Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ц.Сүхбат;

шүүгдэгч: Ж.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жагваралдоржийн Амаржаргалд холбогдох эрүүгийн 1809025720519 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн Айриш паб энд караоке” бааранд зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт  Хэнтий аймгийн Хэрлэн 8 дугаар баг, Ишгэн толгойд оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45Б дугаар байрны 160 тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, СЮ98110213 регистерийн дугаартай, Орлой овогт Ж.А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ж.А нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн Айриш паб энд караоке”-д буюу ажлын байран дээрээ ажиллаж байхдаа тухайн байгууллагад зөөгчөөр ажиллаж байсан иргэн Э.Бат-Амгаланг “ажлаа хийгээч” гэж хэлснээс болж маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Яллах дүгнэлтэд хийсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 7-10/, Ж.Аын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11, 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №6814 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/, Ж.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-27, 33/, хохирогч Э.Бат-Амгалан, яллагдагч Ж.А нарын “Эвлэрсэн тухай баталгаа” хүсэлт /хх-ийн 35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.А нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн Айриш паб энд караоке” бааранд Э.Бат-Амгалангийн түүнд хандаж “чи юу хийсэн гэж зүгээр суудаг юм, ажлаа хийгээч” гэж хэлсэнд үгэнд нь дургүйцэн маргалдаж, улмаар Э.Бат-Амгаланг зодож хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Э.Бат-Амгалангийн /хх-ийн 7-10/: “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн караоке”-д зөөгчийн ажил хийдэг юм. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байгаад хамт ажилладаг Амраа гэдэг залууд “ажлаа хийгээч” гэдэг шаардлага тавьтал уурлаад маргаан үүссэн. Бид хоёр маргалдаж байтал Амраа гэнэтхэн миний хамар орчимд гараа зангидаж байгаад нэг удаа цохисон ба тэр үед нь миний хамар хавдаад яс нь мэдрэгдэхгүй байсан…Амрааг бүтэн нэрийг нь Амаржаргал гэдэг…” гэх мэдүүлгээр,

Ж.А-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11, 18-19/: ”…2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байтал манай ажлын зөөгч залуу болох Бат-Амгалан “чи юу хийсэн гэж зүгээр суугаад байгаа юм” гээд хэл амаар дайраад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад Бат-Амгалан намайг заамдаад зууралдаад байхаар нь би хамрынх нь баруун тал руу нэг удаа гараа зангидаж байгаад саваад цохичихсон юм…”  гэх мэдүүлгээр,

Ж.А-ын буруутай үйлдлийн улмаас Э.Бат-Амгалангийн биед “хамрын ясны хэлбэр алдсан зөрсөн хугарал, таславчийн цууралт, муруйлт” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №6814 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг болон шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ж.А нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн Айриш паб энд караоке” бааранд “чи юу хийсэн гэж зүгээр суудаг юм, ажлаа хийгээч” гэж Э.Бат-Амгалангийн түүнд хандаж хэлсэнд үгэнд нь дургүйцэн маргалдаж, улмаар Э.Бат-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

           

Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ж.А-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Ийнхүү шүүгдэгч Ж.А-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Бат-Амгалан, шүүгдэгч Ж.А нар харилцан тохиролцож “…1.367.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаар…” эвлэрсэн байх бөгөөд шүүгдэгч дээрх мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Ж.А-аас үл маргах журмаар 1.367.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ж.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Орлой овогт Ж.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-аас 1.367.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бат-Амгаланд олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ