Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/71

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Л-н А-д холбогдох эрүүгийн 1817001130054 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 06-нд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, жудо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-нд дулаан ус хангамжийн хэсэгт туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, охин зээгийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг ........... тоотод оршин суух, Ардын хувьсгалын 90 жилийн ойн тэмдэг, Хувьсгалт залуучуудын холбооны “Алтан Од” медалиар тус тус шагнагдаж байсан, урьд

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх А овогт Л-н А /РД:............/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Л.А нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нэртийн 1-р гудамжинд 50-99 ГСА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд “Энэ хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 2 дугаар хавсралтын 1.2-д “Шингэн дамжуулагчтай тормосны системийн битүүмж алдагдсан”, 2.1-д “Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн”, 5.3-д “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Н-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Л.А нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нэртийн 1 дүгээр гудамжинд 50-99 ГСА дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд “Энэ хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 2 дугаар хавсралтын 1.2-д “Шингэн дамжуулагчтай тормосны системийн битүүмж алдагдсан”, 2.1-д “Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн”, 5.3-д “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас талийгаач Л.Н-г мөргөж амь насыг нь хохироосон буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Л.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн осол гаргасан асуудлаар шалгагдаж байгаа. Би өөрийнхөө эзэмшлийн 50-99 ГСА дугаартай автомашинаа 2017 оны 08 дугаар сард эвдлээд Б гэх залуугаар гадна арьсыг засуулахаар орхисон байсан юм. Тэгээд Б засаж янзлаад 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр гадна будагны ажил дууссан байсан. Бусад гагнуур зэрэг ажлууд нь арай дуусаагүй байсан. Би 2018 оны 05 сарын 01-ний өдөр өөрөө оролдсоор байгаад машинаа асаасан. Тэгээд гэр хороололд байдаг хашаандаа машинаа аваачиж тавьсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөдөө явж адуугаа харах гэсэн мотоциклийн дугуй хагарсан байсан. Тэгэхээр нь мотоциклийнхоо дугуйг нөхүүлэхээр 50-99 ГСА улсын дугаартай Портер маркын машинаа асаагаад манай эгнээний хойд талын эгнээнд байдаг М гэх хүний дугуй засварт мотоциклийнхоо дугуйг орхичихоод сэлбэгийн дэлгүүр орж мотоцикльдоо сэлбэг авахаар дугуй засварын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийшээ хөдлөөд 30 гаран метр явж байсан чинь гэнэт түс хийгээд юм мөргөөд машины баруун талаас нэг хар юм цохих шиг болсон. Би машиныхаа тормосыг гишгээд зогсоосон. Би машинаасаа буугаад ирсэн чинь буруу талын урд дугуйны урд купер доор хүн хэвтэж байсан. Би машинаа арагш түрсэн дийлэхгүй байсан. Тэгсэн хойд талын эгнээний хашаагүй хоосон газраар нэг суудлын машин гараад ирэхээр нь гараараа даллаад дуудсан чинь тэр машин зогсоод Б гэх залуу машинаас буугаад ирэхээр нь туслаарай гээд дуудсан чинь хүрээд ирсэн. Би Б-тэй хамт машинаа түрээд хойшлуулсан. Б нэг харсан яваад өгсөн байсан. Мөн дэлгүүрийн үүдэнд зогсож байсан Б гэх залууг цагдаа дуудаарай гэсэн. Би өөрөө эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд мөргүүлсэн хүнийг үзээд тариа тариад даралтыг нь үзээд байсан. Эмч ирээд 20 гаран минут болсон. Тэгээд сүүлдээ мөргүүлсэн хүн амьсгал хурааж байгаа нь мэдэгдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Э над руу утсаар залгаад “манай ангийн хүүхэд яриад байна. Танай ээж мөн юм шиг байна. Машинд мөргүүлсэн байна” гээд байна гэж хэлсэн. Ээжийн дүү Д эмнэлэг рүү утсаар яриад асуусан чинь зүүн гэр байранд машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд зүүн гэр байр луу эгч Д, нөхөр Б нарын хамт очиход Портер маркын машин зогссон, урд талд дамнуурган дээр ээжийг тавьсан байсан. Цагдаагийн хүмүүс хэмжилт хийж байсан. Цагдаагийн хүмүүсээс ээжийг нас барсан гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

...Оршуулгын зардал болон бусад 9 096 600 төгрөг болсон. Мөн талийгаачийн тэтгэврийн зээл 5 674 279 төгрөг байгаа. Нийт 14 770 879 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнээс Л.А 5 316 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдсэн 9 454 879 төгрөг үлдсэн. Үлдсэн хохиролыг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ер нь бол Л.А 2018 оны 11 дүгээр сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон.

Л.Ам-ыг үлдсэн хохиролыг цаг хугацаанд нь төлж барагдуулна гэдэгт итгэж байгаа. Санал гомдол байхгүй. Хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй. Үлдсэн хохиролыг цаг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн дагуу Л.А-с нэхэмжилнэ. А-тай эвлэрлийн гэрээ байгуулаад эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Шивээговь сумын 2-р баг Нэртийн 2-р гудамжинд хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 05 сарын 02-ны орой 19 цаг 25 минутын орчимд би дугуй засвар дээрээ дугуй янзалж байтал манай Шивээ-Овоо ХК-нд белазын жолоочоор ажиллаж байсан А гэдэг залуу 50-99 ГСА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркын автомашинтай ирээд “мотоциклийн дугуйг нөхөөд өгөөч, би төв орчихоод ирье” гээд нэг дугуй орхиод автомашинтайгаа хөдлөөд явсан. Би тэр А-н өгсөн мотоциклийн дугуйг задлахаар дугуй засварын комдорсор ажиллуулаад дуу чимээтэй байсан. А-г явснаас хойш удалгүй гудамжинд явж байсан 5-6 насны хоёр хүүхэд надад “гудамжинд портер автомашин хүн дайрчихлаа” гэхээр нь би гарч харахад А-н автомашины жолоочийн баруун талын урд нэг хүн дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан ба хажууд нь А зогсож байхаар нь би очих гээд засварын газраас гараад явах замдаа А “эмнэлэг, цагдаа дуудсан уу” гэж хэлэхэд А утасны дугаар нь байна уу гэхээр нь би буцаж дугуй засвартаа очиж өөрийхөө утсаар цагдаагийн жолооч А утас руу залгаж болсон асуудлыг хэлэхэд цагдаа А нь “дуудлага мэдээлэл ирсэн, манай цагдаа нар хэргийн газар луу явсан” гэхээр нь би дугуй засвараас гарч харахад цагдаагийн автомашин ирчихсэн байсан. Би тэгээд тухайн хэргийн газар очоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ё.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 19 цаг 28 минутын орчимд манай танил болох Г, Б нартай гурвуулаа миний хувийн эзэмшлийн 08-48 ГСА дугаартай автомашинтай Шивээговь сумын 1 дүгээр баг гэр хороололд байрлалтай М-н дэлгүүрийн гадна явж очиход М дугуй засварын газрын наад доор зүүнээс баруун тийш чиглэлтэй гудамжинд цэнхэр өнгийн Портер маркын автомашин зогсож байсан. Тэгтэл хүн дайрчихсан байна гээд би хартал манай “Шивээ-Овоо” ХК-д белазын жолоочоор ажиллаж байсан А гэдэг залуу над руу “Б ахаа утсаа өгөөч би хүн дайрчихлаа эмнэлэг, цагдаа дуудах гэсэн юм” гэж хэлэхээр би өөрийн утсаар цагдаагийн 91606102 дугаартай утас руу болсон асуудлын талаар дуудлага мэдээлэл өгсөн. Намайг цагдаад дуудлага мэдээлэл өгснөөс хойш удалгүй 2-3 минутын дараа цагдаагийн автомашин ирсэн. Би хэргийн газар дээр очоогүй, 3-4 метрийн зайтай зогсож харахад А-н автомашины урд талд ертөнцийн зүгээр толгой нь хойшоо, дээшээ харсан нэг эмэгтэй, тэр эмэгтэй зүүн гараа дээшээ солгой юм шиг нэг л эвгүй байдалтай харагдсан. Би цааш нь лавшруулан хараагүй. А нь автомашиныхаа хажууд буюу дайрсан хүнийхээ хажууд байсан. Би тэгээд төв рүү машинтайгаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны орой яг цагийг нь сайн санахгүй байна. Манай УБТЗ-ын 22 дугаар зөрлөгийн ажилчдын 24 айлын байрны гадна намайг зогсож байтал манай зөрлөгт ажилтай Н гэдэг эрэгтэй “манай сургуулийн хүүхэд автобуснаас хоцорчихлоо чи машинтайгаа Шивээговь сум руу яваад өгөөч” гэж гуйсан. Би танил Н-н хамт 62-55 УНЗ дугаартай автомашинтайгаа Шивээговь сум руу явж сумын зүүн талын гэр хороололд байдаг Н-н хүүхэд байж болох айлаар ороход хүүхэд нь байхгүй сургууль дээрээ байгаа гэхээр нь би тэр осол болсон газрын зүүн хойд талд байдаг хүүхдийн тоглоомны саадны хажуугаар явж байхад манай сумын бөх А нь намайг гараараа даллан дуудахаар нь би автомашинаасаа бууж гүйж очсон. А-н автомашины урд купер доор нэг эмэгтэй хүн байсан ба А нь автомашинаа түрж хүч хүрэхгүй зогсож байсан. А бид хоёр хамтдаа автомашиныг түрж тэр эмэгтэйг автомашины купер доороос нь ил гаргасан. Тухайн үед би тэр эмэгтэйг харж чадаагүй, ухаан санаа цочролд орсон тул би тэгээд яваад өгсөн. Тухайн үед А нь эмнэлэг, цагдаа дууд, утастай хүн байна уу? гээд орилж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Л.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 20 цаг 30 минутын үед талийгаачийн төрсөн хүү Э утсаар яриад ээжтэй адилхан хүн машинд шүргүүлсэн байна гэж манай ангийн хүүхэд хэлж байна гэсэн. Би хаана юм бэ гэсэн чинь гэр байранд гэж хэлсэн. Тэгээд би цагдаа эмнэлэг рүү яриад асуусан чинь зүүн гэр байрны Ц-н дэлгүүрийн ард талд хүн машинд дайруулсан түргэн тусламж явсан ямар хүнийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн охин Б-д утсаар энэ тухай хэлээд Б, түүний нөхөр Б нарын хамт Ц-н дэлгүүрийн хойд талд яваад очсон чинь Портер маркын автомашин зогсож байсан. Машины урд талд дамнуурга дээр талийгчийг тавьсан байсан. Бид хэд яваад очих гэсэн чинь цагдаа очиж болохгүй гэж байсан. Тэгээд очиж харж чадаагүй. Тухайн үед бараг юу болоод байгааг мэдэхгүй ухаангүй шахуу уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Надад эмч талийгчийг нас барсан ямар ч боломж боломж байсангүй ээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь манай эхнэрийн дүү Э манай эхнэр лүү утсаар залгаад ээж машинд мөргүүлсэн байна гэж байна ш дэ гэж хэлсэн. Манай эхнэр Д эгч рүү залгаад Э ээжийг машинд мөргүүлсэн гэж яриад байна та лавлаад асуугаад өгөөч гэсэн. Дина эгч эмнэлгээс асуугаад зүүн гэр хороололд машинд мөргүүлсэн гэж мэдсэн байсан. Тэгээд Д эгч эхнэр нарын хамт зүүн гэр хороололд байдаг Ц-н дэлгүүрийн орчимд очсон. Тухайн үед Портер маркын машин дэлгүүрийн гудамжинд зогсож байсан. Машины урд талд дамнуулга дээр хүн тавьсан байсан. Тэгээд хараад нас барсан гэдгийг нь ойлгосон. Манай эхнэр машинаас буугаад уйлаад гүйсэн. Цагдаагийн хүмүүс ойртож болохгүй үзлэг хийж байна гээд хориод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.9. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Шивээговь сумын 1-р багт махны дэлгүүр ажиллуулдаг юм. Би дэлгүүрийнхээ гадна талын хогийг цэвэрлээд зогсож байсан чинь талийгч Н 13 цагийн үед над дээр ирээд надтай хамт хог цэвэрлэж туслалцаж байгаад нэг мэдсэн яваад өгсөн байсан. Би хаашаа явсан талаар мэдэхгүй байна хараагүй. Би бодохдоо урд өдөр уусан архи нь гараагүй яваа юм байна да гэж бодож байсан. Түүнээс согтуу биш, ярьж хэлж байгаа нь зүгээр байсан. Надад хаашаа явах талаараа хэлээгүй нэг мэдсэн яваад өгсөн байсан. Орой нь Н машинд дайруулсан байна гэж хүмүүс ярьж байхыг сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч Д.Ю мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой багцаагаар 19 цагийн үед Н эгч манайхаар орж ирээд танай хажуу талын дэлгүүр ажиллаж байгаа юм уу гэж асуучихаад ус байна уу гэхээр нь би хүйтэн цай хийгээд өгсөн тэрийг уучихаад манайхаас гараад явсан. Тэгээд жоохон байж байгаад би гэрээсээ гараад харсан чинь манай урд талын, урд талын эгнээнд машинд хүн дайруулсан байна гэхээр нь сонирхоод тэр хавийн хүмүүсээс асуусан чинь Н эгчийг дайруулсан байна гэж байсан. Хэн надад хэлснийг санахгүй байна. Машины жолооч нь манай сумын бөх А ах байгаа харагдсан. Машинаасаа буугаад хажууд нь зогссон байсан. Машиных нь урд талд нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Би бодохдоо талийгаачийг манай урд талын хашаагаар нэвт гараад дэлгүүртэй эгнээний хашаагүй хоосон зайгаар гараад машин замд нийлсэн байх гэж бодсон. Би яг дайруулж байхыг нь бол хараагүй. Манай гэрээс гарахад урд талын хоосон зайгаар дэлгүүртэй эгнээний гудамж харагддаг. Тухайн үед осол болсон гэх газар харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би А-н Х.Портер маркын машинд засвар үйлчилгээ хийсэн. Улсын дугаарыг нь санахгүй байна. А тухайн автомашиныг үхэр мөргөсөн гээд урд талын нүүр хэсэг нь хонхойсон, буруу талаараа кабин нь дотогш орсон машин авчраад манай хашаанд өвөл /сар өдрийг нь санахгүй байна/ орхисон байсан. Тэгээд би дулаан оруулаад кабины урд талын нүүр болон буруу талын хэсгийг засаж янзлаад будаж өгсөн. Мөн урд талын шилийг нь сольж өгсөн. Надад засуулаад явсныхаа дараа хүн дайрсан гэж сонссон. Би өөр засвар хийгээгүй. Тухайн машиныг асаах гээд А манай хашаанаас чирээд аваад гарсан. Удаагүй асаачихлаа гээд хүрээд ирсэн. Зүгээр үү гэсэн чинь зүгээрээ маргааш оторт явна гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.12. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 - Хюндэй Портер маркын 50-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- Явган зорчигч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

- Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Хюндэй Портер маркын 50-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөнөөс гаргасан гэх үндэслэлтэй байна. Шинжээч: цагдаагийн дэд хурандаа С.Б гэжээ /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.13. Нэмэлт шинжилгээ хийсэн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Хюндэй Портер маркын 50-99 ГСА улсын дугаартай автомашины хойд 2 дугуйн тормос ажиллахгүй, зогсоолын тормос хэвийн бус зогсохгүй, жолооны механизм хэвийн ажиллагаатай хэдий ч жолооны механизмын хүрдний центр алдагдаж стандарт бус, мөн гэрэл дохио бүрэн бус байдал нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд “Энэ хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 2 дугаар хавсралтын 1.2 “Шингэн дамжуулагчтай тормосны системийн битүүмж алдагдсан”, 2.1 “Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн”, мөн хавсралтын 5.3 “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- Дээрх гэмтлүүд нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Шинжээч: цагдаагийн дэд хурандаа С.Б гэжээ /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.14. Шинжээч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Тухайн осол болсон газар нь гэр хороолол байсан. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байдаг. Иймээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Тухайн автомашины гэрэл дохио бүрэн бус байгаа нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж байгаа болохоос биш осол гарахад шууд нөлөөлөхгүй. Хойд 2 дугуй нь тоормос барихгүй байгаа нь автомашиныг зогсоох замыг уртасгана. Жолоочийн мэдүүлж байгаагаар баруун гар талаас гэнэт бараан зүйл орж ирээд цохигдоод түр хийгээд дуугарсан. Би тормос гишгээд зогссон гэж мэдүүлж байгаагаар тухайн автомашины тормос осол гарахад нөлөөлөөгүй. Учир нь мөргөснийхөө дараа тормос гишгэсэн байна. Хэрэв тухайн хүнийг хараад тормос гишгээд зогсоож чадаагүй очоод мөргөсөн бол хойд 2 дугуй тормос бариагүй байдал нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

Говьсүмбэр аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвд 5099ГСА улсын дугаартай Хюндай Портер маркын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. А-н эзэмшлийн Хюндай Портер маркын, хөх өнгөтэй, БНСУлсад үйлдвэрлэсэн, 5099ГСА улсын дугаартай KMFXKS7BPXU340702 арлын дугаартай ачааны автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 1319 цагаас 1348 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тургуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад:

Уг автомашины хойд тормос ажиллахгүй, зогсоолын тормос хэвийн бус зогсохгүй, жолооны механизм хэвийн ажиллагаатай хэдий ч жолооны механизмын хүрдний центр нь алдагдаж стандарт бус байрлуулсан байсан. Ойрын гэрэл асахгүй, зүүн хойд гэрэл бүгд ажиллагаагүй, баруун хойд гэрлийн оврын гэрэл, тоормосны гэрэл, дохионы гэрэл ажиллаж байгаа боловч бэхэлгээ суларч хазайсан, холын гэрэл ажиллаж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй зэрэг ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэлтэй байсан хэдий ч зам орчны гэрэлтүүлэг, автомашины хурд, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг  тогтоох боломжгүй. Шинжээч: мэргэшсэн инженер, техник хяналтын үзлэгийн төвийн инженер Д.Б гэжээ. /хх-ийн 50-52 дугаар хуудас/

 

1.16. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Талийгаач Л.Н-н цогцсонд гавал тархи, цээж, хэвлий, дээд мөчдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавлын орой болон суурь ясны олон тооны хугарал, зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, зүүн дагз, чамархай, зулайн хажуу хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт. Баруун эгэмний дунд шугамаар 2,3,4,5-р хавирга, зүүн 6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар, далны дунд шугамаар 10,11,12-р хавирганы хугарал. Баруун уушигны дэлбэнгийн цус хуралт. Зүүн гарын шууны зөрөөтэй ил хугарал. Зүүн нүдний дээд зовхи, хэвлийн зүүн хэсэг, зүүн далны дунд хэсэгт цус хуралт. Баруун гарын сарвуу, зүүн гарын алганд ил шарх. Зүүн шуу, зүүн ташаан толгой, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. дээрхи хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

- Талийгаач Л.Н-н биед элэгний зүүн дэлбэнгийн ард голомтот өөрчлөлт тогтоогдлоо. Энэ гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөхгүй.

- Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

- Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж нэн даруй үзүүлсэн ч амьдрах боломжгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ  /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

1.17. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/

 

1.18. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

1.19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16 дугаар хуудас/

 

1.20. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/

 

1.21. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

 

1.22. Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-63 дугаар хуудас/

 

1.23. Цогцосны хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-71 дүгээр хуудас/

 

1.24. Бичиг баримт хураан авсан тэмдэглэл

Л.А-с дараах жолооны үнэмлэхийг түр хураан авав. Л-н А-н /ЕЙ75040612/ 225832 дугаартай шар өнгийн ВС ангилалтай жолооны үнэмлэхийг хураан авч хэрэгт хавсаргахаар тогтов гэжээ.

 

1.25. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаартай прокурорын зөвшөөрөл

 Л.А нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нэртийн 1-р гудамжинд 50-99 ГСА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Л.Н мөргөж амь насыг нь хохироосон гэх хэрэгт хохиролыг төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор Л.А-н эзэмшлийн Портер маркын 50-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх шаардлагатай... гэжээ /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Л.А-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.     

Иймд шүүгдэгч Л.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.А нь Шивээ-Овоогийн уурхайд ажилладаг. Эхнэр нь хувийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. Зан байдлын хувьд шудрага зантай. Хүнд хэлэх гэснээ шууд хэлдэг. Хээгүй гүндүүгүй зантай. Хүнтэй эвсэг харьцаатай. Хүнийг сайн муу гэхгүй ялгахгүй харьцдаг. Хүнд их тусархуу зантай. Уяхан зантай. Охин нь төрөх гэж байхад ганцаараа уйлсан сууж байсан. 2017 оны 12-р сард зүрхний хагалгаанд ороод түүнээс хойш гам бариад байдаг болсон. Үндэсний бөхөөр барилддаг. Цолыг нь мэдэхгүй байна. Ер нь бол бөх, морь гээд яриад явж байдаг. Миний хувьд өөлөөд хэлэх муу зүйл байхгүй. Хүний хувьд сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.А багшийн хувьд Шивээговь суманд эхнэр охиныхоо хамт амьдардаг. Шивээговь сумандаа жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, жудо бөхөд сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэдэг. Зан байдлын хувьд тайван дөлгөөн зантай өөрийнхөө мэдэх бүх зүйлээ хүүхэд залуучуудад зааж сургаж байдаг. Хүнтэй их эвсэг найзархаг харьцаатай. Хүнд их тусархуу. Хүн ялгахгүй харьцдаг. Өөрийнхөө хариуцсан ажлыг сэтгэлээрээ хийдэг. Цаг сайн барьдаг. Амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай. Морь уях сонирхолтой. Хүний хувьд муу хэлэхээр хүн биш байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

2.3. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-122 дугаар хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-118 дугаар хуудас/

 

2.5. Шүүгдэгч Л.А-н талаархи  Шивээ-Овоо ХК-иас гаргасан хувийн зан чанар, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 138-139 дүгээр хуудас/

 

2.6. Шүүгдэгч Л.А-н  Шивээ-Овоо ХК-иас гаргасан цалингийн тодорхойлолт /хх-ийн 140 дүгээр хуудас/

 

2.7. Шүүгдэгч Л.А-н авч байсан шагнал урамшуулал болон хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 141-158 дугаар хуудас/

 

2.8. Шүүгдэгч Л.А-н эрүүл мэндийн талаархи баримтууд /хх-ийн 159-167 дугаар хуудас/

 

2.9. Хохиролын тооцоо болон хохирогч Н.Б-с гаргаж өгсөн талийгаач Л.Н-г оршуулагын зардлын баримтууд /хх-ийн 168-188 дугаар хуудас/

 

2.10. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.А-с хохирогч Н.Б-тай эвлэрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 195 дугаар хуудас/

 

2.11. Шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 10 257 200 /арван сая хоёр зуун тавин долоо мянга хоёр зуу/ төгрөг төлсөн баримтууд зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, мөн үлдэгдэл хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Л-н А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Л.А-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй байна. Харин мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.А-с хохирогч Н.Б-тай эвлэрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан бөгөөд хохирогч Н.Б-д 10 257 200 /арван сая хоёр зуун тавин долоо мянга хоёр зуу/ төгрөг төлсөн ба уг баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна. Мөн шүүгдэгч Л.А нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор үлдэгдэл 4 513 679 /дөрвөн сая таван зуун арван гурван мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

            Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-с 4 513 679 /дөрвөн сая таван зуун арван гурван мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Л.А-н эзэмшлийн 50-99 ГСА дугаартай “Х.Портер” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Дивидиг хэрэгт хадгалав.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.А-н В,С ангилалын 225832 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Л-н А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Л-н А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Л.А-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, үлдэгдэл 4 513 679 /дөрвөн сая таван зуун арван гурван мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг, хохирогч Н.Б-д 10 257 200 /арван сая хоёр зуун тавин долоо мянга хоёр зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-с 4 513 679 /дөрвөн сая таван зуун арван гурван мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Л.А-н эзэмшлийн 50-99 ГСА дугаартай “Х.Портер” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Дивидиг хэрэгт хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.А-н В,С ангилалын 225832 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч Л.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ