Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

Улсын яллагч: Э.Халиун;

Шүүгдэгч: Н.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ноён цорс овогт Н.М холбогдох эрүүгийн 1809023270615 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй “Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд мэдээлэл зүйн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж 31 дүгээр байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржын гудамж 26/4 дүгээр байрны 42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ПО83091911 регистерийн дугаартай, Ноён цорс овогт Н.М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.М нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох хүү М.Биндэръяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Биндэръяа /хх-ийн 7/, гэрч Д.Ганчимэг /хх-ийн 17/, Н.Даваасүрэн /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Н.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6170 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/, Н.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-34, 41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 36/, Н.Мөнхтүвшингийн хүсэлт /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дотор өөрийн гэр бүлийн гишүүн төрсөн хүү М.Биндэръяагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч М.Биндэръяагийн /хх-ийн 7/: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай ангийн багш Хишигжаргал намайг “Арсланбат багшийн дугаарыг Батсайхан жижүүрээс олоод ир” гээд явуулсан. Би жижүүр дээр очтол Батсайхан жижүүр гараад явсан байсан. Би буцаж яваад ангируугаа орох гэж байтал манай аав М “би хүүгийнхээ анги руу орно” гээд согтуу сургуулийн коридорт орилоод байсан. Жижүүр Батсайхан 10г ангид сурдаг нэг ахтай хамт манай аавыг дагуулаад явж байсан. Тэгтэл манай аав “миний хүү ангидаа байхгүй байна, би дээшээ гарч шоколад авч өгнө” гээд орилоод байсан. Аавыг дээшээ шатаар гарангуут нь би ангируугаа яваад орсон чинь манай багш намайг “Батсайхан ахынхаа өрөөнд ороод үз” гэсэн. Би Батсайхан ахын өрөө рүү очтол байхгүй байхаар нь буцаад явж байгаад аавтай таарсан. Манай аав миний хүзүүнээс багалзуурдаад дээш өргөөд толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Би уйлсан чинь намайг доошоо буулгахаар нь би зугтаад ангируугаа яваад орсон” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Ганчимэгийн /хх-ийн 17/: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намайг ажил дээрээ байхад М.Биндэръяа 16 цагийн үед “ээж ээ, аав намайг зодчихлоо” гээд уйлж ярьсан. Тэгэхээр нь би шууд сургууль дээр нь очсон. 2 дугаар сургууль руу явж байх замдаа 103 болон 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Сургуль дээр нь явж очиход М.Биндэръяагийн дух нь улайж хавдсан, эрүүний доод хэсэгт хавдартай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Даваасүрэнгийн /хх-ийн 19/: “... Тухайн үйл явдал болсоны дараа нь Н.Мөнхтүвүшингээс өөрөөс нь сонссон. Н.М ярихдаа “Биндэръяа ахыгаа шоглоод байдаг талтай. Тэгэхээр нь ахыгаа тэгж болохгүй” гэж хэлээд шилэн хүзүүн дээрээс нь бариад хана руу түлхсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Н.М-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25-26/: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хичээлээ зааж дуусаад байж байтал хүргэн ах “машиныг чинь авъя” гэхээр нь багшийн дээд дээр аваачиж өгөөд буцаад сургуульруугаа явах замдаа хамт ажиллаж байсан найз нартайгаа таарч 2 шил архи хувааж уусан. Би гэртээ харих замаараа сургууль дээрээс усны саваа авах санаатай орсон. Сургууль руу ортол манай дунд хүү М.Биндэръяа явж таарсан. Тэгэхээр нь би Биндэръяад “чи яахаараа ахыгаа аавдаа гологдсон, ээждээ ч гологдсон гологдмол” гэж хэлдэг юм бэ? гэж хэлээд хүзүүнээс нь базаж цохисон....” гэх мэдүүлгээр,

 

Н.М-ийн буруутай үйлдлийн улмаас М.Биндэръяагийн биед “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6170 тоот дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

“Ахыгаа шоглодог” хэмээн өөрийн төрсөн хүү болох М.Биндэръяагийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.М-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.М-ийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураа эвлэрсэн” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Н.М “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ноён цорс овогт Н.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ