| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/05359/И |
| Дугаар | 191/ШШ2026/02030 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2026/02030
| 2026 02 04 | 191/ШШ2026/02030 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б холбогдох
Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг О.*******т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 0 байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч О.*******,
Гэрч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.******* би Ч.тай 2016 онд харилцан тохиролцож 0 байрлалтай газарт 4 ширхэг таунхаусыг барих ажлыг гүйцэтгэх, хариу төлбөрт Ч. нь тус газраас 300 м.кв газрыг О.******* надад шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Ч. нь уг тохиролцооны баталгаа болгож Баталгаа гаргах нь гарчигтай баримт үйлдэж 300 м.кв газрыг өгөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан. Тус газар нь Ч.ын өмчлөлийн ******* ******* ХХК нэр дээр Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалын хавсралт ******* дугаартай Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ бүхий 1.5 га газар олгогдсон байдаг. Гэтэл Ч. нь өнөөдрийг хүртэл 300 м.кв газар шилжүүлж өгөхгүй байгаа бөгоөд тус газрыг шилжүүлэх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 1-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасныг зөрчиж байгаа юм.
Иймд О.*******, Ч. нарын хооронд хийгдсэн Баталгаа гаргах нь хэлцэл нь хуульд заасны дагуу газар ашиглагчаас бусдад шилжих боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу хэлцлийн үнэ буюу 4 ширхэг таунхаусын барьсан төсөвт өртгийн үнийг нэхэмжилж байгаа болно. 0 байрлалтай газарт 4 ширхэг таунхаусыг барих ажлыг гүйцэтгэсэн төсөвт өртгийг мэргэшсэн төсөвчин Д.*******өөр гүйцэтгүүлж 259,456,857 төгрөгийг шаардаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна, 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй.
Иймд О.*******, Ч. нарын хооронд хийгдсэн Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 м2 газрыг овогтой *******т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 0 байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг Ч.аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ч., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч миний талийгаач аав болох Шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич Б. нь Цөмийн физик, нарны эрчим хүч, электрон-техникийн чиглэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд судалгаа, шинжилгээ хийж байхдаа Америкийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт болон Канад улсад нилээд өргөн хэрэглэгддэг дулаан алдагдал багатай, хүйтэн цаг агаарт тохиромжтой модон болон төмөр карказан амины орон сууцны нэг хувилбар болох Канад хаусыг Монгол Улсын хүйтэн сэрүүн цаг агаарын нөхцөлд нэн тохиромжтой гэж үзэн, тус амины орон сууцыг эхний ээлжинд туршилтаар хэдэн ширхэгийг Монгол Улсад оруулж ирж, амжилттай байвал цааш нь дулааны алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Үүний хүрээнд 4 ширхэг Канад хаусыг барих материалыг АНУ-аас 2014 онд тээвэрлэж Монгол Улсад оруулж ирсэн. Тодруулбал, хаусны их бие, яс мод, карказ, гадна талыг бүрэх зориулалтын OSВ хавтан, байшингийн дотор талын тавилганууд болон гал тогоо, угаалгын өрөөний ком тавилга, зориулалтын будаг, эмульс зэрэг нийт 226,000 гаруй ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 412,450,000 /1 ам.доллар 1825 төгрөг/ төгрөгийн үнэ бүхий материалуудыг оруулж ирсэн. Уг материалуудын НӨАТ болон гаалийн татваруудыг мөн нэмж төлсөн байдаг. Дээрх 4 ширхэг Канад хаусны материалыг оруулж ирсний дараагаар аав бид хэд өөрсдийн ашиглаж буй 0 байрлах газартаа барилгын ажлыг эхлүүлэн 2014 оны 9 дүгээр сард барилгын суурийг 40 гаруй сая төгрөгөөр хийж дуусгасан. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр барилгын засвар, угсралтын үйл ажиллагаа явуулдаг хувь бригадтай 64,800,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх 4 ширхэг канад хаусын ерөнхий карказ, гадна фасад, дээвэр, дулаалга, сантехник зэргийг хийлгэхээр тохирсон юм. Тус ажлын хүрээнд 4 хаусыг технологи, горимын дагуу барьсан байсан бөгөөд аав өвчний улмаас нас барсан, мөн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас барилгаа бүрэн гүйцэт барьж дуусгахгүйгээр ажлаа түр зогсоосон байсан. Барилгын ажил зогсох үед дээр гэрээнд дурдсан ажлын бараг 50 хувь нь хийгдсэн байсан бөгөөд дээрх гэрээний төлбөрөөс 30,600,000 төгрөгийг тухайн хувь бригадад ажлын хөлсөнд төлсөн. Энэ хугацаанд манай эхнэрийн төрсөн эгчийн охины нөхөр болох хүргэн О.******* нь манай гэрээр орж гардаг, барилгын үйл ажиллагаатай танилцдаг байсан бөгөөд ...хаус сонирхож байгаа найз нөхдүүд байна, тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад 4 ширхэг хаусыг чинь барьж дуусгаад худалдан борлуулж ашиг гаргаж авья, хамтраач... гэх зэргээр надад санал тавьсны дагуу хариуцагч миний дутуу барьсан барилгыг барьж дуусгах ажлын хөлс, дотор заслыг шинэчлэх нэмэлт зардал зэргийг нэхэмжпэгч нь гаргаж, үүний үндсэн дээр талууд уг хаусыг хамтран худалдан борлуулж, өөр өөрсдийн оруулсан хөрөнгө болон тодорхой хэмжээний ашгийг хувааж авахаар тохиролцож, хамтран ажилласан. Бидний тохиролцож хамтран ажилласан гол зорилго нь хариуцагч миний хөрөнгө болох дутуу барьсан барилгыг бэлэн байгаа материалуудаар гүйцээж барихад шаардагдах дутаад байсан ажлын хөлсийг гарган гүйцээн барьж ашиглалтад оруулах, үүний үндсэн дээр худалдан борлуулж талууд ашиг хүртэх л байсан. Түүнээс биш нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичээд байгаа шиг хариуцагч миний бие нэхэмжлэгчээр хаус бариулж, ажлын хөлс өгөх байсан биш юм. Уг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчин худал зүйлийг бичсэн нь харагдаж байна. Талуудын тохиролцооны дагуу барилгын ажил явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нь ...газар ашиглах эрхийн гэрчилгээ таны нэр дээр байгаа учраас та хаусны өмчлөх эрхийн гэрчилгээг надад мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр гаргуулан авч байшингаа бусдад зараад надад мөнгө өгөхгүй байж магадгүй тул та надад баталгаа гаргаж өгөх шаардлагатай байна... гэх шаардлагыг тавьж эхэлсэн учраас тухайн үед надад мөнгөн хөрөнгө болон бусад байдлаар барьцаа болгоод өгчих үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан тул нэхэмжлэгчийн шаардаад байсны дагуу түүний компани болох ХХК-ийн оффис дээр тухайн баталгаа гаргах нь нэртэй бичигт гарын үсгийг зурж өгсөн. Ингэхдээ газар ашиглах эрх эзэмшигчийн хувьд ашиглах эрхтэй газраа бусдад шилжүүлж өгөх нь хууль бус учраас талуудын тохиролцооны дагуу хаус худалдан борлуулж, зохих мөнгөө гаргаж авсны дараагаар уг баталгаа гэх бичгийг дуусгавар болгож устгана гэж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн шаардлагын дагуу уг баталгааг үйлдсэн. Нэхэмжлэгч О.******* нь барилгын ажил дуусмагц 4 хаусны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 12 сая төгрөгөөр гаргаж өгөөд баталгаа болгож надаас 2 байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хауснуудыг 2015 оны хавар буюу 4 дүгээр сард бүрэн барьж дуусгасан бөгөөд 4 ширхэг хаусын 3 ширхэгийг нэхэмжлэгч О.******* нь дангаар, үлдсэн 1 ширхэгийг хариуцагч би дангаар тус тус худалдан борлуулж, талууд оруулсан мөнгөө гаргаж авсан. Тодруулбал, нэхэмжлэгч О.******* нь өөрийн ХХК-ийн нэрээр иргэн Э.*******д 270,000,000 төгрөгөөр, иргэн Д.ад 280,000,000 төгрөгөөр, иргэн Ч.ид 250,000,000 төгрөгөөр хауснуудыг тус тус худалдан борлуулж, гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь Д.ын гэрээнээс надад 134,500,000 төгрөгийг өгч өөрөө 145,500,000 төгрөгийг авсан, Ч.ийн гэрээнээс надад 80,000,000 төгрөгийг авч, өөрөө 170,000,000 төгрөгийг авсан, Э.*******ын гэрээний төлбөрөөс надад зохих хэсгийг өгч, өөрөө үлдэх хэсгийг тус тус авсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.******* бэлэн болсон барилгын 3-г нь өөрөө дангаар 800,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан буюу нэг ёсондоо санхүүгийн бүрэн эрх мэдэлтэй байсныхаа хүрээнд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу гаруулсан хувь хэмжээгээр тооцож нэхэмжлэгч нь өөрийн авах ёстой мөнгийг бүрэн эргүүлэн авч, надад оногдох мөнгийг өгсөн болно. Тэр үед бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан, зөрүү ойлголт гарч байгаагүй салсан юм. Миний хувьд энэ төслийн үр дүнд ашиг олохоосоо илүү өөрийн оруулсан хөрөнгийг л олж авсан гэж үздэг. Тийм ч учраас цаашид энэхүү ажлыг зогсоосон болно. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зорилго бүрэн биелж талууд өөрсдийн оруулсан мөнгөнүүдээ гаргаж авснаар хамтран ажиллах гэрээ бүрэн биелж дууссан. Мөн гэрээг байгуулсны дараагаар тодорхой болзолтойгоор гарын үсэг зурсан баталгаа гаргах нь нэртэй хэлцлийг ч талууд устгаж дуусгавар болсон байдаг. Гэтэл гэрээ хэрэгжээд талууд мөнгөө гаргаж аваад даруй 10 гаруй жилийн хугацаа өнгөрсний дараагаар гэнэт шүүхэд хандаж, үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байгааг миний бие гайхаж байна. Нэхэмжпэгчийн яриад байгаа шиг ажил гүйцэтгэсэн ажлын хөлс, уг гэрээний харилцаа байсан бол хариуцагч миний бие хаусаа өөрөө худалдан борлуулаад гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь нэхэмжлэгчид төлөх байсан. Үгүй юм гэхэд нэхэмжлэгч нь миний хауснаас 3 ширхэгийг 800,000,000 төгрөгөөр зарчихаад өөрийн дансаар тухайн мөнгөнүүдээ авах үедээ ажил гүйцэтгэсэн хөлсөө бүгдийг нь тооцоод гаргаад авчих байсан. Бид хамтран ажиллахаар тохиролцсон учраас л гэрээний дагуу 4 ширхэг хаусны тал буюу 2 хаусны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гарган өгч, үүний дагуу нэхэмжпэгч нь 3 ширхэг хаусыг худалдан борлуулж өөрийн оруулсан мөнгө болон ашгаа тооцон авч, надад ногдох хэсгийг өгсөн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасны дагуу нэг талаас хариуцагч миний бие дутуу барьсан байсан хаусаар, нөгөө талаас нэхэмжпэгч нь барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах ажлын хөлсөөр хураамжийг оруулж, үүний үндсэн дээр талууд хаусыг бүрэн барьж дуусган худалдан борлуулж, өөр өөрсдийн оруулсан хөрөнгө болон тодорхой хэмжээний ашиг гаргаж авахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр хаусыг барьж дуусгасан, барьж дуусгасан ажлын хөлсийг хариуцагч намайг төлөх байсан мэтээр ор үндэслэлгүй, худал нэхэмжлэл гаргажээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх заалтыг үндэслэл болгож 259,456,857 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Дээрх хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэгтэй, уг гэрээний үүргээ талууд биелүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийнхээ хүрээнд хариуцагч надтай хамтран барьсан хаусыг бусдад худалдан борлуулж оруулсан мөнгө болон тодорхой хэмжээний ашгийг гаргуулж авсан байтал даруй 10 жилийн дараа буюу 2025 оны ханшаар тооцож төсөвчнөөр төсөв гаргуулан авч, үндэслэлгүй мөнгөн дүнг хаус барьж гүйцэтгэсэн зардал гэх байдлаар хөрөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, бидний хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээний үр дүн гарчихсан байхад намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мөнгө гаргуулахаар буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-4,5/, Баталгаа гаргах нь баримт /1хх-6/, байшингийн гэрэл зураг /1хх-7-10/, 2025 оны Улаанбаатар хот 0 баригдаж байгаа иргэн О.*******ын 4 айлын таун хаусын барилгын ажлын төсөв /1хх-11-29/, Монгол Улсын Байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ болон хавсралт хуулбар хувь /1хх-30,31/, Барилгажих талбайн схем зураг /1хх-32/-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн хариу тайлбар /1хх-40-42/, Бэлэн мөнгөний зарлагын баримтууд /1хх-57-61/, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-62-64/, 2015 оны Хувийн орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ /1хх-65-67/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Амины сууц захилгын гэрээ /1хх-68-70/, Хувийн орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний нэмэлт хавсралт /1хх-71/, Англи хэл дээрх баримтууд хуулбар хувь /1хх-72-84/, Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулга орчуулгын баримтууд /1хх-85-88/, Ч.ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-91,92/, хариуцагчийн итгэмжлэл /1хх-158,159/, П.ы Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-163-169/, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлүүд /1хх-209-211/, 000406956 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-212/-г тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10-3/1133 дугаартай албан бичгээр , , , дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаануудыг ирүүлсэн /1хх-107-115/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9/11234 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн /1хх-135-137/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/11342 дугаартай албан бичиг /1хх-141/, Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1257 дугаартай албан бичиг /1хх-157, 2хх-2/, Хаан банкны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29/14903 дугаартай албан бичгээр О.*******ын тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн /1хх-188-204/, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Б.аас авсан мэдүүлэг /1хх-225-233/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/6475 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/393 дугаартай Талбайн хэмжээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зураг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаал, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаартай албан бичиг, иргэн Ч.ын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өртсөн талбайн зураг, Байгаль орчны сайдын 2002 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаартай Гэрчилгээний загварт өөрчлөлт оруулах тухай тушаал, 16-05446 бүртгэлийн дугаартай шууд шилжүүлсэн бичиг, ******* ******* ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг, тус компанийн гэрчилгээ, Ч.ын гаргасан хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 244 дугаартай албан бичиг, тус захиргааны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 235 тоот албан бичгийн хавсралт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, соёл, амралт, аялалт жуулчлалын цогцолбор байгуулах 3га төслийн гарчиг болон хүснэгтийн жагсаалт, 2016/210 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, Улаанбаатар хотын банкны 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн баримтуудыг ирүүлсэн /2хх-13-28/, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрч Э.*******аас авсан мэдүүлэг /2хх-49/-ийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг О.*******т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Залаатын аманд байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. О.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн Баталгаа гаргах нь хэлцэл нь хуульд заасны дагуу газар ашиглагчаас бусдад шилжих боломжгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56.5, 56.6-д зааснаар хэлцлийн үнэ болох 4 ширхэг таунхаусын барьсан төсөвт өртгийн үнэ 259,456,857 төгрөгийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т заасны дагуу шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Ч. нь бидний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг хамтран ажилласан гол зорилго нь хариуцагч миний хөрөнгө болох дутуу барьсан барилгыг бэлэн байгаа материалуудаар гүйцээж барихад шаардагдах дутаад байсан ажлын хөлсийг гарган гүйцээн барьж ашиглалтад оруулах, үүний үндсэн дээр худалдан борлуулж талууд ашиг хүртэх л байсан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасны дагуу гаруулсан хувь хэмжээгээр тооцож нэхэмжлэгч нь өөрийн авах ёстой мөнгийг бүрэн эргүүлэн авч, надад оногдох мөнгийг өгсөн, тэр үед бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан, зөрүү ойлголт гарч байгаагүй салсан, миний хувьд энэ төслийн үр дүнд ашиг олохоосоо илүү өөрийн оруулсан хөрөнгийг л олж авсан гэж үздэг, тодруулбал, бидний хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээний үр дүн гарчихсан байхад намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мөнгө гаргуулахаар буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Хариуцагч Ч. нь өөрийн аав Б.гийн хамт АНУ-аас 2014 онд 4 ширхэг канад хаусны материалыг Монгол Улсад тээвэрлэн авчирч, өөрсдийн ашиглах эрхтэй 0 байрлах газарт барилгын ажлыг эхлүүлсэн, барилгын ажлын явцад Б. нь нас барж, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас барилгыг бүрэн дуусгахгүйгээр 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байхад нь зогсоосон, 2016 онд нэхэмжлэгч О.******* нь дутуу барилгыг барьж дуусгах ажлын хөлс, дотор заслыг шинэчлэх нэмэлт зардал зэргийг гаргаж, хаусуудыг барьж дууссаны дараа хамтран худалдан борлуулж, өөр өөрсдийн оруулсан хөрөнгө болон тодорхой хэмжээний ашгийг хуваан авахаар зохигч харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.ын ...2016 онд н. гуай нас бараад барилгын ажил зогсонги байдалд явж байсан чинь О.*******, Ч. нар уулзаад О.******* мөнгө гаргаад барилгын ажлыг гүйцээгээд дараа нь тооцоогоо хийе гэж тохирсон байсан. Тохирсон гэж би сонссон. ... Тэгээд н. захиралтай компаниар суурьтай пасадтайгаа 40-50 хувь гэж бодож байна ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.******* нь 4 ширхэг хаусыг барьж дуусгасаны дараа хауснуудын өмчлөгчөөр 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Ч. нь анх удаа улсын бүртгэлд бүртгэгдэж байсан болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаануудаар /1хх-107-115/ тогтоогдож байна.
3б. Хариуцагч Ч. нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10/14-1, 10/14-2, 10/14-4 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдах зэрэг эрхийг Т.д олгосон ба, Т. нь нэхэмжлэгч О.*******ын хамаарал бүхий компани болох ХХК-д ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-209-212/
3в. - ХХК-ийн захирал О.******* нь 2015 онд Хувийн сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г Э.*******тай байгуулж, 10/14-4 тоот сууц болон 2 машин багтах гаражийн хамт 270,000,000 төгрөгөөр,
- ХХК-ийн захирал О.******* болон Ч. нар нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Амины сууц захиалгын гэрээ-г Д.тай байгуулж, 280,000,000 төгрөгөөр,
- мөн Ч.той Хувийн орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний нэмэлт хавсралт-ыг байгуулж, О.*******ын барилга барихтай холбогдон гарсан зээлийн төлбөрт 170,000,000 төгрөгийг захиалагч Ч. нь гүйцэтгэгч О.*******т төлөх ба 80,000,000 төгрөгийг Ч.т төлөхөөр, 80,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард 40,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 40,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч О.******* нь Хаан банкинд тоот дансыг эзэмшдэг байх бөгөөд тэрээр хариуцагч Ч.ын Хаан банкны тоот дансанд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг Хаусны төлбөрийн урьд *******аас гэсэн утгаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 134,500,000 төгрөгийг Хаусны төлбөр гэсэн утгаар тус тус шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. /1хх-91/
0 тоот хаягт байрлах, 135 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч. нь өөрөө худалдан борлуулсан байна.
3г. Одоо 0 тоот хаягт байрлах, 135 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.,
0 тоот хаягт байрлах, 135 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.Дамдинсүрэн,
0 тоот хаягт байрлах, 135 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Л.Амараа, Г.Мөнхцэцэг нар,
0 тоот хаягт байрлах, 135 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц. болох нь , , , дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зааснаар Ч.ын барьж байсан 50 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан 4 ширхэг хаусыг О.******* нь өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн барьж дуусгахаар, ийнхүү барьж дуусгасны дараа хамтдаа худалдан борлуулж, талууд өөрийн оруулсан хөрөнгө, мөнгийг гаргаж авахаар амаар харилцан тохиролцож, тодорхой төлбөрүүдийг нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлж байсан нь зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч талын хэд хэдэн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5. Хариуцагч Ч. /Ч./ нь Баталгаа гаргах нь гэх баримтыг үйлдсэн бөгөөд уг баталгааны агуулга нь 0 байрлалтай газарт овогтой ******* нь өөрийн хөрөнгөөр 4 ширхэг хаус барьж түүний ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг О.*******т шилжүүлэн өгөхөө үүгээр баталж байна гэжээ.
5а. Дээрх баталгааны агуулгаас үзвэл хэзээ үйлдэгдсэн эсэх, хаана байрлалтай ямар газрыг өгөх буюу Дүнжингаравын гудамжны аль хэсэгт байрлах газар эсэхийг тодорхой тусгаагүй, мөн уг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт байршилтай газар эсэх нь ч тодорхойгүй, үүнээс үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага нь ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан зохицуулалтад шууд хамаарахгүй байна.
Тодруулбал, хариуцагч Ч. тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ашиглах зориулалттай газрыг нэхэмжлэгч О.*******т шилжүүлэхээр тохирсон гэж үзэхээргүй байх тул энэхүү хуулийн үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Ч. нь 0 тусгай хамгаалалттай газар нутгийн 0 нэртэй 3,0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашигладаг болох нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/210 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож /2хх-27/ байх бөгөөд уг газрыг, эсхүл хэсэгчилэн О.*******т шилжүүлэхээр тохиролцсон эсэх нь тодорхойгүй, хэрвээ шилжүүлэхээр тохирсон тохиолдолд дээр дурдсанчилан хуулийн дагуу хориглох заалтад хамаарахаар байна.
5б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна, 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж зааснаар хариуцагч Ч.ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл дээр дурдсан үйл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд буцаан шаардах шаардлагад хамаархгүй байна.
6. Нэхэмжлэгч нь 0 байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Улаанбаатар хот 0 баригдаж байгаа иргэн О.*******ын 4 айлын таун хаусны барилгын ажлын төсөв-ийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг баримтын агуулгаас үзвэл 2025 онд баригдаж байгаа 4 ширхэг таун хаусын барилгын ажлын төсөв гэж үзэхээр, харин 2016 онд баригдаж дууссан 4 ширхэг таун хаусын ажлын төсөв гэж үзэхээргүй байна.
6а. Дээрх төсвийн Тайлбар бичиг-ээс үзвэл 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эстиматор программын 2021 оны цалингийн зардлын өөрчлөлтөөр ажиллах хүчний зардлыг тооцсон, материалын үнийг Барилгын материалын үнийн мэдээлэл 2023-10 сар №06/423/ болон материалын тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар тооцсон, тээврийн зардлыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцсон зэргээр 2016 онд 4 ширхэг таун хаус баригдаж дууссан байхад уг хугацаанаас хойш батлагдсан дүрэм, журмыг баримталсан нь учир дутагдалтай, нөгөөтэйгүүр уг төсвийг зохиохдоо анхан шатны ямар санхүүгийн баримтад үндэслэн гаргасан нь ч тодорхой бус байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,526,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч тал гэрч Э.*******аас нотлох баримт гаргуулах, хариуцагч тал гэрчээр П.ыг оролцуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.т холбогдуулан гаргасан Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг О.*******т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 0 байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,526,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ