| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 1831001880174 |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа
Шүүгдэгч П.Н*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолтой эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Н*******д холбогдох эрүүгийн 1831001880174 дугаартай, 4 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х******* овогт П******* Н*******, Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ******* өртөөнд ачаа вагон хүлээлцэгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг,* дугаар хэсэг, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд
-Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №*** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 08 сарын хорих ялаар шийтгүүлсэн. (РД:*************)
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.Н******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Х******* ургийн овогт П******* Н******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х******* ургийн овогт П******* Н******* 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,
2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П. Н******* шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр жилийг өршөөн хасч, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр жилийн хугацаагаар тогтоон эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Н******* оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шүүгдэгч П.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцон, шүүгдэгч П.Н******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалган,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Н******* 2018 оны 06 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг, ** дугаар байрны орцонд Э.А******* зүүн дал, баруун бугалга, хэвлийн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүхээс П.Н******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, улмаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Хэргийн нөхцөл байдлыг дурьдвал 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой Э.А******* нь агсам тавихад нь П.Н******* машинд суугаад гэр рүү харьсан. Гэвч Э.А******* нь “чамайг ална, хядна” гэж утсаар залгаж ярьсан ба гэрийнх нь хаалгыг балбаж ороод хананд шахаж хоолойнд нь 2 удаа зүсэж, угз татан гэрээс нь гаргаад, шатны уруу өнхрүүлэн, Э.А*******, Э.А******* нар нь нийлэн 2 талаас нь цохьж зодсон байдаг. Тухайн үед биеэ хамгаалан сарвалзахад хутга унаж ирснийг П.Н******* аваад шидсэн ба Э.А*******, Э.А******* нар П.Н******* хацран тус газарт нь 2 удаа хутгалж, улмаар зүүн хацар, уруул, хүзүү, гарын алганд зүсэгдсэн, хатгагдсан шарх, бүсэлхийд цус хуралт, чамархай, чих, өвдгөнд зулгаралт хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба энэ нь П.Н******* өгсөн мэдүүлэгтэй тохирч байна.
Уг үйл баримт болохоос өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн ард Э.А******* нь П.Н******* тэй маргалдаж, газарт унаган дээр нь гарч суугаад 2-3 удаа алгадахад нь Н.Э гэх хүн салгаж холдуулсан, П.Н******* гэрт араас нь очсон байдаг.
Түүнчлэн энэ хэрэгт шалгаж тогтоох ёстой, хэрэгт ач холбогдолтой зүйлийг огт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, П.Н******* гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 23.1см урттай, 10.8см хар өнгийн иштэй хутга нь Э.А******* ийн машинаас хураан авсан бөгөөд энэ хутга хэний хутга болох нь тодорхойгүй, хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй, хутганаас цус илэрсэн боловч цусны бүлэг, хүн, амьтны цус алин болохыг тогтоох боломжгүй, уг хутгаар П.Нагвачимба Э.А******* биед гэмтэл учруулсан эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй.
Өөрөөр хэлбэл П.Н******* зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнийг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байна.
2.Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ.
Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг.
Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Хэрэв П.Н******* нь Э.А******* биед халдсан гэж дүгнэж байгаа бол хэрэгт авагдсан баримтаар П.Н*******, Э.А******* нарт зодуулж, биедээ олон тооны шарх, гэмтэл авсан, гэрэл зургийн үзүүлэлт, биед нь үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, бусдын хууль бус халдлага, аюулаас өөрийгөө хамгаалж хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.
Анхан шатны шүүх Э.А******* нь П.Н******* гэрийн хаалгыг цохиод тэрээр гэрээс гарч ирэхдээ хутгатай байсан мэтээр дүгнэсэн нь халдлага хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн, хэзээ дууссан буюу үйл явдлын дарааллын талаар бодитой дүгнэж чадаагүй, хэрэв хохирогч Э.А******* мэдүүлснээр П.Н******* гэрээсээ гарч ирэхдээ л хутгатай, улмаар шууд түүнийг хутгалсан гэж үзвэл П.Н******* биед учирсан олон тооны гэмтэл шарх хэдийд үүссэн бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Э.А*******, Э.А******* нарын мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцэхгүй, яллагдагч П.Н*******, гэрч Ц.Б “...Н******* гэх залуу нүүр бие нь тэр чигтээ цус болчихсон байдалтай өгсөөд гараад ирсэн” гэх мэдүүлгээр Э.А*******, Э.А******* нар нь П.Н******* эрх чөлөөнд халдсаны улмаас П.Н******* өөрийн биеэ хамгаалах зорилгоор хариу үйлдэл хийсэн гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцэхээр байна.
Өмгөөлөгчийн зүгээс П.Н******* үйлдэл нь эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй талаарх дүгнэлтэнд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл үйл баримтыг буруу тогтоож, хэргийн шийдвэрлэсэн.
3. П.Н******* үйлдлийг хэрэв гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэвэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан, биеийн эрүүл мэндийн хувьд элэгний хавдартайн улмаас эмнэлгийн байгууллагад байнгын хяналтанд эмчлүүлэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шийтгэх тогтоолын 8-р талд 1.3 хууль зүйн дүгнэлт хийхдээ “...Н******* 2018 оны 6 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг * хэсгийн ** дугаартай байрны орцонд Э.А******* хутгалсны улмаас түүний биед ... ... хатгагдаж зүсэгдсэн шарх нь баруун бугалганы цус хуралт баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл шүүх тухайн үед гэртээ унтаж амарч байсан Н******* -н гэрт шөнө дөлөөр А******* дүү А******* ийг дагуулж ирээд коридорт гаргаж Н******* -н биед маш олон тооны гэмтэл шарх учруулсан үйл баримтыг хэрхэн хэн учруулсан, ямар мэсээр, гэм мэт нарийн асуудлын талаар шийтгэх тогтоолд дутуу дулимаг дурьдсан байна. Н*******-н хувьд хоёрын хоёр хүнд зодуулж амь насаа алдах бүрэн боломжит нөхцөл байдал үүссэн, аргагүй хамгаалалтын шинжийг агуулж байдаг. Үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүх шийтгэх тогтоолдоо дурьдаагүй төдийгүй зөвхөн А******* биед учирсан хүнд гэмтлийг дурьдаж, түүнийг санаатайгаар үйлдсэн гэж дүгнэсэн явдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
2. Шийтгэх тогтоолын 7-р талд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 сарын 31-ний өдрийн 125/2014 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 325/5113 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 10,8 см хар өнгийн иштэй 23.1 см урттай хутган дээр цус илэрсэн дээрх цусны бүлгийн харъялал болон хүн малын цус болохыг тогтоох боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлтийг дурьдсан байтлаа яагаад Навгачимбэ-г зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн зүйлээр хүнд гэмтэл учруулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.
Энэ хутга нь хавтаст хэргийн 55-р талд А*******, А******* нарын унаж ирсэн, явсан машины шалавч дороос илрүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авагдсан байгаа. Анхнаасаа Н******* -н биед гэмтэл учруулах, түүний амь насыг хөнөөх зорилготой ирсэн 2 хүний нэг нь хохирогч болж үлдэж, нөгөөгийнх нь үйлдэл зүйл анги хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэж байгаад шударга, хууль ёсны зарчим үйлчлэхгүй байна гэж гомдож байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 нотолбол зохих байдлын хэргийн сэдэлт зорилгийг тогтоож чадахгүй байна. Хутгыг хэн ямар зорилгоор авчирсан. А******* хүч нэмэгдүүлэн дүү А******* ийг авчирсан. Харанхуй орцонд шидсэн хутгаа хэрхэн хаанаас хэн нь авсан, өөрөө хутгатай ирсэн гэдгээ хохирогч нуух санаатай байсан эсэх. Хоёулаа гадагшаа гарчихаад буцааж орох ямар шалтгаан байсан юм бэ?, эд мөрийн баримтаар хураан авсан энэ хутга хэний хутга болох Н******* -ийг энэ хутгаар эсвэл өөр хутгаар А******* биед гэмтэл учруулсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байтлаа бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж яллаж, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болно. Навгачимбэ-н биед учирсан гэмтлүүд яагаад хөнгөн гэмтэл болоод байгааг гайхаж байна. Хүний амыг эрүү хүртэл нь хутгаар зүсэж /энэ өнгөц биш/ хатгагдсан маш олон тооны гэмтэл байдаг.
Хэргийг бүхэлд нь авч үзвэл: 1. Энэ хэргийг хэрхэн түдгэлзүүлсэн эсэх нь 2. 1-р хавтас хэргийн 2-38 тал хүртэл 2018.7.14-ний өдрөөс 2023.5.29-ний хүртэл 37 удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан, 2-р хавтаст хэргийн 98 талд 2023.7.21-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн хугацааг 6 удаа сунгасан байдаг боловч тухай бүр П.Навгачимэгийг гэж бичсэн. Үүнийг шүүх засварлах боломжгүй. Энэ хоорондох хугацааг хэрхэн яаж ямар үндэслэлээр сунгалт хийж байсан нь тодорхойгүй. Хэргийн 156 талд 2024.6.10 өдрийн огноотой Мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны даргын тогтоол авагдсан байх боловч тэмдэг дарж баталгаажуулаагүй. Тиймээс энэ хоёр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж оролцогчоос мэдүүлэг авах эрх үүссэн гэж үзэх үү, үгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Эрх нь олгогдоогүй мөрдөгч нар мэдүүлэг авсан бол оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал болно үзэж байна. Шүүгдэгч Н******* ийн үйлдлийг хуулийн хүрээнд дүгнэлт хийж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Би энэ хэрэгт холбогдсоноор 8 жилийн хугацаанд шаналж явна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал, сэтгэл санаа цочрон давчидсан гэдэг нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.Н******* д холбогдох эрүүгийн 1831001880174 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч П.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын* дугаар баг * дугаар хэсгийн ** дугаар байрны орцонд хохирогч Э.А******* зүүн дал, баруун зүүн бугалга, хэвлий тус газар хутгаар хатгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Э.А******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тухайн өдөр сумд бэсрэг наадам болсон ба наадам дуусаад манай цехийхэн голын эрэг дээр хоол, унд идэж, архи тойруулсан тарах үед 8 хүн машингүй болсон. ... гөөс хөдлөх үед нэг татчих уу гэхэд Н******* өгөөгүй тэгээд стадионы ард ирээд зогссон одоо энийг ууя гээд архи гаргасан “түрүүн ууя гэхээр уулгахгүй байсан нэг нь харамлаад нэг уух гэж шүлэнгэтээд дэв шингэсэн архи би уухгүй” гэж хэлэхэд “Чи муу ямар цамаан цатгалан юм” гэж баянаар нь дуудсан гэж хэлсэн. Хамт явж байсан Энхмандах шилтэй архийг шийдээд хагалчихсан. П.Навгачимбэ зодолдох уу болоход нь “ би чамайг яаж ч байсан барна” гээд бид хоёр маргалдсан... машингүй болохоор нь дүүгээр ирж ав гэж залгасан. ...Би Наваа руу утасдаад “шал дэмий юмнаас болж маргалаа” гэж хэлсэн. Дүү урдаас гарч ирж байсан... гийн гэр рүү нь ороход гийн эхнэр өөдөөс гарч ирээд манай дүүтэй маргасан. Би жоохон зайтай зогсоод нагваатай 1 минут орчим ярьсан “За орлоо шүү” гээд хэлсэн... хаалга онгойлгоод гарч ирэхдээ хутгатай байсан. Би айгаад эргээд зугтахад суга орчим хатгасныг нь мэдээгүй. Сүүлд нь мэдсэн Өөдөөс дүү гарч ирж байгаа харагдсан Хутгатай байна гэж хэлээд буусан Дүү хутгалууллаа гэсэн би зөрж гараад тэвэрч зогссон. 2 мөрөн дэр хутгалчихаар хүний гар булраад бадайрдаг юм байна. Цээж орчмын хөндийд зүрхний доод талын өрц хүртэл хутга явсан. Эхоны эмч намайг азтай гэд гайхаад байсан... Намайг хутгалаад би доошоо муужраад унасан....” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Э.Алтанхуя гийн “...би ахыг гэртээ орж амар гээд гэр рүү нь дагуулж явах гэтэл тэрээр Н******* гэх хүнтэй утсаар хоёулаа дэмий зүйлээс болоод маргалдчихлаа уулзаад учраа ольё гэсэн зүйл яриад байсан. ...ах Н******* тэй уулзаад учраа олно гээд тэдний байрны орц руу орохоор нь би дагаад ортол Н******* гэх хүний эхнэр нь хоёр хүүхдээ дагуулаад шат руу уруудаад буугаад ирсэн. Тэгээд над руу чи юу юм яах гээд байгаа юм гээд уурлаад байхаар нь би “оруулаад амраана гээд байхад ямар олон зүйл яриад байгаа юм бэ” гэж хэлээд жаахан маргалдсан. Тэгсэн ах надаас түрүүлээд шат өгсөөд явахаар нь араас нь шат өгсөөд 4 давхар руу гарч байхад тус давхрын коридор хэсэг рүү ордог хаалганы тэнд ах их айсан сандарсан байдалтай “наадах чинь хутгатай байна шүү” гэж хэлээд хажуугаар зөрсөн. Тэр үед Н******* баруун гартаа нэг хутга барьчихсан ирэхээр нь би зугтахаар эргэтэл миний нуруу хэсэг рүү нэг удаа хутгалахад би шат руу хөл алдаад унасан. Тэгсэн ах 4 давхар руу гарчихсан Н******* тэй барьцалдаад ноцолдоод байсан. тухайн үед миний өмсөж явсан гутал сугараад уначихсан байсан тул гутлаа өмсөөд босоход Нагвачимэ шатны дэд талаас хутга бариад буугаад ирэхээр нь түүний хутгатай гарыг бариад хутгыг нь булаацалдаж байгаад бид хоёр 3 болон 4 давхрын зааг дээр байдаг тэгш хэсэгт дээрээс доошоо 3 давхар руу бөмбөрөөд унасан. Тэгээд би дээр нь гарч байгаад баруун гартаа барьсан хутгыг нь мушгиж хурууг нь татаж тавиулж аваад шидсэн. ...тэгээд би зангидсан гараараа түүний нүүр рүү болон биеийн хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн ах нилээд гэмтсэн бэртсэн байдалтай арай гэж ирээд миний мөр рүү алгадаад “явья наадхаа хая” гэж хэлэхээр нь би түүнийг орхиод шидсэн хутгаа хайж байгаад 3 давхраас 2 давхар руу буух хэсгийн тэр хавиас олж аваад ахыгаа түшээд шатаар буугаад гадагш гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/,
-Гэрч Д.О “...Байрнаас гар ирэхэд А******* нь нэг залуу болон нэг хүүхний хамтаар ирж байсан ба би А******* д одоо ингээд явчих эрүүл саруулдаа учраа ол гэж хэлэхэд миний үгэнд ороод явж байсан юм. Тэгсэн хамт явж байсан залуу нь “та нар яасан гэж хашхираад тухайн залуу намайг түлхээд дээшээ шат руу явсан. А******* дагааж хөөрөөд манайх руу явсан ба араас нь дагаад очиход орилж хашхираад зодоон болох гээд байхаар нь айж сандраад гарч гүйгээд Батсүх цагдааг гэрээс нь дуудаад мөн цагдаад дуудлага өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа яваад ороход манай нөхөр битүү цус болсон үүдний хэсэгт зогсож байсан Алтансэлэнгийг харахад мөн хутгалуулсан цус болсон байсан ба хамт явсан залуу нь аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93-р тал/,
-Гэрч Л.Э “...А******* машинаас буусны дараа Н******* рүү утасдаад “байрны чинь гадаа ирчихлээ хоёулаа эвлэрье” гэсэн зүйл яриад байсан. Тэгээд бид нар Н******* байрны орц руу ороод гурван давхар руу гарахад Н******* эхнэр Оюунтунгалаг бага хүүхдээ тэврээд бас нэг хүүхдээ дагуулаад буугаад ирэхээр нь бид нар түүний хамтаар буусан. Буух замдаа Оюунтунгалаг эгч согтуу хөлчүү ирчхээд гэсэн утгатай зүйл хэлж ярьж үглэхэд А******* дүү түүний өмнөөс маргалдаад байсан. Орцноос би түрүүлээд миний араас Н******* ахын эхнэр нь гарч ирээд цагдаагийн газарт дуудлага өгнө гээд миний гар утсыг аваад цагдаагийн газар руу утасдаад ярьсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95-р тал/ ,
-Б.Ц “...Тус өдрийн 22 цагийн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүний ****** дугаарын утаснаас “******* сумын * дугаар багийн нутаг төмөр замын ** айлын ** тоотод яваад оч тэнд хүмүүс маргалдаад байх шиг байна яаралтай яваад оч” гэж хэлсний дагуу 22 цаг 05 минутын үед тус байр руу ирээд орцоор ортол бид хоёрын өөдөөс нэг эрэгтэй хүн бас нэг эрэгтэй хүнийг үүрээд гарч ирсэн. Тэр нэгийгээ үүрсэн залуу пизда манай ахыг хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь түүнээс хутгалсан хүнийг хаана байгаа талаар асуухад дээр байгаа гэхээр нь тэр залууг нь хурдхан эмнэлэг яв гэж хэлээд дээд давхар руу гарсан. Тус залуу болон үүрүүлсэн эрэгтэй хүний хувцас хунар нь нэлэнхүйдээ маш их хэмжээний цус болсон харагдсан. Тус орцны * давхар руу гартал ** тоот хаалганы гадна хэсэгт хар өнгийн майктай эрэгтэй хүн нүүр, ам, цээж хэсэг нь нэлэнхийдээ цус болсон байдалтай зогсож байсан. Тэр залуугийн хажууд цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч Батсүх түргэн тусламж дуудсан чинь хороололд дуудлагатай явж байна удах юм шиг байна гэж хэлээд зогсож байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/,
-Гэрч Ц.Б “...гэртээ орох гэж байхад А******* нэг махлаг том биетэй А******* дүү нь гэх залуутай уулзаад зогсож байсан. Тэгээд би гэр рүү орсон. Гэртээ ороод хэсэг байж байгаад тагтан дээрээ тамхи татахаар гараад сууж байтал байрны орцны гаднаас манай байрны Навагчимбэ гэх хуний эхнэр нь гэх хүн “Б****** дээшээ гараач дээд давхарт чинь зодоон болоод байна хурдлаарай” гэхээр нь би гэрээсээ гараад шууд 4 давхарт гарахад ямар нэг хүн байгаагүй. Тэгэхээр нь буцаж уруудаад өөрийн гэр байдаг 3 давхар руу буухад 2 давхраас Навагчимбэ гэх залуу нүүр бие нь тэр чигтээ цус болчихсон байдалтай өгсөөд гараад ирсэн. Тэгээд би тэрнээс юу болсон талаар асуухад тэрээр надтай ямар нэг зүйл ярилгүй дээшээ 4 давхар руу гарсан. Тэгэхээр нь ардаас нь гартал тэрээр гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ оролгүй үүд хэсэгтээ цусаа гоожуулаад зогсоод байхаар нь цагдаагийн газар pyy утасдаж мэдэгдэхэд “дуудлага ирсэн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг явуулсан” талаар мэдэгдэхээр нь би эмнэлэгт дуудлага өгтөл эмнэлгийн машин өөр дуудлагатай яваа талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111-р тал/,
-Шинжээч эмч С.Б 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 262 дугаартай “Э.А******* биед хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, элэгний холбоос, хавирганы мөгөөрсөн хэсэг гэмтсэн, буцалгаад хатгагдсан шарх, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хунд гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 126-р тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1025 дугаартай “...дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүр бүхий зүйлийн, баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ” гэх дүгнэлт /хх-ийн 217-218-р тал/,
-Шинжээч эмч Т.Н 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай “Э.А*******ийн биед нуруу, баруун бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 116-р тал/,
-Шинжээч эмч Т.Н 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 261 дугаартай “П.Н******* зүүн хацар, уруул, хүзүү, гарын алганд зүсэгдэж хатгагдсан шарх, бүсэлхийд цус хуралт, чамархай, чих, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 121-р тал/,
-Шинжээч эмч С.Б “...шулуун чиглэлд нэг удаа хатгасны улмаас үүсэх боломжтой. Нэг удаа хатгах үед эхлээд арьс дараа нь булчин, 7,8 дугаар хавирганы мөгөөрс, хэвлийн гялтан хальс зэргийг нэвтэлж, хэвлийн хөндийд нэвтрэн улмаар дотор эрхтэн болох элэг, элэгний холбоос эдийг гэмтээсэн байгаа юм. ...П.Н******* биед учирсан зүүн хацар, уруул, хүзүү, гарын алганд зүсэгдэж, хатгагдсан шархнууд нь хурц ир, үзүүртэй зүйлээр хатгагдаж зүсэгдэх үед үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайлбал хүчтэй цохих, хатуу гадаргуу дээр унах, унасны улмаас үрэгдэх зэргээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136-р тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №ЕГО525/1040 дугаартай: “...П.Н******* гийн биед зүүн хацар, хүзүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө болон бусадтай тэмцэлдэх ноцолдох үед үүсэх боломжтой. Дээрх сорви гэмтлүүд нь гоо сайханд нөлөөлөх эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй. Дээрх сорви гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй бөгөөд гэмтэл үүссэнээс болж элэгний хавдар болон архаг хууч өвчин үүсэхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч П.Н******* нь хутга ашиглан хохирогчийн хэвлий тус газарт хутгалж хүнд зэргийн хохирол учруулж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн аргагүй хамгаалалт уу эсвэл, мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдлын улмаас үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгч П.Н******* үйлдэл нь өөрийгөө аюулаас хамгаалах байдлаар бусдын биед хохирол учруулсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
5.Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.
Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг тул аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг санаатай зөрчин аюул, осол бүхий нөхцөл байдлыг өөрөө буй болгож бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарна.
6.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргасан байх ба тухайн маргаан дууссаны дараа хохирогч Э.А******* нь шүүгдэгчтэй утсаар ярьж дэмий зүйлээс болж маргасан байна. Эвлэрэх талаараа утсаар ярилцаад гэр лүү нь дүүгийн хамт очсон, шүүгдэгч П.Навгачимбэ нь хохирогчийг дүүгийн хамт гэрт нь орж ирж зодох гэж байна гэж бодон шууд маргаж хутгаар биед нь хатгасны улмаас хутгыг булаан авахаар хоорондоо ноцолдсон, хохирогч Э.А******* нь шүүгдэгч П.Н*******эс хутгыг нь булаан авахаар ноцолдож, улмаар биед нь халдаж зодож гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэдийгээр хохирогч Э.А******* нь урьд маргасан хүнтэйгээ дахин учраа олно гэж гэртээ амарч байгаа шүүгдэгчийн гэрт нь очсон үйлдэл нь буруу боловч шүүгдэгч рүү хохирогчийн зүгээс халдсан довтолсон ямар үйлдэл хийсэн нь тодорхойгүй, шүүгдэгч П.Н******* д хохирогчийн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй түүнчлэн хохирогчийн ямар хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хутга хэрэглэсэн болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтэл түүний ар нруууны хэсэгт үүссэн байгааг тэмдэглэж, түүн рүү довтолсон ямар довтолгооны эсрэг хохирогчийн араас хутгалах болсон нь ойлгомжгүй, түүний аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
7.Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан,шүүгдэгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
8.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН