| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2018/00037/И |
| Дугаар | 226/МА2018/00011 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 226/МА2018/00011
| 2018 оны 07 сарын 09 өдөр | Дугаар226/МА2018/00011 | Хэрлэн сум |
М.А-н нэхэмжлэлтэй
Э. М. г-т холбогдох
иргэний хэргийн талаар
226/2018/00011/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О
Хариуцагч: Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г, өмгөөлөгч Б нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэртэй, М.А-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох “ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г-н давж заалдах гомдлоор 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Тухайн мэдэгдэл, тушаалтай танилцахад 2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар ирэхийг мэдэгдсэн боловч ажлын байран дээр байхгүй ажил тасалсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Тухайн өдрүүдэд миний бие Улаанбаатараас Сангийн яаман дээр дуудагдан ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар явах асуудлыг газрын дарга Ц.Г-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байран дээр нь очиж амаар мэдэгдсэн. Хэн дуудсаныг асууж тэмдэглэж авсан. Гэтэл мэдэгдэлгүй ажил тасалсан мэтээр тайлбарлан сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газарт тухайн асуудлын талаар хариу тайлбар өгсөн бөгөөд давхар байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга өрөөндөө дуудсаны дагуу очиход сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал өгсөн. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч М.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажлаас үндэслэлгүй халагдсан гэж өөрийгөө үзэж байна. Ажил тасалсан гэдэг үндэслэлээр болон дотоод аудитын шалгалт хийлгэж ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан өгсөн, Эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээний шалгалтанд хангалтгүй байсан гэж үзэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна.
Г дарга 2016 оны 09 сарын 26-нд Бээжин хотноо сургалтанд явуулах албан бичигт цохолт хийсэн байсан. 2 сарын хугацаагаар гадаадад сургалтаар явах учраас хамт ажилладаг 2 эмчтэйгээ тохироод ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Үр дүнгийн гэрээ хийгээгүй шалтгаан нь гэрээний төслийн асуудлыг Гэрэлмаа даргатай хамт шийдэх байсан учраас гэрээгээ төсөл хэлбэрээр өгсөн. Гэрэлмаа даргаас гэрээ хийх талаар асуухад “нам чинь таарахгүй байнаа”, гэрээний төлөвлөгөөний төслийг чинь Эрүүл мэндийн газрын бүх хэлтсийн дарга нараар хянуулж байж гэрээг хийнэ гэж хэлээд гэрээний төслийг авч үлдсэн. Үр дүнгийн урамшууллын тайланг цаг хугацаанд нь өгөөгүй гэх зүйлийн талаар бол 2017 оны 3 сарын 15-ны өдөр тайланг авч очиход Гэрэлмаа дарга гэрээ байгуулаагүй учраас ийм маягтаар авахгүй ээ гэдэг зүйл хэлсэн. Дахин хийж 2017 оны 4 сарын 21-ний өдөр авчирч өгсөн, 1-р улирлын тайланг 2017 оны 4 сарын 21-нд, 2-р улирлынхыг 2017 оны 7 сарын 05-нд, 3-р улирлын тайланг 2017 оны 10 сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргад өгсөн. Иймээс удаа дараа үр дүнгийн тайланг хоцроосон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний нөөцийн санд бүртгэгдээгүй ажилтанг авч ажиллуулсан гэж буруутгасан нь 2017 оны 11 сарын эхээр манай төвийн хүний нөөцийн менежер 2 сарын сургалтанд явсан учраас түүний оронд түр хугацаагаар бичиг хэрэг, архивын ажилтанг авч ажиллуулсан. Хүний оронд түр хугацаагаар хүн авч ажиллуулсан нь эмч, эрүүл мэндийн ажилтан авч ажиллуулах журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тус албаны дарга О. Алтантуяатай 2017 оны 10 сарын 02-нд уулзаж хэлэхэд тэрээр “наад суудлаасаа буу, албан тушаалаа өгөөч, яасан үнэтэй суудал вэ гэж надад хэлж байсан. Урьд нь шалгалтаар илэрсэн зөрчлийн тухай бүгдийг тайлбарлан, төсөв гүйлгэсэн учир шалтгаанаа хэлэхэд та буруугүй юм байна гэж хэлж байсан мөртлөө надад акт тавьсан байсан.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас миний бие Сангийн сайдад гомдол гаргасан.
Миний гомдлын дагуу Сангийн яамнаас 2017 оны 11 сарын 06-ний өглөө бүх санхүүгийн баримтаа аваад нягтлантайгаа хамт ир гэсэн. Энэ тухай 2017 оны 11 сарын 01-ний өдөр Гэрэлмаа даргад танилцуулсан. Тэгэхэд хэн гэдэг байцаагч дуудсан, яагаад надад мэдэгдээгүй юм гэж асууж байсан. Явахаасаа өмнө томилолт авья гэж би Г даргад хэлсэн Сангийн яаманд дуудсан хүний нэрийг Гэрэлмаа дарга бичиж авсан.
2017 оны 11 сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн газар руу хот явах томилолтоо авах гэж очиход А дарга эзгүй байсан хүлээж байгаад, цаг хугацаа оройтох гээд байхаар нь Улаанбаатар хот руу явсан. Сангийн яамаар томилолтоо бөглүүлж ирсэн. Сангийн яамны дүгнэлтийг 2017 оны 11 сарын 17-нд Гэрэлмаа даргад танилцуулж үзүүлэх гэсэн боловч үзэхгүй, танилцах шаардлагагүй гэсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал,эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ариунаагийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үүнд: Ажлаас чөлөөлөх тухай 2017-12-05-ны Б/54 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх заалт, хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дугаар заалт, Байгууллагын дотоод журмын 9.2.3-ын “В” заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.
2. 2017 оны 11-р сарын 09-ны өдрийн 15 цагт Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний баг үнэлгээний дүнг танилцуулахаар Уламжлалт анагаах ухааны төвд очиход дарга М.А ажлын байран дээрээ байхгүй 2017 оны 11 сарын 06 -ны өдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл ажил тасалсан байсан.
3. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 37/06/46 дугаар танилцуулгаар тогтоогдсон, мөн “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмын дагуу Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжаар Хяналт- шинжилгээ үнэлгээ хийхэд байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, Хяналт- шинжилгээ үнэлгээний дүн хангалтгүй байсан. 2017 оны 11 сарын 07-ний өдрийн тушаалаар М.А 1 сарын хугацаатай цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Эрүүл мэндийн сайдын 150 дугаар тушаалаар баталсан эмч ажилчдад улирал тутам олгодог урамшууллын тайланг хугацаанд нь удаа дараа гаргаж өгөөгүй, хоцроосон. Эрүүл мэндийн газрын даргын тушаал шийдвэр, зөвшөөрөлгүйгээр урамшууллын мөнгийг авсан. Хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдээгүй ажилтанг зөвшилцөхгүйгээр авч ажиллуулсан. Эрүүл мэндийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан. Ажлаас халах тушаал гаргах болсон үндэслэл 2017 оны 3 сарын 09-нд аймгийн Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нарын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах чиг үүрэг өгсөн. Гэвч УАУТ-ийн дарга М. Ариунаа нь үр дүнгийн гэрээг хугацаа хэтрүүлэн төсөл хэлбэрээр хянасан болон боловсруулсан хүний гарын үсэггүй, шаардлага хангахгүй гэрээний төслийг бичиг хэрэгт орхиод явсан байсан. Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд хяналт шинжилгээ хийсэн ба уг шалгалтаар 2017 оны төлөвлөгөө нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, төлөвлөгөөнд төвийн 25 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний талаар тусгаагүй, чанарын баг томилоогүй, чанарын баг төлөвлөгөөгүй гэх зэрэг зөрчил илэрсэн. Хяналт, үнэлгээ хийсэн баг хяналт шинжилгээ хийсэн талаар УАУТөвд танилцуулах гэж очих үед дарга М. А нь ажлын байрандаа байгаагүй. 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 сарын 09-ний өдөр үдээс хойш хүртэл ажил шалтгаангүй тасалсан. Манайхаас Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албанд хүсэлт гаргаж Уламжлалт анагаах ухааны төвийн 2016 он болон 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгуулсан. Шалгалтаар М.А нь удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр ажилчиддаа болон өөртөө урамшуулал авсан нь тогтоогдсон.
А Бээжин хотод 2016 оны 10 сараас 12 сар хүртэл сурч байх хугацаанд жижүүрт гарснаар бүртгэгдэж жижүүрийн илүү цагийн мөнгийг нэмэлт урамшууллын хамт авч байсан байдал илэрсэн. Өөрийг нь байхгүй байх хугацаанд өөрийнх нь гарын үсэгтэй санхүүгийн гүйлгээ хийгдэж байсан. Мөн Ариунаа эмчийн талаар эмчийн ёс зүйтэй холбоотой гомдол санал өргөх бичгийг надад ирүүлж байсан. Ариунаа даргад гаргасан зөрчил дутагдлыг нь танилцуулах гэхэд үл хүндэтгэх шалтгаанаар удаа дараа дуудахад ирдэггүй байсан.
Миний зүгээс Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын хувиар Ариунаа даргад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, тус төвд нь их эмчээр ажиллуулахаар төлөвлөж байсан боловч Уламжлалт анагаах ухааны төвд албан тушаал бууруулах биш ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн гарын үсэг, регистрийн дугаарын хамт бичсэн эмч, ажилчдынх нь хүсэлт, өргөх бичиг ирсэн. Энэхүү хүсэлтийг А эмчтэй цуг хамт ажилладаг эмч мэргэжилтнүүд нь авчирч өгсөн.
Ийм учраас М.А-н албан тушаалыг бууруулах тушаал гаргахаар төлөвлөж байсан байсан боловч хамт олноос нь Ариунаа даргын ёс зүйтэй холбоотой гомдол, өргөх бичиг ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн.
Энэ өргөх бичигт Ариунаа дарга нь төвийн ажилчидтай үйлчлүүлэгч өвчтнүүдийн дэргэд хашгичиж загнан маш ёс зүйгүй харьцдаг, бид нар хамт ажиллах хүсэлгүй байна. Мөн А даргыг өвчтөн хэвтүүлэх дараалал, дотоод журам зэргийг байнга зөрчдөг, өөрийн үзэмжээр дур мэдэн асуудлыг шийддэг, шуурхай хурал зөвлөгөөнд бусад эмч, ажилчиддаа үг хэлэх, саналаа илэрхийлэх боломж олгохгүй, ёс зүйгүй, дээрэнгүй харьцдаг гэх зэрэг үндэслэлээр Уламжлалт анагаах ухааны төвд цаашид ажиллах ёс зүйгүй хүн гэсэн утга бүхий гомдол, өргөх бичигт УАУТ-ийн эмч, ажилчдын гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирсэн гэв.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.А-н ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлж, тус тусын дэвтэрт нь баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Ц.Гэрэлмаа/ болон Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.А-н ажлаас буруу халагдсан гэх гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 07-ны өдрийн цалин бууруулах сахилгын оногдуулсан асуудлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг болгож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь уг тушаалд гомдол гаргах хугацаа дууссан байхад шүүх нотлох баримтаар үнэлж, тайлбар хийн шийдвэрийнхээ нэг үндэслэл болгож байна. Мөн шийдвэрт М.А ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон болох нь аймгийн санхүүгийн хяналт, аудитын дүгнэлтээр тогтоогдож, акт тавьсан. Уг дүгнэлт, актыг хоёр яамны хамтарсан шалгалтаар холбогдох журмын заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэн актыг хүчингүй болгосон байна гэж хэтэрхий нэг талыг барьж тайлбарласан. УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл хариуцагч ЭМГ-ын дарга Ц.Г-д очсон нь тодорхой байна. Харин хариуцагчийн хувьд уг төлөвлөгөөг хянаж, батлалгүй 2018 он хүргэсэн эс үйлдэл гаргасан байж болох талтай байна. Иймд нэхэмжлэгч М. А-г УАУТ-ийн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, нийтээр дагаж мөрдөх тушаал шийдвэрүүд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 274, 375 дугаар тушаал, 2013 оны 13, 450 дугаар тушаал, 2017 оны 169 дүгээр тушаалуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэсний тухайд: нэгэнт хариуцагчийн зүгээс эс үйлдлээр УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахгүй байсан учраас үүнээс шалтгаалж УАУТ-ийн үйл ажиллагаа зарим талаар доголдох, ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсэхэд хүрсэн байж болох талтай юм. Энэ байдалд УАУТ-ийн дарга М. А-г шууд буруутгах нь зохисгүй болно гэж шүүх үзэж байгаа боловч энэ асуудал нь дээрх үйлдлээс буюу үүргээ биелүүлээгүйгээс болсон тул нэхэмжлэгчийг буруутайд тооцож болохоор байна. А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 11 сарын 06-наас 10-ны өдрүүдэд 4 хоног ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд: нэхэмжлэгч А нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт, байцаагчийнх нь тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Сангийн сайдад энэ талаар гомдол гаргаж хандсан байх ба маргааны үйл баримтыг тодруулахаар түүнийг Сангийн яамнаас дуудсаны дагуу Ариунаа нь 2017 оны 11 сарын 06-наас 08-ны өдрүүдэд Сангийн яаманд ажилласан. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд 2017 оны 11 сарын 08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд ажиллаж хэрэглэгдэх эм танг, эмийн баталгаажилтын хамт авч ажилласан болох нь хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд байх албан томилолтын хуулбар, 126 дугаар хуудсанд байх Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Чимэдрагчаагийн албан тодорхойлолт, 125 дугаар хуудсанд байх М.А-н албан томилолтоор ажилласан тухай тайлан зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь албан ажлаар 2017 оны 11 сарын 06-наас 09-ний өдрүүдийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотод ажилласан болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан гэх байдал няцаагдаж байна гэх асуудлын хувьд би 2017 оны 11 сарын 08-ны өдөр хяналт үнэлгээ хийсэн талаар дүнг танилцуулахаар очиход ажлын байран дээрээ байгаагүй бөгөөд 11 сарын 09-ний үдээс хойш хүртэл ажилдаа ирээгүй. Энэ талаараар сангийн яаманд ажилласан гэх нотлох баримт гаргаж өгсөн боловч надад мэдэгдээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй юм. Үнэхээр томилолтоор явах шаардлагатай байсан бол аймгийн засаг даргын 2009 оны 182 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу томилолтоор ажиллах эсэх асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн шүүх нь шийдвэртээ “Дашрамд зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгч буй тайлбаруудаас ялангуяа нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ажил олгогч буюу ЭМГ-ын дарга Ц.Г нь М. А-г “намын асуудал хэцүү байна, нам дээрээсээ чамайг хал гэсэн үүрэг өгсөн, надад хэцүү байна гэх зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан:...үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосон заалтыг зөрчсөн байж болохоор байна” гэж зөвхөн нэг талын барьсан А-н мэдүүлгийг л үндэслэн бусад гэрч болон нотлох баримтгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь шүүгч хэтэрхий нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд тайлбарлаж байгаа нь илтэд харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл,урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга,захирал,эрхлэгч...” зэрэг албан тушаалтнууд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг ерөнхий харъяаллын шүүх буюу иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн дарга Ц.Г 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “өмгөөлөгч Х.Эрдэнэчулуунаас татгалзаж, шүүх хуралдаанд өөр өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангуулах” хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 996 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагч өөр өмгөөлөгч сонгож авсан, өмгөөлүүлэх гэрээ байгуулсан нь тодорхойгүй, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй гэдгээр түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснааар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
Я.АЛТАННАВЧ