| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10030/И |
| Дугаар | 192/ШШ2026/01329 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01329
2026 01 29 192/ШШ2026/01329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байранд байрлах, Г ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Г.Б /РД:**2/,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Ж.Ц /РД:**/,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, С.Э /РД:**/ нарт холбогдох,
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.М, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цо, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г болон Г.Б, Ж.Ц нарын хооронд байгуулсан ЗТТБХШГ-1 дүгээр бүхий Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г болон Ж.Ц, С.Э нарын хооронд байгуулсан ЗТТБХШГ-2 дугаар бүхий Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээгээр тус тус доорх хөрөнгүүдийг харилцан тохиролцож Г-ны нэр рүү хөрөнгө шилжүүлсэн.
Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 39.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 26 өдрөөс хууль ёсны өмчлөгчөөр баталж, Голомт банканд гэрчилгээг олгосон. Дээрх хөрөнгө банкны өмчлөлд шилжиж ирсэн өдрөөс хойш харилцагч гэрээний дагуу төлбөртөө 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 000 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 700 000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөр барагдуулах гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд удаа дараа харилцагчид утсаар төлбөр төлөхийг шаардсан боловч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээний дагуу төлбөрийг төлөх тухай албан мэдэгдэл болон уулзалтын тэмдэглэл хүргүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин гэрээний дагуу төлбөрийг төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Ц болон С.Э нартай биечлэн уулзсан бөгөөд харилцагчийн зүгээс хугацаа сунгах тухай хүсэлт ирүүлсэн. Гэрээний дагуу банк харилцагчид 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаатай харилцан тохиролцсон байсан хэдий ч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, Г ХХК-ийн өмчлөлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Б, Ж.Ц, С.Э нарын хууль эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ хийхдээ банктай ярилцаад банк энэ 3 үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлээд авъя, та буцааж худалдаж авах нөхцөлтэй зээлээ төлөөд яв гэсэн тохиролцоотой байсан. Түүнээс барьцаа хөрөнгийг маань хураана гэж тохиролцоогүй. Тухайн үед энэ байрыг үнэлээд зарчихъя гэсэн саналыг Хан-Уул дүүргийн байран дээр ажилдаг хүнд хэлсэн. Ингээд 216,700,000 төгрөгийг 2024 онд төлөөд тэр байрныхаа гэрчилгээг гаргуулж авъя гээд хэлсэн. Уг нь цаасан дээр бичиж аваад энэ байрыг чинь даргатай ярьж байгаад шилжүүлээд өгнө, та энэ байраа зарах юм уу? нөгөө 216,000,000 төгрөгөө нэг байраа дахиад авчих уу? гэхээр нь тэгье гэсэн. Ингээд мөнгөө төлчхөөд байраа хуучин нэр дээрээ шилжүүлээд авчихъя гэсэн чинь байрыг чинь суллаж өгөх боломжгүй, нөгөө хоёр байрыг чөлөөлөхгүй бол шилжүүлж өгөх боломжгүй гэж амаар хэлсэн гэв.
3. Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдаж байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй. Зээл болон барьцааны гэрээний дагуу зээлээ төлмөөр байна. Гол их хэмжээний мөнгө учраас нэг дор нь бүгдийг нь төлөх боломжгүй байна гэдэг саналыг хэлээд байгаа юм. Гэтэл банк өнөөдөр өөрөө зээл, барьцааны гэрээ байгуулаад барьцааныхаа гэрээний дагуу хэрвээ зээлдэгч зээлээ төлөхгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарчимтай. Тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгөд харилцагчид өөрсдөө амьдарч, оршин суудаг. Гэтэл тухайн 3 үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь үнэлгээ өндөр байна. Гэтэл банк энийг бүхэлд нь өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авна гэдэг нь хууль харшилж байгаа хэлцэл байна гэж үзэж байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаар 3 үл хөдлөхийг хөрөнгөгүй чөлөөлүүлэх үндэслэлгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт нь өөрөө худалдагч нь биет байдлын эрхийн зөрчилгүй, хөрөнгийг шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг гэрээ. Гэтэл бодит байдал дээр банк нэр шилжүүлэх зорилгоор худалдах, худалдан авах гэрээг хийсэн байна гэж харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл байна гэж үзэж байгаа. Тийм учраас анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу анхны зорилго худалдах, худалдан авах гэрээ байгаагүй. Гэтэл худалдах, худалдан авах гэрээгээ шинээр шилжүүлж аваад өөрийн өмч хөрөнгө мэтээр бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлнө гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, Ү-** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эрх олгох тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэоийн гэрчилгээний хуулбар, Г-ны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/0008 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Г-ны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18/0029 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ж.Ц, С.Э нарын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Г-д гаргасан хүсэлт, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗТТБХШГ-1 дугаар Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗТТБХШГ-2 дугаар Зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ** тоот зээлийн гэрээ болон хүүгийн тооцоолол, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ** тоот зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/КР/20190115-01 тоот кредит картын гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/КР/201180330-08 тоот кредит картын гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ/999736127 тоот кредит картын гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ/КР/20181004-01 тоот кредит картын гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/КР/20170410-1 тоот кредит картын гэрээ, ЗБ1715125794-2, ЗБ1715125794-4, ЗБ/КР/20170410-01 тоот Барьцааны гэрээнүүд болон хүүгийн тооцоолол зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, хариу тайлбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.Б, Ж.Ц, С.Э нарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч “...Г-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Банк санал болгосны дагуу худалдах худалдан авах гэрээ хийхдээ банктай ярилцаад банк энэ 3 үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлээд авъя, та буцааж худалдаж авах нөхцөлтэй зээлээ төлөөд яв гэсэн тохиролцоотой байсан. Түүнээс барьцаа хөрөнгийг маань хураана гэж тохиролцоогүй. Зээлийн төлбөрөөс 116 700 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлбөрөө ч төлнө...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч Г.Б, Ж.Ц нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Г ХК-тай ЗГ1715121697 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 500 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохирсон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулжээ. /хх-38-43 тал/
4.2. Мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Ц, нэхэмжлэгч Г ХК нарын хооронд байгуулагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗБ/КР/20170410-01 дугаар ипотекийн гэрээг байгуулсан байна. /хх-52-54/
4.3. Улмаар Г ХК болон Г.Б, Ж.Ц нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт тооцож барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр төлөгч Г.Б, Ж.Ц нар нийт зээлийн 525 642 709 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлэх,
Мөн өдрийн төлбөр төлөгч А ХХК, Г.Б, С.Э, Ж.Ц нараас ЗГ1715125794, ЗГ/КР/20190115-01, ЗГ/КР/201180330-08, ЗГ/999736127, ЗГ/КР/20181004-01, ЗГ/КР/20170410-1 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг 449 634 739 төгрөгийн тооцон маргааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Голомт банк ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохирсон байна.
4.4. Дээрх өмчлөлд шилжүүлэх гэрээг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г ХК улсын бүртгэлд бүртгэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна.
4.5. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заасан. Өөрөөр хэлбэр барьцааны зүйлээр бус барьцааны зүйлийн үнээс шаардлага хангагдах үндсэн зарчим тусгагдсан.
4.6. Барьцааны зүйл үл хөдлөх хөрөнгө учраас хуулийн тусгай зохицуулалт үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
4.7. Гэвч нэхэмжлэгч Г ХК нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
4.8. Иймд нэхэмжлэгч Г ХК-ийн өмчлөх эрх хууль ёсны дагуу үүсээгүй байх тул хариуцагч нарын эсрэг өмлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
4.9. Тайлбарлавал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн, өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
5. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч Г ХК-ийн өмчлөх эрх хууль ёсны дагуу үүсээгүй, хариуцагч нарын эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Энэхүү шийдвэр нь зээл болон барьцааны гэрээний үүргээ шаардахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн хариуцагч Г.Б, Ж.Ц, С.Э нарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 202 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 83.07 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ