Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2019/00012

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 03 өдөр          Дугаар 226/МА2019/00012                              Хэрлэн сум          

  Ч-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00012

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,

Хариуцагч Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157/ШШ2019/00034 дугаар шийдвэртэй, Ч-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох “гэм хорын хохирол 2807370 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б-гийн давж заалдах гомдлоор 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон хурд хэтрүүлж явахдаа хайхрамжгүй байдлаас болж осол гарган миний “Приус-20” маркийн автомашинд 3066000 төгрөгийн /засварын хөлс/ хохирол учруулсан. Мөн эд зүйлийн үнэлгээний компанид 135000, кранаар машин ачуулсны хөлс 60000, нийт 3261000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүхээс манай аав Б-аас 453650 төгрөгийг гаргуулж Б-д олгохоор шийдвэр гаргасан. Уг мөнгийг суутган тооцож  Б-гаас 2807370 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэрэг гарсан. Тухайн үед би баруунаас зүүн чигтэй машинтай явж байгаад зүүн гарлуугаа дохио өгч эргэсэн. Миний өмнөөс ирж явсан машин хол зайтай байсан. Би дохио өгч эргээд төв зам руу ороход туслах замаас Б жолооч орж ирээд миний унаж явсан машиныг мөргөж 2807370 төгрөгийн хохирол учруулсан.                    

            Замын цагдаагийн газраас тус хэрэгт намайг буруутгасан хэдий ч хэргийн газарт үзлэг хэмжилт хийгээгүй, хэргийн газарт байсан гэрчүүдийг олж тогтоож асуугаагүй бөгөөд энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт байдаггүй.

            Б 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хохирол төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс  Б-гаас хохирлын 90 хувийг,  Б-аас 10 хувийг тус тус   гаргуулахаар шийдвэрлэсэн.

            Б Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Ч өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж байна. Ч бусдад гэм хор учруулсан бол тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд хохирлыг төлж болох хэдий ч гэм буруутай этгээдээр өөрт учирсан хохирлоо гаргуулан авах эрхтэй юм.

            Иймд Б-гийн буруугаас Ч-т хохирол учирсан байх тул  Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 229 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч хохирол төлөх үүрэгтэй болно гэжээ.

            Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг хуучин биржийн урд талын төв зам дээр явж байхад Б нь төв замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, дүрэм зөрчин урдуур эргэснээр осол гарах нөхцөл байдал бий болсон. Цагдаагийн газраас Б-ыг буруутай гэж тооцон Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан.

            Энэ хэрэгт Ч-ийн аав Б-ын буруутай үйлдэл нөлөөлсөн тул би хариуцлагыг хүлээхгүй. Ч нь өөрийн зөвшөөрлөөр аавдаа машинаа шилжүүлэн эзэмшүүлж байсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцлагыг өөрөө хүлээх ёстой юм. Харин намайг тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон гэж 10 хоногийн баривчилгаанд явуулсан. Би хариуцлагаа хүлээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157/ШШ2019/00034 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б-гаас гэм хорын хохирол 2526633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдьчилан төлсөн 59870 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 55376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч-т олгож тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  бодит байдал, үйл явц, нотлох баримт, шүүхийн мэтгэлцээнд зөв дүгнэлт гарган өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлээгүй гэж үзэн гомдож байна.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зарчмын дагуу шийдвэрлэх үндэслэлээ дурдсан нь буруу болжээ. Хэдийгээр өмнө нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-т холбогдох хэргийг хоёр шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэр гарсан нь үнэн боловч энэ баримтаар дахин нотлохгүй гэж үзэж байгаа нь буруу юм.

            Талууд болсон үйл явдалд маргаагүй, осол хэний буруугаас болж гарсан, хэн, хэдэн хувийн буруутай гэдгийг нь тогтоож, буруутай этгээдээс хохирлыг гаргуулах ёстой гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэрүүдийг шүүх баримтласнаар хууль зөрчсөн, 90 хувийн буруутай гэдгийг шүүх тухайн хэрэгт үнэлсэн үнэлгээ болохоос одоо маргаж буй хэрэгт тогтоогдсон үнэлгээ биш юм.

             Иймд хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийг гол нотлох баримт болгосон нь хууль зөрчсөн шийдвэр тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

            Бусдад гэм хор учруулсан үйл баримтын талаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нягтлан хэлэлцэж, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдээгүй ажиллагаануудыг талуудын хүсэлтийн дагуу хийж, хэн нь ямар гэм буруутай болох, түүний шалтгаан нөхцлийг харгалзан дүгнэлтээ хийж шийдвэрээ гаргасан.

            Хариуцагч Б болон түүний өмгөөлөгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч дараагийн шатны шүүхэд гомдол гаргаагүй. Мөн Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргаж эрхээ хасуулсан байх хугацаандаа энэ ослыг гаргасан бөгөөд осол гарах үед мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед машин хурдтай явсан учир уулзварт орж ирсэн тэргийг 360 градус эргэтэл мөргөсөн байдаг бөгөөд өөрийнх нь машин манай машиныг мөргөөд, нилээд өндөр замын хашлага, түүний ард байсан овоолсон шороог давж буусан байдаг. Дээрх үйл явцыг гэрчүүд нотлодог. Цагдаагийн газар хэргийн газрын схем зургийг буруу зурсан ба хэргийн газар дээр ирсэн боловч үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй, тус газарт байсан гэрчүүдийг асуугаагүй дутуу шалгаад, ганцхан Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан заалтыг үндэслэл болгон буруутгасан байдаг. Гэтэл Б Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй учир  /гэрчүүд няцаасан/ Б гол буруутай гэж үзэх үндэслэл болсон.

            Б-гийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч хариуцагч Б-д холбогдуулан “тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 2807370 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б “...осолд Б- буруутай тул би хариуцахгүй, Ч аавдаа машинаа шилжүүлсэнд өөрөө буруутай тул хохирлоо өөрөө хариуцах ёстой” гэж маргажээ.

                Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-р багт Ч-н эзэмшлийн “Приус-20” маркийн автомашиныг түүний эцэг Б жолоодож явах үедээ баруунаас зүүн тийш эргэх зам руу эргэх хөдөлгөөн хийхдээ зүүнээс баруун тийш чигээрээ явсан Б-гийн “Приус-20” маркийн автомашинтай мөргөлдсний улмаас зам тээврийн осол гарсан байна.           

Зам тээврийн ослын актаар Б “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын  хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 7.12-д “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.1-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”,  дүрмийн 2.7-д заасан “согтуурах мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна /хх-н 3-8 хуудас/.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч-ийн “Приус- 20” маркийн автомашинд 3261000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь “Ашидбилгүүн” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдсон байна/ хх-н 11-13 худас/.             

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учирсан бол гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”-аар зохицуулсан байх тул энэхүү гэм буруутай үйлдэл нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой байхыг шаардана. Хариуцагч Б нь зам тээврийн осолд буруутай болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл  ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалт нь энэхүү маргаанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл Б- тээврийн хэрэгслийг жолоодон яваад бусдад гэм хор учруулсныг Ч арилгах үүрэгтэй юм.

Б Б нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 691 дугаартай шийдвэрт зохигчдоос гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.   

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б-гаас гэм хорын хохиролд 2526633 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157/ШШ2019/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлын хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55376 /тавин таван мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                                          Я.АЛТАННАВЧ