Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2019/00016

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 7 сарын 03 өдөр          Дугаар 226/МА2019/00016                              Хэрлэн сум          

Ө-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Г-эд холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

        226/2019/00016

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Хариуцагч Г нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаар шийдвэртэй, Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г-эд холбогдох “гэм хорын хохиролд 11322375 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Г-ийн давж заалдах гомдлоор 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Г-ээс 6314124 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо үлдэгдэл 11322375 төгрөгийг Г-ээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Үүнд нотлох баримтаас үлдсэн эгч Ч-гийн цалин 1800000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 19706500 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 6000000 төгрөгийг гаргуулан авсан. Үлдэгдэл 11322375 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд өмгөөлөгчийн хөлс 5000000, эгч Ч-гийн 3 сарын цалин буюу 1800000, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймаг руу 3-4 удаа явсан унаа болон хоол хүнсний 690000 төгрөгийн зардлууд орж байгаа юм. Эдгээр зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Би сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирсон. Миний эгч Ч 2012 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ирж, нийт 3 сарын хугацаанд талийгаачийг сахисан. Үүнтэй холбогдуулан Эрдэнэмөнх гэдэг хүн тодорхойлолт гаргаж өгсөн. Би зөвхөн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Г-ээс 7490000 төгрөгийг гаргуулж, харин  3832375 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

            Хариуцагч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө-ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авлаа. Ө гэгч этгээдийн зохион байгуулалттай гүжирдлэгээр хууль хяналтын байгууллага надад холбогдуулан зохиомол хэрэг үүсгэж, хилс хэрэгт гүтгэн хорих ялаар шийтгэсэн. Намайг хүний амь хохироосон гэм буруугүйд тооцсон байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Улсын дээд шүүх чиглэл өгч намайг хилс хэрэгт шийтгэсэнд гомдож байна. Нэгэнт би гэмт хэрэг үйлдээгүй тул хэзээ нэгэн цагт хэргийн үнэн зөв тогтоогдон намайг цагаатгана гэдэгт итгэж явдаг.

            Ө-ын “хүнийг гэртээ унтаж байх үед гэмт хэрэгт холбогдуулан яллуулж, шийтгүүлсэн” нь гэмт хэрэг юм.  Иймд Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ө-ын эгч Ч-ийн орлого тодорхойгүй тул ажлын хөлс 1500000 төгрөгийг нэхэмжлэлийг гэмт хэргийн хохиролтой холбоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Ө 1800000 төгрөг болгон нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс 5000000 төгрөгийн нотлох баримт 2017 оны 10 дугаар сарын 03-нд анхан шатны шүүх хуралдаанд болоход хэрэгт байгаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаан болоход ч энэ талаарх баримт хэрэгт байгаагүй. Иймд эргэлзээтэй зүйл байна гэжээ. 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04  сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч овогт Л-н Г-ээс 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Л-н Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2490000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г-ээс 5000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор   шийдвэрлэжээ.

            Хариуцагч Г давж заалдах гомдолдоо: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг үйлчлүүлэгч, өмгөөлөгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж зааснаас үзэхэд өмгөөллийн хөлсний төлбөр тооцоог хэрхэн барагдуулах, баталгаажуулах нь заагдаагүй, мөн өмгөөллийн үйлчилгээний хөлсний төлбөр тооцоог бэлнээр барагдуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн шаардлага тавигдаагүй тул нэхэмжилсэн төлбөрийг би төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Ө-ын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч М-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд өмгөөллийн хөлсний төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн заалт тусгагдаагүй, огт байхгүй байна. Нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёрын 5000000 төгрөгийн төлбөрийг өгсөн авсан гэх гэрээний буланд бичигдсэн үгс нь мөнгө хүлээн авсан албан ёсны баримт биш учраас нотлох баримт болохгүй тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

            Өмгөөлөгч М-, Ө-аас 5000000 төгрөгийг авсан юм бол өмгөөллийн хөлснөөсөө орлогын албан татвар төлсөн байх ёстой атал татвар төлсөн баримт байхгүй байгаа нь өмгөөлөгч М- 5000000 төгрөгийн орлого олоогүйг нотолж байна.

            Ө- төлбөрийн чадваргүй, хэцүү амьдралтай гэж ярьдаг. Өмнөх өмгөөлөгчөө 300000 төгрөгөөр тохиролцож авч байсан. Өмгөөлөгч сонгож авах нь хүний эрхийн асуудал ч Ө- заавал 5000000 төгрөг биш бага үнийн дүнгээр өмгөөлөгч авч болох байсан. Мөн түүнд төлбөрийн чадваргүй иргэнд үйлчилдэг улсын өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан. Гэтэл М- гэх өмгөөлөгчийг 5000000 төгрөгөөр тохиролцож эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан авсан нь өндөр төлбөр гаргуулах зорилготой байх магадлалтай тул үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр баримт нотолгоог үндэслэн Ө-аас М- өмгөөлөгчид 5000000 төгрөгийг бодитойгоор өгч, авалцсан ямар ч баримт, нотолгоо байхгүй байх тул Ө-ын нэхэмжилж байгаа 5000000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.  

            Нэхэмжлэгч Ө- нь иргэний болон эрүүгийн хэрэгт нотлох баримтуудыг хуурамчаар үйлддэг бөгөөд энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байсаар байтал хариуцлага хүлээлгээгүй, мөн миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй гэжээ.

            Нэхэмжлэгч Ө- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхэд 11322375 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Г-ээс 5000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн давж заалдах гомдлоос харахад татвар төлөх, нотариатаар гэрчлүүлэх зэрэг асуудал нь өмгөөлөгч М-гийн өөрийнх нь асуудал бөгөөд надад огт хамаагүй учир би энэ асуудал дээр тайлбар хийх эрхгүй юм. Харин би эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу өмгөөлөгчөө сонгох, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхийнхээ хүрээнд хууль зүйн мэдлэгтэй, туршлагатай, түргэн шуурхай, хөөцөлдөө сайтай гэх үндэслэлээр өмгөөлөгч М-г сонгон улмаар өмгөөллийн төлбөрийг 5000000 харилцан тохиролцсон юм. Би дүү Өргөөгийн хамт очиж тус 5000000 төгрөгийг бэлнээр М- өмгөөлөгчид өгсөн. Би хэдэн төгрөгөөр тохиролцож өмгөөлөгч авч өмгөөлүүлэх нь Г-эд хамааралгүй асуудал гэж бодож байна. Хариуцагч Г- элдэв янзын, жижиг зүйлээр шалтаглан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох санаатай байгааг би хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцоно гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө-аас хариуцагч Г-ийн давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр утсаар мэдэгджээ. Нэхэмжлэгчээс  “Манжуур хотын аялалд яваад ядарч даралт ихэссэн тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлжээ. Тэрээр даралт ихсэх өвчний улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэсэн боловч энэ тухай эмчийн магадалгааг ирүүлээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасан “...зохигч шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хэлэлцэхэд саад болохгүй” гэсний дагуу нэхэмжлэгч Ө-ын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Нэхэмжлэгч Ө- нь хариуцагч Г-эд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11322375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7490000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Хариуцагч Г- “Ч-гийн ажлын хөлс гэх 1500000 төгрөгийг урьд нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт байхгүй, нотариатаар баталгаажуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Ө-ын “Л.Ч-гийн 3 сарын цалин 1800000 төгрөг, эрүүгийн шүүх хуралдаанд ирж очсон болон хоол унааны зардал 690000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нотлогдоогүй зэрэг үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Харин нэхэмжлэгч Ө-аас өмгөөллийн хөлсөнд төлсөн 5000000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх  хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд өмгөөллийн хөлс 5000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-т заасан “ Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэсний дагуу Ө-аас   улсын тэмдэгтийн хураамжид 134790 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Г- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

          

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дэх заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-ын 7490000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ө- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 134790 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар хариуцагч Г- нь давж заалдах гомдол гаргахдаа улс ын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                                    Б.СҮХГОМБО

                                                                                                                  Я.АЛТАННАВЧ