Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Б.Э, М.А (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаагчууд овогт Б.Э, Таргад овогт М.А нарт холбогдох эрүүгийн 1809006880346 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, Хөгжлийн банкны хяналт шалгалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар хотхон, 5 дугаар байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ОЭ76101978 регистерийн дугаартай, Цагаагчууд овогт Б.Э,

 

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 4 дүгээр байр 57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ОП77051210 регистерийн дугаартай, Таргад овогт М.А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С.Содномдоржийг “гарц хааж зогслоо” гэж автомашиных нь дугуй руу өшиглөсний улмаас харилцан маргалдаж улмаар М.А-тай бүлэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч М.Ад нь нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С.Содномдоржийг “гарц хааж зогслоо” гэж автомашиных нь дугуй руу өшиглөсний улмаас харилцан маргалдсан Б.Э-тэй бүлэглэн Б.Содномдоржийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Содномдорж /хх-ийн 10-13/, гэрч Д.Туул /хх-ийн 20/, Г.Эрдэнэжаргал /хх-ийн 25-26/ нарын мэдүүлэг, М.А-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14, 45/, Б.Э-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22, 167/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №815 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/, М.А, Б.Э нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-63, 197-208/, хохирогч С.Содномдоржийн хүсэлт /хх-ийн 71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны байрны гадаа С.Содномдоржийг “автомашинаараа зам хааж зогслоо” хэмээн буруутган маргалдаж, улмаар С.Содномдоржийг  М.Адилбиштэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Содномдоржийн /хх-ийн 10-13/: “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 50 минутын үед би эгч Туулыгаа авахаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны зүүн талын зам дээр өөрийн “Мицүбиши Дэлика” маркийн автомашинтайгаа зогсож байтал нэг согтуу залуу Худалдаа хөгжлийн банкнаас утсаар яриад гарч ирсэн. Тэгээд шууд ирснээ нэг хүний нэр хэлээд “тэр байна уу” гэж асуусан. Би хэн гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Би “байхгүй” гэж хэлчихээд утсаараа мессеж бичээд сууж байтал гэнэт нэг хүн миний машины баруун урд тал руу өшиглөчихсөн. Би тэгэхээр нь гайхаад харахад нөгөө надаас хүн асуусан нүдний шилтэй залуу зогсож байсан. Би тэр залуугаас “чи яахаараа миний машиныг өшиглөдөг юм бэ” гэж асуухад “ална шүү, пизда минь” гэж хэлсэн. “Ална шүү” гэж дайраад байхаар нь би тэр залууг шууд барьж аваад, утсаа гаргаж 102 руу дуудлага өгсөн. Миний ард нэг “Тоёота Приус” маркийн машин ирж зогсоод дотроос нь 3 залуу гарч ирээд нэг нь намайг бариад авсан. Түүний араас эхэлж миний машин руу өшиглөдөг нүдний шилтэй залуу миний нүүр рүү гараараа цохисон. Би гартаа байсан гар утсаа эгчдээ өгөөд “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Нэг залуу нь нүдний шилтэй залуугаа салгаад цааш аваад явсан. Өөр нэг өндөр залуу хүрч ирсэнээ “чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг бариад авсан. Би зөрүүлээд барьцалдтал дахиад нөгөө 3 залуу нь хүрээд ирсэн. Нөгөө өндөр залуу нь намайг хашлага давуулж унагах гээд түлхээд байсан. Би унахгүй гээд тогтоод зогссон. Нүдний шилтэй залуу нь ирсэнээ шууд л дахиад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би доошоо тонгойход нөгөө намайг унагаах гээд байсан өндөр залуу миний нүүр рүү цохичихсон. Тэгээд би нүүрээ хамгаалж байгаад нөгөө өндөр залууг татаад доошоо дугтарч 4 хөллүүлээд, доош нь унагаагаад дээш нь харуулаад цээжин дээр нь өвдгөөрөө дараад босгохгүй суусан. Нөгөө нүдний шилтэй залууг үлдсэн 2 нь салгаад машин руугаа явж байсан. Энэ үед Худалдаа хөгжлийн банкнаас 2 хамгаалагч гарч ирээд “боль, боль наадхаа босго” гэхээр нь би босгосон. Цагдаа нар ч ирсэн. Дээрх 2 залуу нь намайг зодож гэмтэл учруулсан” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Туулын /хх-ийн 19-20/: “... Ажлаа тараад гартал Худалдаа хөгжлийн банкны шатны наад талд манай дүүг үл таних 2 хүн заамдаж өндөр нуруутай эрэгтэй хүн куртикнаас нь зуурч төмөр гинжин хашлага руу түлхээд, намхан нуруутай залуу зүүн чих, хацар руу нь цохиж тонгойх үед нь доороос нь цохиод байсан. Энэ үед манай дүү “цагдаа дуудаарай” гээд гар утсаа надад өгсөн. Намайг цагдаа дуудах үед манай дүүтэй маргалдаж байсан 2 хүн дээр нэмэгдэж 2 хүн ирчихсэн байсан. Тэр 2 хүн манай  дүүг цохиод байсан намхан залууг салгаад аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Г.Эрдэнэжаргалын /хх-ийн 26/: “... Тухайн нөхцөл байдлыг харахад хоёр хүн хоорондоо зууралдчихсан нэг нь газар унасан байдалтай байсан бөгөөд бусад нь салгах гээд зогсож байсан. Намайг гараад харахад зодолдсон гэх 2 хүн бие биенээ хувцаснаас нь зуурсан байдалтай байсан. Гэхдээ өмнө нь зодолдсон байртай харагдаж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 167/: “... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... ажлаасаа гараад зам гарах гэтэл миний урд микроавтобус шиг машин ирээд зогссон. Би жолоочид нь “жоохон урагшилчих” гэхэд цонх нь хаалттай сонсохгүй байхаар нь машиных нь ард дугуй руу өшиглөсөн. Гэтэл тухайн машины жолооч бууж ирээд “чи яах гээд байгаа юм бэ” гээд намайг заамдаад авсан. ... би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

М.А-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 45/: “... Биднийг Худалдаа хөгжлийн банкны гадаа очиход Энэбиш үл таних залуутай заамдалцаад зогсож байсан. Би хэрүүл маргааныг салгах гэж очоод Энэбиштэй маргалдаж байсан залууг тэвэрч аваад холдуулсан. Гэтэл гэнэт бужигналдаад эхэлсэн. Нөгөө залуутай дахиж барьцалдаж аваад барилдаж байгаа мэт хоорондоо ноцолдсон. Нэг мэдэхэд би нөгөө залуугийн доор орчихсон, маргалдсан залуу миний цээжин дээр гараад өвдөглөөд суучихсан байсан....” гэх мэдүүлгээр, 

 

Б.Э, М.А нарын буруутай үйлдлийн улмаас С.Содномдоржийн биед “тархи доргилт, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, шилбэнд цус хуралт” бүхий  мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №815 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

              Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар Б.Э нь бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.Э, М.А нар үйлдлээрээ нэгдэж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг бүлэглэн зодож хөнгөн гэмтээсэн тэдний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

              Шүүгдэгч Б.Э, М.А нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Содномдорж “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Э, М.А нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаагчууд овогт Б.Э, Таргад овогт М.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ