Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/021

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201505000066 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ... 2014 оны 4 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 8 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь Б., Н. нартай бүлэглэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн *******гийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 32 инчийн  “Skyword” маркийн зурагт, “DDISH” хүлээн авагч зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн *******гийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Завхан аймгийн нутаг руу оргон зайлж 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт ******* *******ыг давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан хоёр жил хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сар хорих хүнд ялд багтаан түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон дөчин зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр би ******* гэдэг найзындаа хувцасаа авахаар Б.ийн хамт очиход тэднийд согтуу байсан. Мөн ******* согтуу унтаж байсан. Тэгээд нь бид хоёрыг гурвуулаа манай эгчийнд очоод мөнгө аваадахъя 2 хурган дээл байгаа тэрийг аваад ирье гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цуг явсан чинь нэг гудамжны үзүүрт очоод намайг энд байж бай гээд нэг хашаа руу орсон. Би ыг эгчийндээ орсон л гэж бодсон. Удалгүй , 2 гарч ирээд намайг байж байгаарай гэж хэлээд буцаад орсон. Тэгээд гарч ирэхдээ зурагт, DDSH-ийн хүлээн авагч 2 аваад гараад ирсэн юм. Би тэгэхээр нь наадахаараа яах гэж байгаа юм гэсэн чинь таньдаг айлдаа аваачиж өгөх юм гэсэн. Би тэрийг нь хулгайн юм гэж мэдээгүй хамт таньдаг айлд нь очиж хоноод маргааш өглөө нь , бид 3 зах ороод би даргатайгаа тааралдаад тэндээсээ шууд Цагаан цахир руу ажилдаа явсан. Тэгээд Цагаан цахирт ажил дээрээ байж байхад 3-р сарын сүүлээр намайг Цагдаагийн газраас дуудаад би цагдаа дээр ирсэн чинь ахмад Алтанбагана гэдэг цагдаа чи хулгай хийсэн байна. байцаагчтай уулз гэсэн. Би байцаагчтай уулзсан чинь чи , нартай хулгай хийсэн байна гэсэн, би хулгай хийгээгүй гэсэн чинь чи юу яриад юм, , хоёроос чинь байцаалт авсан, чамайг цуг явсан гэж хэлсэн, чи энэ байцаалтыг нь унш гэсэн. Би ын мэдүүлгийг уншсан чинь нь байцаалтандаа ******* нь би хүн харж байя, та хоёр ороод ир гэж хэлсэн гэж худлаа ярьж намайг хулгайн хэрэгтээ татсан байсан. Би хулгай хийгээгүй. нь эгчийндээ очоод мөнгө дээл аваадахъя хамт яваад ирье гэхээр нь цуг явсан нь үнэн. Би ыг эгчийнхээсээ зурагт, DDSH-ийн хүлээн авагч авсан гэж ойлгосон, хулгайн юм гэж мэдээгүй, хаана яаж зарсныг нь мэдэхгүй.

2016 оны 4 дүгээр сарын 7-нд таньдаг ахтайгаа тааралдсан чинь өдрийн 50.000 төгрөгийн ажил хийх үү гэхээр нь тэгье гээд Завхан аймаг руу яваад хөдөө ажиллаж байхад байцаагч залгасан тэгэхээр нь би таньд хэлсэн, би тэр хэргийг хийгээгүй, цуг явсан нь үнэн, хулгайн юм гэдгийг нь би мэдээгүй гэж л хэлсэн. Би Завхан аймагт ажиллаж байгаад хот ороод Баянхонгор аймагт ирээд Бууцагаан суманд алтны газар шороо угааж байхад цагдаа ирээд барьж авчирсан. Би оргон зайлж яваагүй, би ажил хийж яваад ирсэн. Би ганцаараа амьдардаг, ажил төрөл хийж, өрхийн орлогоо олдог. Иймд миний энэхүү дээрх зүйлүүдийг харгалзан үзэж энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Хулгайн хэргийн гол шинж нь шунахайн сэдэлттэй байдаг, *******ын үйлдэлд уг сэдэлт байхгүй байгаа болон түүний оролцсон оролцоог харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

******* нь Б., Н. нартай бүлэглэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн *******гийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Skyword” маркийн зурагт, “DDISH” хүлээн авагч зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн *******гийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Завхан аймгийн нутаг руу оргон зайлж 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ******* “...Skyword гэсэн нэртэй 32 инчийн LED зурагт, DDISH-ийн хүлээн авагч зэрэг алга болчихсон байсан...” /хх-ийн 1-р хавтас, 59-60-р тал/, иргэний нэхэмжлэгч Н.Баттогтох “...хоёр залуу орж ирээд нэг зурагтыг 90.000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 1-р хавтас, 63-64-р тал/, насанд хүрээгүй гэрч “...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би хичээлээ тараад өвөөгийндөө ирээд байж байгаад хоол идчихээд гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой байсан ба тэгээд би байшиндаа ороод гэрлээ асаасан чинь манай байшинд байсан Skyword гэсэн нэртэй 32 инчийн LCD зурагт, DDISH-ийн антений хүлээн авагч хоёр алга болчихсон байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 68-69-р тал/, гэрч “...2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 22 цаг өнгөрч байхад би 2 хүүхэд, ээжийнхээ хамт гэртээ байж байсан чинь манайд Н. 2 залуугийн хамт нэг хар өнгийн нимгэн зурагт, DDISH-ийн хүлээн авагч хоёрыг аваад ирсэн, энэ хэнийх юм бэ гэсэн чинь Н.тай хамт ирсэн өөрийгөө Б.  гэж танилцуулсан залуу нь манай зурагт байгаа юм гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас, 74-76-р тал/, “...би 15 цагийн үед очоод орой гэртээ 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд хулгай орсон байсан, тэгэхээр 15-18 цагийн хооронд л хулгай орсон байх, намайг 15 цагт гэрт нь ирэхэд зурагт, DDISH-ийн хүлээн авагч хоёр нь зүгээр байсан...” /хх-ийн 1-р хавтас, 77-78-р тал/ нарын мэдүүлэг, хохирогч *******гийн гэрээс алдагдсан эд зүйлсийг үнэлсэн тухайн тайлан /хх-ийн 1-р хавтас 115-116-р тал/, гэрч “...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр би *******, Ц.Мөнхбаяр нартай Баянхонгор сумын төвд байдаг Дэлгэрэх захын хажууд тааралдаад ажилд явах уу гэсэн чинь тэр хоёр явъя гэсэн, тэгж явахдаа бол надад хэрэгт шалгагдаж байгаа талаараа юу ч хэлээгүй, харин Завхан аймагт очсон байхад Г. байцаагч утсаар яриад байна бид хоёр хэрэгт шалгагдаж байгаа та яриадхаач гэхээр нь би тантай утсаар ярьж хэзээ Баянхонгор аймагт очих талаараа хэлсэн очихдоо Ц.Мөнхбаяр, ******* нарыг аваад очьё гэж хэлсэн тэгсэн чинь тэрийг мэдчихээд тэр өдрийнхөө орой гэнэт алга болчихсон...”-ын /хх-ийн 2-р хавтас, 102-103-р тал/ мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Н. “...******* гадаа хүн харж байя гээд хашаанд нь Б. бид хоёр ороод Б. зурагт, олон сувгийн хүлээн авагчийг тэвэрчихсэн гараад ирсэн...” /хх-ийн 1-р хавтас, 180-189-р тал/, Б. “...Н. 2-32-01 тоот хашааны гадаа ирээд энэ айл эзэнгүй байна орьё гэсэн..., ...байшинд ороод зурагт, DDSH-ийн станц хоёрыг нь авсан...” /хх-ийн 2-р хавтас, 73-81-р тал/, нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,   2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр *******ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтэнийг байцаасан тэмдэглэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасны дагуу *******т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 1-р хавтас 123, 137-139-р тал/, 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ******* нь өмнө авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн санал, Баянхонгор аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай болон яллагдагчийг эрэн сурвалжлах тухай прокурорын 2016 оны №6, 30 тоот тогтоолууд /хх-ийн 1-р хавтас 206-208-р тал/, Говь-Алтай, Завхан аймгийн цагдаагийн газарт *******ыг эрэн сурвалжлуулах талаар бичсэн мөрдөн байцаагчийн даалгаварууд /хх-ийн 2-р хавтас 87, 89, 92-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс *******т оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ц.Мөнхбаяр гэгчид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1-д зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэсэн байгааг дурдаж, мөн *******ын ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхээргүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь ******* нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 хоног хорих ял шийтгүүлж уг ялаа биечлэн эдлэж байхдаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн хорих ялаас өршөөгдөн хорих 423 дугаар ангиас суллагджээ. /хх-ийн 1-р хавтас 174-176-р тал/

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д “...эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан...” бол ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүхээс *******ын хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан жирийн дэглэмд эдлүүлэхээр тогтоосон нь буруу байна.

Хэрэв шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан хөнгөрүүлж болохоор байхад хуулийн уг заалтыг орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4-д заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн...” гэсний дараа “...52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээн ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                      Б.НАМХАЙДОРЖ