Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/85

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.М,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бага монгол овогт Ө-ийн Мд холбогдох эрүүгийн 1817001060049 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бага монгол овогт Өийн М /РД:ЕЙ87051710/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 01 тоотод оршин суух, УБТЗ-ын БАҮ-ний 2 дугаар ангийн харъяа Чойр хэсгийн 1 дүгээр зууханд машинч ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд

-2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ө.М нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 1-119 тоотод Д.Ш-ны нүүрэн тус газар цохих, бүсэлхийд өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ө.М нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 1-119 тоотод Д.Ш-тай хөөж туусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж, бүсэлхий хэсэгт нь 1 удаа өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Ц-тай төмөр замын клубын ард 1 шил архи уугаад орой 5 цагийн үед Б-ынд очиход намайг унтаад яв гэсэн. Намайг унтаж байхад хажуу айлын эгч Д.Ш орж ирээд хөөсөн. Хөөхөд нь би айлаас хөөдөг хэн юм бэ гээд хэрэлдэж байгаад намайг түлхээд гаргахад нь би эргэж хараад тохойгоороо хамар луу нь цохиод унахад нь нэг өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Д.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед манай хажуу айлын Б гэрт орж ирээд манай ажлын газрын залуу согтуу унтаж байгаа, манай хоёр охин гэрт байгаа, тэгж байгаад сэрээгээд явуулаарай гэж хэлээд ажилдаа явсан. Би 21 цагийн үед Б-ын гэрт ортол баруун талын орон дээр нь нэг хүн хувцастайгаа унтаж байхаар нь уг хүнийг бос яв, айл амрах гэж байна гээд мөрнөөс нь татахад миний өөдөөс хуц пизда минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь би нуруун дээрээс нь татаж босгоод гэрийн хаалгаар түлхээд гаргах үед нөгөө залуу эргэж хараад гараараа миний зүүн шанаанд цохиж газар унах үед бүсэлхий хавьд өшиглөсөн. Тэгээд би чанга хашгирч цааш мөлхөөд зугтах үед гэрээс охин Э гарч ирээд болиоч ээжийг зодоод гэтэл нөгөө залуу Э-ийн өөдөөс салаавч гаргаад буцаад Б-ын гэрт ороод орон дээр хэвтэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Миний хамрын яс хугарсан, хамар мурийсан, мөн хэвлийн зүүн талд хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/,

 

1.3. Гэрч Э.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 сарын 17-ны орой 20 цагийн үед хажуу айлын Б ах орж ирээд ээжид манайд согтуу хүн унтаж байгаа би ажилдаа явлаа тэгэж байгаад сэрээгээд явуулчхаарай гэж хэлсэн. Тэгээд ээж 21 цагийн үед Б ахын гэр лүү нь орохоор явсан. Удалгүй ээжийн уйлах чимээ гарахаар нь би гэрээсээ гараад хартал ээж Б-ын гэрийн үүдэнд уйлчихсан, хажууд нь нэг танихгүй согтуу залуу ээж рүү дайраад хэл амаар доромжлоод зогсож байхаар нь би “ээжийг та яагаад зодож байгаа юм” гэж хэлээд буцаж гэртээ орж нялх хүүхдээ тэврээд Б ахын гэрт ороход нөгөө хүн орон дээр суучихсан банзал авгай минь чи намайг хөөдөг хэн бэ гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Ээжийн хамар нь бага зэрэг хавсан, зүүн гар арны хэсэгт  шалбарч зулгарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/,

 

1.4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Намайг тэр өдөр гэртээ байж байхад манай ажлын М 17 цаг өнгөрөөгөөд Б ахаа би жоохон архи уучихлаа гээд ирсэн. Би 19 цаг 45 минутын үед гэрээсээ ажилдаа явахаар гарахдаа хажуу айлын Ш-д манай ажлын газрын залуу согтуу манайд унтаж байгаа 22 цагийн үед сэрээгээд явуулчихаарай гэхэд Ш би ноолуур тушаагаад ирээд тэр залууг чинь сэрээгээд явуулчихая гэсэн. Намайг 21 цагийн үед ажил дээрээ байж байтал М над руу утсаар залгаад танихгүй нэг эмэгтэй орж ирээд намайг танайхаас хөөгөөд байна гээд ярьтал Ш утсыг нь аваад энэ согтуу чинь намайг хуц, банзал гичий гэж доромжлоод байна хурдан хүрээд ир гэснээр би такси бариад гэртээ ирэхэд Ш надад энэ согтуу залуу чинь явуулах гэтэл намайг хэл амаар доромжлооод миний хацар луу алгадаж, өшиглөсөн гэж яриад байсан. М болохоор би энэ авгайд гар хүрээгүй чи намайг энэ хүнд гэрээсээ зайлуул гэж хэлсэн юмуу гээд байж байтал цагдаа ирээд М-ыг аваад явсан юм. Ш-ны биед ил харагдах шарх, хавдаж барьсан юм харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/,

 

1.5. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай дүгнэлтэнд: Д.Ш-ны биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 04 сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 17 дугаар хуудас/

 

1.6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4 хуудас/

 

            Иймд шүүгдэгч Ө.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Ө.М, хохирогч Д.Ш нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хохирол төлбөр төлж барагдуулсан болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Ө.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Надаас эмчилгээний зардалд 260 000 гарсан дээрх мөнгийг М бүгдийг бүрэн төлж барагдуулсан. Би М-тай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/

 

2.2. Гэрч Г.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би М-ыг 4 жилийн өмнөөс мэднэ. М архи дарс нэг их уугаад байдаггүй, баяр ёслолын үеэр хамт олонтойгоо хааяа нэг ууж иддэг. Хүмүүстэй их эвсэг, найрсаг, хамт олон ч сэтгэлтэй. Архи дарс уухаараа ааш зан нь хувирч агсан согтуу тавьж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

2.3. Гэрч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би М-ыг багаас нь мэднэ. Мөнхзул архи дарс нэг их уугаад байдаггүй, баяр ёслолын үеэр хамт олонтойгоо хааяа нэг ууж иддэг. Хүмүүстэй их эвсэг, архи уухаараа ааш зан нь хувирч агсан согтуу тавьж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 26-32 хуудас/

 

2.5. Улаанбаатар төмөр замын БАҮ-ний 2-р ангийн харьяа Чойр хэсгийн тодорхойлолт. /хх-ийн 25 хуудас/

 

Шүүгдэгч Ө.М-ыг хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгч Ө.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрснийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бага монгол овогт Ө-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА