| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;
шүүгдэгч: Г.О (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганболдын Оюунболдод холбогдох эрүүгийн 1809000000624 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13 дугаар гудамжны 207 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ШД83022876 регистерийн дугаартай, Марийхан овогт Г.О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.О нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” пабын гадна Б.Энхбаярыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Яллах дүгнэлтэд хийсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 3/,Г.Оын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4, 10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №7874 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6/, Г.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 14-17/, хохирогч Б.Энхбаярын хүсэлт /хх-ийн 22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.О нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” баарны гадна “автомашиныхаа хөгжмийн дууг багасгасангүй” гэж Б.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Энхбаярыг зодож хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Б.Энхбаярын /хх-ийн 3/: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” пабын уулзвар дээр хөгжмөө чангалаад ирж зогсоод машинаас буутал Оюунболд гэх зүс таних хүн маань хэл амаар доромжлоод “хөгжмөө багасга” гэхээр нь би уурлаад “өөрийнхөө хөгжмийг чангалсан” гэж хэлсэн. Гэтэл Оюунболд намайг өмсөж явсан цамцнаас боогоод нэг удаа хамар руу мөргөсөн…” гэх мэдүүлгээр,
Г.О-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4, 10-11/: ”…2018 оны 06 дугаар сарын 21-ний 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” пабын гадаа 6663 УБҮ дугаартай “Приус 11” маркийн машинаараа хүн ачих гээд зогсож байтал Баяраа (бүтэн нэрийг мэдэхгүй) машинтайгаа хөгжмөө чангалаад ороод ирсэн. Тэгэхээр нь би Баяраад хандаж “хөгжмөө багасга” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм “ гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Баяраагийн цамцнаас нь боогоод нэг удаа хамар руу нь мөргөсөн…” гэх мэдүүлгээр,
Г.О-ын буруутай үйлдлийн улмаас Б.Энхбаярын биед “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булан, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №7874 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг болон шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.О нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” баарны гадна “автомашиныхаа хөгжмийн дууг багасгасангүй” гэж Б.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Энхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.О-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.О-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Энхбаяр “…Энэ хүнд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Г.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Марийхан овогт Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ