Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 226/МА2019/00011

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 5 сарын 23 өдөр          Дугаар 226/МА2019/00011                              Хэрлэн сум          

ЦГ-н газрын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

 

226/2019/00011/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-,

Гуравдагч этгээд Г нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2018/00132 дугаар шийдвэртэй, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, “албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг гуравдагч этгээд Г-ийн давж заалдах гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 21-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, иргэн Г-н Г нь Согтуурах, мансуурах донтой, өвчтэй нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Г нь удаа дараа Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэж байсан. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Тухайлбал 2019 оны байдлаар 3 удаа эрүүлжүүлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас албадан эмчилгээнд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, эрүүл мэндийн эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулахад биеийн эрүүл мэндийн байдлын хувьд тэнцсэн. Иймд Г-г албадан эмчилгээнд хамруулах саналтай байна гэжээ.

            Гуравдагч этгээд Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бага насны хүүхэдтэй, эхнэр маань автын осолд орж байсан, айлын мал маллаж ар гэрээ авч явдаг. Би хувиараа эмчилгээнд хамрагдах хүсэлттэй байна гэжээ.  

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2018/00132 дугаартай шийдвэрээр: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан У овогт Г-н Г /РД: /-ийг албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Гийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлж, албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Г-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан гаргасан мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ дуусгавар болохыг дурдаж, хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх үүрэгтэйг дурдаж тус тус заан шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд Г нь давж заалдах гомдолдоо: Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 21-10 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ч-тэй 2013 онд гэр бүл болсон. Эхнэр Ч маань 2011 онд авто тээврийн осолд орж ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлж  ар гэр, үр хүүхдээ асран халамжилдаг. Мөн өөрийн эмэг эх 82 настай буурай миний асаргаанд байдаг.

Миний бие 2019 он гарснаас хойш 3 удаа эрүүлжүүлэгдсэн бөгөөд үүндээ харамсаж байна. Энэ сардаа багтан хувиараа архины кодлох эмчилгээнд хамрагдах гэж байгаа тул энэ бүхнийг минь харгалзан үзэж албадан эмчилгээнээс түдгэлзүүлж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тухайн этгээд согтуурах, мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэсэн 2 үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулахаар зохицуулжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан сүрьеэгийн шинжилгээ, уушигны флюр зураг, зүрхний бичлэг, цус ба шээсний ерөнхий болон биохимийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн хуудас зэрэг нотлох баримтуудыг гуравдагч этгээд Гийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

            Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй эсэхийг тогтоох, эмнэлгийн дүгнэлт гаргах журамд зааснаар “Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ” MNS 5396-1:2014 стандартад заагдсан оношилгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллагад гаргаж, дүгнэлтэд комиссын дарга эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, гишүүд сэтгэцийн эмгэг, наркологи, дотор, сүрьеэ, арьс ба өнгөний эмч нар гарын үсэг зурж баталгаажуулна гэжээ.

            Үүнээс үзэхэд Цагдаагийн газар нь Г-ийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй, зөвхөн түүнийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулсан баримтуудыг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх “нэгдсэн эмнэлгийн үзлэгээр албадан эмчилгээнд хамрагдахад эрүүл мэндээр тэнцэнэ” гэж дүгнэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

            Мөн гуравдагч этгээд Г нь сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг согтуурах донтой болсон, архины албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2019/00132 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан Г-ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээд Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧ                                                Б.СҮХГОМБО

 

                                                                                              Я.АЛТАННАВЧ