Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0665/З |
Дугаар | 187 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 187
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, С.Сүрэнжав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 183 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хэргийн тухайд: Манай байгууллага нь 2006 онд тухайн үеийн МАХН-тай харилцан тохиролцсоны дагуу нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй МАХН-ын эзэмшлийн газраас 311 м.кв талбай бүхий газарт буцаан худалдах нөхцөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан 2013 оныг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч 2013 оны Засгийн газрын тогтоолын дагуу МАН-ын өмчлөлийн Чандмань төвийн барилга буюу хуучнаар Лениний музейн барилгыг төрийн өмчид шилжүүлэхээр тогтоосон бөгөөд тухайн барилгын өмчлөгчтэй холбоотой маргаан шүүхийн журмаар шийдвэрлэгдэж 2014 онд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар тухайн барилга төрийн өмчид шилжүүлсэн болно. Барилгын өмчлөгчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж төрийн өмчлөлд шилжүүлснээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч газрын эзэмшлийг Үлэг гүрвэлийн төв музейд шилжүүлсэн байдаг.
4. Манай байгууллагын зүгээс өмчлөгчтэй холбоотой асуудал шийдвэрлэсний дараагаар төрийн өмчийн хороонд хандаж цаашид өөрийн өмчийг хэрхэх талаар хүсэлтийг хүргүүлсний хариуд төрийн өмчийн хорооноос тухайн музейтэй холбоотой маргаан буюу барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул “Үлэг гүрвэлийн төв музей” нь захиргаатай харилцан тохиролцож газрын түрээсийн гэрээ хийн ажиллаж байхыг даалгасан байдаг.
5. 2018 оноос тухайн музейн барилгатай холбоотой асуудлууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэх мэдээллийг авсны үндсэн дээр нийслэлийн Засаг даргад хандсан боловч Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Барилга хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэгт эхэлж хандан дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж тухайн газрыг манай байгууллагын эзэмшилд шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн. Гэвч тухайн ажлын хэсгийн хуралдаан хуралдахгүй байсаар 2018 оны 12 дугаар сард хуралдаж олгох боломжгүй гэх хариу өгсний дагуу манай байгууллагын зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэвч захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн бүрэн дүгнэлт өгөлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хөндсөн гэж үзэж байна.
6. Хууль зүйн үндэслэл: Монгол Улсын Дээд шүүхээс МАН-ын 2-р байр буюу Чандмань төвийн барилгыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Үлэг гүрвэлийн төв музей”-д шилжүүлснээр нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах 4721 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 2014 оны А/742 тоот захирамжаар олгосон. Дээрх газар эзэмших эрхийг 2017 оны А/351 тоот захирамжаар хугацааг сунгаж 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан байгаа.
7. 2015 онд Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргасан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд гарсан захиргааны акт бөгөөд нийслэлийн Засаг дарга нь дээрх маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээг авч ажиллах үүргээ биелүүлээгүй.
8. Манай байгууллагын зүгээс 2015 онд Төрийн өмчийн хороонд хандаж байсан, мөн тухайн газрын эзэмшигч буюу “Үлэг гүрвэлийн төв музей”-тэй харилцан тохиролцож ажиллаж байсан үйл баримт нь тодорхой байсаар байтал нийслэлийн Засаг даргаас захирамж гаргаж газар олгохдоо, газар эзэмших хугацааг сунгахдаа захиргааны акт гаргах нөхцөл байдлыг судлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээс харагдаж байна.
9. Нийслэлийн Засаг даргаас гаргаж буй 2017 оны А/351 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Захиргааны үйл ажиллагаа” мөн, түүнчлэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2-т зааснаар манай байгууллага нь мөн хуулийн 13.3-т заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны оролцогч мөн болохыг нотолж байна. Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, мөн хуулийн 25 дугаар зүйл “Нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” ажиллагааг заавал хийх үүргийг хуульчилж өгсөн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн гаргаж өгч буй тайлбараас хархад дээрх ажиллагааг огт хийгээгүй огт хийх шаардлагагүй гэж үзсэн нь харагдаж байна. Энэ нь захиргааны байгууллага нь өөрөө хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй тул цаашид тус захиргааны үйл ажиллагааны илрэн гарах гадаад хэлбэр болох захиргааны акт нь хуулийн хувьд хүчин төгөлдөр эсэх дээр маргаан үүсгэж байна.
10. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...эрх болон хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж” гэсэн байх бөгөөд манай байгууллагын эд хөрөнгө нь маргаан бүхий актаар олгогдсон эзэмших эрхтэй газарт байрлаж байгаагийн хувьд манай ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар манай байгууллагад мэдэгдээгүй нь тухайн актын хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Тус маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус акт болж болохоор байгааг шүүх харгалзан үзээгүй. Учир нь тухайн захирамжаар манай байгууллагын өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн байх бөгөөд тухайн газар манай байгууллагын эд хөрөнгө байх бөгөөд дээрх маргаан бүхий 2017 оны А/351 тоот захирамж нь манай байгууллагын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулан халдаж байна гэж үзэж байна.
11. Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхтэй гэж заасан байх бөгөөд манай байгууллагад газрыг эзэмшүүлэхгүй байх ямар хууль зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмшүүлэхээс татгалзаж, захиргааны ерөнхий хуулийг зөрчиж захиргааны эс үйлдэхүй гаргаж байгаад анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь тухайн шатны шүүхийн шийдвэрүүд нь хуулийн дагуу болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
12. Захиргааны хэргийн шүүх байгуулах болсон шаардлага шалтгаан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй захиргааны байгууллагын хууль бус /хууль тогтоомж зөрчсөн/ үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрх ашгийг зөрчхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Нийслэлийн Засаг дарга нь тухайн газарт манай байгууллага нь зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан гэх үндэслэлийг шүүхэд гаргасан боловч зөвшөөрөлгүй гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирсэн зүйл байхгүй. Цаг хугацааны байдлаар үзэхэд анх манай байгууллага 2005 онд тухайн барилгыг барихад МАХН тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн байсан.
13. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, болон 35.1.6-д заасныг зөрчсөн” гэх байх боловч энэ тухай нотлох баримт байгааг эсэхийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн манай байгууллага нь 2005 онд тухайн газарт өөрийн хөрөнгөөр барилга байгууламж барихдаа МАХН-ын барилгын нэг хэсэг байх гэх болзолтойгоор барьсан гэдгийг анхаарч үзээгүй байгаа нь илт харагдаж байна. Манай байгууллага нь Үлэг гүрвэлийн музейн газар дээр биш МАХН-ын буюу сүүлд МАН-ын эзэмшлийн газар дээр МАН-ын зөвшөөрөлтэйгөөр, МАН-ын өмчлөлд шилжих нөхцөлтэйгөөр барилга байгууламж барьсан боловч 2013 оны Засгийн газрын шийдвэр мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны тогтоолоор тухайн музейн барилгыг төрийн өмчид шилжүүлэн ИХ-ийн 85 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн газрын эзэмших эрхийг “Үлэг гүрвэлийн төв музей”-д шилжүүлсэн.
14. Нийслэлийн Засаг дарга үл хөдлөх эд хөрөнгийн дагаж түүний бүрдэл хэсэг буюу салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгох үр дагаврыг үүсгэх үндэслэлтэй гэж үзэн 2014 онд газрын эзэмшлийг “Үлэг гүрвэлийн төв музей”-д шилжүүлсэн бөгөөд манай байгууллагын өөрийн хөрөнгөөр барьсан барилга байгууламжийг хэрхэх тухай, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрх ашгийг хэрхэх тухай асуудлыг мөн адил зарчмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад тийм үйл ажиллагаа явуулаагүй нь өөрөө алдаагүй байна. Учир нь, манай байгууллагын өөрийн хөрөнгөөр барьсан хөрөнгө нь Төрийн өмчийн болон “Үлэг гүрвэлийн төв музей” барилгын бүрэлдэхүүн хэсэг биш, төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлд байхгүй. Нэгэнт төрийн өмч биш тохиолдолд ИХ-ийн 85 дугаар зүйлд заасны дагуу газрыг мөн адил салгах боломжгүй эд хөрөнгийн бүрдэл хэсэг гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж манай байгууллага нь хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаад шүүх дүгнэлт гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Иймд дээр давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шийдвэрүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг хангахгүй байна гэж үзэж байна.
15. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй ч захиргааны хэргийн шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ тухайн хуралдааны шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх байсан. Тус хуралдааны тэмдэглэлээс харахад /захиргааны үйл ажиллагаа ЗЕХ-д заасан/, хуралдаанд оролцогчид нь манай байгууллагаас гаргасан хүсэлттэй бүрэн гүйцэд танилцаагүй, асуудлыг нэг мөр шийдвэрлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргаагүй, зөвхөн ирсэн хүсэлтийг түргэн буцаах, дахин хүсэлт хүлээн авахгүй байх хүсэл зоригтой байсан нь харагдаж байна. Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн байгууллагын эд хөрөнгө болон эзэмших эрхийн хүрээнд захиран зарцуулах асуудлыг ажлын хэсэг гарган шийдвэрлэх болсон гол зорилго нь төрийн өмчийн хөрөнгийг шамшигдуулахгүй байх, эрх ашиг нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэн аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой гэдэгт итгэлтэй байна.
16. Захиргааны байгууллага нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангаж хуульд үндэслэсэн шийдвэр гаргахыг 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулиар хуульчилж өгсөн. Энэ нь захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын хувьд гарын авлага болох ёстой хууль. Гэвч харамсалтай нь захиргааны байгууллага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргадаг, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байдлыг дээрх хуралдааны тэмдэглэлээс харж болохоор байна. Захиргааны шүүх дээрх нөхцөл байдалд бүхэлд нь хууль зүйн дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэх ёстой байтал зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын явцуу хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь өөрөө алдаатай байна гэж үзэж байна.
17. Захиргааны шүүхээс захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсын хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэх гэдэгт хууль зүйн дүгнэлт гарган шийдвэрлэх ёстой бөгөөд нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Гэвч захиргааны хэргийн шүүх нь дээрх үүргээ биелүүлэлгүй. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
19. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/351 дүгээр захирамжаар “Үлэг гүрвэлийн төв музей”-д ...музейн зориулалтаар 4712 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар баталгаажуулсан ба нэхэмжлэгч “И” ХХК-иас А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м.кв талбайг манай байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2005 онд өөрийн хөрөнгөөр Чандмань төвийн баруун урд буланд 311.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулсан, ...тухайн газар дээр байрлаж буй үл хөдлөх хөрөнгийг судлалгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхэд дүгнэлт өгөлгүй захирамж гаргасан, ...өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд саад учруулсан” гэж тодорхойлжээ.
20. Хэрэгт авагдсан, Төрийн өмчийн хорооны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1в/1778 дугаартай албан бичгээс үзвэл “И” ХХК-иас Чандмань төв /Лениний музей/-ийн баруун урд өнцөгт байрлах “Медуза” кафег түрээслэх хүсэлт ирүүлснийг судлан үзээд, “Жинсолон” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Эд хөрөнгө болон эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Медуза” кафег шилжүүлэн авсан “И” ХХК-д тус кафег түрээсээр ашиглуулахыг Үлэг гүрвэлийн төв музейн захиргаанд мэдэгдэхдээ “...шүүхийн шийдвэрээр төрийн өмч болох нь тогтоогдсон Лениний музейн барилгыг газрын хамт барьцаалсан асуудлаар шүүхэд хандсан, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Жинсолон” ХХК-ийн, Монгол Ардын Намтай хийж байсан гэрээг “И” ХХК-тай үргэлжлүүлэхэд татгалзахгүй” гэж дурдсан байна.
21. Мөн, шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоосон Лениний музейн барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Үлэг гүрвэлийн төв музейд ашиглуулахаар балансад нь шилжүүлсэн, үүнтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар Үлэг гүрвэлийн төв музейд 4712 м.кв газрыг музейн зориулалтаар эзэмшүүлж, үүний дараа 2015 оны А/938, 2017 оны А/351 дүгээр захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгасан, уг газар дээр музейн барилга сууриараа, музейн барилгад наалдуулан баригдсан өргөтгөлийн хэсэг буюу кафе байрлаж буй хэсэг мөн орж байгаа нь тогтоогдсон, уг үйл баримтуудтай нэхэмжлэгч маргаагүй байна.
22. Эдгээрээс үзэхэд, Лениний музейн /хуучнаар/ барилгын өмчлөлийг дагаж, газар эзэмшигч өөрчлөгдсөнөөр тус барилгын баруун урд хэсэгт барилгын хананд наалдуулан барьсан өргөтгөлийн хэсэгт хамаарах газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд анхнаасаа үүсээгүй байсан эрхийг хамгаалах боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
23. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Үлэг гүрвэлийн төв музейд газар эзэмшүүлэх талаарх нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/742, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/998 дугаар захирамжуудтай маргаагүй, маргаж буй 311.2 м.кв газрыг эзэмших талаар нийслэлийн Засаг даргад хандаж байгаагүй зэргээс үзвэл, тухайн газрын харилцаанд нэхэмжлэгчийг оролцогч гэж үзэхгүй тул 2017 оны А/351 дүгээр захирамжаар Үлэг гүрвэлийн төв музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэхэд “...сонсох ажиллагаа хийгээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
24. Мөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан түүний бүрэн эрх байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1. 6-д заасан илт хууль бус акт болж болохоор байгааг шүүх харгалзан үзээгүй, ...нэхэмжлэлийн шаардлагын явцуу хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
25. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.