Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа (томилолтоор);

хохирогч: З.Алтангэрэл;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Баттулгад холбогдох эрүүгийн 1809008560345 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Зүслэнт Алтай” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17 дугаар гудамжны 429 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 82 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УЗ89111158 регистерийн дугаартай, Хадныхан овогт Г.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хөх тэнгэр” гэх тавилгын дэлгүүрийн гадаах автомашины зогсоол дээр иргэн З.Алтангэрэлтэй “автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Тухайн өдөр 10 цаг 30 минутын үед зогсоол дээр машинаа байрлуулах гээд зогсоол хайгаад явж байтал Алтангэрэл нь 2 машины зогсоол дамнаад машинаа тавьсан. Би “урагшилчих, наана чинь 2 машин зогсдог юм” гэхэд “чадахгүй пизда минь” гэсэн. Би машинаас бууж очоод урд талд нь байгаа зайг зааж үзүүлсэн. Гэтэл “чадахгүй” гээд машинаасаа бууж ирээд намайг шууд заамдсан. Би зөрүүлээд заамдсан. Эхлээд миний зүүн шанааны чамархай руу цохисо. Алтангэрэл миний курткаар намайг боосон. Би мөн курткаар нь Алтангэрэлийг боож доошоо дарсан. Алтангэрэл намайг доош нь дараад унагаасан. Энэ үйл явдал 1 минут хүрэхгүй хугацаанд болсон асуудал. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2 адилхан бие биенээ заамдаж, ноцолдсон асуудал болсон. Гэхдээ яг зодоон болоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 9 цаг 50 минутын үед дэлгүүрээ онгойхтой нь уралдаад очсон. Машины зогсоолоос машин гарахаар нь зөрүүлээд машинаа тавьсан. Араас нэг машин сигналдсан. Би “яасан бэ?” гэхэд намайг “урагшилчих” гэсэн. Би “зай алга” гэж хэлсэн. Гэтэл “ямар сүртэй юм бэ?” гэхээр нь “сүргүйгээр нь чи өөрөө урагшил” гэж хэлээд би машинаа цоожлоод цаашаа алхаад явж байтал Баттулга миний араас ирээд намайг заамдсан. Би зөрүүлээд заамдсан. Миний баруун уруул, шанаа хэсэгт нэг удаа цохиж малгайгаар минь доош нь дарсан. Би доошоо тонгойхдоо хажуу талаас нь хэвлий хэсэг рүү нь цохиж эсэргүүцэл үзүүлсэн. Гэтэл миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Удалгүй хэн нэгэн нь ирж салгасан. Одоо 490.500 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Алтангэрэл /хх-ийн 16/,гэрч Д.Оюунцэцэг /хх-ийн 17-19/, А.Улаанбаатар /хх-ийн 20-21/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2564 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №2559 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/, Г.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, “Натур эмнэлэг” КТГ-ийн оношлогоо /хх-ийн 24/, Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 36/, З.Алтангэрэлийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 40-48/, З.Алтангэрэлийн хохирлын талаархи баримт /хх-ийн 54-59/, Г.Б-ын эмнэлгийн магадлагаа, эмчилгээний карт, хохирлын баримт /хх-ийн 70-71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хөх тэнгэр” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр Г.Б, З.Алтангэрэл нар хоорондоо маргалдаж, харилцан зодолдсоны улмаас З.Алтангэрэл хөнгөн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч З.Алтангэрэлийн /хх-ийн 16/: “... 2018 оны 02 дугаар сарын 13-ны 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хөх тэнгэр” дэлгүүрийн гадаа зогсоол дээр машинаа байрлуулаад тавьсан. Гэтэл араас машин ирээд сигналдсан, “яасан” гэхэд “машинаа урагшаа шахчих” гэхээр нь би “урд овоолсон цас байна” гэж хэлэхэд “юун сүртэй пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий солиороод бай” гээд машинаа байрлуулчаад машинаасаа буугаад дэлгүүр орох гэтэл тэр залуу ирээд “шахаад тавьчихад яадаг юм” гээд заамдаад машин руу түлхэхээр нь мөн эргүүлээд заамдаад хажууд байсан “Портер” машин руу түлхэхэд тэр залуу миний баруун хацар руу зүүн гараараа цохисон, мөн баруун гараараа алгадсан, куртикээр толгой дээгүүр дараад цээж рүү болон нүүр рүү 5-6 удаа өшиглөсөн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Оюунцэцэгийн /хх-ийн 17-19/: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны 11 цагийн үед “Хөх тэнгэр” дэлгүүрийн үүдэнд хог цэвэрлээд зогсож байхад үл таних 2 залуу чанга чанга дуутай хоорондоо маргалдаад туранхай шар царайтай өндөр залуу нь махлаг бор царайтай намхан бор залуугаа хоолойноос боосон газарт унагаасан цээж хэсэгт нь өвдөглөсөн байж байсан…Би тэр 2-ыг арай гэж нэг юм салгасан юм…Намхан залуу нь миний таньдаг Тулгаа гэдэг нэртэй хүн байсан…Өндөр залуу нь машиндаа суугаад “цагдаа дуудна” гэж байсан…Өндөр шар царайтай залууг танихгүй…” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Улаанбаатарын /хх-ийн 20-21/: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны 10 цагийн үед ачаа ачих гээд “Хөх тэнгэр” тавилгын дэлгүүрийн зогсоол руу орох гээд явж байхад хар өнгийн куртиктэй, шар царайтай намхан залуу саарал өнгийн жижиг жийп уначихсан миний араас сигналдаад “урагшаа зогсчих” гэхээр нь би “зогсоол гараагүй байна” гэж хэлсэн. Гэтэл миний машины хажуугаар цагаан өнгийн “Приус 20” маркийн машин уначихсан шар царайтай, саарал куртик өмсчихсөн үл таних хүн сул машины зогсоол гарсан чинь машинтайгаа орсон…Жижиг жийптэй залуу нөгөө “Приус” маркийн машинтай залууг “урагшаа болчих” гэж хэлж байсан. Нөгөө “Приус”тэй залуу нь “урагшаа болох зай байхгүй байна, миний машины урд талд цас тулаад байна” гэж хэлсэн. Жийптэй залуу “урагшаа болчих” гээд уурлаад байснаа “пизда минь” гэж хэлсэн чинь нөгөөх нь “боломжгүй байна пизда минь” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Эхлээд жийптэй намхан залуу нь машинаас бууж ирсэн, дараа нь ”Приус 20” маркийн машинтай өндөр шар залуу нь бууж ирээд тэр хоёр барьцалдаж авсан…Намхан залуу өндөр залуугаа өшиглөөд авсан чинь өндөр залуу нь намхан залуугийнхаа нүүр рүү нэг удаа цохисон…Өндөр залуу нь “миний гар утасны дэлгэц хагарсан байна” гэж хэлээд гартаа бариад яваад байсан…” гэх мэдүүлгээр,

 

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч З.Алтангэрэлийн буруутай үйлдлийн улмаас Г.Б-ын биед “эрүүнд зулгаралт” бүхий гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2564 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29/,

Г.Б-ын буруутай үйлдлийн улмаас З.Алтангэрэлийн биед “тархи доргилт, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №2559 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарыг маргалдаж, барьцалдаж, харилцан зодолдож байхыг гэрч нар харж уг байдлыг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хөх тэнгэр” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр шүүгдэгч Г.Б нь “автомашинаа зайчилж, шахаж зөв байрлуулсангүй” гэж З.Алтангэрэлтэй маргалдан, зодолдсоны улмаас З.Алтангэрэлийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

              Дээр дурьдагдсан маргаан тэмцэлдээний улмаас хохирогчийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Г.Баттулгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Б “огт зодоон болоогүй, зөвхөн барьцалдаж авсан тул хохирогчийг хөнгөн гэмтээгээгүй” гэж, түүний өмгөөлөгчөөс “аргагагүй хамгаалалтын улмаас хохирогчийг хөнгөн гэмтээсэн” гэж буй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

Аргагагүй хамгаалалтад хамаарах чухал нөхцөл бол зайлшгүй хамгаалалт хийхийг шаардсан, халдагч этгээдийн зүгээс хүний амь нас, эрүүл мэндэд аюултайгаар, нэн даруй хохирол учруулах шинжтэй, эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал юм.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “автомашинаа зайчилж, шахаж байрлуулсангүй” гэх хэрүүл маргаан, зодооны эхлэл шүүгдэгчийн зан авираас үүсэлтэй болохыг хохирогч мэдүүлсэн бөгөөд гэрч А.Улаанбаатар “…Жийптэй залуу “урагшаа болчих” гээд уурлаад байснаа “пизда минь” гэж хэлсэн чинь нөгөөх нь “боломжгүй байна пизда минь” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Эхлээд жийптэй намхан залуу нь машинаас бууж ирсэн, дараа нь ”Приус 20” маркийн машинтай өндөр шар залуу нь бууж ирээд тэр хоёр барьцалдаж авсан…Намхан залуу өндөр залуугаа өшиглөөд авсан чинь өндөр залуу нь намхан залуугийнхаа нүүр рүү нэг удаа цохисон…” гэж хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталж мэдүүлсэн байх тул “огт зодоон болоогүй” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн мэдүүлгээс хохирогчийн мэдүүлэг нь илүү хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Г.Баттулгыг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болсныг дурьдаж байна.

 

Дүгнэвэл, эрх зүйт ёс, ёс суртахууны нийгэмд оршин буй ухамсарт хүн өөрийн үйлдлийг хууль эрх зүй, ёс суртахууны шаардлагад нийцүүлэх үүрэгтэй, тавьсан шаардлага, авсан арга хэмжээ нь хууль ёсны байх учиртай. Шүүгдэгчийн хувьд  харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдлаас шалтгаалж өөрөө эхэлж маргаан тэмцэлдээн үүсгэсэн байх бөгөөд аргагагүйн эрхэнд хамгаалалт хийж З.Алтангэрэлийг зодож хөнгөн гэмтээсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Баттулгын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон гэмт хэргийн улмаас хохирогчид  учирсан хор уршгийн 488.000 төгрөгийн зардалыг (хх-ийн 54-55, 57-59 толгойн КТГ, үзлэгийн төлбөр, эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ) шүүгдэгч Г.Б-с гаргуулж хохирогч З.Алтангэрэлд олгох нь зүйтэй. Шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хадныхан овогт Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бас нийт 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Алтангэрэлд олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ