Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2019/00022

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр          Дугаар 226/МА2019/00022                               Хэрлэн сум

 

С-гийн нэхэмжлэлтэй,

Н-, М- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00022/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А” танхимд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,   

Нэхэмжлэгч С,

Хариуцагч Н,

Хариуцагч М, түүний өмгөөлөгч Х.Биязхан нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 363 дугаар шийдвэртэй, С-гийн нэхэмжлэлтэй, Н, М нарт холбогдох “зээлийн төлбөрт Н-ээс 100000 төгрөг, М-гаас 2550000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч М-гийн давж заалдах гомдлоор 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н “надад яаралтай 2000000 төгрөг хэрэгтэй байна. Наймаа эхлүүлэх гэсэн юм. Удахгүй өгнө” гэхээр нь түүнд итгээд, М-гаас 2000000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлдэж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн 5959051663 тоот ХААН банкны данснаас Н-ийн 5935040105 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн. Н 2015 оны 2 дугаар сард 500000, 3 дугаар сард 250000 төгрөг бэлнээр өгөхөөр нь М-д өгсөн.

            Н зээлсэн 2000000 төгрөгөө өгөхгүй удсан учир М зээлсэн мөнгөө 2800000 төгрөг болгож төл гэсэн шаардлага тавьсан. Би 3400000 төгрөгийн цалингийн зээл авч 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н-ийн зээлсэн мөнгийг 2800000 төгрөг болгож М-д өгсөн. Н бэлнээр 750000, дансаар 900000 төгрөгийг М-д өгсөн. М-д мөнгө шилжүүлсний дараа Н- миний дансанд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 100000, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 100000, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 50000, нийт 250000 төгрөгийг шилжүүлсэн. Н надад 250000 төгрөг өгсөн. Иймд Н-ээс 100000, М-гаас 2550000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.  

            Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С-гаар хүнээс 2000000 төгрөгийг зээлдүүлж авсан. Би М-д 2015 оны 02 дугаар сард 500000, 3 сард 250000, нийт 750000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 400000, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 300000, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөг, нийт 900000 төгрөгийг дансаар өгсөн.

            Мөн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 100000, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 100000, 2018 онд 50000 төгрөгийг С-гийн данс руу шилжүүлж, нийт 1900000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 100000 төгрөгийг төлнө гэв.

            Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөхрийнхөө дансаар 2000000, бэлнээр 1500000, нийт 3500000 төгрөгийг зээлдүүлсэн. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу Н- гэдэг хүний нэрээр 400000 төгрөг орсон. Мөн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр над руу Э гэдэг хүний данснаас 300000 төгрөг шилжүүлсэн байсан. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н-ийн данснаас 200000 төгрөгийг шагнал болгож шилжүүлсэн байсан. Нийт 900000 төгрөг дансаар орж ирсэн. С- над руу 2800000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3700000 төгрөг авснаас 200000 төгрөгийг надад шагнал гэж өгсөн бөгөөд үлдэгдэл 3500000 төгрөг нь миний С-д анх зээлдүүлсэн мөнгө юм. Иймд миний бие мөнгө төлөхгүй гэв.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 363 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-гаас 800000 төгрөгийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-ээс 100000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М-гаас 1750000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70700 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 13350 төгрөгийг, хариуцагч Н-ээс 4550 төгрөг, хариуцагч М-гаас 23750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М- давж заалдах гомдолдоо: Би 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надтай цуг нэг тасагт хамт ажилладаг, нутгийн эгч болох С-д 3500000 төгрөг түр хугацаагаар өгсөн. С- “эгчид нь мөнгөний хэрэг гараад байна, 4000000 төгрөг олоод өгөөч, удахгүй өгнө, бас шагнана шүү” гээд 2, 3 хоног ажилдаа ирэх болгонд гуйгаад байсан. Энэ тухай тухайн үед хамт амьдарч байсан нөхөр болох Батбаярт хэлэхэд “их хэмжээний мөнгө өгөхгүй, өөрсдөө хэрэглэнэ” гээд өгөөгүй. Тэгэхээр нь би гэрт байсан мөнгөнөөс Батбаярт хэлэхгүйгээр 1500000 төгрөгийг бэлнээр авч С-д өгсөн.  С- надаас “дахин 2000000 төгрөг олоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь Батбаяр руу залгаж С-гийн данс руу 2000000 төгрөг шилжүүлсэн. С- зээлсэн мөнгөө олон сараар өгөхгүй, увуулж цувуулж өгсөнөөс болж Батбаяр бид хоёрын хооронд маргаан үүсч Батбаяр 1500000 төгрөгийг бэлнээр өгснийг мэдсэн. 2015 оны 2 дугаар сард 400000 төрөг Н- гэдэг хүний данснаас миний дансанд орж ирэхэд С- дансанд чинь мөнгө орсон уу гэж асууж байсан. 2015 оны 5 дугаар сарын 27-нд 2800000 төгрөгийг С- надад өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 17-нд 300000 төгрөг Н- гэдэг хүний нэрээр миний данс руу шилжиж орсон. С- надаас зээлж авсан 3500000 төгрөгөөсөө 2000000 төгрөгийг Н- гэдэг найздаа зээлүүлсэн гэдгийг сүүлд мэдсэн. С- нь надаас зээлсэн мөнгөө 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлж дуусгасан. 2015 оны 6 дугаар сарын 27-нд миний дансруу Н-ээс 200000 төгрөг орж ирсэн бөгөөд С- “...баярлалаа. Энэ 200000 төгрөг нь шагнал шүү” гэж хэлж байсан.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С-д 3500000 төгрөг зээлдээд мөнгөө буцааж авсан. Яагаад 800000 төгрөгийг төлөх ёстойгоо ойлгохгүй байна. С- “...2000000 төгрөгийг хүүтэй авсан...” гэж мэдүүлж байна. Би С-д хүүтэй мөнгө зээлдээгүй. 3500000 төгрөгийг удаахгүй өгнө гэхээр нь өгсөн. Хэрэв хүүтэй зээлэх байсан бол гэрээ, хэлэлцээр хийх байсан. Н- гэдэг хүнийг би огт танихгүй. С- надаас дансаар авсан 2000000 төгрөгийг Н- гэдэг хүнд хүүтэй зээлсэн гэдгийг сүүлд мэдсэн. Би 1500000 төгрөгийг С-д бэлнээр өгсөн болохоор баримт байхгүй гэж үзэн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. Намайг С-д 1500000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг тухайн үед хамт амьдарч байсан Батбаяр мэдэх бөгөөд анхан шатны шүүхэд Батбаярыг гэрчээр асуулгах хүсэлт амаар гаргасан боловч хүлээж аваагүй С-гийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. С- надаас 3500000 төгрөг аваагүй бол 3700000 төгрөг өгнө гэж байхгүй юм. С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С нь хариуцагч Н, М нарт холбогдуулан зээлийн төлбөрт 100000 төгрөгийг Н-ээс, 2550000 төгрөг М-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Н- 100000 төгрөгийг С-д төлөхийг зөвшөөрсөн, хариуцагч М 2550000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 Хариуцагч М- нь 2015 оны 01 сарын 15-ны өдөр 2000000 төгрөгийг нэхэмжлэгч С-д  зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. Харин 1500000 төгрөгийг нэхэмжлэгч С-д бэлнээр өгсөн гэх хариуцагч М-гийн тайлбар, үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдоогүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  “...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх...”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар “... маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох...” гэсэн хуульд заасан  үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С-г М-гаас 1500000 төгрөгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо,чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

           С- нь М-д 2000000 төгрөгийг төлөх үүрэгтэй хэрнээ түүнд 2800000 төгрөгийг төлсөн нь тогтоогджээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т  зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх хариуцагч М-гаас 800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй болжээ.

М- нь Н.Батбаярыг гэрчээр асуулгахаар бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй нь анхан шатны шүүх зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2019/00363 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ