Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар  2026/ДШМ/93

 

  2026            01             20                                        2026/ДШМ/93

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг  даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын өмгөөлөгч Ц.Оргил,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-д холбогдох эрүүгийн 2403008190203 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, 0000 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 00 аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хөсөг трейд”-ийн замд Портер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 “а” заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч З.Э-ийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт/1000 мл/, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 35,000,000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 30,353,400 төгрөг, нийт 65,353,400 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э-д нарт олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-ээс хохирогч З.Эрдэнийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 7,042,210 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 ооны 11 сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2604 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаангүй гэдгийг нэгдүгээрт илэрхийлж байна.

Хоёрдугаарт, сэтгэл санааны хохирол болон хохирлын төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Давж заалдах гомдол гаргасан шалтгаан нь шүүгдэгч Б.Цийн хувийн болон нийгмийн нөхцөл байдалтай холбоотой юм. Б.Ц нь өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар сард 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнээс гадна давхар орлого олох зорилгоор ачааны машин жолоодож, бусдын ачаа барааг зөөвөрлөх замаар амьжиргаагаа залгуулж ирсэн.

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 29 хорооны “Хөсөг Трейд”-ийн замд Портер загварын 00-00 000 улсын дугаартай автомашинтай явах үедээ явган зорчигч З.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдсон болно. Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтуудыг дутуу үнэлсэн төдийгүй, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотойгоор сүүлд авагдсан баримтууд зэргийг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй болно. Тухайн хэргийн хүрээнд шүүгдэгч талаас гэм буруугийн хувьд маргахгүй байгаа бөгөөд өөрийн гэм буруутай үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн шүүгдэгч Б.Ц нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол, ажилгүй хугацааны цалин, гар утасны төлбөр зэргийг төлөхөө бүрэн илэрхийлж өнөөдрийн байдлаар тодорхой төлөлтүүдийг хийж, үлдэгдэл төлбөрийг зохих хуваарийн дагуу төлж дуусгахаар төлөвлөж байна. Б.Ц нь өндөр насны тэтгэврийн орлогоос гадна, ачааны машинаар дайвар зөөж нэмэлт орлого олдог байсан бол зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглосноор нэмэлт орлого олох боломжгүй болсон. Тодруулбал, 600,000 төгрөгийн тэтгэврийн орлогоос хуульд зааснаар 50 хувийг буюу 300,000 төгрөгийг суутган төлөх нөхцөлд шүүгдэгчийн амьжиргаанд хүндрэл үүсэхийн зэрэгцээ, долоон хүүхэдтэй хохирогчийн ар гэрт хохирлыг бүрэн барагдуулах бодит боломж бүрдэхгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ц нь өнөөдөр боломжоороо хохирогчид тодорхой төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг зөвхөн өөрийн тэтгэврийн орлогоос өөр байдлаар төлөх чадваргүй болж байгаа нь хохирогчид хохирлын төлбөр мөнгийг түргэн хугацаанд төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хэрэгт шинээр гаргаж өгсөн баримтууд болон өмнөх шатны шүүхийн баримтуудыг нэгтгэн үзвэл, Б.Ц нь өнөөдрийн байдлаар хохирогч талд нийт 15,500,000 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж дуусгах саналыг хохирогч талд тавьсан байна. Сар бүрийн 2,000,000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч болон түүний гэр бүлийн хувьд бодитойгоор төлөх боломжтой гэж үзэж байна. Учир нь, гэр бүлийн хоёр ахмадын тэтгэврийн орлого, хоёрдугаарт, хэрэв зорчих эрхийг хязгаарласан ял өөрчлөгдөж, тэнсэх ял оногдуулбал шүүгдэгч өөрийн хувийн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөвөрлөж орлого олох боломж бүрдэнэ. Мөн хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн, гарцгүй газраар зам хөндлөн гарсан зэрэг нөхцөл байдал нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн түүний эхнэр нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан ч хувиараа тайлан, тооцоо гаргах замаар нэмэлт орлого олох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Иймд гэр бүлийн зүгээс бусад зардлаа танаж, сар бүр 2,000,000 төгрөгийг тогтмол төлөх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1. “ Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” хэмээн хуульчилсан бол шүүгдэгч нь хохирол төлбөрийн зохих хувийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн барагдуулахаа илэрхийлсэн байдгаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаагаа үйлдэж, хохирогчид анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлж эмнэлэгт хүргэсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчийн хууль бус үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зэрэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлүүд байгаа юм. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдал болон хохирлын төлбөрийг нөхөн төлөх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар солих хуулийн үндэслэлтэй болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2604 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ц-д оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын агуулгаас харахад хохирогчид учирсан хор хохирол, хор уршгийг нөхөн төлөх бодит зорилгыг агуулж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь долоон хүүхэдтэй бөгөөд дээрээс нь ухаан мэдрэлгүй болсон, хүнд гэмтэл авсан хохирогч Эрдэнийн эрүүл мэндийн биеийн байдал өнөөдрийн байдлаар маш хүнд хэвээр байгаа нөхцөл байдалтай тул хохирлын асуудал онцгой ач холбогдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буйг өмгөөлөгчийн зүгээс эергээр үнэлж, зохих ёсоор хүлээн авч байна. Иймд хэрэв тэнсэх ял оногдуулах боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу, мөн 7.2 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалтуудад заасан хохирлыг барагдуулах үүрэг хүлээлгэн тэнсэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлын хэмжээний хувьд шүүх хурал болсноос хойш нийт 15,500,000 төгрөгийг хохирогч талд төлсөн болох нь тогтоогдож байна. Үлдэгдэл хохирлыг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулах бодит боломжтой гэдгээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар илэрхийлж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг төлбөрийн нөхцөлийг үүрэг болгон хүлээлгэж, шүүгдэгчид оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь ял, шийтгэлийн зорилго нь зөвхөн шийтгэхэд бус, мөн хохирлыг бодитойгоор нөхөн төлүүлэхэд оршдог тул өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар бол тодорхой хэмжээний хохирлыг төлжээ. Тиймээс эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирол нөхөн төлбөрийг барагдуулахад оршдог учир өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан үзэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            1. Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хөсөг трейд”-ийн замд Портер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 “а” заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч З.Э-ийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт/1000 мл/, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Дуудлага лавлагааны хуудас /1хх 03/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 65-66/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э /хохирогчийн эхнэр/: “...Манай нөхөр тархины гэмтэл авч хагалгаанд орсон, дэлүү задарч дэлүүгээ авхуулсан, давсан хагарч давсгандаа хагалгаанд орсон, ходоод нойр булчирхайнд гэмтэл авсан, хэвлийд цус хурсан. ...Одгоогоор ухаан санаа нь орж гарсан, биеийн байдал нь хүнд, хэвтэрт эмнэлгийн хяналтад байгаа. ...Хүнтэй ярилцахаар өөрийгөө илэрхийлж чадахгүй болчихсон байгаа. ...” /1хх 17/,

            шүүгдэгч Б.Ц яллагдагчаар: “...Машинаа жолоодон явж байхад урд талд гэнэт л нэг хүн гарцгүй газраар зам дээр тулаад  гараад ирсэн. ..Би тоормос гишгээд машин зогсож амжилгүй түр хүнийг мөргөсөн. ..Би гар утсаа гаргаж ирээд түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. ...Би 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. ..Үзэгдэх орчин хязгаарласан ямар нэгэн зүйл байгаагүй чөлөөтэй байсан. ...” /1хх 113/,

            иргэний нэхэмжлэгч С.С: “...З.Э нь нийт 7,042,240 төгрөгийн тусламж авсан байх тул Б.Цээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү. ...” /1хх 118/ гэх мэдүүлгүүд,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх техник хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1000356 дугаартай: “...Портер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай тоормосны системтэй. 2 дугаар тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна...” /1хх 23-27/,

шүүгдэгч Б.Ц-ийн гэмт хэрэг үйлдэх үе унаж явсан машины хурдыг тодорхойлсон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3095 дугаартай: “...Цагаан өнгийн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тодорхойлох боломжтой байна. Дундаж хурд нь 69.84 км/ц байна. ...” /1хх 50-51/,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн механик инженер тээврийн сургуулийн инженер М.Базаррагчаа Н.Мөнхзул Г.Удвал нарын хамтран гаргасан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн: “...Тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн байна. ...” /1хх 214-215/,

            хохирогч З.Э-ийн биед хийсэн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12973 дугаартай: “...З.Э-ийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэгсийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт /1000 мл/,баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.15, -т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” /1хх 37-41/,

хохирогч З.Э-ийн сэтгэц эмгэг судлалын: “....З.Э нь тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. З.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. ...” /1хх 93-96/,

            хохирогч З.Э-ийн сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоосон 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0825/2158 дугаартай: “...З.Э-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас тархины доргилтын дараах хам шинж /F07.2/ оношлогдож байна.  Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. ...” /1хх 229-231/ гэх дүгнэлтүүд,

            мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1900 дугаартай магадалгаа: “..Жолооч Б.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 18.3, 12.2, 12.4 “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

            хохирогч З.Э нь замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол 2 тийшээ сайн харагдах, хайс, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх эгч хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.. ..” гэх магадалгаа 1хх 59-60

            хохирогч З.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 124-135, 141, 156-157/,

шүүгдэгч Б.Ц-ээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч З.Э-д 1 сая төгрөг өгсөн дансны хуулга /1хх 162/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 164-171/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

3. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ц нь анхан шатны шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан 65,353,400 /жаран таван сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгөөс 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн, үлдэх хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол, саналгүй” гэх боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор бүрэн арилаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсан хэм хэмжээ, тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Иймд, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэлд тус зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, тухайн ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байх тул зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөх боломжгүй байна.

5. Харин, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Ц-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух хороогоор бус Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

6. Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 45,99 дахин үржүүлж 30,353,400 төгрөгийг, мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин орлогыг 35,000,000 төгрөгөөр тооцож, нийт 65,353,400 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-ээс гаргуулж, хохирогч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э нарт олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид төлсөн 2,300,000 /1хх 162, 2хх 53/ төгрөгийг хохирол төлбөрөөс хасаж тооцох эсэх талаар дүгнээгүй орхигдуулсныг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э нарт төлөх 65,353,400 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2,300,000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд 13,200,000 төгрөгийг төлсөн баримтыг, нийт 15,500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2604 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох. ...” гэснийг “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох. ...” гэж өөрчилж, 2 дахь заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Э.Нямсүрэнгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Ц нь хохирогч З.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э нарт 15,500,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА

 

                       ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ