Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

­

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Р.Батнасан;

шүүгдэгч: Ж.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М холбогдох эрүүгийн 1709026020198 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,

-1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Ардын шүүхийн 19 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 109-б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, Төв аймгийн Эрдэнэсант сум дахь тусгай комендатурт хөдөлмөрт заавал татан оролцуулахаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 527 тоот магадлалаар эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоногийн хөдөлмөрт заавал татан оролцуулах ялаас тэнсэн суллагдсан,

 -1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 177 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 79 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 10 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 04 тоот шүүгчийн захирамжаар үлдсэн 6 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

-2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1-д заасныг журамлан  тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1596 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, УХ67121039 регистерийн дугаартай, Боржигон овогт Ж.М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.М нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 18 тоот хашааны урд байсан иргэн Б.Түвшинтулгын эзэмшлийн 38-73 УБҮ  улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул өөр байдлаар нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Түвшинтулга /хх-ийн 12-13/, гэрч Ө.Жаргал /хх-ийн 21-22/ нарын мэдүүлэг, Ж.Мөнхтөрийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-20, 28-30/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Ж.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, Ж.Мөнхтөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34, 37, 49-58, 64-76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.Мө нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 18 тоот хашааны урд байрлуулж тавьсан “Тоёота Приус 20” маркийн автомашины 2 ширхэг толийг нууцаар, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Түвшинтулгын /хх-ийн 12-13/: “...Би өөрийн эзэмшлийн 3873 УБҮ дугаартай “Тоёота Приус 20” маркийн машинаа 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн амьдардаг хашаа болох Сүхбаатар дүүргийн  9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 18 тоотын урд 17:55 цагт тавьсан. Тэгээд 19:00 цагийн үед гарч ирэхэд миний машины 2 толийг сууриар нь хугалаад аваад явчихсан байсан…” гэх мэдүүлгээр,

 

Ж.М-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-20, 28-30/: ”…Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр …гадаа нилээн харанхуй болчихсон байсан ба гудамжны үзүүрт хар өнгийн машин зогсож байхаар нь очоод 2 толийг нь гараараа татаж салгаад хулгайлчихсан юм…Замд тааралдсан хүнд 2 толийг зарсан…” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Ж.Мөнхтөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42/, “Тоёота Приус 20” маркийн автомашины баруун, зүүн талын  нийт 2 ширхэг толийг зах зээлийн аргаар 360.000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч автомашиныхаа 2 ширхэг толийг хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг  үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Ж.Мөнхтөр нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 18 тоот хашааны урд байрлуулж тавьсан “Тоёота Приус 20” маркийн 3873 УБҮ дугаартай автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Б.Түвшинтулгад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулж буй Ж.Мөнхтөрийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.М-ийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 360.000 төгрөгийг шүүгдэгч Ж.М-өөс гаргуулж хохирогч Б.Түвшинтулгад олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх 360.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.М энэ өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Ж.М-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Мөн  хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор шүүгдэгч Ж.М-д хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.М-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-өөс 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Түвшинтулгад олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчид учирсан 360.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 /нэг/ сарын хугацаанд нөхөн төлөх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгтээ 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мөнхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ