Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2018/00010

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 6 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2018/00010

Хэрлэн сум

 

 

Г.Р-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

 

226/2018/00010/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам

Г.Р-н итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй, Г.Р-н хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н давж заалдах гомдлоор 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Р нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1986 онд А-ой гэр бүл болж түүнээс хойш хамтдаа Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед гэр бүлээрээ ажиллаж байсан тул нөхрийн маань нэр дээр цалин хөлсийг олгодог байсан. Миний нэр дээр хэдхэн сарын цалингийн бичилт архиваас гарсан. Мөн зарим холбогдох баримтууд маань устаад алга болсон. Хэнтий аймгийн архиваас ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань гарахгүй байна.

Иймд намайг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Р нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах үед Хэнтий аймгийн архиваас Г.Р-д холбогдох 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх бичиг баримтууд гарахгүй байсан тул мөн өдрөөс эхлэн ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дахин архиваас шүүлгэтэл 1982 оноос хойшхи хугацааны цалингийн түүвэр олдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Р-г 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг нь тогтоож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 335 шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Р-г 1982 оны 03, 05 дугаар сард, 1983 оны 04 дүгээр сард, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 07, 08 дугаар сард, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Ренчинхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: Р нь Хэнтий аймгийн Батширээт сумын Б нэгдэлд 1982 оны 3 сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад 1992 оны 2 сар хүртэл ажилласан юм. Ингэхдээ Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаартай шийдвэрээр 1990 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоолгосон. Анхан шатны шүүх цалингийн түүвэрт бичигдсэн сард л ажиллаж байснаар тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Г.Р нь 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын "Б" нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсгийн заалтаас үзвэл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаардаггүй тул хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах, цуглуулах ажиллагааг шүүгч өөрийн санаачлагаар хийхээр байтал Г.Р-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэдгээр түүний хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцэхгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Г.Р-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Р-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО

 

Я.АЛТАННАВЧ