| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406000003553 |
| Дугаар | 2026/ДШМ/100 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/100
2026 01 21 2026/ДШМ/100
Д.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Чингүүн,
шүүгдэгч Д.У,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2541 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.У-д холбогдох 2406000003553 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.У, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 00 таймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 00 мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, 00 , /РД:00000000/;
Шүүгдэгч Д.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37Б байрны гадна амь хохирогч Х.Т-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний толгойн тус газарт банзаар 2-3 удаа цохиж амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Д.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-өөс 18,734,297 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.У-өөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амь хохирогч Х.Т-гийн амь насыг хохироосон гэж ял оногдуулсан. ...Тус 37б байрны гадна тал бүрэн камертай байхад камерыг шалгаагүй. ...
Гэрч нарын хэнийх нь мэдүүлэг үнэн бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй.
Талийгаачийн толгойн аль хэсэгт, хэдэн удаа банзаар цохисон болохыг тогтоогоогүй.
Талийгаачийн баруун нүдний зовхи, цээжний зүүн доод хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралтууд, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвууны эрхий хуруу, цээжний зүүн хэсэгт зураас цус хуралт, долоовор хурууны дотор хэсэгт зулгаралт, мөн дээд уруулын дотор талд нь цус хурсан байдаг.
Талийгаач 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 56 минутаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 19 минутын хооронд эмнэлэгт очих үед ил харагдах гэмтэл, шарх толгойд нь байдаггүй.
Талийгаачийн хэдэн жил архи ууж байгаа, хэд хоног уусан болох талаар эмч нарын тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Б.Б-ын мэдүүлэг, “Архины гүнзгий хордлого” гэх дүгнэлт байдаг.
Талийгаачийн эмнэлэгт байсан цаг хугацаанд ямар эмчилгээ хийсэн болох нь тодорхойгүй, зохих стандарт, журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байх гэх бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт байдаг. Гэтэл амь насанд аюултай гэмтэлтэй хүнд яагаад яаралтай хагалгаа хийгээгүй болох, хоол унд яагаад өгөөгүй болох, архины гүнзгий хордлоготой хүнд ямар эмчилгээ хийсэн эсэх, ходоод нь яагаад хоосон 100мл орчим хүрэн өнгийн шингэнтэй байгаа эсэх, ус эрдэсийн алдагдалд яагаад орсон эсэх.
Хөдөлгөж болохгүй гэх өвчтөнг хэн гэдэг сувилагч хэдэн цагт усанд оруулсан болох, унаж бэртэж, гэмтсэн эсэх, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 02 цаг 12 минутад гэмтэж бэртсэн эсэх, КТГ-ээр толгой ямар, ямар гэмтэлтэй байгааг тогтоосон байдаг. Гэтэл 12 цаг 37 минутад өөрчлөгдөж, нэмэгдэж цус харвасан байдаг.
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын ЕГ0525/230 дүгнэлт эргэлзээтэй байдаг. Уг шинжээч нар дээр дурдсан асуудлуудыг яагаад анхаарахгүй байна, шинжээч томилсон тогтоолд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 37Б байрны гадна бусдад зодуулсан хүн гэх ГССҮТ-ийн 20559 тоот өвчтөний түүх, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл зэргийг өөрчилж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 37Б байрны гаднаас толгойдоо банзаар цохиулсан хүн гэж ямар зорилготой өөрчилсөн бэ? .
Шинжээчид тавьсан асуултын 3, 4, 6 дугаар асуултыг яагаад хариулахгүй орхигдуулсан эсэх, үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт яагаад гаргаагүй вэ? .
Талийгаачийн толгойг цохихдоо банзыг сэтэртэл цохисон гэж үздэг. Гэтэл талийгаачийн толгойд банзаар цохиулсан, банзтай харилцан үйлчилснээс үүссэн гэмтэл шарх байдаггүй.
Гэрч гэх Б.Батбаатар нь 2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс хойш хэрэг болох өдөр хүртэл талийгаачтай хамт байсан гэж мэдүүлдэг. Б.Б гэх гэрч нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүрэгт буюу Баянцээл худалдааны төв, зочид буудлын хажууд халад, таавчиктай ямар шалтгааны улмаас муудаж, ямар эм авах зорилготой эмийн сан хайж явсан эсэх.
Гэрч Б.Б нь тухайн эмийн сан хайж явсан шөнө хэнтэй ямар нэртэй буудалд байрлаж байсан болох, мөн тус хэргийн гол гэрч болох Д.С, Б.Б нар нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч нар байж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нэгнийгээ зүс таних хүмүүс гэж худал мэдүүлсэн байдаг. Ийм эргэлзээтэй худал мэдүүлгүүд, худал дүгнэлтүүд байсаар байтал мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр нэг талыг барьж ял оногдуулсанд гомдолтой байх тул гомдлыг хүлээн авч, зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бурхан болооч хүүгийн минь төрөл садан өнчирч хоцорлоо. 36-хан настай хүү минь эрүүл чийрэг барилгын хүнд ажил хийж ажиллаж амьдардаг, эмээдээ тусалж, гэрийн болон гадаах ажлыг сайн хийдэг хүнд тусархуу сайн хүү байсан.
Хүү минь уусан үедээ сайхан ааш зантай, хэнтэй ч мууддаггүй байсан. ...Би харамсалтайгаар хүүгээ алдаж, гэнэтийн цочролд орсон. ...90 гарсан эмээ, 60 гарсан ээжтэйгээ хамт амьдардаг байсан. ...Өдөр бүр хүүгээ санаж байна. ...Өөрийн биеэр унагаж, өсгөсөн хүүгээ алдсанд гомдолтой байна.
Энэ У гэгч урьд маш олон удаагийн үйлдэлтэй ял эдэлж байсан.
2024 оны 11 дүгээр сарын 07-нд суллагдах байсан хүн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр суллагдсан. ...Суллагдаад 48 хоногийн дараа хүүг минь зориуд бэлдсэн том банзаар цохиж, цус их алдсан.
Энэ У гэх этгээд хуулийг сайн мэддэг, ял завших, анхны мэдүүлгээсээ буцах, хийсэн хэргээ хүлээх ухамсар, ёс зүй, хүмүүжил байхгүй хүнд 13 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Мөн сэтгэл санааны хохирлыг гаргаж өгөөгүйд гомдолтой байна.
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3 талт тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг болгосон бөгөөд уг хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн, аль ашигтай хуулийг дагана гэж тооцож, 792,000 төгрөгийг 36 дахин үржүүлж 28,512,000 төгрөгийг 5 дахин 142,580,000 төгрөгөөр тооцож, үүн дээр оршуулгын зардал 2,700,000 төгрөг, нийт 170,233,776 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2541 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус хурлаар хянан хэлэлцэгдсэн Д.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг хүний амьд явах эрхийн эсрэг, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, хохиролд хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд нийтдээ 18,734,297 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч сэтгэл санааны хохирол болох гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж орхигдуулсанд гомдолтой байгаа тул давж заалдах гомдлоо гаргаж байна. Талийгаач Х.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, тэр даруйдаа гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очсон боловч 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө амь насаа алдан ар гэр, ахан дүүст нь нөхөж баршгүй хохирол тохиолдсон. Тэрээр дөнгөж цэл залуухан настай, эд хийж бүтээх, амьдрах идэр насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, 90 гаруй настай эмээ, 60 гарсан настай ээж хоёртойгоо хамт амьдардаг байсан бөгөөд түүний төрсөн бага насны нялх охин хүүхэд нь өнчин үлдсэн маш харамсалтай уй гашуу тохиолдсон гэмт хэрэг гарч, ар гэрээс нь өдийг хүртэл гэмт хэрэгтэн, түүний ар гэрээс нь хохирол төлөх нь битгий хэл уучлалт гүйх, холбогдох нэг ч санаа санаачилга сэтгэл гаргахгүй, хохирч, хохирсны л бодит байдал болсон.
Тус хэргийг бүрэн бодитой, бүхий л талаас нь хангалттай сайн шалгаж хохирогчийн эмээ, ээж нарын сэтгэцэд учирсан сэтгэлийн зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн амь насны харамсал, ард нь үлдсэн хүмүүсийн амьдралын баяр баясалгүй болсон бодит нөхцөл, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь, эрүүл мэндэд нь сөргөөр өөрчлөгдөн амьдрах, амьд явах сэтгэл зүйн чанар муудсаны улмаас сэтгэлзүйн эмгэгтэй болсон зэрэг айл гэрийн ар гэрт бий болсон бодит нөхцөл байдлыг бодитой тогтоох нь ач холбогдолтой.
Хохирогчийн эмээ, ээж хоёр нь сэтгэл зүйн хүнд байдалд орсон тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарыг шинжээчээр томилон тухайн хүмүүст сэтгэцийн болон сэтгэл зүйн ямар гэмтэл хямрал бий болсон, тус байдал нь сэтгэцийн болон сэтгэлзүйн аль нэг өвчинд хамаарах эсэх талаар бодит дүгнэлтийг гаргуулан тус хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь хохирол, хор уршгийг бодитоор тогтооход ач холбогдолтой байсан тул мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирлын талаарх шинжээч томилуулах талаар олон удаа хүсэлтээ бичгээр, амаар гаргасан боловч яг ямар учраас хангахаас татгалзсан тодорхойгүй хариу өгсөөр шүүх хурлаар шийдвэрлэсэн.
Яллагдагч хэргээ хүлээгээд байгаа хэрнээ, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд асуудалд хандаж буй байдлаас шалтгаалан буюу ар гэр, хохирол төлөх боломжгүй нөхцөл байдалтай дүгнэлт хийн гэм хорын асуудлыг шийдэхгүй орхиж байгаа нь илтэд хохирогчийн эрхийг хангахгүй байгаад гомдолтой байна.
Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүхээс сэтгэл санааны хохирол гаргуулах боломжтой талаар анхан шатны шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагч санал дүгнэлт хэлсэн ч шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хохирогчийг дахин шүүхэд хандахад хүргэх, улмаар цаг хугацаа, сэтгэл санааны дахин дарамтад оруулах нөхцөл болж байна.
Өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2541 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогчид учруулсан сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.У-ийн зүгээс хяналтын камерын бичлэгийг шалгаагүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгээр үйл баримтыг сэргээн тогтоосон. Гэрч С үйл явдлыг нүдээр үзсэн. Уг этгээд шүүгдэгч амь хохирогчийг цохисон талаар мэдүүлдэг. С-ын мэдүүлэг нь Б, Б нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог. Хэрэгт нэг гэрч бус хэд хэдэн гэрч болсон үйл баримтыг сэргээн дүрсэлсэн. Хэргийн газрын үзлэгт шүүгдэгчийг дагуулж очиж хэргийн газрыг заалгасан. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан. Хэргийн газрын үзлэгт ойр орчмын хяналтын камерын бичлэгийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс хяналтын камер байхгүй гэх нөхцөл байдал харагдаж байгаа. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа бөгөөд эдгээр зөрүүг арилгаагүй гэж шүүгдэгч давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрдөггүй. Тиймээс эргэлзээтэй гэх асуудал огт яригдахгүй. Тухайн үед байсан гэрч нараас бүгдээс нь мэдүүлэг авсан. Талийгаачийн толгойн аль хэсэгт цохисон, хэдэн удаа цохисон гэх асуудлыг шүүгдэгчийн зүгээс ярьж байна. Гэрч С хоёроос гурван удаа банзаар цохисон гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд мохоо зүйлийн үйлчлэлээр гэж дүгнэсэн. Үүнд банз хамаарна. Мөн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна гэж үзэж байгаа. Үүнээс харахад шинжээчийн олон удаагийн үйлдлээр гэж дүгнэсэн дүгнэлт нь гэрчийн хоёроос гурван удаа цохисон гэдэгтэй нийцэж байна гэж үзэж байна. Дараагийн асуудлын тухайд, амь хохирогчийн толгойн гэмтэл хэзээ, хаана үүссэн хийгээд шинэ эсхүл хуучин гэмтэл эсэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Шинжээч энэ талаар хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь эхний гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн эмчийн зүгээс үйлчилгээг зохих журмын дагуу хийсэн байна. Шүүгдэгчид эмчилгээ хийсэн боловч амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал байсан гэж шинжээч дүгнэсэн байсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг үйлдэгдэж 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан байдаг. Мөн эмч нар цээжинд даралт өгөөд гэмтээсэн, ийм нөхцөл байдлаар хандаж болох юм уу гэх агуулгыг шүүгдэгч давж заалдах гомдолд тусгасан байна. Гэвч эмч нарын зүгээс зохих журмын дагуу үйлчилгээг үзүүлсэн гэж үзэж байна. Цогцсын гадна талын үзлэгээр хаана, ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь тогтоогдсон. Гэрч Б нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буюу үйл явдал болохоос 3 хоногийн өмнө хохирогчид гэмтэл учруулсан байж болзошгүй гэж шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан байна. Гэвч үүнтэй холбоотой ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй. Үхэлд хүргэсэн гэмтэл гурван хоногийн өмнө үүсэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Өөр бусад хэн нэгний үйлдэлтэй учирсан гэмтэл шалтгаант холбоогүй байна. Харин энэ нь шүүгдэгч Д.У-ийн банзаар цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзсэн. Учирсан гэмтэл нь гавал тархины гэмтэл бөгөөд үүний улмаас амь хохирогч нас барсан. Гурван гэрчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хүнийг алах гэмт хэрэг шүүгдэгч үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзээд прокурорын зүгээс зүйлчилсэн. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогч талаас гаргасан гомдлын тухайд, миний хувьд сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шийдвэрлэх боломжтой байна гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Тухайн дүгнэлтээ дэмжиж байна. Хуулийг харахад гэмт хэргийн улмаас нас барсан бол гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660,000 төгрөг байсныг 150 дахин нэмэгдүүлж, 99,000,000 төгрөгийг олгох санал дүгнэлтийг тухайн үед прокурорын зүгээс гаргаж байсан. Энэ дүгнэлтээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37Б байрны гадна амь хохирогч Х.Т-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний толгойн тус газарт банзаар 2-3 удаа цохиж амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алсан болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 01/, дуудлага лавлагааны хуудас /1хх 03/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Шүүгдэгч Д.У нь “..би энэ газар тухайн залууг цохисон. ...Би цохисон банзаа энэ байрны хойно орхисон байгаа. ...” гэснийг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэрэг болсон газрыг болон цохисон банзаа зааж буй гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-08/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-15/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шүүгдэгч Д.У нь амь хохирогчийг цохисон, цохисон банзаа зааж буй гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-20/,
гэрч Ц.Б /хэрэг гарах үед хамт байсан/: “...Амь хохирогч Т-ын найз Б, С бид 4 архи уусан. ...Ууж байтал Б “...У-ийг олж ирнэ, тэнд ямар пизда байгаа юм” гээд подволд байсан Уийг дагуулж ирээд бид 5 уусан. ...Бид ууж байх үед эхлээд Батбаатар явсан. ...Дараа нь У нэг мэдэхэд алга болсон байсан. ...Тэгээд би дэлгүүр лүү архи авахаар явж байтал гэнэт С хашхирахаар нь эргээд очтол Т цус алдсан байталтай хэвтэж байсан. ...Харин У /шүүгдэгч/ гэх залуу зүүн хойд чигтээ байрны голоор мод барьчихсан зугтсан. ...Би тухайн үед согтуу байсан ч болсон үйл явдлыг санаж байна. Тухайн хэрэг гарахад С, амь хохирогч Т нар үлдсэн байсан. С надад хэлэхдээ “У модоор цохиод зугтаасан” гэж хэлсэн. ...” /1хх 33-34/,
гэрч Б.Б /хэрэг гарах үед хамт байсан/: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш Т /амь хохирогч/ гэх залуутай хамт архи уусан. ...Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой БЗД-ийн 37б байрны гадна талын сааданд сууж байтал С нэг залуугийн хамтаар ирсэн байсан. ...Бид нар архи уугаад сууж байтал гэнэт нэг танихгүй залуу ирээд С гэх эмэгтэй “...миний хайраа чи наад хэдтэйгээ юу хийгээд байгаа юм бэ” гээд уурлаад байсан. ...Би дэлгүүр ороод буцаад гараад ирсэн чинь С уйлчихсан Т /амь хохирогч/ газар унасан байрлалтай байсан. ...Т-г хэн цохисныг би хараагүй. ...Тэгэхдээ тэр миний танихгүй залуу болов уу гэж бодож байна. ...” /1хх 36-37/,
гэрч Д.С /хэрэг гарах үед хамт байсан/: “...2024 оны 11 дүгээр сарын 12-ны орой танил ах амь хохирогч Т болон түүний найз Б нартай таарч тэд нараар архи авхуулаад тус байрны сүүдрэвч дотор уух гэж байхад Б нь У гэх залууг дагуулаад ирсэн. ...Тэгээд бид нар архи ууж байх үед гэнэт У /шүүгдэгч/ гэх залуу Т-ын /амь хохирогч/ толгой тус газар нь 2-3 удаа цохьтол ухаан алдаж, толгойноос нь их хэмжээний цус алдаад түргэн дуудаад байж байтал цагдаа ирсэн. ...Тухайн асуудал болох үед Б, хохирогч, түүний найз Б, мөн хохирогчийн биед халдсан У нар байсан. ...Би тухайн болсон үйл явдлыг санаж байна. ...У гэх хүн Т-ыг модон банзаар 2-3 удаа толгой хэсэгт цохисныг нь санаж байна. ...” /1хх 40-41/,
шүүгдэгч Д.У яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Өөрийн гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна. ...Ийм зүйл болно гэж бодоогүй. ...Өөрийн хийсэн үйлдэл болох хүнийг санаатай алсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /1хх 92-93/,
цогцост хийсэн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3817 дугаартай: “...амь хохирогчид зүүн чамархай, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чамархайгаас доош хөхлөг сэртэн дайрч өнцөг үүсгэн зүүн пирамид яс турк эмээл баруун пирамид ясыг дайрч баруун чамархай хүрсэн салсан хугарал. Хоёр чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Хоёр чамархайн тархины эдийн няцрал, баруун зовхи, цээж, хоёр гуяны цус хуралт, баруун шилбэний зулгаралт, баруун сарвууны шарх, зулгаралт. Зүүн 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна.
2. Амь хохирогчид хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Амь хохирогчийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.
4. Амь хохирогч нь O (I) бүлгийн цустай.
5. ГССҮТ-н №20559 тоот өвчний түүхэнд дурдсанаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 21 цаг 20 минутад нас баржээ.
6. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна.
Амь хохирогч нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” /2хх 78-84/,
Хэргийн материалаар хийсэн шинжээч эмч Б.Долгормаа, Д.Дунгаамаа, М.Золжаргал нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/320 дугаартай дүгнэлт: “...
1. Урьд гаргасан №3817 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна.
3. 4. 6. Дээрх зүүн чамархай, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чамархайгаас доош хөхлөг сэртэн дайрч өнцөг үүсгэн пирамид яс турк эмээл баруун пирамид ясыг дайрч, баруун чамархай хүрсэн салсан хугарал хоёр чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр чамархайн тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн ба дээрх учирсан гэмтлүүдийн үед эмийн болон мэс заслын эмчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй.
5. Амь хохирогчид учирсан зүүн 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал гэмтэл нь ГССҮТ-н №20559 өвчний түүхэнд бичигдсэн сэхээн амьдруулах арга хэмжээ буюу цээжинд массаж хийх үед үүссэн гэмтэл ба үхэлтэй шалтгаант холбоогүй.
7. Амь хохирогч нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх дүгнэлтүүд /2хх 109-117/,
Төгсгөлийн эпикриз: Эмчлэгч эмч Л.Бум-Аюушийн тэмдэглэл, хийгдсэн мэс засал, оношилгооны талаарх тэмдэглэл /2хх 154-155/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Прокуророос шүүгдэгч Д.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.У-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Д.У-ийн зүгээс нийт 7 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдол тус бүрт дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийв. Үүнд:
4.1. Талийгаачийн толгойн аль хэсэгт цохисныг тогтоогоогүй гэх гомдлын хувьд;
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд; Д.У нь “...би энэ газар тухайн залууг цохисон. ...Би цохисон банзаа энэ байрны хойно орхисон байгаа. ...” гэсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Д.У нь хэрэг болсон газрыг болон цохисон банзаа зааж буй гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-08/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шүүгдэгч Д.У нь амь хохирогчийг цохисон банзыг хаанаас авснаа зааж, улмаар амь хохирогчийг цохисон банзаа хаяад, зугтаасан зэргээ зааж буй гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-20/,
хэрэг учрал болох цаг хугацаанд амь хохирогч, шүүгдэгчтэй хамт байсан гэрч Д.С-д эрх үүрэг, танилцуулж мэдүүлэг авахад “...бид нар архи ууж байх үед гэнэт Д.У /шүүгдэгч/ гэх залуу Т-ын /амь хохирогч/ толгой тус газар нь 2-3 удаа цохитол ухаан алдаж, толгойноос нь их хэмжээний цус алдаад түргэн дуудаад байж байтал цагдаа ирсэн. ....” гэж шүүгдэгч Д.У-ийг шууд нэрлэн зааж мэдүүлсэн мэдүүлэг нь
гэрч Ц.Б /хэрэг гарах үед хамт байсан/: “...би дэлгүүр лүү архи авахаар явж байтал гэнэт Д.С хашхирахаар нь эргээд очтол Т /амь хохирогч/ цус алдсан байталтай хэвтэж байсан. ...Харин У /шүүгдэгч/ гэх залуу зүүн хойд чигтээ байрны голоор мод барьчихсан зугтсан. ...С хэлэхдээ У модоор цохиод зугтаасан гэж хэлсэн. ...” /1хх 33-34/,
гэрч Б.Б /хэрэг гарах үед хамт байсан/: “...Би дэлгүүр ороод буцаад гараад ирсэн чинь С уйлчихсан, Т /амь хохирогч/ газар унасан байрлалтай байсан. ...Тэр миний танихгүй залуу болов уу гэж бодож байна. ...” /1хх 36-37/,
мөн шүүгдэгч Д.У нь сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...Өөрийн хийсэн үйлдэл болох хүнийг санаатай алсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. ...” гэж заасан хэдий ч шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг нь дангаараа бус хэрэг учрал болсон цаг хугацаанд хамт байсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
4.2. Талийгаачийн толгойн гэмтлүүд хэзээ, хаана үүсгэгдсэн болох хуучин, шинэ гэмтэл эсэх, ямар цаг хугацаанд юунаас үүссэн болохыг тодорхойлоогүй, эргэлзээтэй, зодуулсны улмаас уу, банзаар цохиулсны улмаас уу гэдгийг тогтоогоогүй. ...” гэх гомдлын хувьд;
Цогцост хийсэн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3817 дугаартай: “...амь хохирогчид зүүн чамархай, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чамархайгаас доош хөхлөг сэртэн дайрч өнцөг үүсгэн зүүн пирамид яс турк эмээл баруун пирамид ясыг дайрч баруун чамархай хүрсэн салсан хугарал. Хоёр чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Хоёр чамархайн тархины эдийн няцрал, баруун зовхи, цээж, хоёр гуяны цус хуралт, баруун шилбэний зулгаралт, баруун сарвууны шарх, зулгаралт. Зүүн 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтийг шинжээч эмч гаргажээ. /2хх 78-84/
Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн баруун зовхи, баруун сарвууны шарх зулгаралт гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл биш хэдий ч шүүгдэгчийн амь хохирогчийн толгой руу 2-3 удаа банзаар цохисны улмаас үүссэн гэмтэл нь амь хохирогчийг үхэлд хүргэх гол гэмтэл болжээ.
Түүнчлэн, гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-08/ зэргээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газарт 2-3 удаа банзаар цохисон үйл баримт тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...амь хохирогчид үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэснээс үзэхэд мохоо зүйл гэдэгт шүүгдэгчийн амь хохирогчийн толгой хэсэгт цохисон банз хамаарахаар байна.
4.3. Талийгаачийн цус, ходоодны шингэнээс спиртийн агууламж илрээгүй гэх 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээч Б.Нямхишигийн дүгнэлт эргэлзээтэй.” гэх гомдлын хувьд;
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цогцост хийсэн шинжээч эмч О.Болороогийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3817 дугаартай дүгнэлтэд: “...Амь хохирогчийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.” гэх /2хх 78-84/,
амь хохирогчийн цусанд хийсэн химийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Нямхишигийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд: “...шинжилгээний объектод ирүүлсэн 50мл цус, 50мл ходоодны шингэнээс спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байх бөгөөд энэ хэрэгт урьд дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч нар хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна.
4.4. Талийгаачийн эмнэлэгт байсан цаг хугацаанд ямар эмчилгээ хийсэн болох нь тодорхойгүй, зохих стандарт, журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн тодорхойгүй, амь насанд аюултай гэмтэлтэй хүнд яагаад яаралтай хагалгаа хийгээгүй болохыг тогтоогооүй, хоол унд өгөөгүй. ...” гэх гомдлын хувьд;
Эмнэл зүйн шинжлэх ухаанд төгсгөлийн эпикриз гэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнийг эмнэлгээс гарах үед эмчийн зүгээс бичдэг нэгдсэн дүгнэлт, тайлбарыг хэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний эмчилгээний явцыг бүхэлд нь нэгтгэн дүгнэсэн албан ёсны эмнэлгийн баримт бичгийг ойлгодог.
Амь хохирогчид яаралтай эмчилгээг хийж байсан эмчлэгч эмч Л.Бум-Аюуш нь амь хохирогчид шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байсан талаараа тэмдэглэл үйлдсэн /2хх 154-155/, мөн амь хохирогчийг анх гэмтлийн эмнэлэгт хүлээн авсан жижүүр эмчийн тэмдэглэл, толгойн мэс заслын тасгийн эмчлэгч эмчийн үзлэг, эрчимт эмчилгээний төвийн жижүүр эмчийн тэмдэглэл, рентгений эмчийн дүгнэлт, эмчилгээ хоол сувилгааны заалт зэргийг нэг бүрчлэн бичиж, цаг тухай бүрт яаралтай эмчилгээ тусламжийг үзүүлж байсан байна. /2хх 144-152/
Мөн хэргийн материалаар хийсэн шинжээч Б.Долгормаа, Д.Дунгаамаа, М.Золжаргал нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/320 дугаартай дүгнэлтэд “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. ...” гэж дүгнэлтдээ тусгасан байгааг дурдах нь зүйтэй.
4.5. Сэхээн амьдруулах арга хэмжээ буюу хэн гэдэг эмч цээжинд нь иллэг хийсэн эсэх, 3, 4, 5 дугаар хавирганууд яагаад хугарсан эсэх, эмч хугалсан бол өвчтөнтэй ингэж зүй бусаар харьцсан эсэх, ийм үед өвчтөн амь нас аврагдах эсэх, амьсгал, зүрхний дутагдалд орсон хүнд ийм хайнга хандаж болох эсэх ” гэх гомдлын хувьд;
Сэхээн амьдруулах тасагт эмчлэгч эмч Б.Энхтуяа: “...Өвчтөний биеийн байдал туйлын хүнд, ухаангүй, хавсарсан эмийн дэмжлэг туйлын өндөр, өвчтөний зүрх судасны үйл ажиллагаа сулран зогссон тул зүрхэнд шууд бус иллэг хийж, Атропин 1мл-ийг хийн сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэн авсан боловч өвчтөний зүрх судасны үйл ажиллагаа сулран зогссон тул 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 20 минутад өвчтөн амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан.” тухай үзлэгийн тэмдэглэлд тусгажээ. /2хх 152/
Түүнчлэн, амь хохирогчийн 3, 4, 5 дугаар хавирганы шууд бус хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах арга хэмжээ буюу цээжинд массаж /иллэг/ хийх үед үүссэн гэмтэл байх ба үхэлтэй шалтгаант холбоогүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх шинжээч Б.Долгормаа, Д.Дунгаамаа, М.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт авагдсан. /2хх 109-117/
Өөрөөр хэлбэл, сэхээн амьдруулах тасагт амь хохирогчийн цээжинд массаж /иллэг/ хийх үед түүний хавирга хугарсан ба энэ нь түүний үхэлтэй ямар нэгэн шалгаант холбоогүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.
4.6. Гэрч Б.Б 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хэрэг болох өдөр хүртэл талийгаачтай хамт байсан, Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүрэгт буюу Баянцээл худалдааны төв, зочид буудлын хажууд халад, таавчиктай ямар шалтгааны улмаас муудаж, ямар эм авах зорилготой эмийн сан хайж явсан эсэхийг тогтоогоогүй. ...” гэх гомдлын хувьд;
Хэргийн материалаар хийсэн шинжээч Б.Долгормаа, Д.Дунгаамаа, М.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/320 дугаартай: “...зүүн чамархай, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чамархайгаас доош хөхлөг сэртэн дайрч өнцөг үүсгэн пирамид яс турк эмээл баруун пирамид ясыг дайрч, баруун чамархай хүрсэн салсан хугарал хоёр чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр чамархайн тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн ба дээрх учирсан гэмтлүүдийн үед эмийн болон мэс заслын эмчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ. /2хх 109-117/
Өөрөөр хэлбэл, амь хохирогчид эмийн болон мэс заслын эмчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй талаар дүгнэлтдээ тодорхой тусгасан байна.
Түүнчлэн, гэрч Б.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” худалдааны төвийн ойр орчимд ямар шалтгааны улмаас эмийн сан хайж явсан эсэхийг шалгаж тогтоох нь энэ гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар нэгэн эргэлзэх нөхцөл байдлыг үүсгэхгүй.
4.7. Мөн шүүгдэгчийн гомдолдоо дурдсан тухайн байрны камерын бичлэгийг шалгаагүй. ...” гэх гомдлын хувьд;
Хэдийгээр тухайн байр болон ойр орчмын хяналтын камерын бичлэг хэрэгт авагдаагүй байх хэдий ч шүүгдэгчийн амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.У нь амь хохирогчийн биед халдаж банзаар түүний толгойн тус газарт 2-3 удаа цохиж алсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй, харилцан нэг нэгнийгээ нөхсөн баталсан байна.
Иймд, шүүгдэгч Д.У-ийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нараас “...сэтгэцэд учирсан хохирлыг шууд гаргуулж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;
Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн болон хохиролтой холбоотой бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд шүүгдэгч Д.У-өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол хэддүгээр зэрэглэлд хамаарах эсэхийг тогтоогоогүй, тогтоолгохоор шинжээч томилоогүй, дүгнэлт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-ийн гэм буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийж, дараагаар нь хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.У-өөс жич нэхэмжлэх эрхтэй нээлттэй. ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтын бүрдэл хангагдаагүй, эсхүл хангалтгүй тохиолдолд эрүүгийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байдаг учраас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэдэг.
Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж,
мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж,
мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол гэж үзвэл шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү эрүүгийн хэргийн хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлээгүй боловч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг зөрчсөн, бусад эрхийг хасаж хязгаарласан үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх зөрчилд тооцогдохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэв.
Иймд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э болон түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нараас гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Шүүгдэгч Д.У-өөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатыг эхлүүлэхээс өмнө “өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгч авах” эрхийг тодруулан асуухад тэрээр “өмгөөлөгчгүй оролцоно, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргасныг магадлалд тэмдэглэв.
Мөн анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай тэмдэглэлд шүүхийн тамга дарагдаагүй болохыг тэмдэглэж, цаашид алдаа зөрчил гаргахгүй, ажлын хариуцлага алдахгүй байхад анхаарах нь зүйтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.У-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2541 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э болон түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ