Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1054

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон бүгд 4.141.400 төгрөгийн төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу чөлөөлж, өршөөлд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-ийн захирал И.Бямбарагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-ийн захирал И.Бямбарагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 онд Нийслэлийн татварын албаны тавьсан актыг илт үндэслэлгүй, эрх ашгийн зөрчилтэй байсан шалтгаанаас хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байтал 2006 оны 9 сард Нийслэлийн татварын албаны нэхэмжилснээр 4.141.400 төгрөгийн өр барагдуулахаар Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гарсан.

2008 оны 02 дугаар сард Татварын өршөөл үзүүлэх тухай хууль гарч хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Татварын байгууллагууд улс орон даяар идэвхтэй өрнүүлж ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс манай байгууллага дээр Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх 2 заалтаар тухайн цагт нь өршөөлд хамруулаагүйгээс энэхүү чирэгдэлтэй үйл ажил эхэлсэн.

Дээрх шүүхийн шийдвэр нь “Би Ти Эс холдинг” ХХК-д ирээгүй бөгөөд 2004 онд акт бичиж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, Нийслэлийн татварын байцаагч н.Алтансэлэнгээс захирал байсан Б.Содномцэрэн өөрөө очиж 2007 онд хуулбарыг нь авч байв. 2006 онд Нийслэлийн татварын албанаас харьяаллыг өөрчилж Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст “Би Ти Эс холдинг” ХХК-ийг албан ёсоор шилжүүллээ гэж амаар мэдэгдсэнээс хойш өдгөө хүртэл аливаа асуудлаар тус хэлтэстэй харилцаж ирэв. Нийслэлийн татварын алба 2006 оны сүүлийн байдлаар “Би Ти Эс холдинг” ХХК-д өөрийн тогтоосон акт, шүүхийн шийдвэрийн дүнгээр татварын өр гаргаж, дансанд тусган Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст дансаар болон сүлжээгээр өгчээ.

2009 оны 01 дүгээр сард, Баянзүрх дүүргийн Татварын албаны манай байгүуллага хариуцсан байцаагч “татварын өршөөлөөс хоцорсон байна” гээд хүлээн зөвшөөрч албан ёсоор бичгээр хандахыг зөвлөж байв. 

Ингээд 2008 оноос зөвхөн энэ асуудлаар Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар гэж хөөцөлдсөөр дахин Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст асуудлаа тавь гэснээр Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөхөөр тавьсан хүсэлтэд 2016 онд 20-1/206 дугаар албан бичгээр өгсөн хариунд “мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг чөлөөлүүлэхээр зохицуулсан байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч барагдуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн нь хуулийн 6.1.1, 6.1.6 дахь заалтаар 100 хувь өрөөс чөлөөлөх эрх зүйн баттай үндэслэл байсаар байхад ийнхүү Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ажилтан нар олгогдсон эрхээ эдэлж эерэг шийд гаргахаас зориуд зайлсхийж, булзааруулж байгаа эс үйлдэл гэж үзэж байгаа юм. 

Ингэж Нийслэлийн болон Татварын еренхий газарт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хариуцлагагүй байдлын тухай удаа дараалан тавьж хөөцөлдсний эцэст Татварын ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 10/325 дугаар албан бичгээр хариу өгч, “...2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг даалгах нэхэмжлэлийг харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтой болно” гэсэн.  

Иймд Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон бүгд 4.141.400 төгрөгийн төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу чөлөөлж, өршөөлд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус татварын хэлтэст бүртгэлтэй регистрийн 2592657 дугаартай “Тавлаг-Орчин” ХХК-ийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаартай Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актын төлбөр болох 4.141.400 төгрөгийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй учир Татварын ерөнхий хуулийн 54, 63, 70 дугаар зүйлд заасны дагуу татварын өр барагдуулах процесс ажиллагаануудыг хийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1015 дугаар шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тус татвар төлөгч нь Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан 2.310.300 төгрөгийн нөхөн татвар, 1.831.100 төгрөгийн хүү, нийт 4.141.400 төгрөгийн өрийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах нэхэмжлэл гаргажээ. 

2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдан гарсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “...2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” гэж заасан байх бөгөөд “Тавлаг-Орчин” ХХК нь 222212 дугаартай Хяналт шалгалтын актын төлбөрийн 10 хувийг тус хуульд заасан хугацаанд төлөөгүй байна. 

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “...Эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь” гэж заасан байх бөгөөд “Тавлаг-Орчин” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг 2013 оны 5 дугаар сарын 20-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байх тул тус хуулийн үйлчлэлд хамрагдаагүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон бүгд 4.141.400 төгрөгийн төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу чөлөөлж, өршөөлд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгах” гэсэн агуулгатай байна.

Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын (цаашид Татварын улсын байцаагчийн акт гэх) 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар  актаар “Би Ти Эс холдинг” ХХК-д 2.310.300 төгрөгийн нөхөн татвар, 1.831.100 төгрөгийн хүү, бүгд 4.141.400 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон бөгөөд одоогийн байдлаар уг Хяналт шалгалтын актын төлбөрөөс төлөлт хийгдээгүй  байна.

“Би Ти Эс холдинг” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр оноосон нэрээ “Тавлаг-Орчин” ХХК  болгон өөрчлөн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон бүгд 4.141.400 төгрөгийн өр төлбөр нь 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.6 дахь заалтуудын дагуу өршөөлд хамрагдах ёстой” гэж,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1015 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байх тул Татварын улсын байцаагчийн 222212 дугаар актаар ногдуулсан нөхөн татвар 2.310.300 төгрөгийн хувьд дээрх хуулийн 6.1.6-д зааснаар, мөн “Тавлаг-Орчин” ХХК нь 222212 дугаар актаар ногдуулсан төлбөрийн 10  хувийг мөн хуулийн 6.1.3-д заасан хугацаанд төлөөгүй тул өршөөлд хамрагдах боломжгүй” гэж тус тус маргаж байна.

Татварын өршөөл үзүүлэх тухай хууль (2008 оны)-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлж, 6 дугаар зүйлд “Өршөөлд хамааруулах албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөр”-ийн асуудлыг тусгайлан заасан.

Дээрх хуулийн 6.1-д “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө” гээд 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, ...”, 6.1.5-д “Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлийг үндэслэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг”-ийн тус тус чөлөөлнө гэж заажээ. 

Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар “Би Ти Эс холдинг” ХХК-д ногдуулсан 1.831.100 төгрөгийн хүү нь дээрх хуулийн 6.1.1-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөнд хамаарч байх тул 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн 1.831.100 төгрөгийн хүүг 100 хувь чөлөөлж, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.1-д зааснаар өршөөлд хамааруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Татварын улсын байцаагчийн 222212 дугаар актаар ногдуулсан 4.141.400 төгрөгийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул Нийслэлийн татварын газраас Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1015 дугаар  шийдвэрээр “Би Ти Эс холдинг” ХХК-иас 4.141.400 төгрөг гаргуулж, Нийслэлийн татварын газарт олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. 

Маргаан бүхий актаар ногдуулсан албан татварын өр төлбөр нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч, харин өршөөлд хамруулах албан татварын өр төлбөрийн асуудлыг 6 дугаар зүйлд зохицуулсан журмаар шийдвэрлэгдэхээр байна.

Иймд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.5-д тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1015 дугаар шийдвэртэй, Татварын улсын байцаагчийн 2004 оны 222212 дугаар актаар ногдуулсан нөхөн татвар 2.310.300 төгрөгийн 50 хувь буюу 1.155.150 төгрөгийг нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-иар төлүүлж, үлдэх 50 хувь буюу 1.155.150 төгрөгийг чөлөөлж, өршөөлд хамааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс “Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар үндэн өр өршөөлд хамаарагдах үндэслэлтэй” гэж маргах бөгөөд дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь” чөлөөлнө гэж заасан байх ба харин Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1015 дугаар шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхээр шилжүүлсэн байх тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хуулийн үйлчлэх хугацаанд хамаарагдахгүй байна. 

Нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 4.141.400 төгрөгийн өрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахыг даалгах” гэх боловч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар болон нэхэмжлэгчийн хүсэл зориг, хүсч буй үр дүн “Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон бүгд 4.141.400 төгрөгийн төлбөрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар чөлөөлж, өршөөлд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгаж” зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгатай байна гэж үзэж шийдвэрлэсэн болно. 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5-д тус тус заасны дагуу “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар “Би Ти Эс холдинг” ХХК-д ногдуулсан 1.831.100 төгрөгийн хүүг 100 хувь, нөхөн татвар 2.310.300 төгрөгийн 50 хувь буюу 1.155.150 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж, үлдэх 50 хувь буюу 1.155.150 төгрөгийн нөхөн татвар, бүгд 2.986.250 төгрөгийн төлбөрийг тус тус чөлөөлж, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

                       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон, Татварын улсын байцаагчийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222212 дугаар актаар тогтоосон 1.831.100 төгрөгийн хүү, нөхөн татвар 2,310.300 төгрөгийн 50 хувь буюу 1.155.150 төгрөгийн нөхөн татвар, бүгд 2.986.250 төгрөгийн төлбөрийг тус тус чөлөөлж, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тавлаг-Орчин” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ЦЭЦЭГМАА