Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2019/00013

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 03 өдөр          Дугаар 226/МА2019/00013                              Хэрлэн сум          

  Д-гийн хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00013/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавчийн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2019/00069 дугаар шийдвэртэй, Д-гийн нэхэмжлэлтэй “садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг өмгөөлөгч Д.Ганхуягийн давж заалдах гомдлоор 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Д шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Х овогт Ц-гийн Д миний бие 1931 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Х-н Ц, А-н Х нарын 3 дахь охин болж мэндэлсэн. Миний төрсөн эх Х өөрийн төрсөн дүү А-н Л, түүний эхнэр Д-н А нарт намайг өргүүлж, миний бие өргөж авсан эцэг болох Л-ийнд өсөж торнисон юм.

            1937 онд миний төрсөн эцэг Х-н Ц, өргөж авсан эцэг А-гийн Л нарыг хилс хэргээр баривчлан, эцэг Л-ийг цаазаар авч, Ц-г 10 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд миний төрсөн эцэг Ц хоригдож байхдаа нас барсан юм.

            Миний бие Л-ийнд өргөгдөж очихдоо Л-ийн Д гэх нэртэй байсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогын Үндэсний төв архивын лавлагаанд “Л-ийн Д хоёр настай” гэж бүртгэгдсэн байдаг. Мөн 1938 оны Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаанд Л нь ам бүл 5, эхнэр А, охин Д, эцэг А, эх П гэж бүртгэгдсэн байна. Төрсөн болон өргөж авсан эцэг маань нас барсны дараа өвөө, эмээ, эх маань намайг 1941 онд Д-н Д гэдэг эмэгтэйд өргүүлсэн. Би өргөсөн эх Д-д байхдаа эсэргүүний хүүхэд гэж хэлэгдэхээс эмээж Д гэх нэрээ өөрчилж Д болгосон. Үүнээс хойш буюу 1944 оны хүн амын тооллогоор Д-н Д гэж бүртгэгдсэн байдаг.Энэ талаар тухайн үед хамт амьдарч байсан Пүрэв гэх хүн гэрчилнэ.

             Би цаг төр гайгүй болсон үеэс хойш өөрийн төрсөн эцэг Ц-гээр овоглож Ц-гийн Д хэмээн албан ёсны бичиг баримтаа авч бүртгүүлж амьдарч байна. Үүнийг Пүрэв болон миний эгчийн төрсөн хүү Ц-н А нар гэрчилнэ. Мөн Үндэсний төв архивын лавлагаанд Хэнтий аймгийн Дадал сумын хүн амын тооллогоор /1956 оны байдлаар/ өрхийн тэргүүн Б-н Б 26 настай, эхнэр Ц-гийн Д- 25 настай, хүү Б-н Д 5 настай гэж бүртгэгдсэн байдаг.

            Өргөж авсан эцэг болох Л-ийн хэлмэгдлийн асуудлыг хөөцөлдөж хохирогчоор тогтоолгох гэтэл овог нэр зөрүүтэй тул боломжгүй болоод байна.  Ц-гийн Д нь А-н Л-ийн Д мөн тул Л-той садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

             Өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1938 онд Д-гийн өргөмөл эцгийг цаазаар авсан бөгөөд энэ нь Тагнуулын ерөнхий газрын  архивын лавлагаагаар харагдаж байна.

            Д-ын Д-ын Д болгон нэрээ өөрчилсөн нь 1944 оны хүн амын тооллогын баримтаар харагддаг. 1956 оны хүн амын тооллогоор өөрийн төрсөн эцэг Ц-гээр овоглож, Ц-гийн Д болж бүртгэгдсэн байна. Энэ талаар Ц-н М, П гэдэг хоёр хүн гэрчилдэг, мөн эдгээр байдлуудыг архивын баримтуудаар тогтоох боломжтой гэж үзэж байна.

            Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж Ц-гийн Д-г А-гийн Л-той садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.  

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2019/00069 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т зааснаар нэхэмжлэгч Х овогт Ц-гийн Д- /РД: СЙ31050500/-г Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар хурлын тогтоолоор Г, Д нарын эсэргүү бүлэгт элссэн, бусдыг элсүүлсэн, цуурхсан, хорлон сүйтгэсэн, бослогод бэлтгэсэн гэх хэрэгт холбогдож шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял шийтгүүлж цаазлагдсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Дорнод аймгийн Баяр-Уул сумын харьяат А-гийн Л-ийн /өргөмөл/ үрчилж авсан охин мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар Д-г Л-той садан төрлийн холбоотой болохыг тогтоож шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг нэхэмжлэгч Д 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, өөрийн өргөж авсан эцэг болох Л-ийн цагаатгалын үнэмлэхийг гаргуулах гэтэл шүүхийн шийдвэрт бичигдсэн нэхэмжлэгч Д-гийн хаяг нь зөрүүтэй /Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо гэх атал Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 17-р хороо Сурагч 48-1105 тоот гэж бичигдсэн/ гэх үндэслэлээр боломжгүй болсон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 7 сар өнгөрч байгаа бөгөөд өндөр настай, өвчтэй, байнгын хэвтэрт байдаг.

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х овогт Ц-гийн Д нь шүүхэд  “садан, төрлийн холбоог тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д-г Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч А.Л-ийн үрчилж авсан охин мөн болохыг тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Харин  нэхэмжлэгч Д нь одоогоор  “Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо”-д оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт оршин суух хаягийг “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хорооны Сурагчийн 48-1105” гэж ташаарч бичсэн нь буруу болжээ.

Ингэж ташаарч бичсэн нь буруу байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2019/00069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

 

                                                                                                   Я.АЛТАННАВЧ