Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ (томилолтоор);

шүүгдэгч: Д.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлдодовын Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 1809019150344 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, ЦД86041116 регистерийн дугаартай, Хаад боржигин овогт Д.А

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.А нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжны 103/А тоотод байрлах Б.Мөнхтэмүүлэнгийн Монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч зурагт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул өөр байдлаар нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхтэмүүлэн /хх-ийн 15-18/, гэрч Б.Намнандорж /хх-ийн 22-24/ нарын мэдүүлэг, Д.Аын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21, 43-45/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/, Д.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-58, 66-67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжны 103/А тоотод амьдардаг Б.Мөнхтэмүүлэнгийн гэрт хүн байхгүй, эзэнгүй байгааг нь далимдуулан нууцаар нэвтэрч “SHARP” маркийн 42 инчийн телевизорыг нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Мөнхтэмүүлэнгийн/хх-ийн 15-18/: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 7 цаг өнгөрч байхад ажилдаа явсан…Орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдэлчихсэн, хаалга нь хаалттай байсан. Ороод харахад манай зурагт байхгүй байсан…Манай гэрээч 42 инчийн “Шарп” маркийн зурагт алга болсон байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Намнандоржийн /хх-ийн 22-24/: “…11 цагийн үед өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй, “Тоёота Приус 10” маркийн 2345 УНЕ дугаартай машинтайгаа “32”-ын тойргоос урагшаа шинэ замаар явж байтал замын баруун талд 30 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь “хаа явах вэ” гэж асуухад “”Хар Хорин” зах явна, гэрээр ороод юм аваадахъя” гээд суусан. Тэгээд шинэ замын ертөнцийн зүгээр баруун тийш нэг гудамжаар ороод 300 орчим метр яваад зогссон. Тэр залуу буугаад явсан…нэг боодолтой зүйл барьж ирээд арын хаалга онгойлгоод суудал дээр тавьсан. Эргээд харахад зурагт байсан. Гэтэл цагдаагийн эргүүлийн машин араас ирээд барьж авсан…” гэх мэдүүлгээр,

 

Д.А-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19-21, 43-45/: ”…Замд тал хашаатай айл байсан, тэр айлын хашаагаар нэвт гаръя гэж бодоод тэр айлын хашаа руу орсон…Гэрийн хаалгыг хар өнгийн зүүдэг цоожоор цоожилсон байсан. Тэр айлыг хүнгүй юм байна гэж бодоод гэрийнх нь хажууд байсан жижиг төмрөөр хаалганых нь цоожийг хөшиж онгойлгосон. Ороод гэрийнх нь хойморт хананд суурилуулж бэхэлсэн байсан зурагтыг нь мулт татаж аваад…гарсан…Тухайн үед ахын утсыг ломбарднаас яаж авч өгөх вэ гэж бодож байсан болохоор тэр айлаас хулгай хийх санаа төрсөн…Гэрээс нь гараад зурагтыг нь хашааны гадна талд тавьчихаад зам руу гарч саарал өнгийн “Тоёота Приус 11” маркийн машиныг гар өргөж зогсоогоод зурагт байгаа газар очоод зурагтаа арын суудал дээр нь тавих гэж байхад цагдаагийн машин ирээд намайг бариад авч явсан…” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, “SHARP” загварын телевизорыг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 168.000 төгрөгөөр үнэлсэн “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, хулгайлсан эд зүйлээ автомашинаар зөөвөрлөх гэж байсан, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжны 103/А тоотод амьдардаг Б.Мөнхтэмүүлэнгийн Монгол гэрийн цоожийг төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч, гэрээс нь “SHARP” маркийн 42 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү айлын гэрийн цоожийг төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Д.А-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн тул түүний учруулсан хохирлоос үл хамааран хэрэг зүйлчлэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч Б.Мөнхтэмүүлэн хулгайд алдсан телевизороо биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хавтаст хэргийн 10, 18, 69 дүгээр талд тус тус авагдсан байх тул шүүгдэгч Д.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүгдэгчид хорих ял оногуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хаад боржигин овогт Д.А-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.А урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ