| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2233001040124 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Ч.Батзориг /цахим/,
Цагаадсан этгээд Г.У*******,
Цагаадсан этгээдийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/93 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.У******* т холбогдох эрүүгийн 2233001040124 дугаартай, 10 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт Г******* У*******, Монгол улсын иргэн, 1*** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, *******, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн албаны дарга ажилтай ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* * дугаар баг *-* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Регистрийн дугаар: ************
Шүүгдэгч Г.У******* нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Үнэн зөв байх”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар “Журам батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 11-15 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувь, 16-20 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар бодож олгох гэснийг тус тус зөрчиж, ******* сумын хүн эмнэлгийн даргын 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаар тушаалаар эмнэлгийн нягтлан бодогчоор томилогдож, төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байхдаа, ******* сумын төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт буюу ажилчдын цалингийн төсвийн хавсралтыг засаж, өөрийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувь буюу 124,854 төгрөгөөр тогтоож, 2021 оны 2,3,4,5,6,7,8,11,12 дугаар сарууд, 2022 оны 01 дүгээр саруудад 41,618.30 төгрөг, 2021 оны 9 дүгээр сард 18,917.59 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 21,800.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 26,929.61 төгрөг, 20,463,04, 2022 оны 03 дугаар сард 38,652,40 нийт 542,945,98 төгрөгийн илүү нэмэгдэл бодож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.У******* ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон,
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдан,
Г.У******* Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд 484,000 төгрөг төлсөн болохыг дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Батзоригийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Батзориг би, эрүүгийн 2233001040124 дугаартай Г.У******* холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Цагаатгагдсан этгээд Г.У*******т холбогдох хэргийг тус аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/93 дугаартай Цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.У******* цагаатгаж шийдвэрлэсэн.
...Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2.36.6. 36.7.36.8.36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10- д заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэснийг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.
1.Шүүхээс нягтлан бодогчтой холбоотой харилцааг Төсвийн тухай хууль илүү нарийвчлан зохицуулсан гэж үзэж төвийн нягтлан бодогчийг нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн илт үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна”, 19.2-д "Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15. 14.1.19-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна", 19.3-д “Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна” гэж,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн албан хаагчийн орон тоонд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэсэн албан тушаалын орон тоо батлагдаагүй, байхгүй тул нягтлан бодогчоор Г.У*******ийг томилсон байна.
Тухайн байгууллага нь нэг нягтлан бодогчтой тул Төсвийн тухай хуулийн дээрх заалтыг хангуулахын тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хэн гүйцэтгэх талаар илүү нарийвчлан зохицуулсан гэж үзэх ба тухайн хуулийн зорилтоос тодорхой харагдаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн нягтлан бодогч Г.У******* нь нэг нягтлан бодогчтой байгууллагад ажиллаж байх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу ерөнхий нягтлан бодогч гэж үзэх үндэслэлтэй, Авлигын эсрэг 4 дүгээр зүйлийн 4.1.2 “төрийн үйлчилгээний албаны Удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэсэнд хамаарч түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.
Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан.
Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Төрийн буюу нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсноос тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон байна.
Мөн Авлигын эсрэг хуульд “Нийтийн албан тушаалтан” гэж яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтныг хамааруулахаар хуульчилсан байх тул анхан шатны шүүх Г.У*******ийг нийтийн албан тушаалтан гэж дүгнэж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж хуульчилжээ.
Прокуророос Г.У******* ийг өөртөө төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг хууль бусаар нэмэгдүүлж, илүү мөнгө авсан үйлдэлд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл...” мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл Г.У******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм бол ямар гэмт хэргийн субъект болох түүний үйлдэл гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнээгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан "Цагаатгах тогтоол"-ыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын эсэргүүцэл нь илт үндэслэлгүй гэсэн дараах тайлбарыг гаргаж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар бид мэднэ. Г.У*******ийг нягтлан бодогчоор ажиллаж байсан. Албан байдлын тушаалаа байдлаа зориуд давуу байдал бий болгосон үйлдэл байхгүй гэж үзэж байна. Сумын эрүүл төвийн нягтлан бодогч Г.У******* нь цалинг бодоод тухайн бодсон цалинг санхүүч ******* хянаад ******* баталснаар цалин олгогддог. Энэ хүн бие дааж шийдвэр гаргадаггүй. Ийм учраас гэмт хэргийн субъект болохгүй гэж цагаатгаж үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн зүгээс 8 хүсэлт 13 гомдол гаргаж явсан. Ерөнхий санхүүч нь цалинг батлаад гарын үсэг зурснаар цалин олгогдсон энэ байдлыг огтоос шалгаагүй.
Төсвийн тухай хуульд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэсэн хоёр нэршил явдаг. ******* сумын эрүүл төвийн даргын тушаалыг аваад үзэхээр зүгээр л нягтлан бодогч гэж байгаа. Г.У******* ийн хувьд тийм тушаал гараагүй. Энэ талаар маш дэлгэрэнгүй шүүх дүгнээд өгчихсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дахь заалтад зааснаар, маш үндэслэлтэй дүгнэлтийг шүүх хийсэн. Гэмт хэргийн субъект нь болохгүй тул хэргийн шинжийг агуулахгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.У******* т холбогдох эрүүгийн 223301040124 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч Г.У******* т холбогдох хэргийн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.У******* нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь байхыг 15 хувь байхаар тогтоож, 2021 оны 1 сараас 2022 оны 02 сар хүртэл хугацаанд 542,945,98 төгрөгийн илүү нэмэгдэл бодож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4.Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг Сэлэнгэ аймгийн ******* сумын эрүүл төвийн нягтлан бодогч хангахгүй гэж дүгнэж Б.У******* т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичжээ.
5.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл:
Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаартай тушаалаар шүүгдэгч Г.У******* ийг эрүүл төвийн нягтлан бодогчоор томилсон бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 02 сарын 16-ны өдрийн дугаартай тушаалаар 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс эхлэн Г.У******* нь Санхүүгийн албаны даргаар томилогдон ажилласан байна./ 8-р хх-ийн 74-р тал/
Шүүгдэгч Г.У******* ийг 2021 оны 01 сараас 2022 оны 02 сар хүртэл төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар бодож авах ёстой байтал 15 хувиар бодож нийт 461,125,81 төгрөгийн өөртөө илүү бодож авсан үйл баримт тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч Г.У******* нь Авлигын эсрэг 4 дүгээр зүйлийн 4.1.2 “Төрийн үйлчилгээний албаны Удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэсэнд хамаарах тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан тул Г.У******* нь Сэлэнгэ аймгийн төв нь нэг орон тоотой байгууллагын нягтлан бодогч тул түүнийг нийтийн албан тушаалтан мөн гэж тайлбарлажээ.
6.“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар, Авлигын эсрэг хуульд “Нийтийн албан тушаалтан” гэж яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтныг хамааруулахаар тус тус хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ны өдрийн 326 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолоор Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулж, Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг орон тооны жишиг нормативыг тогтоолын хавсралтаар баталжээ.
Засгийн газрын 326 дугаартай тогтоолын хавсралтаар Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг баталж, Нэг. Санхүүгийн албаны чиг үүргийн жишиг 1.1.Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, 1.2.Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, 1.3.Нягтлан бодогч, 1.4.Татварын байцаагч тус тус ажиллахаар, 3.1.Санхүүгийн албаны дарга нь чиг үүргийн хувиарлалтыг батлагдсан орон тооны хязгаарт багтаан зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахаар заажээ. /6-р хх-ийн 220-223-р тал/
Дээрхи Засгийн газрын 326 дугаартай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн ******* сумд Санхүүгийн алба байгуулагдаж Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор Д.*******, Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 04 сарын 01-ны өдрийн ******* дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар Төсөв төрийн сангийн аeсуудал эрхэлсэн мэргэжилтнээр Х.*******, Сэлэнгэ аймгийн ******* сумын төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаартай тушаалаар төвийн нягтлан бодогчоор Г.У******* нар тус тус томилогджээ. /6-х хх-ийн 231-233-р тал/
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ны өдрийн 326 дугаартай тогтоолын дагуу байгуулагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын Санхүүгийн албаны чиг үүрэг нь Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцахаар тодорхойлжээ.
Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь
-сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;
-санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах;
-орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын нягтлан бодогч болон төрийн сангийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
-төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох;
-төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах ...зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр зааснаас үзвэл сумын санхүүгийн албанд тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын нягтлан бодогч нар харьяалагдахаар байна.
Санхүүгийн алба байгуулснаар төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг нэгтгэгдсэн гэж үзэхээр байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасантай нийцүүлэн нэг орон тоотой байгууллага гэдэг утгаар шууд сумын төвийн нягтлан бодогчийг ерөнхий нягтлан бодогч гэж тодорхойлж “нийтийн албан тушаалтан” мөн гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл сумын төвийн нягтлан бодогчийг “Нийтийн албан тушаалтан” гэж үзэх боломжгүй бөгөөд тус нягтлан бодогч нь тухайн байгууллагын төсөв санхүү, цалин хангамж зэргийг тооцооллын хувьд бодож гаргадаг бөгөөд харин үндсэн гүйлгээ хийх эрхийг Санхүүгийн албаны даргын хяналт зөвшөөрлөөр дамжин хийгддэг байдал хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх тул түүнийг ерөнхий нягтлан бодогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж тайлагнадаг албан тушаалтан биш байна.
7.Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.У******* ийг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн субъект биш гэж дүгнэснийг буруутгах боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн субъект мөн эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалтыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
9.Шүүгдэгч Г.У******* нь авилгийн эсрэг гэмт хэргийн субъект биш боловч өөрийн цалингийн нэмэгдлийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь шууд санаатай үйлдэл бөгөөд санхүүгийн зөрчил гаргасан үйлдэлд нь эрх бүхий этгээдээс төсвийн тухай хууль болон бусад хуульд зааснаар зохих арга хэмжээг авах зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 93 дугаартай Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Г.У*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэж өөрчлөн цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН