| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426002250250 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
2026 01 21 2026/ДШМ/03
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Балжинням
Шүүгдэгч Ч.Б ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Б-д холбогдох эрүүгийн 2426002250250 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ч.Б,
Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Т сумын ... дугаар багийн нутаг Арвайн талын “Үйзэн” гэх газарт оторлоод Х сумын “Бүрдэн цохиот” гэх газар руу буцахдаа иргэн Б.Д-ын им, тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл буюу мотоцикл ашиглан, шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй, авч захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж иргэн Б.Д-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Чулуунбатын Батцэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгчийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.
Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгахаар хуульчилсан.
Мөн хуулийн 2.3-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заахаар хуульчилсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн талаар эсрэг байр суурьтай оролцож мэтгэлцсэн боловч өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан саналын няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй болно.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэгт Ч.Б ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлээр маргасан. Тухайн хэргийг алдуул мал завших гэмт хэрэг гэж зүйлчлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай холбоотой асуудлаар гаргасан өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тусгахаар хуульчилсан. Няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаардаг. Өмгөөлөгчийн гаргасан зүйлчлэлтэй холбоотой мэтгэлцсэн асуудалд ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаараа анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчийн гэмт үйлдэл үйлдэхдээ ашигласан гээд байгаа мотоциклыг 500,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүгдэгчийн мэдүүлэгт тухайн мотоциклийг унаад явах боломжгүй болсон, эвдэрсэн гэж тайлбарладаг. Интернэтээс улаан өнгийн мотоциклын зураг ашиглаж шинжээч томилж дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдож байгаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримтаа тусгуулсан. Үүнд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногоор хойшлуулж хэрэг прокурорт буцсан хугацаанд гэрч н.Хорлоо гэдэг хүн мэдүүлгээ дахиж өгсөн байдаг. Тухайн мэдүүлгийг шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой гэж шинжлэн судлуулсан боловч шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлээр шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн нь нотлогдоно. Эдгээр нөхцөл байдлуудыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. М.Дамбийням өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй гэх гомдлыг дэмжиж байгаа. Хохирогч Б.Д гэдэг хүн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу худал мэдүүлэг өгсөн гэдэг зүйл ангиар гэм буруутайд тооцогдож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Гэтэл энэ шийтгэх тогтоол хэрэгт байхгүй байна. Шүүхийн цахим санд дугаартайгаа байгаа. Хохирогч мэдүүлгийнхээ аль хэсэг дээр худал мэдүүлэг өгч, аль хэсэг нь үнэн мэдүүлэг өгсөн болох нь тодорхойгүй, шүүх аль хэсгийг худал гэж гэм буруутайд тооцсон юм гэдгийг шүүх хавтаст хэрэгт нотлох баримтаар авч шалгаж үнэлэх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлын асуудал яригдаж байна. 7-н мал байсныг 8-н мал гээд хэлсэн юм уу, мотоциклгүй байсныг мотоциклтой гээд хэлсэн юм уу гэх мэт, эсвэл огт хулгайлаагүй байсан юм уу, аль хэсэг дээр нь хохирогч худал мэдүүлэг өгөөд гэм буруутайд тооцсон юм гэдгийг энэ хавтаст хэрэгт авч, албан ёсны хуулбар үнэн дарж хавтаст хэрэгт авсны дараа Ч.Б ийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хохирогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн шийтгэх тогтоолыг хавсаргаж байж Ч.Б ийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр авч өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбар байхгүй гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийн хувьд өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргадаг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдсон. Анхан шатын шүүхээс шүүгдэгчийг олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...тус шүүх хурал болсон өдөр шүүхийн гадаа мотоциклио тавиад шүүх рүү орох гэж байтал Ч.Б-ийн охин С ирээд “ахаа уулзъя гээд” Ч.Б-ийн сууж байсан цагаан өнгийн суудлын машин дотор суусан. Тэр машин дотор жолоочийн суудал дээр С суугаад арын суудал дээр буюу миний хажууд Саранчимэг гээд дунд охин нь сууж байсан. Тэгтэл С надад хандаж "Та аавыг цагдаад өгнө шүү гэсэн чинь аав битгий өгөөрэй гэж хэлсэн гэж та цагдаад мэдүүлэг өгсөн юм байна, одоо шүүх хурал дээр танаас асуувал битгий тэгж хэлээрэй” гээд гуйгаад байсан, би тэгэхээр нь юу гэж хэлэх юм гэсэн чинь “одоо аавыг цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн гэж хэлж болохгүй” шүү гээд хоёр хүүхэд нь уйлаад байсан, тэгтэл удалгүй Батцэнгэл машин дотор орж ирж суугаад “миний хөгшин намайг бодоорой, эвээ олоод хэлчээрэй, шорон оролгүй шийдчихвэл амар байна” гэж хэлсэн, би бас хоёр охинтой болохоор өрөвдөөд бас Ч.Б над руу хараад байхаар нь би шүүх хуралд “сайн санахгүй байна” гээд Ч.Б намайг цагдаад битгий хэлээрэй гэж утсаар ярьсан талаар нь хэлж чадаагүй зүйл болсон юмаа... Ч.Б нь манайхтай хамт зусаж байхдаа улаан өнгийн Даюун маркын мотоцикльтой байсан... Арвайхээр сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан зам” гэх засвар дээр таараад надад хандаж “хонь чинь 8 байсан болохоор олонд ордог юм байна, 7 байсан бол гайгүй юм байна утгатай юм дур муутайхан ярьсан. Тэгээд шүүх хурал болох өдөр л таарсан. Надад мөнгө хөрөнгө амласан зүйл байхгүй, уйлаад гуйгаад байсан. Шүүх хурал дууссаны дараа уулзаад дахиад мэдүүлэг авна гэнэ, шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол торгууль энэ тэр байдаг гэнэ гэсэн чинь “торгуулийг нь өгсөн ч яадаг юм, би өмгөөлөгчийнх нь мөнгийг өгнө, цагдаа дуудвал над руу яриарай” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна нэг бороотой өдөр хонио хураасан чинь 4 хургатай, нийт 8 тооны хонь манай хонинд нийлсэн байсан юм. Им тэмдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд хаанаас ирсэн, хэний хонь болохыг ойр хавийн айлуудаас сураад байсан чинь “Д гэх бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй айлын хонинд байсан хонь” гэх сураг гарсан. Тэгээд Ч.Б нэг өглөө эрт, босоогүй байхад ирчихээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд малын хашаанд ялгаж хашиж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь Тарагт сумын иргэн Б.Д гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд “хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм. Гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ” гээд ачаад явсан. Сүүлд сураг сонсоод байхад Батцэнгэл отроос буцах замдаа Б.Д-ын малнаас хулгайлж авч ирээд Д гэх айлын хонинд нийлүүлсэн гэх талаар хашаанд хонь ялгаж байхдаа надад хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Баруун гуанз гэх газар шатахуун аваад зогсож байсан чинь Т сумын Б.Д гэх залуутай таарсан чинь “8 тооны хонь хулгайд алдчихсан” гээд надаас сурсан юм. Би тухайн хонины талаар Ч.Б ийн саахалт зусаж байсан Д гэх 89... утастай залуугаас сонсож байсан зүйлээ хэлсэн юм. Д надад хэлэхдээ Ч.Б ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг “харж байгаарай” гэж утсаар ярьсан, тэр хонь сэжигтэй буруу гарын хонь шиг байна лээ” гэж надад гэж ярьж байсныг Дониднямд хэлсэн, гэтэл тэр хонь нь мөн байсан гэж сүүлд сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манайх 2023 оны 06 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Х сумын “Бүрдэн цохиот” гэх газар буусан байхад Ч.Б гэх айл 2023 оны 08 дугаар сарын дундуур отроор явж байгаад нүүж ирээд саахалт буусан. Орой нь гэрээ барьчихаад “маргааш хот явах ажилтай байна, танай хүүхдээр хоёр хоног хонио хариулуулмаар байна” гээд манай 16 настай хүү Д.Г хонийг нь харж байсан юм. Тэгтэл гэртээ ирээд “хэдэн хонь тасраад байна, яах уу гээд Ч.Б ахаас асуусан чинь яахав, яахав сайн харж байгаарай” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл Тарагтын Б.Д-ын хонь байсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ё.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ч.Б нь манай нөхөр байгаа юм. 1998 онд гэр бүл болж байсан. Манайх 2023 оны 08 дугаар сард Ноён хайрханы өвөрт зусаж байгаад Х сумын Цохиот гэх газар руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нүүсэн... Нүүхдээ манай нөхөр Ч.Б малаа тууж явсан... Би гэрээ ачаад Цохиот гэх газар руу түрүүлж очсон...Би 3 дугаар ангийн хүүхэдтэйгээ хамт явсан... Улаанбаатар хот руу явахдаа малаа Дэлэгдуламынд захиж үлдээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Гэрч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.Д нь саахалт айлын хүн байгаа юм. Ч.Б-ийг зүс танина. 2023 оны 8 дугаар сард Д-тай саахалт зусаж байсан. Би тэр хонь алга болсон өдөр нь нэг удаа дурандахад гэрийн урд талд бэлчиж байхаар нь тогтуун бэлчиж байна гээд түүнээс хойш хараагүй. Хонь дутуу байна гэж маргааш нь Б.Д гэрт орж ирсэн. Хонь алга болсон гэх өдөр “Сүүж” гэх газарт нутагладаг Ч.Б мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд Ч.Б манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би Ч.Б-ийн малаас малаа шүүж чадаагүй. Ч.Б ганцаараа тууж явсан. Б.Д-ын малын им нь хоёр чих цуулбар имтэй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,
Гэрч Т.Хорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ч.Б нь тухайн үед мотоцикльтой явж байсан, өнгө болон маркыг нь харж чадаагүй... гэх мэдүүлэг /2хх-ийн 68 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ч.Б ахынх 2023 оны 08 дугаар сарын эхээр Баянголоос Бүрдэн цохиот гэх газарт манайхтай саахалт буусан. Би 2 хоног малыг нь хариулсан. Намайг хонин дээр нь явж байхад 4 хургатай хонь тасарсан явж байхаар нь Ч.Б ахын охиноос асуухад манай хонь биш гэж хэлсэн. Б.Д гэх хүн ирээд малаа сураад яваад байхаар нь 4 хургатай хонь тасраад явсан гэж хэлсэн. Ч.Б ах хотоос ирээд манай гэрт орж ирэхдээ тухайн хонийг М-хаас олоод өгчихлөө гэж байсан. Тухайн хонинууд нь цэнхэр будагтай, буруу чих нь цуулбар имтэй байсан... Ч.Б ахын охин нь гэртээ байсан, малаа хариулсан зүйл байхгүй. Ч.Б ахын мал нь хулгар цуулбар имтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээчин З.Д-гийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай “...хонь нэг бүрийн үнэ 150000 төгрөг, бүгд үнэлгээ 600000 төгрөг, хурга нэг бүрийн үнэ 50000 төгрөг, бүгд үнэлгээ 200000 төгрөг, нийт үнэлгээ 800000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямаас ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий гомдлыг гаргасан боловч шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах шатны шүүх хуралдаанд ...хохирогч Б.Д худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр шийтгэгдсэн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод шүүхийн шийдвэрийн цахим санд орсон, уг шийтгэх тогтоолыг энэ хэрэгт хавсаргасны дараа хэргийг шийдвэрлэх ёстой. Хохирогчийн мэдүүлгийн аль хэсэг нь худал болох нь хэргээс тодорхой харагдахгүй байна... гэх тайлбар, саналыг гаргасан. Гэвч 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/676 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлгээр хохирогч хэрхэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ