Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 164

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч А.Мауле,

шүүгдэгч Ө.Кадарбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Найман овогт Өсөрбекийн Кадербект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18070042600159 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Таван Эрдэнэ ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 11-7 тоотод оршин суух, регистрийн УД88081737 дугаартай, Найман овогт Өсөрбекийн Кадербек /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Ө.Кадарбек нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны 13 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 11-7 тоот гэртээ өөрийн эхнэр А.Маулетэй маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, 2 гарын бугалга, шуунд цус хуралт, 2 гарын бугалга,шуу, нуруунд зулгаралт, баруун чихний омогны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Кадарбек нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11-07 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр А.Маулегтэй 13 цагийн орчим маргалдан ор луу түлхэж,  гэдэс рүү нь нэг удаа өшиглөж, нүүр лүү нь 2 удаа алгадан зодож биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, 2 гарын бугалга, шуунд цус хуралт, 2 гарын бугалга, шуу, нуруунд зулгаралт, баруун чихний омогны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

           Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Кадарбекийн өгсөн: “... Би болсон явдлыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Маулегийн өгсөн: “... Өмнө нь гар хүрч байсан. Энэ удаад аргагүй эрхэнд цагдаад мэдэгдсэн. Хэрэг болсоны дараагаар толгойны зураг авахуулах хэрэгтэй гэхээр нь би нөхрөөсөө 350.000 төгрөг авч толгойндоо зураг авахуулсан. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Маулегийн өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд нөхөр Ө.Кадарбектэй маргалдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нөхрийгөө намайг битгий доромжлоод бай гээд ам руу нь цохих гэтэл манай нөхөр миний гарыг барьж аваад бид хоёр зодолдсон. Ө.Кадарбек намайг түлхээд хана мөргүүлээд унагаасан. Миний баруун хацар луу 5 удаа алгадсан, миний хойд талд зогсож байгаад миний хоолойг боосон, бас миний гэдэс рүү өшиглөж зодсон. Би нөхрийнхөө толгой руу нь цохьсон, нүүр лүү нь алгадсан. Эрэгтэй хүн болохоор дийлээгүй. Зодолдож дуусаад би өөрийн ээж Б.Уатханыг дуудсан. Ээж ирээд Кадарбекийн ээж Хуаныг дуудаад хадам ээж Хуанд охиноо салгаж авна, удаа дараа гар хүрч байна гэж хэлээд цагдаагийн байгууллага дээр ирж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Ө.Кадарбекийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд би гэртээ унтаж байсан чинь гэрийн хаалга тогшоод манай эхнэр орж ирсэн. Өмнөх шөнө нь гэртээ хоноогүй гадуур хоночихоод орж ирсэн. А.Маулег орж ирэхэд нь би бие засах гээд зөрөөд гарсан. Буцаад ороод ирсэн чинь миний бүх хувцасыг гал тогооны өрөөний шалан дээгүүр цацаад шидчихсэн байсан. Би Маулег чи ёстой тэнэг юмаа гэж хэлээд унтлагын өрөө рүү явж байтал Маулег араас гүйж ирээд миний нүд рүү цохьчихсон. Тэгээд би нүдээ дараад газарт суусан чинь дээрээс цохиод байсан. Тэгэхээр нь босч ирээд чи боль гэсэн чинь намайг үргэлжлүүлээд цохиод, надтай зууралдаад байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь баруун гараараа 2 удаа алгадсан чинь Мауле бүүр уурлаад дайраад байсан. Тэгээд надаас бүүр салахгүй болохоор нь 2 гарыг нь өөрийнх нь гэртээ өмсдөг халаадны бүсээр нь уячихсан. Тэгээд Мауле энэ бүсийг тайлахгүй бол би үхнэ гээд байхаар нь айгаад тайлчихсан. Тэгсэн чинь дахиад ирээд намайг цохиод, зууралдаад байхаар нь ор луу түлхчихсэн. Тэгсэн чинь Мауле над руу данх, индүкцэн плитка барьж дайраад цохих гээд байхаар нь болиулаад байж байсан чинь гэрийн хувцасны шүүгээний толийг хагалчихаад, дахиад цонх хагална гээд байхаар нь би гэдэс рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд хэрүүл, зодоон хийхээ болиод байж байсан чинь Мауле ээжийгээ утсаар дуудаад Маулегийн ээж Уатхан манай ээж Хуаныг дуудаад Маулег надаас салгана, цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд Маулегийг дагуулаад гараад яваад өгсөн. Би гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн, нүүр лүү нь хоёр удаа алгадсан, өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8665 дугаар:

"1.А.Маулегийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, 2 гарын бугалга, шуунд цус хуралт, 2 гарын бугалга, шуу, нуруунд зулгаралт, баруун чихний омогны зөөлөн эдийн няцрал бүхийгэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2018.07.13-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ө.Кадарбек нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11-07 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Маулегтэй 13 цагийн орчим маргалдан ор луу түлхэж,  гэдэс рүү нь нэг удаа өшиглөж, нүүр лүү нь 2 удаа алгадан санаатай зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Кадарбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Кадарбект холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Маулед томографикийн толгойн зураг авахуулахад 350.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Кадарбект хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найман овогт Өсөрбекийн Кадербекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Кадарбект 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Кадарбект 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Кадарбект мэдэгдсүгэй.

5. Ө.Кадарбек нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Маулед 350.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ө.Кадарбект оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Кадарбект урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ