| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Б.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баатарын Дэмбэрэлдоржид холбогдох эрүүгийн 1809000000507 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Арж групп” ХХК-д аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 97 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ХЛ70032810 регистерийн дугаартай, Боржигин овогт Б.Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вондерс” караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Ч.Батжаргалыг “хүмүүсийн бичлэг хийлээ” гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Яллах дүгнэлтэд хийсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 4/, Б.Дийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5, 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6940 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/, хохирогч Ч.Батжаргалын хүсэлт /хх-ийн 42/, Б.Д-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 13-18, 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Вондерс” караокед хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Батжаргалтай маргалдаж, түүнийг зодож хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Ч.Батжаргалын /хх-ийн 4/: “...2018 оны 05 дугаар сарын 18-нд ажил тараад ажлаараа бааранд орсон юм. Пиво ууцгаагаад бүжиглэсэн, тэр үед өөрийн утсан дээрээ бичлэг хийгээд утсаа шалгаж байтал Д “битгий бичлэг хийгээд бай, боль” гэхээр нь би больсон юм. Тэгээд маргалдсан, маргалдах явцдаа би Д-ийг “чи өвөл намайг цохичихоод уучлал гуйгаагүй, санаа зовдоггүй юм байна лээ” гэсэн чинь “чи өөрийнхөө бурууг мэдэж байгаа биздээ, би яахаараа чамаас уучлалт гуйдаг юм” гээд маргаан болсон…Маргалдаж байх явцдаа миний хамар руу нэг удаа цохисон…” гэх мэдүүлгээр,
Б.Д-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5, 21-22/: ”…2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай ажлынхан караоке орсон байсан. Ороод удалгүй Батжаргал нь хүн болгоны бичлэг хийгээд байхаар нь би “наад бичлэгээ болио” гэсэн чинь “би ажлаа хийж байна, чамд хамаагүй” гээд хэл амар доромжлоод байсан учир маргалдсан юм. Тэнд байсан бүх хүн рүү дунд хуруу гаргаад байсан…Маргалдаж байхдаа манай аав, ээжийг доромжлоод байхаар нь би нүүр рүү нь нэг удаа цохисон…” гэх мэдүүлгээр,
Б.Д-ийн буруутай үйлдлийн улмаас Ч.Батжаргалын биед “хамар ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6940 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг болон шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Вондерс” караоке бааранд шүүгдэгч Б.Д нь “гар утсандаа хүмүүсийн бичлэг хийлээ” гэснээс үүдэлтэй, хоорондын хувийн таарамжгүй харьцааны хэрүүл маргааны явцад Ч.Батжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээр дурдсан шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Д-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Д-ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ч.Батжаргал “…1.802.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй…” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ