Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 195

 

М.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад 

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   М.Батсуурь,    

Шүүгчид:                                  Б.Мөнхтуяа,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0067 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0067 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.15, 16.5, 16.5.1, 16.5.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх М.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 203 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжийн 4 үндэслэл буюу зөрчлийн хоёрыг нь үгүйсгэж, харин хоёрыг нь үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Нэг: 2 зөрчлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан “бие даасан захиргааны акт” бөгөөд уг актыг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Засаг дарга өөрөө хууль бус гэж үзэн хүчингүй болгоогүй /ЗЕХ-ийн 48 дугаар зүйл/, мөн уг актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэгчийг хуульд нийцээгүй зөвлөгөө өгсөн гэж буруутгах үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9.3 дахь заалтыг үндэслэн зөвлөгөө, мэдээллээр хангасан.

5. ...Зөрчилтэй гээд байгаа А/274 дүгээр захирамж нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гарсан байхад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буюу 24 сар 14 өдрийн дараа Б/92 дугаар захирамж гарч сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай илт зөрчилдөж байна. Давж заалдах шатны шүүх “...төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэгдээгүй байсан болохыг мэдэх боломжгүй тул хариуцагчийн албаны шалгалтаар тус сахилгын зөрчил илэрсэн гэж тайлбарласныг буруутгах боломжгүй” гэж зөвтгөж хуулиас давсан эсрэг тайлбар хийж, тус хуулийн 48.4 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хариуцагч албаны шалгалтаар илэрсэн гэж амаар тайлбарладаг хэдий ч хэзээ хэрхэн албаны шалгалт хийсэн талаар баримт хэрэгт огт авагдаагүй байна. Уг захирамж гарснаас хойш М.О-ыг халах хүртэл 734 хоног өнгөрсөн байгаа юм.

6. ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/880 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тушаалаар батлагдсан “Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, гүйцэтгэлийг тооцох журам”-ын 2.2 ба 2.4 зүйлд заасны дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах ажилд шаардагдах тоног, төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг уг захирамжийг хэрэгжүүлэх байгууллага буюу Нийслэлийн Замын цагдаагийн газар, замын хөдөлгөөн зохион байгуулах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг хэрэгжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг “Улаанбаатар зам засвар, газар ОНӨААТҮГ -т” тус тус даалгаж үүрэг болгосон. Эндээс үзэхэд, Нийслэлийн Засаг даргаас нээлттэй тендер зарлахгүйгээр “шууд гэрээ байгуулах”-аар үүрэг болгосон байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлэснийг буюу А/880 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг “Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”, “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, гүйцэтгэлийг тооцох журам” гэсэн нарийвчилсан зохицуулалт бүхий хэм хэмжээг хэрэглэснийг буруутгаагүй. Гагцхүү хариуцагчийн нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй хууль зөрчсөн. Энэ захирамжийг гаргахад нэхэмжлэгч мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаагүй гэдэг тайлбарыг зөвтгөж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.2 ба 8.2-т зааснаар “10 сая төгрөгөөс дээш бол тендер шалгаруулалт зохион байгуулах” гэснийг зөрчсөн хэмээн буруутгасан байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй өөр хууль хэрэглэсэн хэмээн үзэж байна. Маргаж буй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2 “тендер шалгаруулалтын онцгой журам”-ыг хэрэглэсэн байх бөгөөд уг хуулийн 34.1.5 “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхээр зохицуулжээ. “Онцгой нөхцөл байдал” гэдгийг Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.1.2, Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, гүйцэтгэлийг тооцох журмын 2.2, 2.4-т нарийвчлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан төсөвт тусгах боломжгүй онцгой арга хэмжээг ойлгоно. Журамд заасан тухайлбал гал гарсан, химийн хорт бодис алдагдсан, боловсруулсан түлшнээс иргэд хордсон ... гэх мэт тохиолдолд 10 саяын босго тавиад нээлттэй тендер зарлах боломжгүй гэдэг нь хэнд ч илэрхий байна.

9. Нийслэлийн Засаг дарга А/880 дугаар захирамжийг Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 3.2-д заасны дагуу “Нийслэлийн замын хөдөлгөөний онцгой комисс”-ын дүгнэлт санал гаргасныг үндэслэн яаралтай хэрэгжүүлэх хэмээн зааж гаргасан байдаг. Улаанбаатар хотын замын түгжрэл, тээврийн хэрэгслийн осол гэмтэл нь “онцгой яаралтай” тулгамдсан асуудалд хамаарах эсэх талаар хэн ч маргаагүй, анхан болон давах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт Нийслэлийн Засаг дарга ийнхүү захирамж гаргасан бол тэрхүү захирамжийг өөрчлөх хүчингүй болгох эрх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээнд байхгүй. Харин М.О нь Нийслэлийн Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар Нийслэлийн Засаг даргад хуульд нийцсэн мэдээлэл, зөвлөгөөг өгсөн ба эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга өөрөө гаргадаг болно.

10. Нийслэлийн Засаг дарга нь Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тушаалын дагуу Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг үндэслэн захирамж гаргасан. Уг журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр тогтоолд үндэслэн гарсан ба уг тогтоолын хавсралтаар “Нийслэл дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журмыг баталсан. Журмын 2.2-т Үйлдвэрлэлийн осол, хохирлыг арилгах, 2.4-т ...засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн тулгамдсан зарим үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжүүлнэ гэж заасан.

11. ...Маргаан бүхий захирамжийн хувьд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд комиссын хуралдааныг үндэслэн хийгдсэн худалдан авах ажиллагаа байх тул онцгой арга хэмжээ гэж үзэхээр байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслэсэн нь тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт болох Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тушаалын дагуу Засаг дарга нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёстой эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, одоо ч гэсэн Нийслэлийн Засаг дарга нь энэхүү журмыг хэрэглэн энэхүү маргаантай адилхан ажлуудыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж шууд гэрээ байгуулах эрх олгон шийдвэрлэсээр байгаа...

12. Иймд, Нийслэлийн Засаг дарга А/880 захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2 болон 34.1.5 заалтууд болон холбогдох журмыг үндэслэн “шууд гэрээ байгуулах” шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд энэхүү хууль хэрэглээний асуудлаар буруу зөвлөгөө өгч Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” заалтыг зөрчсөн, тэгснээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь хууль бус байна.

13. Хоёр: Төрийн албаны хуулийн 37.1.132, 39.1.23, 37.1.14, 37.1.25, 37.1.66 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. 1/Хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбараараа “...Үндэсний аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 682 дугаартай Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан, ...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар ...төсвийг үр ашиггүй зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан... Энэ үндэслэлээр ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн биелэлтийг хангаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгадаг боловч нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч “...албан тушаалын чиг үүргийн хүрээнд тухайн жилийн хугацаанд бүрэн дүүрэн хэрэгжүүлж байсныг үр дүнгийн гэрээгээр үнэлж тогтоодог ба үр дүнгийн гэрээгээр хангалттай гэж дүгнэсэн” талаар тайлбар өгсөн бөгөөд үүнийг анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болохгүй хууль бус гэх агуулгаар дүгнэсэн. Үүнд хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байхад магадлалд Төрийн албаны тухай хуулийн 37.1.13 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

14. 2/Хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбараараа “...нэр бүхий иргэдийг ажилд томилсон тушаал гаргасан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, ...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Цээб” ХХК-ийн баригдаж байгаа барилгаас өөрийн туслахын нэр дээр хоёр гэрээ байгуулсан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгадаг боловч анхан шатны шүүх энэ хоёр үндэслэлийг ажлаас халах зөрчил гэж үзэхээргүй байх тул энэхүү 2 зөрчлийг үндэслэсэн нь хууль бус” гэж дүгнэсэн. Үүнийг хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байхад магадлалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

15. Гурав: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, ЗГХЭГ-ын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.2, 2.6, 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэглэсэнгүй. ЗЕХ-ийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны гол зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тайлбар, санал гаргах боломжийг олгох зорилготой. Гэтэл ямар ямар зөрчил гаргасан гэдгийг мэдэгдэлгүйгээр, ямар ч тайлбар авахгүйгээр, зөвхөн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон талаар мэдэгдсэнийг сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй. Төрийн албан хаагчдад хуулиар олгосон баталгааг эдлүүлэхийн тулд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6, 2.2, 2.6, 3.1-д заасны дагуу хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоогоогүй, үүнтэй холбоотой ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараас өөрийг нь ямар зөрчилд буруутгаад байгааг мэдсэн.

16. Ийнхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч шүүхэд мэдүүлсээр байхад анхан болон давж заалдах шатны зүгээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Дээр дурдсаныг дүгнэхэд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил байхгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн, мөн Нийслэлийн Засаг дарга Ц.Амарсайхан шинээр Засаг даргаар томилогдсоны дараахан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоохгүйгээр шууд төрийн албанаас халах шийдвэр гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.2-т “...улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь ...төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэснийг зөрчсөн байхад уг хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. М.О-ыг буруу мэдээлэл зөвлөгөөг Нийслэлийн Засаг даргад өгсөн гэдгийг шүүх дүгнэх боломжгүй. Түүний ажлын үр дүн, үзүүлэлтийг Засаг дарга л дүгнэх бөгөөд 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээгээр түүнийг үүрэгт ажлаа хангалттай биелүүлсэн гэж үзэн 98%, 99% хувьтай, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны үнэлгээг 96.3 хувиар дүгнэсэн байна...

17. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 37.1.3, 48.1.3-т заасныг тус тус баримтлан Засаг даргын Тамгын газрын дарга М.О-ыг “ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, албаны эрх мэдлээ  хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргахад нь үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй” гэх үндэслэлээр төрийн албанаас халсан, нэхэмжлэгчээс “...хууль зөрчөөгүй, ...тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй асуудлаар үндэслэлгүй буруутгасан, ...хууль бус” гэж маргажээ.

19. Анхан  шатны  шүүх, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тус бүрийг холбогдох нотлох баримтад үндэслэн дүгнэж, нэр бүхий 5 хүнийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилохдоо нийслэлийн Засаг даргатай зөвшилцөөгүй, мөн  өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Хашболдыг төрийн албан хаагчдын орон сууцанд оруулсан зэргийг төрийн жинхэнэ албан хаагч хуульд нийцээгүй шийдвэр гаргасан болон албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал олгосон гэж үзэх зөрчлийн шинжгүй болохыг зөв тогтоосон, хариуцагч нь энэ асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргалгүй шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

20. Мөн, нэхэмжлэгчийг албаны чиг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан буюу нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар нийслэлийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын жагсаалтыг батлуулахад, тухайн үед байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан “Глобе-экологи байгаль орчны холбоо” ТББ-ийг хамааруулж, улмаар 19,800,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлсэн гэх үйл баримтад холбогдуулж,  сахилгын шийтгэл хүлээлгэх  хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар шүүхүүд дүгнэлт хийлгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

21. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан зөрчил хэзээ илэрснээс үл хамаарч зөрчил гаргасан өдрөөс хойш 12 сараас илүү хугацаа  өнгөрсөн байх тул уг зөрчилд холбогдуулж, сахилгын арга хэмжээ авах боломжгүй болсон, энэ талаар  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдол үндэстэй.

22. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын  24-ний өдрийн  “Хөрөнгө гаргах тухай” А/880 дугаар захирамжийн 1 дэх заалтаар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд замын хөдөлгөөн зохицуулах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, үүнд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг тус тус  нийслэлийн Замын цагдаагийн газар болон “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын удирдлагуудад даалгаж; 2 дахь заалтаар, уг арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 280,493,600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т зөвшөөрсөн; нэхэмжлэгч нь “342 алба хаагчийн 30 хоногийн хоолны мөнгөнд 82,080,000 төгрөгийг, 2000 ширхэг хайс, хашлаганы үнэд 198,413,600 төгрөгийг тус тус зарцуулах”-аар зардлын төсөв баталсан ба “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын , БНХАУ-ын “Жин Жианг” ХХК-тай гэрээ байгуулж, худалдаж авсан гэх хайс хашлаганы үнэд 198,413,600 төгрөг зарцуулсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай  хэргийн оролцогчид маргаагүй байна.

23. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д зааснаар нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын дарга нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн талаарх хэрэгжүүлэх бүрэн эрхийг мөн хуулийн 16.5-д тодорхойлсны 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”-аар, энэхүү чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын 4.2-т “нийслэлийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалт,төлөвлөлтийг хариуцах, хяналт тавих” гэж тусгайлан заажээ.

24. Мөн, дээрх “Хөрөнгө гаргах тухай” А/80 дугаар тушаалыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын эрхлэх асуудлынх нь хүрээнд  хамааруулж гаргахдаа, нийслэлийн  Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө гаргахыг төсвийн шууд захирагчид зөвшөөрснөөс биш бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулахыг нэхэмжлэгчид даалгаагүй, мөн Зам завсар, арчлалтын газарт уг мөнгийг зарцуулах эрхийг олгоогүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй “...тушаалыг биелүүлж, шууд худалдан авсан” гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

25. Түүнчлэн, тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэгдэх нөхцөл үндэслэл бүрдсэн байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ БНХАУ-ын “Жин Жианг” ХХК-тай гэрээ байгуулсан гэдгээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т ямар нэгэн шалгуургүйгээр 198,413,600 төгрөгийг шилжүүлснээс үзвэл, төсвийн шууд захирагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-т “харьяа дээд шатны албан тушаалтныг ...шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж тус тус заасныг зөрчсөн, энэ нь түүнд сахилгын  шийтгэл ногдуулах үндэслэл болсон нь тогтоогджээ.

26. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “ ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэсэн, ...замын хөдөлгөөний түгжрэл,тээврийн хэрэгслийн осол гэмтэл нь онцгой яаралтай тулгамдсан асуудал байхад  шүүх дүгнэлт өгөөгүй, ...нэгэнт нийслэлийн Засаг дарга ийнхүү захирамж гаргасан бол ...өөрчлөх, хүчингүй болгох эрх Тамгын газрын даргад байхгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

27. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.