| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0540/э |
| Дугаар | 528 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;
шүүгдэгч: Б.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Б.С холбогдох эрүүгийн 1809027960618 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “SRT групп” ХХК-д ахлах менежер ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 6 дугаар гудамжны 276 тоотод оршин суух, УИ88072019 регистерийн дугаартай, Боржигин овогт Б.С
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Сүхбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэрүүн асар”-т хөлбөмбөг үзэж байсан хохирогч А.Хүрэлбаатартай “сандал дээр гараа тавьлаа” гэх шалтгаанаар марган зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Хүрэлбаатар /хх-ийн 5-6/, гэрч Ж.Одбаяр /хх-ийн 7/, Э.Бүрэнхаан /хх-ийн 8/, Г.Бат-Очир /хх-ийн 9/, Ц.Өлзий-Орших /хх-ийн 11-12/, Н.Нямдарь /хх-ийн 13/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7631 тоот дүгнэлт /хх-ийн 16/, хохирлын баримтууд /хх-ийн 17, 20-25/, Б.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-29-34/, Б.С-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 37-38/, хохирогч А.Хүрэлбаатарын хүсэлт /хх-ийн 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Сэрүүн асар” нэртэй үйлчилгээний газарт “эхнэрийн сууж байсан сандал дээр гараа тавьж тав тухгүй байдал үүсгэлээ” хэмээн маргаан үүсгэж улмаар А.Хүрэлбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч А.Хүрэлбаатарын /хх-ийн 5-6/: “... Би урд талын сандал дээр гараа тавихад урд сууж байсан залуу орилохоор нь “юу гэнээ” гэсэн чинь “пизда минь” гээд пивоны шилээр миний толгой руу цохисон. ... Цагаан цамцтай залуу миний духны дээд зүүн хэсэгт пивоны шилээр 1 удаа цохисон. Шил хагараад хамарны доор зүүн хэсэгт зүсэгдсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Бүрэнхааны /хх-ийн 8/: “... “Сэрүүн асар” гэх газар очиход хөлбөмбөгийн 1 дүгээр үе дууссан байсан. Ороод сууж байтал нэг ах уурлаж босч ирээд Хүрлээ ахыг “Сэнгүүр” пивоны шилээр цохисон. Би хойно нь сууж байсан болохоор надруу шил үсэрсэн. ... Юунаас болсныг нь мэдэхгүй. Гэнэт тэр ах “пизда вэ” гээд босч ирээд шууд шилээр цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Бат-Очирын /хх-ийн 9/: “... Миний урд сууж байсан залуу гэнэт босч ирээд Хүрлээг пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлгээр,
Б.С-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 10, 37-38/: “ ... 2018 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нямдарь, Өлзий-Орших бид гурав эхнэрүүдтэйгээ талбайн урд байрлах “Сэрүүн асар”-т хөлбөмбөг үзэж, пиво уугаад сууж байсан. … Манай эхнэр бие засаж ирээд суух гэтэл сандал дээрээс нь гараа авахгүй байхаар нь “чи гараа авчихаач” гэсэн чинь гараа авсан. Тэгтэл манай эхнэрийн сандалын түшлэг дээр гараа тавиад байхаар нь би соруулаар гар руу нь хатгаад “гараа авчих” гэхэд авсан. Удалгүй дахиад гараа тавихаар нь “хүүе чи гараа авчих л даа” гэсэн чинь “яасан гээд байгаа пизда вэ” гээд босч ирээд намайг цохих гэхээр нь би бултаад гартаа байсан пивоо унагаагаад гараараа 2 удаа цохисон…” гэх мэдүүлгээр,
Б.С-ын буруутай үйлдлийн улмаас А.Хүрэлбаатарын биед “тархи доргилт, дух, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын доод хэсгийн зулгаралт” бүхий мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7621 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.С-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.С-ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч А.Хүрэлбаатар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ