Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/66

 

2026           01            14                                                                                  2026/ДШМ/66

 

О.Д-, Б.О-, С.Л- нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6402 дугаар шүүгчийн захирамжийг прокурор М.Амарзаяагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч О.Д-, Б.О-, С.Л- нарт холбогдох 2405 03058 1860 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт О-ы Д-, ......., /РД: О-/,

 

Б- овогт С-ийн Л-, .........,

урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:С-/,

Х- овогт Б-н О-, ........., /РД:Б-/,

 

Яллагдагч О.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б- нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байхдаа 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өвчтөний (хоригдогчийн) биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, дахин үйл оношны шинжилгээнд хамруулах эхо болон бусад багажийн шинжилгээ, онош тодруулах, оношийг баталгаажуулах, багажийн болон лабораторийн шинжилгээ төлөвлөгөөгүй, эмчилгээ сувилгааны заалтыг өвчний түүхэнд бичээгүй, хоригдогчийн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэсэн байгаа нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад заасан "... Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны А/142, А/47 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан гэнэтийн цочмог өвчин, осол гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагч ойролцоох эрүүл мэндийн байгууллагад даруй хуяглан хүргэх эсхүл түргэн тусламжийн үйлчилгээг дуудна. Түргэн тусламжийн үйлчилгээг ирэх хүртэл, эсхүл хуяглан хүргэх явцад анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлнэ" гэснийг, Хууль зүй дотоод хэргийн яамны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго болон 1 дүгээр зорилтын 1 дэх хэсэгт заасан "эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана" гэснийг, мөн 2 дахь хэсэгт заасан "хоригдогсод хоригдлуудад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдэд зөвлөмж өгөх" гэснийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны заавар, Нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааны зааврын 1,4,5,6,10,19,25 дах заалтуудыг тус тус зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Б.О-ын биеийн байдал муудан, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, зүүн бөөрний уйланхай, мансууруулах бодисын архаг хордлогод орж нас барсан,

 

яллагдагч С.Л- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б- нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр жижүүрийн эмчийн ажлыг хүлээж аваад өвчний түүх нээгээгүй, үзлэг, оношилгоо шинжилгээ, эмчилгээний заалт бичээгүй, өвчтөний биеийн байдлыг үнэлээгүй нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан "эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах", Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад заасан "... Үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээг "Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд" болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ", 12.1.5 дахь заалтад заасан "... Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө, 12.1.7 дахь заалтад заасан "Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө" Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын арван нэгдүгээр хавсралтад заасан "анхан шатны бүртгэл маягтыг зааврын дагуу хөтөлнө", Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/814 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 4.10 заалтад заасан "...ажлын цагаар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, зөвлөх эмч, эмч нарын багийг, ажлын бус цагаар жижүүр эмч дуудаж зөвлөгөө авах болон хамтарсан зөвлөгөөн хийж шийдвэрлэнэ", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны заавар, Нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааны зааврын 1,4,5,6,10,19,25 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Б.О-ын биеийн байдал муудан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, зүүн бөөрний уйланхай, мансууруулах бодисын архаг хордлогод орж нас барсан, яллагдагч Б.О- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б- нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа 2023 оны 7 сарын 13-ны өдөр эмнэлэгт ирж өвчтөнийг үзэж эмнэлгээс гаргахдаа эмнэлгээс гаргах дүгнэлт үйлдээгүй, яаралтай тусламжийн хуудсанд үзлэгийн тэмдэглэл хөтөлж, өөрийн хүсэлтээр бүгчим халуун газар бачуурах, халууцна гэх шалтгаанаар өвчтөний биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, оношилгоо шинжилгээ бүрэн хийгдээгүй байхад эмнэлгээс гаргасан, эмнэлгээс гаргах үеийн дүгнэлт зөвлөгөөг хоригдогчийн эрүүл мэндийн дэвтэрт бичээгүй, өвчтөний эрүүл мэндийн байдал, эмчилгээ, онош, оношилгоо эмчилгээ, үр дүн, эрсдэл, хүндрэл үзүүлж буй тусламж үйлчилгээний явцын талаар ар гэрт нь тайлбарлан мэдээлээгүй нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 9.5 дугаар зүйлийн 9.5.3 дахь заалтад заасан үйлчлүүлэгчийг эмнэлгээс гарахад нь хийгдсэн шинжилгээ, эмчилгээ, цаашид хийгдвэл зохих тусламж, үйлчилгээний талаар үйлчлүүлэгчид тайлбарлан, зөвлөгөө өгсөн байна", 12.1.2 дахь заалтад заасан "үйлчлүүлэгчид үзлэг, оношилгоо, эмчилгээг "Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд" болон бусад батлагдсан стандарт технологи, эмнэл зүйн заавар, удирдамжийн дагуу үзүүлнэ, 12.1.5 дахь заалтад заасан "... үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө" 12.4.1 дэх заалтад заасан "Яаралтай тусламж, үйлчилгээг тухайн чиглэлээр сургагдсан мэргэжлийн баг, бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэнэ", 10.2.3 дахь заалтад заасан Эмнэлэг нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлгээс лавлагаа мэргэжил арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллана", Эрүүл мэндийн сайдын 2019 оны "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай" А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4 дахь хэсэгт заасан. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл өөрийн болон байгууллагын бодит чадавх өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ" гэснийг тус тус зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Б.О-ын биеийн байдал муудан, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, зүүн бөөрний уйланхай, мансууруулах бодисын архаг хордлогод орж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газар: О.Д-, С.Л-, Б.О- нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүх яллагдагч нарын өмгөөлөгч Э.Ганбат, Г.Жалбуу, Ж.Энхтуяа нарын гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Д-, С.Л-, Б.О- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж дүгнэлээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Д- тогтоон мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно", мөн хэсгийн 1.3 дахь заалтад "хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг", Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ", 40.2.1-т "хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх" гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Б.Д- бус түүний эцэг Ц Б-, эх О.Б- нарын аль нэгийг тогтоохоор байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу зөв тогтоогоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно", мөн хэсгийн 1.5 дахь заалтад "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ" гэж заасныг бодитоор, зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөвлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой, зөв тогтоож, түүнд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр болгох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх" гэсэн үндэслэлээр яллагдагч О.Д-, С.Л-, Б.О- нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв. Мөн шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг дурдаад, захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж шүүхэд хэргийг нэг мөр шилжүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэйг дурдаад эрүүгийн 2405 03058 1860 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Амарзаяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б.О-ын ар гэр, эцэг эх, эгч нар нь харилцан зөвшилцөж төрсөн эгч Б.Д- Б.О-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг гаргаснаар Б.Д- томилж мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр тогтоолыг танилцуулсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч Б.Д-, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нар нь сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хуульд зааснаар гаргуулах хүсэлтээ илэрхийлэн, дүгнэлт гаргуулахаас татгалзаж гарын үсгээ зурсан баримт 7 дугаар хавтас хэргийн 107-р хуудаст авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "..гэмт хэргийн улмаас амь нас хохирол хүлээсэн хүн хохирогч гэнэ", 2 дахь хэсэгт "... шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана", 3 дахь хэсэгт хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно", мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хохирогч нас барсан бол түүнийг эрхийг хууль ёсны төлөөлөгч эдэлнэ" гэж заасан. Тэгэхээр амь хохирогч Б.О-ын хуульд заасан эрхийг заавал түүний эцэг Ц.Б-, эх О.Б- нарт эдлүүлнэ гэж хүчээр тулгах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасны дагуу хүсэлт гаргаж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хуульд заасны дагуу нэхэмжилнэ гэсэн хүсэлтийг гаргасан байхад шүүхээс үүнийг хүчээр хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй тул шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- зайлшгүй солих шаардлагатай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогчийн эцэг, эхийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Яллагдагч О.Д- нарт холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн явуулсан, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэснийг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн 2025/Ш3/6402 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д-, түүний ар гэр ярилцаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Д- томилсон. Амь хохирогчийн эцэг, эх өндөр настай, зүрх муутай, эцэг нь урьд 2 удаа харвасан, эх нь босож явж чаддаггүй. Хэргийн материалтай танилцаж, хүүд нь задлан хийсэн материалыг харах юм бол эрүүл мэндэд нь эрсдэл учрах өндөр магадлалтай гэж үзэж байна. Хэрвээ хэргийг прокурорт буцааж шийдвэрлэвэл сэтгэцэд учир хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоход татгалзах зүйлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Д-, Б.О-, С.Л- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гэсний 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, ... тохиолдолд түүний төрсөн, ... эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно” гэжээ.

Үүнээс үзвэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тэргүүн ээлжинд эцэг, эхийг, дараа нь хуулийн дагуу тогтоогдсон асран хамгаалагч, харгалзан дэмжигч этгээдийг, эцэст нь эдгээр хүмүүсийг тогтоох боломжгүй бол холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулах дарааллыг хуулиар тогтоосон байна.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж төрсөн эгч Б.Д- томилж оролцуулсан байна. Мөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх” асуудал хөндөгдөх тул энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/6402 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА