Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Д.Ч (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харагчууд овогт Д.Ч холбогдох эрүүгийн 1809026480623 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 4-122 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УК96092552 регистерийн дугаартай, Харагчууд овогт Д.Ч

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю скай” зочид буудлын хойд талд хохирогч Ж.Бумчинг цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 2-3 цагийн хооронд “Мийтинг” нэртэй бааранд найзуудтайгаа бүжиглээд гарсан. Би тооцоо хийгээд сүүлд нь гарсан. Хэдэн залуустай манай найзууд муудалцаад салсан байсан. Бид нар араас нь гарахад автобусны буудал дээр тэдгээр залуус хүлээж байсан. Манай найз очоод муудалцахад Бумчин миний цээж рүү өшиглөсөн. Би заамдахад манай найзууд салгасан. Би зүүн гартаа байсан пивоны шилээ Бумчин руу шидээд уруул хэсэгт нь оноход хойшоо ухаан алдаад унасан. Тэгтэл нэг найз нь ирээд “чи цохисон” гэхээр нь “тийм ээ, би цохисон” гэж хэлээд цагдаагийн газар руу явсан. Гэм буруу дээр маргаангүй. Миний буруу байсан. Үнэхээр их харамсаж байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бумчин /хх-ийн 6-7/, гэрч А.Болдбаяр /хх-ийн 9/, О.Азбаяр /хх-ийн 10/, Н.Сэвжид /хх-ийн 11/, Б.Лхагва-Очир /хх-ийн 12/, Б.Эрдэнэбилэг /хх-ийн 13/, Н.Цэрэнтогтох /хх-ийн 14/, Д.Дөлгөөнбаяр /хх-ийн 15/, О.Бат-Эрдэнэ /хх-ийн 16/ нарын мэдүүлэг, Д.Чинзоригийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8, 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6980 тоот дүгнэлт /хх-ийн 18/, Д.Ч хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-36/, хохирол төлсөн баримт /хх-ийн 63/, хохирогч Ж.Бумчины хүсэлт /хх-ийн 68/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блю скай” зочид буудлын хойд талд Ж.Бумчинтай хэрэлдэж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Бумчингийн /хх-ийн 6-7/: “... 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө найз Цээгий, Эрдэнэбилэг, Бат-Эрдэнэ, Дөлгөөнбаяр нарын хамт талбайн урд талын “Мийтинг” бааранд үйлчлүүлсэн. Шөнийн 03 цаг 20 минутын үед баарнаас гарч явж байгаад баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан хүмүүстэй маргалдан муудалцсан. ... Бид нарыг “Блю скай” дээр явж байхад нөгөө муудалцсан залуучууд араас гүйж ирээд 180 см орчим өндөртэй, халимаг үстэй залуу нь миний уруул хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиод миний дээрээс пивоны шилээр цохиход би ухаан алдсан. ... Миний баруун талын хацар, уруул, хамар хэсэг рүү пивоны шилээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Болдбаярын /хх-ийн 9/: “... 2-3 алхамын цаана шилний чимээ дуугарсан. Эргээд хартал Бумчин гэх залуу газар унасан. Бумчингийн найзууд Чинзоригийг “чи пивоны шилээр цохисон, бид нар харсан” гээд орилоод байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Эрдэнэбилэгийн /хх-ийн 13/: ... явган хүний зам дээр явж байтал маргалдсан залуус хойноос гарч ирээд манай найз Бумчинг Чинзориг гэх залуу пивоны шилээр нүүр рүү нь цохиход Бумчин газар унасан. Би Чинзоригийг “чи цохисон шүү, харсан би” гэж хэлэхэд Чинзориг “би цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Бат-Эрдэнийн /хх-ийн 16/: “... Би баарнаас түрүүлж гараад “ТҮЦ”-ний хажууд байж байтал хэсэг залуус орилж чаралж дайраад Чинзориг гэх залуу гартаа пивоны шил бариад Бумчингийн нүүр рүү пивоны шилээр нэг удаа цохихыг нь би харсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Чинзоригийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “... “Блю скай” зочид буудлын хойд талын явган хүний зам дээр хэдэн залуус зогсож байсан. Бид нар тэр залуустай муудалцахад Бумчин гэх залуу холоос гүйж ирээд миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Би заамдаж тавиад гартаа барьж байсан пивоны шилээ Бумчин руу шидэхэд уруул дээр нь онож пивоны шил газар унаж хагарсан. Бумчингийн амнаас цус гарсан байдалтай ухаан алдаж газар унасан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Ч буруутай үйлдлийн улмаас Ж.Бумчингийн биед “баруун хоншоор ясны хөндийн урд, дотор, гадна хажуу хана, зүүн хоншоор ясны өмнөд болон гадна хана, дээд хана буюу нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, тархи доргилт, дагзны хуйх, баруун чамархай, баруун доод зовхи, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, баруун дээд 1, 3-р шүдний палан эмтрэл, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр  хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6980 тоот дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь архи ууж согтуурсны улмаас хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгч хохирогчийг зодсоныг гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хувийн сэдэлттэй хэрүүл маргааны улмаас Ж.Бумчинг зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Д.Ч-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Ч-ийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Д.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ж.Бумчинд 10.314.489 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Д.Ч-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харагчууд овогт Д.Ч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ