| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2019/00386/И |
| Дугаар | 226/МА2019/00017 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 226/МА2019/00017
2019 оны 9 сарын 19 өдөр Дугаар 226/МА2019/00017 Хэрлэн сум
Т-ын хүсэлттэй
иргэний хэргийн талаар
226/2019/00017/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Сайнболд,
Прокурор Д.Энхжаргал,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2019/00369 дугаар шийдвэртэй, Т-н хүсэлттэй “нөхөх олговор 80000000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн давж заалдах гомдлоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагч Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний аав Б нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1991 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Иймд охин Т надад 80000000 төгрөгийн нөхөх олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Т бол миний ээж юм. Ээжийн маань аав болох Б нь 1938 онд ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллеги 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цагаатгасан. Иймд Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 80000000 төгрөгийн нөхөх олговрыг Т-д олгож өгнө үү гэжээ.
Хэнтий аймаг дахь Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Б-г орон сууц эсхүл амьдарч байсан гэр, байшингаа хэлмэгдэх үедээ хураагдсан гэх баримт байхгүй байх тул Т-н цагаатгалын нөхөх олговор 80000000 төгрөг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугар сарын 04-ний өдрийн 369 дугаартай шийдвэрээр: Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т-н нөхөх олговор 80000000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...дурдагдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, хуулийн зохицуулалтын хүрээнд авч үзвэл, Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлсэн, өөр нэмэгдэл ял /хөрөнгө хураах/-аар шийтгүүлээгүй, мөн 80000000 төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн зохицуулалтын урьдач нөхцөл болох хэлмэгдүүлэлтийн улмаас хэлмэгдэгч болон түүний ар гэр нь орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдохгүй байна. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгов...” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, мөн хуулийн 13.2.1-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг” мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд 80000000 төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан атал анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг “...80000000 төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн зохицуулалтын урьдач нөхцөл болох хэлмэгдүүлэлтийн улмаас хэлмэгдэгч болон түүний ар гэр нь гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан гэх үйл баримт ...тодорхойгүй байна” гэж буруу тайлбарлан хэрэглэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн Т-д нөхөх төлбөр олгох асуудлыг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос судалсныхаа үндсэн дээр 80000000 төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэснээ “Зууны мэдээ” сонинд нийтэлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Т-н гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасан байдаг. 80000000 төгрөг олгох тухай хуулийн зохицуулалт 2018 онд нэмэлтээр орсон. Энэ зохицуулалт нь орон сууц аваагүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр олгож байгаа нөхөх олговор юм. Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалд эд хөрөнгө хураалгах нэмэгдэл ял хэрэглэсэн талаар дурдаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад эд хөрөнгөө хураалгасан талаарх баримт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т нь ”улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор 80000000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлт гаргажээ.
Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгэгдэж, цагаатгагдсан БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаартай магадлал, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/6544 тоот архивын лавлагаа, хүсэлт гаргагч Т нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б-н төрсөн охин болох нь “Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Б-н Т 8 настай” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Зууны мэдээ” сонины 2019 оны 5 дугаар дугаар сарын 20-ны өдрийн 103/6070 дугаарын 7 дугаар талд Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион багуулах тухай улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад хэлмэгдэгч Б-н хүүхэд Т-н нэр нийтэд зарлагдсан байна /хх-ийн 12 хуудас/.
Хэлмэгдэгч Б-н нэр дээр байр орон сууцны дэмжлэг аваагүй болохыг тодорхойлсон Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 248 тоот албан бичиг, хэлмэгдэгч Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлэхдээ 1938 онд “...бод 43, гэр 1...” хөрөнгөтэй байсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/6544 дугаартай архивын лавлагаа зэргээс үзэхэд Т-д нөхөх олговрын 80000000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “...80000000 төгрөгийн нөхөх олговрыг...” цаазаар авах ялаар хэлмэгдэгч шийтгүүлсэн, хэлмэгдэгчийн эхнэр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд, урьд нь орон сууц аваагүй нөхцөлд олгохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу хэрэглэжээ.
Т-н давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2019/00369 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-т заасныг баримтлан нөхөх олговрын 80000000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг, А-19 дүгээр байрны 20 тоотод оршин суух, .......... регистрийн дугаартай, Б овогт А-н Т-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар Т нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
Я.АЛТАННАВЧ
.