Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч:  Б.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатиган овогт Б.Э холбогдох эрүүгийн 1809011110557 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороонд боксын дасгалжуулагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай 108 дугаар байрны 36 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЖЭ70112078 регистерийн дугаартай, Хатиган овогт Б.Э

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Энхтайван нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спортын төв ордон” дотор хохирогч Д.Батсүрэнг “миний шавь Д.Мөнх-Эрдэнийг чи шигшээд авсангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед эрүүнд цус хуралт, баруун завжинд цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Гэм буруу дээрээ маргаангүй тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батсүрэн  /хх-ийн  9/, гэрч Б.Пүрэв-Очир /хх-ийн 20/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2866 тоот дүгнэлт /хх-ийн 17/, Б.Эы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28, 30-46/, Б.Э-ы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21, 26/, хохирогч Д.Батсүрэнгийн хүсэлт /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Спортын төв ордон” дотор “миний шавийг шигшээ багаас хаслаа” хэмээн буруутган Д.Батсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Батсүрэнгийн /хх-ийн 9/: “... Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед бэлтгэл дуусаад багш нарын өрөөнд сууж байсан. Гаднаас Баянгол дүүргийн боксын дасгалжуулагч Б.Энхтайван согтуу 2 залуугийн хамт орж ирсэн. Тэгээд шууд над руу хэл амаар доромжилж дайрч “миний шавийг чи шигшээд авсангүй, хөгшин У.Мөнх-Эрдэнийг авч миний шавь Д.Мөнх-Эрдэнийг хассан байна” гэж хэлсэн. Би “таны шавь Цэндбаатар шигшээд байгаа шүү дээ” гэж хэлэхэд урдаас шууд цохисон. Дахиж цохих гэхээр нь би бултаж цохилтыг нь гаргаад зууралдаад боссон. Биднийг хажууд байсан Б.Энхбаяр салгасан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Пүрэв-Очирын /хх-ийн 20/: “... 2018 оны 02 дугаар сарын 21-ний 17 цагийн үед бэлтгэл дуусаад Спортын ордонд багш, дасгалжуулагч нарын өрөөнд орсон. Өрөөнд ороход Батсүрэн, Энхтайван нар хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан. Намайг орж ирэхийг Батсүрэн хараад “өө намайг шаадаг байна шүү дээ, хувцасаа солиод сууж байхад” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Э-ы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21, 26/: “… 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хаш-Эрдэнэ болон түүний найз гэх залуу, Баттөр, Гомбоцэрэн, Пүрэвдорж нарын хамтаар Спортын ордны дэргэдэх пабд сууж байгаад 17 цаг өнгөрч байхад гарсан. Би Баттөр, Гомбоцэрэн нарын хамт Спортын ордны боксын заал руу орж багш нарын өрөөнд ороход Батсүрэн байхаар нь “чи яагаад Мөнх-Эрдэнийг халж байгаа юм бэ, ядаж хурлаар хэлэлцэж байгаад халдаг юм байгаа биз дээ” гээд гараараа эрүү рүү нь нэг удаа цохисон. ... Би тэр өрөөнд санаандгүй таарсан. Миний шавь Мөнх-Эрдэнийг шигшээ багаас халсан талаар асуусан.Тэрнээс болж маргаан гарч би уураа барьж дийлэлгүй эрүүрүү нь цохисон…” гэх мэдүүлгээр,

 

Б.Э-ы буруутай үйлдлийн улмаас Д.Батсүрэнгийн биед “эрүүнд цус хуралт, баруун завжинд цус хуралт” бүхий мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2866 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Э-ы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Э-ы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Батсүрэн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Батбуянгийн Энхтайваныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ