| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2023/06383/И |
| Дугаар | 192/ШШ2026/01096 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/01096
2026 01 23 192/ШШ2026/01096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, шүүгч Г.Төрболд, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол /********/, ******* гудамж, *** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух, Ш** М*** овогт ********* Д************ /РД: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, **-** тоот хаягт байрлах, *************** ХХК /РД: ***************/,
Хариуцагч: ******** аймаг, ************** сум, ** дүгээр баг, ******** * дүгээр гудамж, * тоот хаягт оршин суух, Б********* овогт Х**********ын Ж********** /РД: ******************/ нарт холбогдох,
Сэтгэл санааны хохирол 148,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*************, хариуцагч ****************** ХХК-ийн өмгөөлөгч А.З***********, хариуцагч Х.Ж**********, түүний өмгөөлөгч Д.О************ цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д************ нь хариуцагч Х.Ж**********, ****************** ХХК нарт холбогдуулан сэтгэл санааны хохирол 148,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний хүү Г.Л********** нь 2022.07.16-ны өдрөөс 2022.07.19-ны өдөр хүртэл нийт 3 хоногийн хугацаанд Нийслэлийн, ************ дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*****************" А блокийн лифтний хаалганы дотор замаскийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа 2022.07.19-ны өдөр хөл алдан барилгын 6 давхраас В1 давхар луу унаж эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл авч, нас барсан. Хүү минь ******************" ХХК-ийн Барилгын ажил туслан гүйцэтгэгч Х.Ж********** гэж хүнтэй холбогдон ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Ингэхдээ компанийн зүгээс ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хүүг минь ажиллуулж гэнэтийн байдлаар амь нас хохирч ар гэрт маш их хохирол учраад байна. Хэрвээ өнөөдөр хүү Г.Л********** маань амьд сэрүүн байсан бол гэр бүлтэйгээ аз Ж**********тай, ирээдүйд ихийг хийж бүтээх байсан. "****************** ХХК бол ***************** хотхоны захиалагч талын компани юм. Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3. "барилгын ажлын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор захиалагч байнгын хяналт тавьж, шалгалт хийх" гэж заасны дагуу ****************** ХХК барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр бүрэн хяналт тавих үүрэгтэй юм. Гэтэл ****************** ХХК нь Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны Үлгэрчилсэн журам батлах тухай "195 дугаар тушаалын 4 дэх хэсгийн "4.1.2.барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөл зохиогч, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн ажилтан хариуцан гүйцэтгэж байгаа ажлын нөхцөлд тохирсон хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, хэрэглэж хэвшсэн байх;", Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн "28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах;, мөн тус хуулийн "15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй;" гэх хөдөлмөрийн аюулгүй байдлын заалтуудыг зөрчсөн. Мөн тухайн өдөр осол гарах үед тус барилгын лифтний хонгилд ямар нэгэн хамгаалалтын тор, төмөр байгаагүй. Гэтэл хэрэг гарсны дараа ****************** ХХК давхар бүрийг тороор хамгаалж хийсэн байгаа нь өөрийн үйлдлээ нуун дарагдуулах гэсэн оролдлого гэж ойлгож болохоор байна. Энэ үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг нь ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/869 дугаар магадлалаар шийдвэрлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг хэрэгт Г.Д************ миний бие хууль ёсны төлөөлөгч болон хохирогчоор тогтоогдсон байдаг. Хүүгээ нас барснаас хойш миний сэтгэл зүй тогтворгүй болж, тэнцвэр алдаж цочих, шалтгаангүйгээр байнга унадаг, сэтгэл санаагаар гутрах, орилж хашхирмаар санагдаж, хоолны дуршилгүй болж, хэлж ярьсан зүйлээ санахаа больж сэтгэцэд өөрчлөлт орсон. Миний бие хүүгээ нас барснаас хойш ажил хийхээ больж, байнгын сэтгэл санаагаар унадаг болсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу хүүгээ алдсан сэтгэл санааны хохиролд 148,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд, хариуцагч ******************" ХХК, Х.Ж********** нараас 148,500,000 төгрөгийг гаргуулж, Г.Д************ миний сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ****************** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ ****************** ХХК нь хууль, журам зөрчсөнөөс хүү Г.Л********** нь унаж, нас барсан учир сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх ёстой гэх агуулгаар гаргасан байх бөгөөд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэг. ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн /2023ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолоор Х.Ж**********ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан бөгөөд дээрх шийтгэх тогтоолоор Х.Ж**********ыг гэм буруутайд тооцсон учир "******************" ХХК хариуцах ёсгүй юм. Учир нь гэм буруутай этгээд сэтгэл санааны хохирлыг хариуцан арилгахаар хуульд заасан байна. Мөн тус шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6-д нотлох баримтаа бүрдүүлэн... Х.Ж**********д холбогдуулан дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. Хоёр. Нэхэмжлэгч Г.Д************гийн сэтгэцэд гэм хор учирсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь сэтгэцэд учирсан хор уршигт гэм хорыг арилгана гэж ойлгож байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үнэлгээ хийхээр зохицуулалт орсон ба дагалдах хуулийн зохицуулалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд мөн адил орсон. Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Д************д 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй үйл баримттай маргаагүй, ************ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн гэм хорын хохиролд байр, мөнгө авсан атлаа дахин давхардуулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр "****************** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт "Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой...зохицуулалтыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэн дагаж мөрдөнө" гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт мөн нэмэлт оруулсан ба мөн уг зохицуулалт 2023.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй" гэж зохицуулсан нь 2023.07.01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт дээрх зохицуулалтууд хамаарахаар байна. Иймд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, үнэлэх нь энэхүү тохиолдолд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Х.Ж********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2023 оны 8 сарын 29-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 869 тоот магадлалаар хязгаарлалт тогтоох ялаар шийтгүүлж, Орхон аймагт оршин сууж байгаа. Мөн ажил эрхлэх эрхийг хаасан нэмэлт ял авсан. Төлбөрийн чадваргүй нөхөр минь хамт түрээсийн байранд амьдарч байгаа болохоор ямар ч боломжгүй. Сэтгэл санаа, оршуулгатай холбоотой бүхий л хохирол тооцож ****************** ХХК бүрэн төлж барагдуулсан байгааг тус шүүх анхаарч үзнэ үү. Сэтгэцийн хор уршиг тооцож гаргуулах тухай тогтоол журам нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Энэ нь тухайн цаг хугацаанаас хойших гэмт хэрэгт хамаарч ойлгох бөгөөд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан болон оршуулах ажиллагааны зардал тооцож үл маргах журмаар бид хохирогчид 2 өрөө орон сууц 35,000,000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчоос нөхөн төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/869 дугаар магадлал, итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, итгэмжлэл,
4.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,
4.3 Хариуцагч Х.Ж**********аас Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолт,
4.4. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 465 тоот албан бичиг, ****************** ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/209 тоот албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх
үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Д************ нь хариуцагч ****************** ХХК, Х.Ж********** нарт холбогдуулан гэм хорын хохиролд 148,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.1. Хариуцагч ****************** ХХК, Х.Ж********** нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...миний хүү Г.Л********** нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа унаж эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл авч, нас барсан. Хүүгээ нас барснаас хойш миний сэтгэл зүй тогтворгүй болж, тэнцвэр алдаж цочих, шалтгаангүйгээр байнга унадаг, сэтгэл санаагаар гутрах, орилж хашхирмаар санагдаж, хоолны дуршилгүй болж, хэлж ярьсан зүйлээ санахаа больж сэтгэцэд өөрчлөлт орсон. Би хүүгээ нас барснаас хойш ажил хийхээ больж, намайг тэжээн тэтгэж байсан хүүгээ алдсанаас болж байнгын сэтгэл санаагаар унадаг болсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар хүүгээ алдсан сэтгэл санааны хохиролд 148,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гэм буруутай этгээд болох хариуцагч ******************" ХХК, Х.Ж********** нараас 148,500,000 төгрөгийг гаргуулж, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү хэмээн тодорхойлов.
3.1. Хариуцагч ****************** ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Д************д 133,196,000 төгрөгийн үнэ бүхийн 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй үйл баримттай маргаагүй, ************ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн гэм хорын хохиролд байр, мөнгө авсан атлаа дахин давхардуулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, үнэлэх нь энэхүү тохиолдолд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.
3.2. Хариуцагч Х.Ж********** мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...би шүүхээр гэм буруутай тооцогдож, хязгаарлалт тогтоох ялаар шийтгүүлж, Орхон аймагт оршин сууж байгаа. Мөн ажил эрхлэх эрхийг хаасан нэмэлт ял авсан. Сэтгэл санаа, оршуулгатай холбоотой бүхий л хохирол тооцож ****************** ХХК бүрэн төлж барагдуулсан. Сэтгэцийн хор уршиг тооцож гаргуулах тухай тогтоол журам нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Энэ нь тухайн цаг хугацаанаас хойших гэмт хэрэгт хамаарч ойлгох бөгөөд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан болон оршуулах ажиллагааны зардал тооцож үл маргах журмаар бид хохирогчид 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчоос нөхөн төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн татгалзав.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Х.Ж********** нь ******************" ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ************ дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрд residence-А блок орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байхад Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, журам зөрчигдөж, хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Г.Л********** нь уг барилгын ажил явагдаж буй 6 давхарт цахилгын шатны буюу лифтний дээд талын нүх хэсгийн замаск татах ажлыг хийж гүйцэтгэж байгаад замаск татдаг багажийг тавиад буух гэж байхдаа хойш гишгэн цахилгаан шат буюу лифтний нүүх рүү унаж биедээ хүнд гэмтлийн авсны улмаас нас барсан бөгөөд улмаар Х.Ж********** нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
4.2. ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ж**********ыг гэм буруутайд тооцож, 05 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д************гийн 70,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. /хх-5-27х/
4.3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/869 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-28-36х/
5. Нэхэмжлэгч Г.Д************ нь сэтгэл санааны хохиролд нь 148,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хүүгээ алдсан сэтгэл санааны хохирлыг 148,500,000 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарладаг.
5.1. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар 2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн 550,000 төгрөгөөр тогтоосон байна .
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тооцоход /550,000х150/ 82,500,000 төгрөг байхаар мөнгөн дүн гарч байна.
5.2. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүхээс Х.Ж**********ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн байна.
5.3. Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойд эцэг, хойд эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар үр хүүхэд нь эцэг, эхээ тэжээн тэтгэх асуудлыг зохицуулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ... эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ хуульд зааснаар гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг ойлгохоор хуульд заажээ.
Талийгаач Г.Л********** нь дээрх Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн эх Г.Д************г тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас нэхэмжлэгч Г.Д************ нь сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцагч нараас нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.
5.4. Талийгаач Г.Л********** нь нэхэмжлэгч Г.Д************гийн төрсөн хүү болох нь тогтоогдсон, эрүүгийн журмаар нэхэмжлэгч Г.Д************г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан байна.
Зохигчид талийгаач Г.Л********** нь нэхэмжлэгч Г.Д************гийн төрсөн хүү мөн эсэхэд маргаагүй.
Нэхэмжлэгчээс өөрийн төрсөн хүүг бусдын гэм буруутай үйлдлийн улмаас амь нас нь хохирсон тул гэм буруутай этгээд болох Х.Ж**********, эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон ******************" ХХК-иас нараас 148,500,000 төгрөгийг адил тэнцүү 50 хувиар тооцож, сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан хохиролд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
6. Хариуцагч Х.Ж********** нь ******************" ХХК-иас эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Д************д сэтгэл санааны хохиролд 133,196,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч талаас 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийг бэлнээр авсантай маргаагүй, харин сэтгэцэд учирсан хохирол, сэтгэл санааны хохиролд 148,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хариуцагч нараас мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан.
Харин хариуцагч Х.Ж********** өөрийн гэм бурууг эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэж байхад хүлээсэн бөгөөд ******************" ХХК-иас талийгаачийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 133,196,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийг бэлнээр төлж хохирлыг барагдуулсан бөгөөд одоо нэхэмжлэгчид хохирол төлбөр байхгүй, эрүүгийн журмаар хохирлыг бүрэн шийдвэрлэж дууссан талаар тайлбар гаргадаг.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд энэхүү заалтад Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан гэм хорыг хариуцан арилгах талаар зохицуулалтыг оруулсан байна.
7.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар дээрх заалтыг Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж өөрчлөн найруулж, уг хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
7.2. Ийнхүү өөрчлөхдөө сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул дээрх заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу энэ үеэс үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэхээр байна.
7.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалыг баталжээ. Уг тогтоол нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан бөгөөд талийгаач Г.Л**********ийн амь насыг хохироосон гэмт хэрэг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд хуулийн цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон зэргээс дүгнэхэд хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Энэ үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болсон гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид үүссэн гэх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэн шийдвэрлэхгүй, энэ талаарх хариуцагч нарын тайлбар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирол 148,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7.4. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тооцоход /550,000х150/ 82,500,000 төгрөг байхаар мөнгөн дүн гарч байх боловч дээрх хуулийн үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг тодорхой мөнгөн дүнгээр барагдуулах боломжтой хэдий боловч хариуцагч нар нь Эрүүгийн журмаар сэтгэл санааны хохиролд 133,196,000 төгрөгийн үнэ бүхийн 1 өрөө орон сууц, 35,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 168,196,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон.
8.1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нараас талийгаач Г.Л**********ийн оршуулгын зардал, нэхэмжлэгч Г.Д************гийн сэтгэл санааны хохиролд эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд 168,196,000 төгрөгийг төлсөн талаар ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаартай шийтгэх тогтоолд тодорхой дурдаж дүгнэжээ.
8.2. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарын эрүүгийн журмаар нэхэмжлэгчид төлсөн 168,196,000 төгрөгөөс давсан 148,500,000 төгрөгийг нэхэмжилж авах хууль зүйн үндэслэл болон бодит сэтгэл санааны хохиролд тооцож гаргуулах нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санааны хохирлыг өмнө өгсөн мөнгөн дүнгээс дахин давуулан нэхэмжилж авах бодит тооцоолол, зайлшгүй гарах зардалд хамааруулах нөхцөл байдлыг тогтоосон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.
9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.М*********** нь дүгнэлтдээ: ...Гэм буруутай нь тодорхой хэдий ч төлсөн төлбөрийг харгалзан үзэхийг хүсье...гэж бичжээ.
10. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.Ж**********, ******************" ХХК нарт холбогдуулан сэтгэл санааны хохирол 148,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д************гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511
дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ж**********, ******************" ХХК нарт холбогдох сэтгэл санааны хохирол 148,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
Д.УРАНЗУЛ