Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 226/МА2019/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр          Дугаар 226/МА2019/00025                               Хэрлэн сум

 

А-гийн нэхэмжлэлтэй,

Н-, Т- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00025

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,    

Хариуцагч Н-, Т-, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00552 дугаар шийдвэртэй, А-гийн нэхэмжлэлтэй, Н-, Т- нарт холбогдох “Приус-20” маркийн авто машины үнэ 5500000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т-ийн давж заалдах гомдлоор 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Х” компанид машинист ажилтай Н-, түүний эхнэр Т- нартай “Приус-20” маркийн “А” ХХК-ийн барьцаанд байсан автомашиныг урьдчилгаа 5500000 төгрөгийг төлөөд үлдсэн 6000000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээнд заасан хугацаанд нь “А” ХХК-д сар болгон төлж барагдуулахаар тохиролцож худалдан авсан. Н-, Т- нарт 5500000 төгрөгийг өгөхдөө 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4800000, 6 дугаар сарын 18-ны өдөр 200000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр шинэ угаалгын машин, өөрийн худалдаалж байсан хувцас зэргийг өгч, үсний үйлчилгээ үзүүлж нийт 5500000 төгрөгөөр тооцож наймаа хийсэн. Тухайн үед бид бичгээр гэрээ байгуулаагүй. 

            “А” ХХК-д барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3882000 төгрөгийг төлөөд машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл Т-, Н- нарын зээл төлөгдөж дуусаагүй, өмнө нь зээлээ хугацаандаа төлдөггүй байсан учраас хүү, алдангийн өртэй, машиныг чиний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн учир дахин нэмж төлөлт хийгээгүй.               

            Мөн машины наймаа хийсэн өдрөөс хойш 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний худалдаж авсан “Приус-20” маркийн автомашин сэвтэй, марк нь зөрүүтэй байсан учир Н-, Т- нарт наймаагаа буцаах талаар хэлэхэд “5500000 төгрөгийг өгч чадахгүй, шүүхээр яваад аваарай” гээд хэл амаар дайрч доромжлоод, дарамт шахалт үзүүлээд байсан. Тэгээд арга буюу “А” ХХК-д сар болгон төлөлтийг хийж байсан. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос “А” ХХК-аас хүмүүс ирж машиныг маань хурааж авсан. Н-, Т- нар “А” ХХК-д төлөгдөөгүй байсан хүү, алдангиа төлсөн бол ийм асуудал гарахгүй байсан. Иймд Н-, Т- нараас машины урьдчилгаа 5500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Н-, Т- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-аас нийт 12500000 төгрөгийн үнэ бүхий “Приус-20” маркийн автомашиныг 4000000 төгрөгийг бэлнээр өгч, 8500000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг машинаа 2018 оны 6 дугаар сар хүртэл унаж хэрэглэсэн. Тухайн үед том хүү Эрхэмбаяр 67 сая төгрөгийн зүрхний хагалгаанд орох шаардлагатай байсан учир бид хоёр ярилцаж байгаад машинаа зарахаар болсон.

            А- нь бэлнээр 5000000 төгрөг, угаалгын машин 200000, эмэгтэй хүний даавуун өмд 25000 төгрөгөнд бодож нийт 5225000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 6000000 төгрөгийг “А” ХХК-д хуваарийн дагуу сар бүр төлнө гэж тохиролцож наймаа хийсэн. Бидний зүгээс тухайн үедээ “А” ХХК-д урьдчилгаа 4000000 төгрөг, зээлийн төлбөрт 3963500 төгрөг нийт 7963500 төгрөг төлсөн байсан. А- нь төлбөрөө сар бүр төлнө гэсэн тохиролцоондоо хүрээгүй, цааш нь дамжуулан зарснаас болж уг асуудал үүссэн гэж үзэж байна. Бид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс А-д машинаа зарах хүртлээ “А” ХХК-д цаг хугацаандаа зээлээ төлж байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн удаа байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 552 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-. Т- нараас 5225000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 98550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч Т- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

А- нь 83-50 УНА улсын дугаартай “Приус-20” маркийн автомашиныг сайн дурын үндсэн дээр худалдан авсан.

Бид анхнаасаа А-г хуурч хэлцэл хийгээгүй, тус машиныг барьцаанд байгаа болон үлдэгдэл төлбөр хэд байгааг нь тодорхой хэлсэн, мөн А- нь өөрөө “А” ХХК-ийн ажилтантай холбогдож машины үлдэгдэл төлбөрийн талаар лавлаж асууж, машиныг худалдан авахаар тохиролцож хэлцэл хийсэн. Хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцоод, А- нь машины сарын төлөлтийг хийж байсан учир хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

А- нь 2018 оны 11 дүгээр сар хүртэл 4 сарын төлбөрийг “А” ХХК-д төлсөн бөгөөд үүнээс хойш төлөлт хийгдээгүй учир компани машиныг хураан авч зарж борлуулсан байсан. А- нь биднээс худалдан авсан “Приус-20” маркийн автомашиныг 1 жил гаруй хугацаанд унаж ашигласан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч Н-, Т- нарт холбогдуулан “Приус-20” маркийн авто машины үнэ 5500000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагчид хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Н-, Т- нар нь “А” ХХК-ийн барьцаанд байгаа “Приус-20” маркийн автомашинаа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 5500000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 6000000 төгрөгийг барьцаат зээлийн хугацаанд нь төлж барагдуулахаар нэхэмжлэгч А-тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан.

             Мөн хариуцагч С..Н- нь Улаанбаатар хотод байрлах барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг “А” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8500000 төгрөгийн зээлийн болон фидукцийн гэрээг байгуулж “Приус-20” маркийн автомашиныг барьцаалуулсан болох нь зохигчдын тайлбар  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус  тогтоогдсон байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хариуцагч тайлбарлахдаа “нэхэмжлэгч А-д автомашиныг худалдахдаа барьцаанд байгааг   хэлсэн өөрөө хүлээн зөвшөөрсөн тул” хэлцэл хүчин төгөлдөр гэжээ. Харин “А” ХХК-д барьцаанд байгаа автомашиныг бусдад худалдсан талаар мэдэгдсэн гэх тайлбар, нотолгоог шүүхэд гаргаагүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдсан гэдгийг нотлоогүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан “хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж нотлох баримтыг гаргана” гэсэн хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг барьцаалагч “А” ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр байгуулагдах гэрээ байсан гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь зөв байна.

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч А- нь машины урьдчилгаанд 5500000 төгрөг бус 5225000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагчаас 5225000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 225000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1555 дугаартай шүүгчийн захирамжаар “А” ХХК-аас нотлох баримт гаргуулах тухай” хариуцагч Н-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. /хх 39-40х/.

“А” ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2955 дугаартай албан бичиг ирснийг хариуцагч болон түүний өмгөөлөгчид 9 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан /хх 51х/ байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд зохигч нараас дахин хүсэлт гаргаагүй тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00552 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ