Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: Х.А, Х.А (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.А, Хадбатын Алтансүх нарт холбогдох эрүүгийн 1809022120590 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “М” баарны “ДиЖи” ажилтай байсан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 45 дугаар гудамжны 952 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УК98080874 регистерийн дугаартай, Боржигон овогт Х.А.

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, авто засварын ашиглалт оношлогоо мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шангри Ла” зочид буудлын хамгаалалтын ажилтан ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар гудамжны 1044 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, МЮ95121019 регистерийн дугаартай, Жалайр овогт Х.А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.А, Х.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фокус” зочид буудалд иргэн У.Төмөрсүхийг “гар утас барьцаалсан үлдэгдэл 30.000 төгрөг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Төмөрсүх /хх-ийн 4-6/, гэрч С.Мичидмаа /хх-ийн 11/, М.Амарбаясгалан /хх-ийн 13-14/, шинжээч эмч Б.Ундармаа /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Х.А-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Д Х.А-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5955 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, Х.А, Х.А нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.А, Х.А нар нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Фокус” зочид буудалд У.Төмөрсүхийг “согтуурхаж, хэрүүл маргаан үүсгэсэн” хэмээн буруутган, өөр хоорондын үргэлжилсэн маргааны улмаас бүлэглэн зодож, У.Төмөрсүхийн эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч У.Төмөрсүхийн /хх-ийн 4-6/: “... Амараа, ДЖ залуугийн утсыг авч буудалд орсноо удалгүй гарч ирээд “утас барьцаанд авахгүй гэж байна, чи уух юмыг нь даана гэсэн юм чинь гар утсыг чи барьцаанд авчих” гээд утсыг надад өгөхөөр нь би гар утсыг барьцаанд аваад буудлын 2 өрөөний мөнгө 70.000 төгрөг, ууж идсэн юмтайгаа нийт 130.000 төгрөг төлсөн. Ороод удаагүй байж байхад Амраагийн найз намайг цохиод авсан. Мөн ДЖ залуу бас намайг цохисон. Маргаан болоод буудлын хүмүүс тэд нарыг бүгдийг гаргаад явуулсан. Хэсэг хугацааны дараа тэд нарыг явсан байх гэж бодоод гарахад ДЖ залуу “гар утсаа авъя” гэхээр нь би “мөнгөө өгөөгүй тул утсыг өгөхгүй” гэхэд ДЖ залуу намайг араас цохиод миний халаасанд байсан 30.000 төгрөг, мөнгөний барьцаанд өгсөн гар утсыг аваад явсан. ДЖ залуу миний хамар руу нэг удаа мөргөж,  нүд рүү нэг удаа цохисон. Буудалд байхад Амраагийн найз миний ам хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Амрааг гадаа ДЖ залуутай хамт явж байсан болохоор нь өмнөх мэдүүлэгтээ намайг зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Амраа намайг зодоогүй…” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Мичидмаагийн /хх-ийн 11/: “... Гаднаас нь түлхүүрээр онгойлгоод орсон чинь зодуулсан гээд байгаа залуугийн амнаас нь цус гарсан, өндөр шар залуу нь зодуулсан гээд байгаа залуугийн хувцаснаас зуурсан зогсож байсан. ДЖ гэх залуу “чи муу зүгээр байхад зүгээр байгаарай” гээд хүзүүн дээрээс нь дарж толгой руу нь нэг удаа цохисон. …Нэг өрөөг хэрэглээгүй юм чинь гээд 30.000 төгрөгийг нь би буцааж өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Амарбаясгалангийн /хх-ийн 13-14/: “... Буудлаас гарахад Анхаа Төмөрөөтэй уулзаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа араас тэр хоёр гарч ирээд шууд цаашаа саад руу орохоор нь араас нь очиход Анхаа Төмөрөөг нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр хоёр зодолдсон. …“гар утсаа авсан уу” гэхэд “сая зодолдож байхад газар унахаар нь авлаа” гэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

шинжээч эмч Б.Ундармаагийн /хх-ийн 15/: “... дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр,

 

Х.А-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 39/: “...Төмөрсүх хүн болгон руу дайраад намайг цохиод авахаар нь би зөрүүлээд ам хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Х.А-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “… Бид нар гарах болоод би буудлын эгчээс нэг өрөөгөө ашиглаагүй юм чинь гээд 30.000 төгрөг буцааж аваад Төмөрсүхэд өгөөд “утсаа авъя” гэсэн чинь “өгөхгүй” гээд байсан. Бид буудлаас гараад хойшоо явж байгаад сандал дээр суугаад Төмөрөөгөөс “утсаа явья” гэхэд “өгөхгүй” гээд тохойлдохоор нь би нүүр рүү мөргөсөн…” гэх мэдүүлгээр,

 

Х.А, Х.А нарын буруутай үйлдлийн улмаас У.Төмөрсүхийн биед “тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн чамархай, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний урд дээд хэсэг, дэлбэнгийн дээд хэсэг, чихний ар хөхлөг хэсэг, баруун зүүн мөрний цус хуралт, зүүн шанааны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, 1 шүдний сулрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий  мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5955 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар хохирогчийг бүлэглэн зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

              Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар У.Төмөрсүхийг “согтуурхаж, зохисгүй авир гаргасан” хэмээн буруутгаж, үргэлжилсэн өөр хоорондын маргааны улмаас Х.А, Х.А нар үйлдлээрээ нэгдэж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг бүлэглэн зодож хөнгөн гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

             

              Шүүгдэгч Х.А, Х.А нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч У.Төмөрсүх “…нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.А, Х.А нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Х.А, Боржигон овогт Х.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Х.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ