Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар  2026/ДШМ/50

   2026            01             13                                        2026/ДШМ/50

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

ялтан Д.Б-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор М.Отгонжаргалын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Д.Б-д холбогдох 2406000000289 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дамбын Д.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 цагийн үед 00 тоот гэртээ амь хохирогч өөрийн төрсөн дүү Д.Г-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий, нуруу хэсэг рүү нь хутгалж хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 /арван хоёр/жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Отгонжаргал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор М.Отгонжаргал би шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Д.Б-д холоогдох эрүүгийн 2406000000289 дугаартай хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-д 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэн Л.П миний бие Австрали улсаас холбогдож байна. Миний нөхөр Д.Г нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийн төрсөн ах Д.Бд 6 удаа хутгалуулж, хэрцгийгээр алагдсан. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Бямбаатай уулзаж “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгнө үү” гэхэд “төрсөн эгчийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нь томилсон, солих боломжгүй” гэж хэлсэн. Ингээд би хяналтын прокурор Болортуяа гэх хүнд хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бага насны 2 хүүгээ хүний газар үлдээсэн байсан учраас Австрали улс руу буцсан. Буцаж очоод хэргийн талаар үнэн мөнийг мэдэхийг хүссэн ч, хадам талаас утсаа авахгүй, мөн хэргийг шалгаж байсан мөрдөгч утсаа аваагүй.

Ингээд өнгөрсөн 05 дугаар сарын 16-ны өдөр уг хэрэг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнийг мэдээд, хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар мэдэхийг хүссэн боловч хэн ч хэлж өгөөгүй. Улмаар улсын өмгөөлөгч хайж холбогдтол shuukh.mn сайт дээр шүүхийн тогтоол байршдаг талаар сонсож, уг хэргийн талаар олж уншсан.

Гэвч нөхцөл байдлыг тэс өөрөөр шийдвэрлэсэнд миний бие туйлын гомдолтой байна.

1. Тухайн хэргийг зүйлчлэхдээ ЭХТА-ийн 10.1-2.1, 2.8 дугаар зүйл ангиар зүйлчилсэн байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2.8 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие өөрийн нөхөртэй 2004 онд танилцаж улмаар тухай айлд бэр болж очсон ба нөхрийнхөө хамтаар байнгын гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан.

2. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эгчийг нь томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэний улмаас Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудын хэлтсийн хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна. Би удаа дараа хүсэлтээ өгөөд байхад томилохгүй байсныг би сүүлд олж мэдсэн. Энэ хэргийн мөрдөгч нь амь хохирогчийн төрсөн эгчтэй найзууд байсан. Өмнөх оны 08 дугаар сард мөрдөгч нь над руу нэг удаа залгасан байсан ба би тухайн үед ажилтай байсан учраас ярьж чадаагүй. Гэтэл над руу та “гомдол, саналгүй” гэсэн бичиг явуулаад өгчих гэсэн  Voice record явуулсан байсан. Гэтэл энэ хүний төрсөн 3 ба 6 насны хоёр хүү нь байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, сэтгэл санааны хохирлоо би гаргуулж авмаар байна. Миний эрхийг маш их зөрчиж байна. ...Иймд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн авч үзэж дахин шалгаж, үнэн мөнөөр нь шийдэж өгнө үү.

Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт:

Иргэн Л.П-ийн гомдол болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн, Д.Б-д холбогдох эрүүгийн 2406000000289 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бямбаа нь Д.Бд холбогдох, эрүүгийн 2406000000289 дугаартай “Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Жанжины 4-119 тоот гэртээ төрсөн дүү Д.Г-тай маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий, нуруу хэсэг рүү хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан” гэх хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорт ирүүлснийг хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй хүлээн авч хянаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 443а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг төмөр эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 377 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоолд хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогч Д.Г, шүүгдэгч Д.Б нарын төрсөн эгч Д.Д-г, мөн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М нарыг тус тус тогтоож оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай заалтыг зөрчсөн буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Учир нь амь хохирогч Д.Г нь эхнэр болон бага насны хоёр хүүхэдтэй байсан бөгөөд талийгаачийн эхнэр Л.П уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаж байсан, мөн Л.П нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхээсээ татгалзсан, хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэх баримт нотолгоо хэрэгт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч нас барсан бол хохирогчийн эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдлэх талаар мөн хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийг хэрхэн тогтоох талаар ямар нэгэн салаа утгагүй тодорхой заасан бөгөөд хохирогч нас барсан тохиолдолд тэргүүн ээлжид түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэсэн дарааллаар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульд зохицуулсан байна.

Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М-ыг оролцуулан шийдвэрлэсэн нь хуульд зааснаар тэргүүн ээлжид хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох эрхтэй амь хохирогчийн эхнэр Л.П-ийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж дүгнэв.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П-ийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Дэмжиж оролцож байгаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлая. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хохирогчийн хохирлыг нөхөн сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Мөн Үндсэн хуульд гэмт хэргийн улмаас төрийн байгууллагаар гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ хэрэгт хохирогчийг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв тогтоогоогүйн улмаас хохирогчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Хохирогч нь тухайн үед Австрали улсад байсан бөгөөд уг хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар огт мэдээлэлгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөө оролцогчоор тогтоогдож, оролцох хүсэл, байр сууриа илэрхийлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүн, тухайлбал эхнэр нь хохирогчоор тогтоогдох этгээд байхад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчоор тогтоож, хохирол, төлбөрийн талаар байр суурь илэрхийлж, түүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд прокурорын саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад заасан, хуулийг илт буруу хэрэглэсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Оролцогчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж үзэж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарснаас хойш, уг шийдвэр шүүхийн цахим санд байршсаны дараа хохирогч уг асуудлын талаар мэдсэн үеэс илэрсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээр гомдол гаргасан прокурорын дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П-гийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг миний зүгээс мөн дэмжиж оролцож байна. Энэ хэрэгт хууль илт буруу хэрэглэж, шүүхийн шийдвэрийн улмаас миний үйлчлүүлэгчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд хэрэгт П-ийн мэдүүлэг, мөн эгчтэй нь харилцсан чат бичвэрүүдийг баримтаар авсан байна. П мэдүүлэг өгөхдөө бага насны хоёр хүүхэдтэй, Д.Б-д гомдол, саналтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, уг хэрэг өмнө нь давтагдаж байсан байхад зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн талаар тодорхой дурдсан. Түүнчлэн, хоёрдугаар сард шүүхийн шийдвэр гарсан байхад тухайн хугацаанд эгчтэйгээ чаталж байсан нь тогтоогдсон бөгөөд тавдугаар сард уг хэргийн талаар анх мэдсэн болох нь илэрсэн. Чаталж байсан хугацаанд асууж тодруулж байсан боловч тухайн асуудлыг хэлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Ганболд өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг. Гэтэл энэ хэрэгт хохирогчийн эрх сэргээгдээгүй, гомдол саналгүй, хохирол нэхэмжлэх зүйлгүй гэх байдлаар хууль ёсны төлөөлөгч нар байр сууриа илэрхийлж, улмаар хөнгөн хариуцлага оногдуулах үндэслэл болгосон. Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэр, үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг нэн тэргүүнд харгалзан үзэх үүрэгтэй. Гэтэл бага насны хоёр хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал, тэдний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, түүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй нөхцөл байдал байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд П-гийн мэдүүлгээр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байгаа, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн талаар тодорхой дурдсан байна. Эдгээр асуудлыг мэдүүлэг болон гомдолд тусгасан тул прокурорын гаргасан санал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Ялтан Д.Б-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Б-ийг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан. Прокурор болон хохирогч талын өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлттэй холбогдуулан ялтны өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, хохирогчийн асуудлын хувьд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 2.8 дахь заалтад заасан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч байсан гэх агуулга яригдаж байгаа боловч уг байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Тухайн өдөр амь хохирогч өөрөө шөнийн цагаар унтаж байсан хүмүүсийн дээр очсон нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хэрэгт хохирол, төлбөртэй холбоотой баримт байхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгсөн. Үүний зэрэгцээ анхан шатны шүүх нь жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг үлдээж, нотлох баримтаа бүрдүүлэх боломжийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг анхнаасаа буруу тогтоосон эсэх асуудал мөн яригдсан. Тухайлбал, нэг этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа, улмаар гэрчээр мэдүүлэг өгсөн, Д-гийн оролцоо хэргийн явцад өөр өөр статустайгаар өөрчлөгдөж байсан нь хууль зүйн шаардлага хангаагүй талаар тухайн үед хэлэлцсэн. Гэр бүл, хүүхдийн хөгжлийн байгууллагаас М-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой бөгөөд шүүх хуралдаанд оролцуулахдаа өөрийн байр суурийг илэрхийлж, жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдсан. Иймд М-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь нэгдүгээрт буруу байсан эсэх асуудал яригдаж байгаа боловч нөгөө талаас ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор ийм зохицуулалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт, уг гэмт хэрэг нь 2024 оны 2 дугаар сарын 12-нд үйлдэгдсэн бөгөөд миний үйлчлүүлэгч жил гаруйн хугацаанд хоригдсон. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагааг явуулахын тулд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасны дагуу, хөндлөнгийн төрийн байгууллагаас, тухайлбал Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөгч М-ыг тогтоосон нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үзэж шийдвэрээ гаргасан гэж ойлгож байна. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хангалтгүй, прокурорын гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийн төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор М.Отгонжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах зорилгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог онцгой зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчилж өгсөн.

            Энэхүү ажиллагааны үндсэн зорилгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудад тодорхойлж өгсөн бөгөөд дээрх хуульд нэрлэн заасан нөхцөл байдал, үндэслэл тогтоогдсон тохиолдолд урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг /шийтгэх болон цагаатгах тогтоол/ хүчингүй болгож, хэргийг дахин сэргээж шалгадаг билээ.

            Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хүний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, оролцогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хангахын тулд урьд гарсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам болгон хууль тогтоогчоос тогтоож өгсөн.

            1. Баянзүрх дүүргийн ахлах прокурор М.Отгонжаргал “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Д.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлийг зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар бичсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж зорилтыг тодорхойлсон.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхий л талаас нь харьцуулан шинжлэн судлахад; Амь хохирогчийн эхнэр Л.П нь “..амь хохирогч нь миний нөхөр. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгч, хохирогч нарын төрсөн эгч Д.Д-г томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, хүлээн зөвшөөрөхгүй байна. ..Миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох ёстой. Иймд намайг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгнө үү. ...” гэх хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Болортуяад явуулжээ. /2хх 09-10, 12/

            Дээрх хүсэлтийг хяналтын прокурор Я.Болортуяа нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай тогтоолоор “хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна. /2хх 14/

            Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М-ыг ашиг сонирхлын зөрчилгүй  гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж, Д.М нь шүүх хуралдаанд “..гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирогчийн эх, ах, эгч нартай уулзахад “гомдол саналгүй” гэдгээ хэлсэн. Амь хохирогчйин эхнэр болон хүүхдүүдтэй холбогдож чадаагүй..” гэсэн тайлбарыг гарган оролцжээ. /2хх 192,  шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх хуудас/

            Гэтэл амь хохирогчийн эхнэр Л.П нь “...миний бие 2 хүүхдийн хамт амьдардаг. ...Амь хохирогч Д.Г-тай 2006 онд гэр бүл болсон. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өөр этгээд томилогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм хор, бусад хохирлоо нэхэмжлэх эрхээ эдэлж чадахгүй байна...” гэсэн тайлбар, хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасаар иржээ.

            Дээрхээс үзэхэд, амь хохирогчийн эхнэр Л.П-ийн “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож гэм хор, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг бусад нэхэмжлэх эрхийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “....хүний эрх ноцтой зөрсөн. ...” гэх үндэслэлд хамаарч байна.

            Өөрөөр хэлбэл, хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, хохирлоо нөхөн төлүүлэх, арилгуулах боломжгүйд хүргэсэн, түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал хүсэлт, өөрийн дотоод байр, суурь итгэлээ илэрхийлэх боломжгүйд хүрсэн зөрчлүүд хамаарах юм.

            Иймд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, түүний хууль ёсны эрх ашиг хангагдаагүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн тул прокурор М.Отгонжаргалын “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Д.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            2. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянах үүрэгтэй бөгөөд ингэхэд хэрэгт зарим алдаа зөрчил гаргажээ. Үүнд:

2.1 Д.Б-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч М.Солонгоо, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЕШЗ/299 дугаартай захирамж гаргаж /2хх 129/, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1041 дугаартай захирамжаар шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг шүүгч М.Отгонбаатараар өөрчлөн томилжээ.

Энэхүү өөрчилсөн захирамж дээр: “....ерөнхий шүүгч Ж.Болдбаатар би Д.Б-д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянасан. ...” гэсэн атлаа шүүгч Д.Мөнхтуяа гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2хх 151 /шүүгч Д.Мөнхтуяа нь ерөнхий шүүгчийг Ж.Болдбаатарыг эзгүйд түүнийг орлох шүүгч мөн эсэхийг баталсан захирамж байхгүй/

2.2 Шийтгэх тогтоолын 13 дахь хуудас, 2 дугаар хавтас хэргийн 219 дүгээр талд “..Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ж.С, Н.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. ...” гэж дүгнэсэн,

мөн шийтгэх тогтоолын 14 дэх хуудас, 2 дугаар хавтас хэргийн 220 дугаар талд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтдээ: “...шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар. ...” гэж энэ хэргийн шүүгдэгч биш өөр хэргийн шүүгдэгчийн нэрийг бичиж, дүгнэсэн  нь шийтгэх тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүйг дурдах нь зүйтэй.

3. Түүнчлэн, амь хохирогчийн эхнэр Л.П-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны дагуу оролцуулах, гадаад улсаас цахим хэрэгсэл ашиглан тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан тохиолдолд шүүх нотлох баримтаар үнэлэхгүйд хүрэх, нотлох баримтаас хасах зэргийг хэргийн оролцогч нарын хэн аль нь анхаарвал зохино.

Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурор М.Отгонжаргалын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Отгонжаргалын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ