Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00492

 

А.Хэрлэнзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 344 дүгээр магадлалтай,

         А.Хэрлэнзоригийн нэхэмжлэлтэй,

         “Капитал банк” ХХК-д холбогдох     

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн гаргасан тайлбарт: “Миний бие 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Капитал банкны гүйцэтгэх захирлын 553 дугаар тушаалаар “Бага тойруу” салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр албан тушаалыг өөрчилж, Капитал банкны Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилсон. Гэтэл Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар захиргааны санаачилгаар “Чингэлтэй тооцооны төв”-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийм учраас Капитал банкны Хүнсний 4 салбарын харьяа, Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар А.Хэрлэнзоригийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнд сахилгын шийтгэлийг давхардуулсан зүйл байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан зөрчил, ажлаас чөлөөлсөн тушаал дээрх зөрчил бол 2 тусдаа юм. Ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэлийг маш тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, зээлийн хорооны даргын үүргийг хангалтгүй биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа газрыг барьцаалаагүй байх гэх мэт зөрчил гаргасан байсан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулах тухай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1998 тоот тушаал дээрх хяналтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлээгүй гэдэгт газрыг давхар барьцаалаагүй үндэслэл байхгүй бөгөөд 12 дугаар сард дотоод аудитын шалгалт хийгээд маш олон зөрчлийг илрүүлсэн байдаг. Эдгээр зөрчлүүдтэй холбогдуулан А.Хэрлэнзоригийг салбарын захирлын хувьд хангалтгүй ажилласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг тушаалтай А.Хэрлэнзориг танилцаад гарын үсэг зурсан бөгөөд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзоригийг урьд эрхэлж байсан ажил буюу Капитал банкны Хүнсний 4 салбарын харьяа, Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 7 606 104 төгрөгийг хариуцагч Капитал банкнаас гаргуулж, нэхэмжлэгч А.Хэрлэнзоригт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзоригийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Капитал банкинд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Капитал банкнаас 136 647 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 344 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь Капитал банкны Чингэлтэй Тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Учир нь А.Хэрлэнзориг нь өмнө Капитал банкны бага тойруу салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1998 тоот тушаалаар нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авсан байсан. Энэхүү сахилгын шийтгэлийн үндэслэл нь дотоод аудитын газрын шалгалтаар илрүүлсэн олон тооны зөрчлүүд байсан бөгөөд тухайн үед А.Хэрлэнзориг нь сахилгын зөрчил ногдуулсан тушаалтай танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд энэхүү тушаалтай холбоотой ямар нэгэн тайлбар, гомдол гаргаж байгаагүй. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Капитал банкинд хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн улмаас Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад дээр дурдсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 362 тоот тушаалаар “салбарын зээлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, зээлийн хорооны хурлын даргын үүргээ хангалтгүй биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахдаа газрыг барьцаалаагүй зээлийг баталсан, хяналт тавьж ажлаагүй, Бодлого зохицуулалтын газраас зөрчлийг илрүүлж алдаагаа засах үүрэг даалгаврыг өгсөн боловч одоо болтол зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлээс гаргаагүй, сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байдаг, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно” гэж заасан. Л.Хэрлэнзоригийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Капитал банкны гүйцэтгэх захирлын тушаал нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд гарсан байгаа тул А.Хэрлэнзоригийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь үндэслэлгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын “үндэслэх” хэсэгт дурдсан ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах шийтгэл авч байсан талаар маргаагүй бөгөөд Капитал банкны зүгээс 2 дахь сахилгын зөрчилтэй холбоотой баримт буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэр, ...өдрийн зээл, барьцааны гэрээг болон зээлийн үйл ажиллагааг зохицуулах ерөнхий журмыг нотлох баримтаар гаргаж, хэрэгт хавсаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч А.Хэрлэнзориг нь хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 553 дугаар тушаалаар А.Хэрлэнзориг нь тус байгууллагын Чингэлтэй дүүргийн Бага тойруу салбарын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1198 дугаар тушаалаар тус банкны Чингэлтэй тооцооны төвийн захирлаар томилогдсон, талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба улмаар гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 362 дугаар тушаалаар Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөгджээ. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 38-43/

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Хэрлэнзоригийг Чингэлтэй тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн гаргасан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8.1, 6 дугаар зүйлийн 6.5.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 6 дугаар зүйлийн 6.10.4, 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалтууд, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалт, Зээлийн хороодын ажиллах журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтууд, Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтуудыг баримталсан боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч тушаалд заасан үндэслэлд хамаарах зөрчлийг баримтаар нотлоогүй байх тул тушаалд заагдсан үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээ цуцлах зөрчил гэж үзэх боломжгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцсэн байна.

    Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 344 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 136.467 /нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН