2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00440

 

2026              01             08                                                 192/ШШ2026/00440                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Х овогт Э.А /РД:**/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 187 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б миний бие нь найз Э.А-д 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 65 000 000  төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Э.А нь үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 16 200 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэхүү төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлөхөөр тохирсон. Гэтэл зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 30 000 000 төгрөг, түүний хүү болох 17 280 000 төгрөг, нийт 47 280 000 төгрөг. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлж авсан 50 000 000 төгрөг, түүний хүү болох 28 620 000 төгрөг, нийт 78 620 000 төгрөгийг тус тус төлөөгүй. Иймд Э.А-аас 187 100 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х овгийн Э.А миний бие нь Б овгийн Б.Б-аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 19 удаагийн үйлдлээр 522 471 300 төгрөгийг зээлэн авчээ. Мөн түүнд тус зээлийн төлөлтөд 47 удаагийн үйлдлээр 475 657 000 төгрөгийг эргүүлэн түүнд төлсөн байна. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/2024/05723 тоот Зохиогчийн эвлэрэл баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх заалтыг үндэслэн дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Тус дахин хянуулах хүсэлт гаргаж байгаа шүүгчийн захирамж нь нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр 100 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэхэмжлэгч Б.Б надтай адил хувцасны худалдаа эрхэлдэг эртний танил бөгөөд нь бизнес хүндэрсэн, миний аргагүй байдалд байгааг мэдэж байсан. Б.Б-ийн шаардлагаар 2024 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэрээнүүд нь миний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй, нэхэмжлэгчийн шахалт шаардлагын дагуу аргагүй байдалд орж хийсэн гэрээнүүд болно. Тус гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү болох 6 000 000 төгрөгийг төлсөн, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 5 сарын хүү болох 30 000 000 төгрөгийг хүү гэж төлсөн. Мөн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд 18 000 000 төгрөгийг төлж барагдуулан нийт 54 000 000 төгрөгийн төлж барагдуулсан байна. Гэтэл надаас 7 сарын үлдэх 14 хоногийн хүү 2 800 000 төгрөг, 8 болон 9 сарын хүү 4.5 хувиар тооцсон хүү 9 000 000 төгрөг, алданги 14 372 000 төгрөг. Мөн алданги тооцон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн дүн 33 750 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тус зээлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр авсан 100 000 000 төгрөг нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 10 сар 20 хоногийн хугацаанд зээлийн хүү нь 47 800 000 төгрөг, Алдангид 48 122 000 төгрөг нийт 95 922 000 тооцогдон 195 922 000 төгрөг болжээ. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05723 тоот шүүгчийн захирамж нь дээрх тооцоолсон 195 922 000 төгрөгөөс миний төлсөн 54 000 000 төгрөгийг хасан үлдэх дүн болох 141 922 000 төгрөгөөр шүүхийн шийдвэр гарсан болно. Гэтэл нэхэмжлэгч тал нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр дахин 61 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 187 100 000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөр шүүхээс дуудсаны дагуу очин танилцан нэхэмжлэлийг хувийг гардан авснаар мэдлээ. Тус шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч талын аман хүсэлтийг үндэслэн олон удаагийн зээлийн харилцааг дуусгавар болгохоор хийгдсэн хэлцэл боловч нэхэмжлэгч нь дахин шинээр нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэл болон зээлийн төлбөр тооцоонууд нь тус тусдаа бүртгэгдсэн нэгдсэн тооцоолол байхгүй, нэхэмжлэгчийн нэхсэн мөнгийг цаг бүрд нь төлж явж байсан боловч хэрхэн дуусгавар болох нь тодорхойгүй тул 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05723 тоот шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх заалтыг үндэслэн дахин хянуулахаар хүсэлт гаргасан. Иймд тус шүүгчийн захирамжийг дахин хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаагаар энэхүү нэхэмжлэл дээр хариу тайлбар өгөх хугацааг хойшлуулж хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд олон удаагийн зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 65 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан талаар маргаан байхгүй. Харин зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй, хоёр талын хүсэл зориг байхгүй Э.А-ын бичгийн баримтыг гэрээ гэж үзэх үндэслэл байхгүй. Дээрх зээлсэн мөнгөн дүн бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй зээлээс тусдаа болох талаар маргаан байхгүй. Тэр нь баримтаас харагдаж байгаа...” гэв.  

 

4. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Э.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний сунгалт, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ сунгалт, итгэмжлэл, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ сунгалт, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээнд өөрчлөлт оруулж сунгах тухай гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээний сунгалт, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гар бичвэр, Хаан банк болон Худалдаан хөгжлийн банкны дансны хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/** дугаар Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ГХ2025/** дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/0** дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/** дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Э.А-ын хаан банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 187 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... хариуцагч Э.А-тай найз нөхдийн харилцаатай. Түүний хүсэлтээр олон удаагийн зээл олгосон байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/0** дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй одоогийн шаардаж буй 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 000 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 50 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 000 000 төгрөгийн гэрээ хамааралгүй. Тусдаа байгуулагдсан зээлийн гэрээнүүд болно. Иймд зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...шүүхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 65 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан талаар маргаагүй. Харин зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж татгалзлаа тайлбарлан мэтгэлцэв.

 

5. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Хариуцагч Э.А нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гурван удаагийн “зээлийн гэрээ” гэх бичгийн баримт үйлдэн, “...Э.А миний бие нь 2024 оны 3-18-нд 30 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлж авсан 30 000 000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард төлж барагдуулах нь үнэн болно...” гэж,  “...миний бие 2024 оны 4 дүгээр сарын 18-нд Б-аас 50 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлж авсан. 2025 оны 08 дугаар сард багтааж 100 хувь төлж барагдуулна...” гэж, “...2024 оны 1 дүгээр сарын 18-нд 65 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлж авсан. 20 000 000 төгрөгийг төлж хасалт хийсэн. 2025 оны 06 сарын 30-нд төлж дуусна...” гэж тус тус гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

5.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.

 

5.3. Нэхэмжлэгч Б.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

5.4. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.5. Дээр 5.3-т дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Б.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.А-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

5.6. Харин нэхэмжлэгчийн хүүгийн тооцоолол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээнд хугацаа заагаагүй, 6 хувийн хүүтэй гэж тохирсон тул хариуцагч Э.А нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүд 1 800 000 төгрөг, нийт 31 800 000 төгрөгийг,

-2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүд 3 000 000 төгрөг, нийт 53 000 000 төгрөгийг,

- 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65 000 000 төгрөг, хүүд 3 900 000 төгрөг, нийт 68 900 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Б-т төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-т 2024.03.18, 2024.04.18, 2025.01.18-ны өдрийн гурван зээлийн гэрээний үүрэгт нийт 153 700 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 20 000 000 төгрөгийг хасч тооцвол үлдэх 133 700 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагчийн “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан нь дараах баримтаар няцаагдаж байна.

 

6.1. Тодруулбал, хариуцагчийн “...Э.А миний бие 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б-аас 100 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 2024.02.17-ны өдөр буцаан өгөхөөр зээлсэн нь үнэн болно...” гэх бичгийн баримт, нэхэмжлэгч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь ** тоот дансны хуулгаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ** тоот дансанд 100 000 000 шилжүүлсэн үйл баримт зэргээс дүгнэхэд тухайн 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцааг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/0** дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин маргааны зүйл болсон 2024.03.18, 2024.04.18, 2025.01.18-ны өдрийн гурван зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Э.А-аас 2024.03.18, 2024.04.18, 2025.01.18-ны өдрийн гурван зээлийн гэрээний үүрэгт 133 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.А-аас 133 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 251 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 826 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ