| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0162/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Д.Дашдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Даваацэрэнгийн Дашдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002760160 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Гомбо Хайрхан” ХХК-нд нядлагч ажилтай, ам бүл 6, өвөө, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 10 гудамж 17 тоотод оршин суух, регистрийн НГ94031012 дугаартай, Боржигон овогт Даваацэрэнгийн Дашдэмбэрэл нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 02-04 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 02 дугаар хороо Янгир зочид буудлын дэргэд иргэн Д.Бахатжантай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан улмаар түүнийг зодож биед нь хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Дашдэмбэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 02 дугаар хороо Янгир зочид буудлын гадаа 04 цагийн орчимд иргэн Д.Бахатжантай маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дашдэмбэрэл нь: “ Би мэдүүлэг өгөөгүй ба улсын яллагчийн судалсан,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бахатжаны өсгөн: ...”Би тухайн үед шөнө болсон байсан учир Дашдэмбэрэл эхэлж өшиглөөд дараа нь хамт байсан найзууд нь зууралдаад байхаар нь орцонд оруулж зодох гэсэн гэж мэдүүлэг өгсөн түүнээс хоёр найз нь намайг зодсон гэж хэлээгүй байцаагч буруу ойлгосон байна. Хохирлын мөнгө 800.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Мягмарын өсгөн: ...”Дашдэмбэрэл Бахатжан гэх залуутай барьцалдаж аваад хавсарч унагаад Бахатжан нь доор нь орсон байдалтай Дашдэмбэрэл дээр нь зогсож байгаад бие биенийгээ гараараа цохиж байгаад харагдсан, чухам яг хаана нь хэдэн удаа цохиж байгаа талаар сайн харж чадаагүй. Учир нь тухайн үед харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Сүмбэгийн өсгөн: ...”Бахатжан Дашдэмбэрэлтэй маргалдаад зууралдаад авсан. Энэ үед Мягмар бид хоёр дундуур нь ороод салгах үед Дашдэмбэрэл нь Бахатжаны нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж харагдсан...” гэх мэдүүлэг
/хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Эрмекийн өсгөн: ...” Гурван залуу ирээд хамт байсан өндөр залуу нь Бахатжан ахтай маргалдаад цээж хавьд нь өшиглөж нүүрэн тус газарт нь гараараа цохьсон. Энэ үед хамт байсан хоёр залуу нь салгаж байсан ...” гэх мэдүүлэг
/хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад Д.Дашдэмбэрэлийн гэрчээр өсгөн: ...” Би хэрэг болдог өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж Д.Бахатжан гэдэг хүнийг хэрхэн яаж зодсон талаар санахгүй байгаа. Гэхдээ хохирогч болон хамт байсан гэрч нар намайг ганцаараа зодсон гэдгийг нотлож байгаа учир би Д.Бахатжаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг
/хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад Д.Дашдэмбэрэлийн яллагдагчаар өсгөн: ...” Д.Бахатжаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг
/хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/217 дугаар:
1. Ш.Буянжаргалын биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/541 дугаар:
1. Д.Бахатжаны биед хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт,
/хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Дашдэмбэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо Янгир зочид буудлын дэргэд 04 цагийн орчимд иргэн Д.Бахатжаныг дүүгээ загнаад зогсож байхад нь хажууд нь ирж түүнтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Дашдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Дашдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Бахатжанд хохирлын мөнгө 800.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваацэрэнгийн Дашдэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дашдэмбэрэлд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Дашдэмбэрэлд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Дашдэмбэрэлд мэдэгдсүгэй.
5. Д.Дашдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Бахатжанд 800.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Дашдэмбэрэлд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Дашдэмбэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ