Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 226/МА2017/00023

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

        Дугаар 226/МА2017/00023                          

                          Хэрлэн сум

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, А.З-д

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00021/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

     Нэхэмжлэгч: Ч.Л,

     Хариуцагч: А.З-,

Гуравдагч этгээд: Г.Б нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаар шийдвэртэй, Ч.Л-гийн нэхэмжлэлтэй, А.З-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлт 721 350 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч А.З-ын давж заалдах гомдлоор 2017 оны 8 äóãààð сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байхад 2015 оны 9 дүгээр сард хамт ажилладаг  А.З-д түүний хүсэлтээр 700000 төгрөгийг зээлүүлсэн. Уг зээлийг анх тохиролцохдоо хүүтэй зээлнэ гэж надаас мобайл банкаар шилжүүлэн авсан юм. Гэтэл А.З- нь уг зээлсэн мөнгөө одоо хүртэл өгөхгүй, тэр мөнгийг би өөрөөс чинь зээлээд хамт амьдарч байсан залуудаа өгсөн тэрнээс ав гэх мэтээр зохисгүй үйлдэл олныг гаргаж зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Би аргаа бараад шүүх дэх эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандсан боловч А.З  өгөхгүй гэхээр нь түүний найз Г.Б-ийн гэр рүү очсон. Би Г.Б-эс мөнгөө нэхэхэд  би танаас мөнгө зээлж аваагүй. Та яагаад надаас нэхэж байгаа юм бэ? гэсэн юм. Би Г.Б-д биш А.З-д зээлүүлсэн тул  А.З-аас 700000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй гэжээ.

Хариуцагч А.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 онд авто тээврийн осолд ороод эмнэлэгт хэвтэж байхад Г.Б-ийн цалингийн зээл төлөгдөөгүй 2 сар болж байна. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө нэхээд байсан. Тэгээд надад танай ажлын Лхагваа эгч чинь мөнгө зээлдэг биз дээ чи асуугаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би Лхагваа эгч дээр очоод Г.Б-ийн цалингийн зээл дутаад байгаа юм. Таньд мөнгө зээлэх боломж байна уу гэж асууж байна гэж хэлсэн. Лхагваа эгч мөнгө зээлэх боломжтой гэхээр нь Г.Бд боломжтой гэж байна.  Чи өөрөө ирж уулз гэж би хэлсэн. 2017 оны 09 сарын 24-ний өдөр Г.Б ажил тарах үеэр орж ирээд Л- эгчтэй уулзсан. Тэгээд тухайн өдрөө Г.Б-ийн данс руу 200 000 төгрөгийг хийсэн байсан. Тэгээд маргааш нь миний данс руу 500 000 төгрөгийг хийсэн... Тэгэхээр нь би 30 минутын дотор Г.Б-ийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй. Би зээлж авсан бол эцэг эхдээ хэлээд ч гэсэн төлүүлэх байсан. Нэгэнт би хэрэглээгүй, аваагүй учраас энэ мөнгийг төлөхгүй гэв.

Гуравдагч этгээд Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би цалингийн зээлээ төлөөгүй бараг 2 сар болж байсан байх. Тэгээд банкнаас хүмүүс ирж дарамтлаад хэцүү байсан. Тэгээд би А.З-ыг ажлынхаа Л- эгчээс мөнгө зээлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд З- Л- эгч зээлье гэж байна гэж хэлж байсан. Дансны гүйлгээ надад ирдэггүй болохоор миний дансанд яг хэдэн төгрөг орсон, хэзээ орсон талаар мэдэхгүй байна. Би З-ын ажил дээр очиж Л- гэдэг хүнтэй уулзаж мөнгө аваагүй. З- авч өгсөн. З- худлаа ярьж байна. Би юу яриад байгааг нь мэдэхгүй гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.З-аас 641 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Л-д олгож, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.З давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бүрэлдэхүүнд нарийн бичгийн даргаар Энхзул оролцсон байтал Н.Болор-Уянга оролцсон гэж шүүхийн шийдвэрт оруулсан. Мөн нотлох баримтанд тодорхой байсан “намайг хүсэлт тавиагүй байхад Ч.Л миний 5935266190 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн 500 000 мянган төгрөгийг 700 000 төгрөг гэж шүүхийн шийдвэрт буруу дүгнэсэн. Иргэн Ч.Л-гийн нэхэмжилсэн 700 000 төгрөгийн жинхэнэ хариуцагч нь Г.Б юм.

Г.Б, Ч.Л хоёр нь хамаатан садангийн холбоотой болсон бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл хийж мөнгө зээлснээ шүүхийн өмнө тийм процесс болоогүй гэж худал мэдүүлэг  өгч хууль зөрчиж, намайг гүжирдэж байна. Ийм учраас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Л хариуцагч А.З-д холбогдуулан зээлдүүлсэн 700000 төгрөгийг,эвлэрүүлэн зуучлалд  төлсөн 21350 төгрөгийн хамт гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч А.З нэхэмжлэгчээс 700000 төгрөгийг би зээлээгүй, Г.Б зээлсэн тул би төлөхгүй гэж маргасан байна.

Зээлдүүлэгч Ч.Л 2015 оны 09 сарын 24 ны өдөр ХААН банкны  5937053123 дугаар бүхий дансанд 200000 төгрөг,  мөн 9 сарын 25 ны өдөр 5935266190 дугаарын дансанд 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,  зээлдэгч А.З- нь Ч.Л-гээс зээлсэн 700000 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн болон А.З-ын эвлэрүүлэн зуучлалд өгсөн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Л нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч А.З-аас шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх зээлийн гэрээний биелэлтийг А.З-д хариуцуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хариуцагч А.З нь уг мөнгийг Ч.Л-гээс зээлээгүй Г.Б зээлсэн гэх хэдий ч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул түүний “би зээлийг төлөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзулыг “Н.Болор-Уянга”,  5935266190 дугаар бүхий дансанд 500000 төгрөг шилжүүлснийг  “700000 төгрөг” гэж ташаарч бичсэнийг дурдах нь зүйтэй. 

            Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч А.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч А.З-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                        Я.АЛТАННАВЧ