2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01326

 

2026              01             29                                                 192/ШШ2026/01326                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, Д ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоот хаягт байрлах, Б ХХК /РД:**/-д холбогдох,

 

32 000 000 төгрөг гаргуулах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Д ХХК 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгөөр тээврийн бүрэн динамик вэбсайт болон гар утасны аппликейшн хийхээр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч тал ажлыг 80-100 хоногт багтаан мэргэжлийн өндөр түвшинд хийж өгөхөөр болсон. Уг захиалгын ажил бүрэн дуусаагүй, чанар хангалтгүй, явц удаан, гүйцэтгэлээ хоног хугацаандаа хийгээгүй ч мөнгө нэхсээр байсан зэрэг бусад шалтгаануудын улмаас Б ХХК-тай хамтран ажиллахаас татгалзаж, гүйцэтгэх захирал гэх Б.Б-тэй аман гэрээгээр төлбөрөө буцаан төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч тал 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил зоссоноос хойш 4 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Түүнээс хойш утсаар залгаж, холбогдож мөнгөө нэхэмжилсэн боловч элдэв шалтаг тоочиж одоо болтол төлөөгүй байгаа. Захиалгын явцад нийтдээ 36 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр 32 000 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Б ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д ХХК-тай бүрэн динамик вэбсайт болон ios, android үйлдлийн системд ашиглагдах аппликэйшн хийж гүйцэтгэх 1/277 дугаартай 45 000 000 төгрөгийн төлбөртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхлэж ажлын дэс дарааллыг Д ХХК-д удаа дараа хэлж ойлгуулсан байдаг. Ажлын дэс дарааллын хувьд эхлээд вэбсайтын загвар гарсны дараа тус загварт үндэслэн аппликэйшны загварыг тодорхойлдог. Ингээд гэрээ байгуулснаас хойш Д ХХК-ийн өгсөн материалд үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр www.dumuntrans.mn вэбсайтын эхний загварыг танилцуулсан байдаг. 2025 оны 02-03 сард вэбсайтын аюулгүй байдал тохиргоо, Дэлгэцийн тохиргоо, Сероглогчийн бүртгэл, Захиалгын хэсэг, Бизнес И-Мэйл үйлчилгээ хийгдэж дууссан байдаг. Үүнээс хойш өгсөн материалын дагуу загвар шинэчлэгдэж явсаар 2025 оны 05 сард вэбсайтын хүлээлгэн өгсөн байдаг. 2025 оны 05 сард аппликэйшны үйлдвэрлэлийн явц 70 хувьтай явагдаж байсан ба 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 025/038 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирснээр ажлууд зогссон байдаг. Тус гэрээ цуцлах мэдэгдэлд ажлаа дүгнэн тооцож 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаанд сард 4 000 000 төгрөгөөр тооцон бодож цувуулж авахаар болсон байдаг ба тус 2025 оны 06 сард манай байгууллагын зүгээс 4 000 000 төгрөг буцаан олгосон байдаг. Ингээд 7-8 сар болж бүх нийтийн амралт, аялал зугаалга ихтэй сарууд учир орлого бага байсантай холбоотой төлбөрөө төлөөгүй ба 2025 оны 10 дугаар сарын 04-ний дотор үлдэгдэл төлбөрөө төлж дуусгах зорилготой ажиллаж байсан билээ. Гэтэл 2025 оны 09 сард Д ХХК-аас манай байгууллагыг шүүхэд өгсөн тухай, мөн бүх мөнгөө авна хэмээн энэхүү маргаан эхэлсэн байдаг. Бид 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д ХХК-тай хийсэн гэрээний 6.4-т зааснаар Гэрээг аль нэг талаас үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төлсөн төлбөр болон үйлчилгээний 50 хувийг буцаан олгоно. Мөн Д ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 025/038 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэлд 20 000 000 төгрөгийг буцаан авах гэсэн байдаг мэдэгдлийн дагуу манай байгууллага 20 000 000 төгрөгийг буцаан олгох хүсэлтэй байгаа тул аль аль талд нь хохирол багатайгаар үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/277 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, Хийгдэх ажил, хугацааны төлөвлөлт, мөнгөн шилжүүлгийн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШЗ2025/** дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл, хариу тайлбар, Вэб аппликейшн ба Систем гүйцэтгэлийн тайлан, Хийгдсэн ажлын тодорхойлолт, Б ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хүсэлтийн хариу, Хаан банкны дансны хуулга, Д ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 025/0238 дугаар Гэрээ цуцлах тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 32 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу тээврийн бүрэн динамик вэбсайт болон гар утасны аппликейшныг мэргэжлийн өндөр түвшинд хийж өгөхөөр тохирсон боловч үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж ажлын хөлсөнд төлсөн 32 000 000 төгрөгөө буцаан шаардаж байна...” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 36 000 000 төгрөг хүлээн авсан, гэрээ цуцлагдсан талаар маргаагүй. Харин гэрээнд төлбөрийн 50 хувийг буцаан төлөхөөр тохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

5. Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1/277 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь Д ХХК-ийн захиалгаар динамик вэбсайт, гар утасны аппликейшныг ажлын 80-100 хоногт багтаан мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч Д ХХК нь ажлын хөлс 45 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

6. Маргааны эрх зүйн баримт бичиг болох дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид 36 000 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан мемориалын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Д ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “...гэрээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, явц удаан, ажлын чанар, захиалагчийн гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй...” гэх үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч Б ХХК-д хүргүүлж, улмаар хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/77 тоот албан бичгээр гэрээ цуцлах саналыг хүлээн авч, төлбөрөөс 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаанд буцаан шилжүүлнэ гэснээс үзэхэд хариуцагч Б ХХК гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан байна.

 

9. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 36 000 000 төгрөгөөс хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Д ХХК-д 4 000 000 буцаан шилжүүлсэн нь хариуцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд үлдэх 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

10. Гэрээний 6.4-т “гэрээг аль нэг талаас үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төлсөн төлбөр болон үйлчилгээний 50 хувийг буцаан олгон” гэх тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй тул хариуцагчийн 20 000 000 төгрөгийг буцаан төлөх, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй болно.

 

11. Мөн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч буюу нэхэмжлэгч ямар нэгэн ашиг сонирхолгүй, ашиглах боломжгүй болох нь вэб аппликейшн ба систем гүйцэтгэлийн тайлан гэх баримт болон “вэб” хаагдсан гэх хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь гүйцэтгэсэн ажилд ногдох хөлсийг суутган авах үндэслэлгүй юм.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч Б ХХК-аас 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй.

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 317 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 317 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ