Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

 

2026 оны  01 сарын   23                                                2026/ДШМ/05                       

 

Б.Ц-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                                 Прокурор Ц.Эрдэнэбат  

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг /цахимаар/

      Шүүгдэгч Б.Ц

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Б.Ц-д  холбогдох эрүүгийн 2526000000213 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШТ/124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б.Ц,

Б.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ...  ӨВР улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Баярсайханы Цэвээнхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил, 03 /гурав/ сар, 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жил, 03 /гурав/ сар, 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц-д  оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д  оногдуулсан 05 /таван/ жил, 03 /гурав/ сар, 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд обьектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдгаараа бусад гэмт хэргээс ялгаатай. Б.Цэвээнхүүгийн хувьд гэмт хэргээс учирсан гэм хор, хохирол төлбөр, хор уршиг учраагүй, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй.  Б.Ц нь 2 бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг. Иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдийг нь ээжийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн ч хүүхдүүд нь ээж дээрээ байдаггүй аав Б.Цэвээнхүүгийн асрамжид байдаг, хамт амьдарч, сургуульд суралцдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлэн  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Б.Ц нь бага насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, түүний эхнэр нь 2 хүүхдийнхээ хүүхдийн мөнгийг нь авдаг. Шүүгдэгч Б.Ц нь өмнө нь ажиллаж байсан ажлаасаа гарч өндөр цалинтай ажилд орох гэж байгаагаа гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хорих ялаас өөр хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Ц-г бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн хувийн байдлын талаар гомдолдоо дурдсан байсан. Гэтэл энэ байдал хэрэгт тогтоогддоггүй. Шүүгдэгч Б.Ц-гийн хувийн байдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 3 дахь удаагаа ял шийтгүүлж, нийт 4-н удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Шүүгдэгч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож торгох шийтгэл, мөн дахин энэ төрлийн зөрчлийг үйлдэж зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан. Анх шүүгдэгч Б.Ц нь ажил эрхэлдэг байсан. Харин 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан байсан. Өвөрхангай аймгийн А сумын багийн Засаг даргын тодорхойлолтоор ам бүл 1 гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан. Шүүгдэгч Б.Ц нь гэрлэлтээ цуцлуулсан. Шүүгдэгч Б.Ц нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэл оногдуулсан байхад өөртөө дүгнэлт хийхгүй байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ... ӨВР улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А сумын 5 дугаар багт Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Б.Ц нь ... ӨВР улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Драгер багажаар үлээлгэн шалгахад 2.44% согтолттой гарсан. Б.Ц ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/, согтуурлыг багажаар шалгасан “...Б.Ц нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 96-17 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнд оролцож байсан. Согтуурал хэмжих багажаар шалгахад 2.44% тоон үзүүлэлт гарсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоол /хх 46-55 хуудас/, драгер багажаар согтуурлыг шалгасан баримт /хх 5 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгээс ... Гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь 2 бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...гэх гомдлыг гаргасан боловч хавтас хэрэгт авагдсан Засаг даргын тодорхойлолт болон давж заалдах шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нь ганцаараа амьдардаг болох нь нотлогдсон, мөн Б.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                            ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ