн байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “ЭЭД” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-012645 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хариуцагч төрийн захиргааны байгууллагын “төлбөр төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл тогтоогдсон тухай” мэдэгдсэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/286 дугаар мэдэгдэл нь хаяг буруу бичигдсэн шалтгаанаар шуудангаас буцаж ирсэн үйл баримт тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.7-д “...хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын XV-012645 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу жил бүрийн 08 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож, үндсэн төлбөр дээр нэмж алданги төлснөөр 30 хүртэлх хоногоор хугацааг сунгах боломжтой, харин сунгасан хугацаа болох 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тодорхой заасан байх тул нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Нэхэмжлэгчийн “...төлбөрөө төлсөн байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх гомдлын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэсний дагуу “ЭЭД” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “БЖЭБ” ХХК-иар дамжуулан тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн хамт 11.700.000 төгрөгийг төлсөн баримтаа төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, энэ талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгч маргаан бүхий акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгүүр “ЭЭД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “...нуруундаа хүнд бэртэл авсны улмаас эмнэлэгт хэвтсэн, гадаадад эмчлүүлсэн” гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг үйл баримт нь “ЭО” эмнэлгийн ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, эмчлүүлэгчийн карт, Ц.С-ын гадаад паспорт дээрх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарч, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орж ирсэн тэмдэглэгээ зэрэг баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

    ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

    ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН